| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0726/Э |
| Дугаар | 0764 |
| Огноо | 2020-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 0764
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нд холбогдох эрүүгийн 1908 05681 0684 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зам гүүрийн техникч мэргэжилтэй, “...” ТӨҮГ-т үндсэн тэжээлийн механик ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Төв аймгийн Эрдэнэсант сумын ... дүгээр баг, ... гэх газарт оршин суух бүртгэлтэй, одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Одонтын ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Б овогт Д.Н /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Н нь 2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тахилтын ... дугаар гудамж, ... тоотод С.Оийг “пиво уусангүй” гэх шалтгаанаар шаазан аягаар толгойн тус газар нь онож, гараараа нүүрэн тус газар нь цохиж, зулайд шарх, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацар, уруул, эгэм, бугалгад зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх8/, хохирогч С.Оий мэдүүлэг /хх84/, гэрч Э.Бийн мэдүүлэг /хх25/, гэрч О.Зын мэдүүлэг /хх31/, хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №13240 дугаартай шинжилгээ дүгнэлт /хх53/, гэрч Х.Цгийн мэдүүлэг /хх33/, Д.Нгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх112/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх155/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн байгууллагын асап сангийн лавлагаа /хх176, 173-175/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13241 дугаар дүгнэлт /хх55/, Шинжээч эмч Ч.Эын мэдүүлэг /хх63/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан ажлын газрын тодорхойлолт, боловсролын гэрчилгээний хуулбар, хохирол төлсөн баримт /хх140-146/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Д.Нг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх8/,
2. Хохирогч С.Оий “...Би хамтран амьдрагч Э.Б түүний дагавар хүү Б.Б болон бид хоёрын дундаас гарсан хүү О.Б нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо тахилтын ... тоотод амьдардаг юм. 2019 оны 10 дугаар сарын 30-ны орой ажлаа тараад гэртээ ирэх замд буюу автобусны буудлаас эхнэр Б түүний үеэл Н нар намайг машинтай тосож аваад гэрт хүргэсэн юм. Замдаа дэлгүүрээс Н надад 1 шил 0,75 литрийн архи ундаатай авч өгөөд түүнийг нь бид хоёр манайд очиж хувааж уусан намайг гэрт очиход Нгийн найз /сүүлд нэрийг мэдсэн/ З баруун орон дээр манай хоёр хүүхэд зүүн орон дээр унтаж байсан. Бид хоёр архины талыг хувааж уух үед би унтлаа гээд унтсан. Намайг хэвтэж байхад эхнэр тал шил архийг асгасан чинь Н архи дуусчихсан байна дэлгүүр хаахаас өмнө архи авч ууна гэж байгаад эхнэрийн хамт дэлгүүр ороод хоёр том савтай пиво авч ирээд намайг дуудаж хувааж ууя гэхээр нь би маргааш өглөө ажилтай уухгүй гээд хэлтэл тэр үгнээс болоод Н уурлаж чи намайг бараг архичин гээд хэлчихлээ гэж хэлээд намайг Бын араар хэвтэж байхад давж ирээд нүүрэнд цохисон би орон дээрээ манараад босоод сууж байхад над руу аяга шидлээд миний толгойг оноод хагалах үед хүү Б миний толгой руу шидээд хагарсан аяганд толгойгоо цохиулаад уйлсан би хүүгээ тэврээд орон дээрээс бостол хөл хальтраад би хойшоо бөгсөөрөө хүүхдээ тэврээд унасан. Тэр үед эхнэр хүүхдээ аваад орон дээр тавьсан чинь Н над дээр хүрч ирээд дахин хоолой боож нүүрэнд гараараа цохисон. Эхнэр Нг хөөж байхад түүний найз сэрээд тэр хоёр хамт манайхаас гарсан. Шинжээчийн дүгнэлтэнд учирсан гэмтлийг Н гараараа цохиж байхдаа надад учруулсан гэмтэл байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна... Эмчилгээ хийлгээгүй өөрөө зүгээр болчихсон болохоор эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Бид хоорондоо уулзаад гомдол санал байхгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх84/
3. Гэрч Э.Бийн “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ... үеэл Н ажлынхаа З гэдэг залуутай манайд ирсэн... Н бид хоёр дэлгүүр орчихоод иртэл нөхөр О хоёр хүүхдийн хамт зүүн талын орон дээр унтаж байсан чинь Н очоод нөхрийг гарнаас нь татаад хамт пиво ууя гэтэл нөхөр дургүйцээд өглөө ажилтай, өөрсдөө уучих гээд хэлтэл Н уурлаж чи намайг бараг л архичин гээд хэлчихлээ гэж хэлэнгүүтээ нүүрэнд гараараа цохиод авсан чинь нөхөр босоод суусан. Нг би хориглоод ширээний дэргэд зогсож байтал Н ширээн дээр байсан виноны хундага аваад шидсэн Огийн хажуугаар зөрсөн чинь ахиж хоол идэж байсан цагаан шаазан аягыг аваад шидэх үед Огийн толгойг онож тал хэсэг нь хүүхдийн толгой оноод хүүхэд уйлах үед О хүүхдээ тэврээд явтал хойшоо саваад хөл нь халтирч бөгсөөрөө унасан... Н над руу уурлаж байгаад гараараа нүүрэнд нэг удаа алгадаж аваад О дээр очин түүнийг багалзуурдаж аваад нүүрэнд нь хэд хэдэн удаа цохисон... тэгээд найзын хамт гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх25/
4. Гэрч О.Зын “...би нойр хүрээд байхаар нь тэр хоёрыг үлдээгээд баруун талын орон дээр унтчихсан орой болсон хойно хүмүүс шуугиад явчихаар нь сэрээд хартал Н /сүүлд нэрийг мэдсэн/ Отай хэрэлдэж муудалцаж байсан чинь Б дундуур нь орж салгаад Нг миний дэргэд авч ирсэн. Тэгсэн О орон дээр хэвтэж байсан хоёр хүүхдийнхээ наагуур ороод хэвтсэн чинь Н би эгчийгээ чамд дээрэлхүүлнэ гэж байхгүй гэж агсарч байгаад Оийг хэвтэж байхад нь нүүрэнд нь гараараа цохиод авах үед О босож ирээд гал тогооны шүүгээнээс хоёр заазуурыг хоёр гартаа бариад Н руу дайрсан дундуур нь Б ороод заазуурыг нь гарнаас нь аваад цааш хийж байсан. О орон дээр хэвтэж байсан нярай хүүхдээ тэврээд авсан тэгсэн чинь Н Оийг зодох гэж дайраад Б хориглоод байсан чинь ширээн дээр байсан цагаан шаазан аягыг О руу шидсэн тэр шаазан Оийг оноогүй дахин цагаан шаазан шидээд Оий толгойн баруун хэсгийг яг онож аяга хагарч Оий цохиулсан талаас цус гарч эхэлсэн... ” гэсэн мэдүүлэг /хх31/
5. Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн 2019 оны 11 дүгээр 06-ны өдрийн №13240 дугаартай “...С.Оы биед зулайд шарх, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацар, уруул, эгэм, бугалгад зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” шинжээчийн дүгнэлт /хх57-58/
6. Гэрч Х.Цгийн “... дуудлагын дагуу очиход ... О зодуулсан байдалтай очиход нэг нүд нь хөхөрчихсөн толгой хэсэгтээ зулгарсан шархтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх33/
7. Д.Нгийн яллагдагчаар өгсөн “...би Бийг өмөөрч Отай маргалдаж байгаад нүүрэнд нь гараараа 1-2 удаа цохисон ... ширээн дээр байсан шаазан 2 аягыг О руу шидэхэд нэг шаазан аяга нь толгойг онож байгаа харагдсан. Шинжээчийн дүгнэлтэнд учирсан гэмтлийг гараараа нүүрэнд нь цохиж, шаазан аяга шидэж байхдаа түүнд учруулсан гэмтэл байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх112/
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч нь гэм буруугаа гэм буруугийн маргаагүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болохыг дурдаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч Д.Н нь 2019 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Тахилтын ... дугаар гудамж, ... тоотод С.Оийг “пиво уусангүй” гэх шалтгаанаар шаазан аягаар толгойн тус газар нь онож, гараараа нүүрэн тус газар нь цохиж, гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогчийн “...Бын араар хэвтэж байхад давж ирээд нүүрэнд цохисон би орон дээрээ манараад босоод сууж байхад над руу аяга шидлээд миний толгойг оноод хагалах үед хүү Б миний толгой руу шидээд хагарсан аяганд толгойгоо цохиулаад уйлсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Б, Э.З, Х.Ц нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсанг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Нгийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч С.Оий биед “...зулайд шарх, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацар, уруул, эгэм, бугалгад зулгаралт, цус хуралт...” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр 06-ны өдрийн №13240 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч нь хохирогчид 120.000 төгрөг төлсөн, хохирогч С.Оь нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Нг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг үндэслэлээр хуульд заасан хамгийн доод нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Д.Нг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хэдийгээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс шууд хамааралгүй боловч шүүгдэгчийн үүсгэсэн маргаан, зодооны нөхцөл байдлын улмаас хохирогчийн бага насны 2 сартай хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол хор уршиг учирсан нөхцөл байдал бий болсонг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нь зүйтэй байна.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР