| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0728/Э |
| Дугаар | 0763 |
| Огноо | 2020-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 0763
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бт холбогдох эрүүгийн 2008 00000 0846 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...”-ХХК-ийн харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 1, Төв аймаг, Заамар, ... дугаар баг, Хайлааст, тууын ... дүгээр гудамж ... байр ... тоотод оршинн суух бүртгэлтэй, одоогоор Баянгол дүүргийн ... дүгээр хороо Горькийн ... тоот нийтийн байрны ... тоотод түр оршин суух, урьд,
- Булган аймгийн Сум дундын шүүхийн 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 5/8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял,
- Булган аймгийн Давж заалдах шатны шүүхийн 1994 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял,
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 1998 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 118 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулсан Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Бт оногдуулсан 6 сарын хорих ял дээр түрүүчийн тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 5 хоногийн хорих ялаас 2 жил 3 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 9 сар хорих ял,
- Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сар хорих ял,
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял,
- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ний өдөр 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшилтгэлээр суллагдсан,
Ч овогт Х.Б /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Хилчиний ... тоотод хардалтын улмаас хохирогч Л.Згийн толгойн тус газарт аягаар цохиж болон зүүн гуянд нь хутгалж түүний эрүүл мэндэд дух, зүүн гуянд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Л.Згийн мэдүүлэг /хх20-21/, гэрч Т.Бгийн мэдүүлэг /хх13-15/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5487 дугаартай дүгнэлт /хх27-28/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, ажлын газрын тодорхойлолт /хх47, 48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн байгууллагын асап сангийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх56, 54-55, 58-91/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Х.Быг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Л.Згийн “...Би өнөөдөр өглөө буюу 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэртээ 0.5 литрийн архи ганцаараа уучихаад Б найзруугаа утсаар ярихад Б намайг гэрт хүрээд ир гэж хэлсэн. Би гэрээсээ гарч яваад 12 цагийн үед найз Бын гэрт очсон. Би Бын гэрт очих замдаа дэлгүүрээс 0,75 литрийн архи авч очсон юм. Б гэртээ эхнэрийн хамт хоёулаа байсан. Бид гурав архи хувааж уусан. Б гарчихаад ирье гэж хэлээд гараад явсан. Би Бын эхнэр Болортуяагийн хамт яриад сууж байхад гаднаас Б орж та хоёр аятайхан байгаарай гэж хэлээд орны гудас сөхөөд хутгаа гартаа аваад намайг сандал дээр сууж байхад миний зүүн гуяруу нэг удаа хутгалсан. Би Бт хандаж чи аятайхан байгаарай чиний бодож байгаа юм надад байхгүй гэж хэлэхэд уурлаад намайг гэрээс яв зайл гэж хөөгөөд гартаа сэнжтэй аяга барьж миний толгой буюу духны баруун талд нэг удаа хүчтэй цохисон. Миний толгой хагараад цус нүүр рүү гоожсон. Би цусаа гоожуулаад гэртээ ирсэн. Намайг гэртэй ирэхэд манай байрны хажуу өрөөний охин Б гэж охин түргэн цагдаад дуудлага өгсөн. Түргэний эмч ирж үзээд намайг гэмтлийн эмнэлэгруу аваад явсан. Миний зүүн гуяны зузаан махруу хутгаар нэвт хатгасан. Тус бүр оёдол тавиулсан. Духны баруун талын хагархай дээр 5-н оёдол тавьсан. Би Бт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх20-21/,
2. Гэрч Т.Бгийн “...Өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед Бын найз З 0.75 литрийн архитай манай гэрт ирсэн бид гурав архийг хувааж уусан. Архи уусны дараа Б автобусны буудал орж хүнтэй уулзана гээд гараад явсан. Би З ахтай хамт сууж байгаад Б гаднаас орж ирээд “Чи яагаад миний эхнэрийг дарамтлаад байгаа юм бэ? би наад хүнд чинь хайртай чи намайг доромжиллоо” гээд Б гудсан доогуур байсан хутгыг аваад З орон дээр сууж байхад нь зүүн гуя руу нэг удаа хутгалсан. Гэрээс гар гэж хөөж байгаад ширээн дээр байсан аягыг гартаа барьж байгаад Згийн толгой руу цохиход З ахын толгойноос цус гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх13-15/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5487 дугаартай “...Л.Згийн биед дух, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх27-28/.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Хилчиний ... тоотод өөрийн хамтран амьдрагчтай хардан хохирогч Л.Згийн гуяанд хутгалж, мөн толгойн тус газарт аягаар цохиж, гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогчийн “...Б та хоёр аятайхан байгаарай гэж хэлээд орны гудас сөхөөд хутгаа гартаа аваад намайг сандал дээр сууж байхад миний зүүн гуяруу нэг удаа хутгалсан... гартаа сэнжтэй аяга барьж миний толгой буюу духны баруун талд нэг удаа хүчтэй цохисон. Миний толгой хагараад цус нүүрлүү гоожсон...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Бгийн “...Б гудсан доогуур байсан хутгыг аваад З орон дээр сууж байхад нь зүүн гуя руу нэг удаа хутгалсан. ...Гэрээс гар гэж хөөж байгаад ширээн дээр байсан аягыг гартаа барьж байгаад Згийн толгой руу цохиход З ахын толгойноос цус гараад явсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсанг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Шүүгдэгч Х.Бын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Л.Згийн биед “...дух, зүүн гуянд шарх...” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5487 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Л.З нь баримтаар 744.455 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд дээрх хохирол нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол байх тул шүүгдэгч Х.Баас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Х.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч Х.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлөхөө илэрхийлж буй байдал, хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдал болон улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан шүүгдэгч Х.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг аягыг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 6 /зургаа/ сарны хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баас 744.455 /долоон зуун дөчин дөрвөн мянга, дөрвөн зуун тавин тав/ төгрөг гаргуулж хохирогч Л.Зд олгуулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг аягыг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР