Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 0765

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бдаш,

улсын яллагч Б.Энэрэл /томилолтоор/,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 2008 01182 0761 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХК-ны ... үйлдвэр ХХК-нд инженер техникийн албаны техникч ажилтай, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Их наран, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт М.Б /РД:.../.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/       

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Их нарангийн ... дугаар гудамжны ... тоот хашааны үүдэнд Т.Этай “надтай юм ярихгүй, бацаан минь гэж хэллээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний гар, толгой, нүүрэн тус газруудад гар, хөлөөрөө цохиж зодон, хүний эрүүл мэндэд “...хамрын ясны баруун хажуу хананы цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, уруул, баруун гарын ядам хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хоёр хацарт зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх72-73/, хохирогч Т.Эын мэдүүлэг /хх1-12/, гэрч Х.Жгийн мэдүүлэг /хх24-25/, гэрч А.Эын мэдүүлэг /хх28-29/, гэрч Т.Бийн мэдүүлэг /хх31-32/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2982 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх50-51/, шүүгдэгч М.Бий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх60-62/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт /хх81, 79, 80/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн байгууллагын асап сангийн лавлагаа /хх82, 96/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч М.Бийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. М.Бий мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /хх72-73/,

2. Хохирогч Т.Эын “...Тэгээд бид дөрөв дэлгүүрээс архи авсан. Аваад гэрт нь ороод ууцгаасан, харин Ж архинаас уугаагүй унтаад өгсөн. Харин бид гурав дэлгүүрээс авчирсан архиа хувааж уусан бөгөөд архиа арай дуусаагүй байхад ямар учраас болж маргалдсаныг мэдэхгүй юм ярьж байхад над руу Б дайрсан. Тэгсэн чинь Э та нар гэрт зодолдохгүй шүү гээд гэрээсээ бид хоёрыг гаргасан. Хашааны үүдэнд Б гэх залуу намайг гараараа цохиж унагаан, унасны дараа хөлөөрөө өшиглөж цохиод байсан. Тэгэхэд Э, Ж хоёр гэрээс гарч ирээд салгасан... Энэ гэмтлийг 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Их нарангийн ... дугаар гудамжны ... тоот хашааны үүдэнд Б гэх залуу гар болон хөлөөрөө цохиж зодож учруулсан юм... Тухайн өдөр би Б гэх залууг цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх11-12/,

3. Гэрч Х.Жгийн “...Дэлгүүрээс архи авчхаад бид нар Э ахын гэрт очоод архинаас уугаагүй унтаад өгсөн. Нэг мэдэхэд сэрэхэд Э, Б хоёр байхгүй байсан. Харин Э ах гэртээ байж байсан. Би тэгээд юу болсон гэж асуухад Э ах Э, Бээ хоёр маргалдаад гараад явсан гэхээр нь би араас нь хашааны үүдэн дээр Э газарт хэвтчихсэн, харин Бээ дээр нь гарчихсан зодож байсан. Тэгэхээр нь Э ах бид хоёр салгасан... Намайг харахад Э, Бээг цохиж зодсон зүйл байхгүй, харин Бээ Эыг зодож байсан...” гэсэн мэдүүлэг /хх24-25/,

4. Гэрч А.Эын “...Архиа ууж байтал Бээ Э маргалдаж муудалцаад байхаар нь би гадагшаа гар гээд гаргасан. Удалгүй Ж сэрээд бид хоёр гарсан. Тэгтэл манай хашааны үүдэнд Э газарт Бээ дээд талд нь гарчихсан зодож байсан. Ж бид хоёр салгасан. Э гэр рүүгээ явсан. Ж, Бээ бид гурав манайд ороод байж байхад удалгүй цагдаа нар ирээд Ж, Бээ хоёрыг аваад явсан...Э Бээг цохиж зодож байсныг би хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх28-29/,

 5. Гэрч Т.Бийн “...2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би ээжийнхээ гэрт гэрийг нь цэвэрлээд байж байсан чинь өдөр 14 цагийн орчим болж байхад манай төрсөн дүү Т.Э гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, ам хамар, гарнаас нь цус гарсан, нүүр нь хавдсан байдалтай орж ирсэн юм. Тэгэхээр нь юу болсон талаар асуусан чинь “хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн юм. Тэгээд би Т.Эаас зодуулсан талаар асуутал Эын хашааны үүдэнд хүнд зодуулсан гэхээр нь би Эоос “Манай дүүг хэн зодсон бэ” гэж асуухад Э манай гэрт байсан нэг залуу зодсон гэж хэлсэн юм...цагдаа ирэхээр нь дагуулаад Эын гэрт ортол манай дүү Т.Эыг зодсон Б гэх залууг гэрээс гаргаж ирсэн юм. Б гэх залуугийн хувцас нь цус болсон, нэг нүд нь хөхөрсөн байдалтай байхаар нь Бээс “чиний нүд яагаад хөхөрчихсөн юм бэ” гэж асуутал Б гэх залуу “Танай дүүд хамаа байхгүй. Урьд шөнө би бие засах гэж байгаад юм мөргөчихсөн” гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх31-32/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2982 дугаартай “...Т.Эын биед хамрын ясны баруун хажуу хананы цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, уруул, баруун гарын ядам хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хоёр хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн  дүгнэлт /хх50-51/,

7. М.Бий яллагдагчаар өгсөн “...2020 оны 02 дугаар сарын 22-ны өглөө Ж, Э ах бид гурав дэлгүүр рүү ороод архи авчхаад явж байсан чинь гудамжинд Э ахын таньдаг Э гэдэг ахтай тааралдсан... Т.Э гэдэг хүн надад томроод “чамтай юм ярихгүй гээд байхад яах гээд байгаа юм бэ бацаан минь гээд тэрнээс болж муудалцаж би Т.Эыг зодсон... Шөнө 00 орохдоо би төмөр хаалга мөргөсөн тэгэхэд учирсан байх намайг цохиж зодсон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх60-62/,

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Их нарангийн ... дугаар гудамжны ... тоот хашааны үүдэнд хохирогч Т.Этай үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар түүний гар, толгой, нүүрэн тус газруудад гар, хөлөөрөө цохиж, гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн “...Хашааны үүдэнд Б гэх залуу намайг гараараа цохиж унагаан, унасны дараа хөлөөрөө өшиглөж цохиод байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Ж, А.Э, Т.Б нарын дээр дурдсан мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсанг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгч М.Бий үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Т.Эын биед “...хамрын ясны баруун хажуу хананы цөмөрсөн далд хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, уруул, баруун гарын ядам хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хоёр хацарт зулгаралт...” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2982 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Хохирогч М.Б нь 297.300 төгрөгний хохирлын баримт гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгчээс 297.500 төгрөгний хохирол хүлээн авсан тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн, мөн шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгджээ. Хохирогчийн хувьд цаашид гарах эмчилгээний задлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.

Иймд шүүгдэгч М.Бийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч М.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн, тэрээр  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Т.Э нь гэмт хэргийн хор уршигтай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР