Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 101

 

        С.М-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Д.Дэлгэрмаа,

            шүүгдэгч С.М-н өмгөөлөгч Д.Пүрэвдорж,   

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 526 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Булганцэцэгийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлийг үндэслэн С.М-д холбогдох 171100010002 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн С-н М, 1999 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .....дүүргийн 8 дугаар хороо, ........... цогцолбор гудамж .-.. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ..... дүүргийн ... дүгээр хороо, ............ тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: .................../;

С.М нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И.. Н.. Ш..” төвийн ... тоот лангууны ширээн дээр байсан хохирогч А.С-н эзэмшлийн “Айфон-7” загварын гар утас хулгайлж, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.М-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт С-н М-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 192 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 24 хоногийн 1 хоногийг ажлын 8 цагт шилжүүлж түүнийг уг ялаа эдэлж дууссанд тооцож, шүүгдэгч С.М-н бусад эрхийг хязгаарлаагүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор Д.Булганцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “…Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 526 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.М-н үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх хугацаанд үйлдэгдсэн байх тул түүнд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, 192 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял оногдуулсан байна.

Уг шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл" зайлшгүй тусгахаар хуульчилсан байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдалгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 526 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор Д.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх заалтыг журамлалгүйгээр С.М-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан. Иймд прокурорын эсэргүүцэлд бичсэн үндэслэлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү...” гэв. 

Шүүгдэгч С.М-н өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            С.М нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “И.. н... ш...” төвийн 603 тоот лангууны ширээн дээр байсан хохирогч А.С-н эзэмшлийн “Айфон-7” загварын гар утас хулгайлж, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Хохирогч Д.С-н “...Би 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гоо сайхны дэлгүүрийн кассан дээр сууж байгаад хар өнгийн, “Айфон-7” загварын гар утсаа алдсан. Тухайн үед хяналтын камерийн бичлэгийг үзэхэд хар өнгийн малгайтай, бараан өнгийн хүрэм, дотуураа цагаан өнгийн фудболктой, цагаан канттай биеийн тамирын өмдтэй, цагаан пүүзтэй, 20 орчим насны эрэгтэй сэтгүүл үзэж байгаад миний гар утсыг аваад гарч байгаа нь бичигдсэн байсан...” /хх 13-14/,

            Гэрч Н.Ү-н “... Би 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “М...” худалдааны төвд гар дээрээс худалдаа эрхэлж байхад 20 орчим насны 2 хүүхэд ирээд хар өнгийн “Айфон-7” загварын гар утас барьчихаад “...“Айфон-6” утас байна, авах уу” гэж асуусан. Би түүнийг нь Айдитай учир 90.000 төгрөгөөр худалдан авсан...” /хх 18/,

            С.М яллагдагчаар “...Би шивээсний зүү авах гээд байж байтал худалдагч нь лангуун дээрээ “Айфон-7” загварын гар утсаа тавиад эсрэг талын өрөө рүү яваад орчихсон. Ойролцоогоор 1-2 минут хүлээгээд гарч ирэхгүй байсан. Тэгээд лангуун дээр байсан шивээсний зурагтай каталоги байхаар нь хажууд нь тавиад гар утсыг нь аваад зугтаасан... Тэндээс гараад “М...” дээр очоод гадаа нь гар утас зардаг хүнд хулгайлсан утсаа 80.000 төгрөгөөр зарсан...” /хх 21/ гэсэн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг,  

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9/, эд зүйлийн үнэлгээ /хх 23/, эрэн сурвалжлалт зарласан баримт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн болон сэргээсэн тухай тогтоолууд /хх 49, 50/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч С.М-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан боловч С.М-д холбогдох хэргийг прокуророос Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ял болон ялын хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан оногдуулах ялын хэмжээнээс их бөгөөд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд зааснаар хэргийг зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохоор байна. 

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүх С.М-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүний эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн нь хуульд нийцжээ.

             Гэвч анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчилсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсэгтээ Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлаж өөрчлөлгүйгээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь буруу байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Түүнчлэн уг гэмт хэргийн улмаас хохирогч А.С-т 1.700.000 төгрөгийн хохирол учирсан байхад гэм хорын хохирлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолд огт дурдалгүй орхигдуулсан байх бөгөөд энэ талаар прокурор Д.Булганцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авах боломжтой байна гэж үзлээ.