| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0616/Э |
| Дугаар | 653 |
| Огноо | 2020-08-05 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 653
2020 08 05 2020/ШЦТ/653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг,
хохирогчийн өмгөөлөгч Ц.Баасанжав,
нарийн бичгийн даргаар Б.Аззаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хонгорууд овогт А.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911028760509 тоот хэргийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Корн Пик” ХХК-ний захирал, ам бүл 2, нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 12 дугаар хороолол 13-32 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй. Хонгорууд овогт, А.А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч А.А нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Батжин нэгдэх үрс” банк бус санхүүгийн байгууллагын валют солих үйлчилгээний газраас Хятад улсын юань худалдаж авахдаа Ж.Батнямын буруу тооцож 1,000,000 төгрөгийн юань андуурч илүү өгснийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.А нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Батжин нэгдэх үрс” банк бус санхүүгийн байгууллагын валют солих үйлчилгээний газраас Монгол улсын мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр, Хятад улсын мөнгөн тэмдэгт юань болгон солиулан худалдаж авахдаа хохирогч Ж.Батнямын буруу тооцож 1,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний юань андуурч илүү өгснийг өөртөө завшсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Агийн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Ж.Батнямын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ажлын байр болох “Батжин Нэгдэх Үрс” банк бус санхүүгийн байгууллагын байранд арилжаа хийж байхад үл таних эмэгтэй хүн орж ирээд “...Юань авъя.” гэж хэлээд цүнхнээсээ 190 ширхэг 10.000 /арван мянга/ төгрөгтийн дэвсгэрт, 50 ширхэг 20.000 /хорин мянга/ төгрөгтийн дэвсгэрт гаргаж ирээд мөнгө тооллогын машинд тоолуулсан. Тухайн үед би тэр эмэгтэйгийн тоолуулсан 50 ширхэг 20.000 /хорин мянга/ төгрөгийн дэвсгэртийг нийт 100 ширхэг байна гэж бодоод тухайн үл таних эмэгтэйд нийт 3.878.000 /гурван сая найман зуун далан найман мянга/ төгрөгөөр бодоод 1.000.000 /нэг сая/ төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг илүү өгчихсөн байсан. Мөнгө сольж байх үед тухайн эмэгтэй 1.000.000 /нэг сая/ төгрөгтэй тэнцэх хэмжээний юань илүү өгснийг мэдсэн бололтой маш хурдан хугацаанд солиулсан юань аа цүнхэндээ хийгээд гүйх шахам гараад явчихаар нь дотроо сэжиглэж байгаад тухайн солиулсан мөнгийг нь тоолоод үзэхэд 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөг байсан. Тэгэхээр нь араас нь гүйж гараад хартал ойр орчимд тухайн эмэгтэй байгаагүй ба буцаж ажлынхаа байрлуу ороод хяналтын камераа шүүж үзсэн. Мөн манай байгууллагын ойр орчимд байрлах аж ахуй нэгж байгууллагуудын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд Урт цагаан худалдааны төвийн тэнд нөхөр нь бололтой эрэгтэй хүн тэр эмэгтэйг 19-64 УНЭ улсын дугаартай “Бенз” загварын хар өнгөтэй машинтайгаа хүлээж зогсож байгаад суулгаад явж байгаа нь хяналтын камерын бичлэгт дүрслэгдсэн байсан... Энэ асуудал 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр биш харин 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр болсон асуудал байна лээ. Би бүр сүүлд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн ба хэрэг болсноос хойш бараг 3 сарын дараа мэдүүлэг өгсөн болохоор өдрийг нь андуураад мэдүүлэг өгсөн байна.
Би тухайн үед тэр эмэгтэйг мөнгийг авчирч өгнө байх гэж бодоод явж байхад гэнэт 2019 оны 10 дугаар сарын сүүлээр байхаа өдрийг санахгүй байна бараг 3 сарын дараа дахин Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооын нутаг дэвсгэрт байрлах “Батжин нэгдэх үрс” банк бус байгууллагынхаа гадаа дайралдаад ийм болсон, та надаас илүү юань аваад явсан гээд учир байдлыг тайлбарлаж хэлээд мөнгөө нэхэхэд тэр эмэгтэй “би тэгээгүй, ингээгүй гэж” хэлсэн. Тэгээд улмаар би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.
Тухайн үед тэр эмэгтэй цүнхнээсээ 190 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт, 50 ширхэг 20.000 төгрөгийг дэвсгэрт, нийтдээ 2.900.000 төгрөгийн мөнгийг тооллогын машинд тоолуулсан. Харин би өөрөө 50 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэртийг 100 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт байна гэж андуураад өгөөд явуулсан байна лээ. Би тэр эмэгтэйд 1.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний юань өгсөн байгаа түүнийгээ нэхэмжилж байна. Энэ бүх нөхцөл байдал хяналтын камерийн бичлэгийг хуулбарлаж цагдаагийн байгууллагад өгсөн СиДи-нд тодорхой харагдаж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 41х/,
- хохирогч Ж.Батнямаас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх- ийн 16х/,
- таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-25х/,
- камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-32х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Сайнхүүгийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 58-60х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч А.Аг шунахай сэдэлтээр Монгол улсын мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр, Хятад улсын мөнгөн тэмдэгт юань болгон солиулан худалдаж авахдаа хохирогч Ж.Батнямын буруу тооцож 1,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний юань андуурч илүү өгснийг мэдсээр байж өөртөө завшсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.А нь энэ гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад учруулсан хохирлоо хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шудрага ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан 450 нэгжээр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Шүүх А.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосон хэдий ч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 90 хоногийн дотор төлж барагдуулахыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хонгорууд овогт А.А төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас олгогдсон эд хөрөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Аг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгүүдэд заасныг журамлан А.Ад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүхийн тогтоосон хугацаанд төлөөгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
6. Шиитгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ