| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0630/Э |
| Дугаар | 654 |
| Огноо | 2020-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 654
2020 08 05 2020/ШЦТ/654
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч А.М,
нарийн бичгийн дарга Б.Аззаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б овогтой А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000763 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....................., .................. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ........................ оршин суух, ял шийтгэлгүй, Б овогтой А.М
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч А.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.М нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ................... тоотод хохирогч А.Бтай маргалдан улмаар түүний гарыг хутгаар зүсэж баруун тохойн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч А.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө миний ажил дээр найз охин Н 2 найзын хамт ирээд 2 пиво уугаад сууж байсан. Тэгээд би ажлаа дуусаад Нтай цуг Нийн түрээсийн байр болох .............. цаг өнгөрөөд очоод унтсан. Тэгтэл шөнө 02:40 цагийн үед гаднаас Нийн гэрийн хаалгыг онгойлгоод танихгүй залуу орж ирсэн. Гал тогооны ширээн дээр байсан хутгыг аваад ална шүү. Доошоо суу энд юу болж байгаан гээд хутга барьчихаад сүрдүүлээд байхаар нь нөгөө залуугийн 2 бугалга хэсгээс бариад хутгыг салгах гэтэл би дийлэхгүй байсан. Тэгээд зөрөөд хажуу талаар нь гүйгээд гартал араас миний баруун булчин хэсэгт хутгаар зүсэгдсэн шархтай коридорт гараад доошоо шатаар буухдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд буцаад тухайн байрлуу ортол шатаар хүн буух чимээ гараад цагдаагийн хамт нөгөө залууг барьж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,
- гэрч Н.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөр ажлаа тараад найз залуу Брын хамт ........ үдэшлэгэнд хамт очоод 02 цаг 10 минутын үед гэртээ харьсан юм. Гэрт ирэхээс өмнө манай хуучин найз залуу М “чи хаагуур архи уугаад яваад байгаа юм. Би чамайг байгаа газар чинь очиж ална” гэх зэргээр намайг сүрдүүлж утасруу минь залгаад байсан юм. Тэгээд бид 2 гэртээ хариад унтаж байтал 02 цаг 40 минутын орчимд М түлхүүрээр хаалга онгойлгоод гэрт орж ирээд манай гал тогооны ширээн дээрээс хутга аваад Бын баруун гарын шууны орчим нэг зүсэхээр нь Б цагдаа дуудах гэж гэрээс гараад зугттал М намайг шууд алгадаж унагаагаад хутга далайгаад “би чамайг ална” гэж сүрдүүлж мөн намайг үснээс зулгаагаад чирч байснаа ахиад нэг алгадаж авсан юм. Тэгээд гэрээс хутгаа авч гараад тэр залууг чинь алчихъя гээд гэрээс гарахаар нь би хаалгаа цоожлоод 102-луу залгаж цагдаа дуудсан юм. Үүнээс хойш 3, 4 минутын дараа цагдаа нар Быг дагуулаад орж ирсэн юм... Одоогоор учирсан гэмтэл байхгүй байна цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8247 дугаартай “А.Бын биед баруун тохойн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зүсэх үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 23-24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч А.М шууд санаатайгаар эр эмийн хардалтаас болж хохирогч А.Бын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Мд 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар А.Мд шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ