Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2016/01528

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: н Ж.Н

 

Хариуцагч: Н.Шалбанд холбогдох

 

Н.Шалбаны Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж, 16 тоотод байрлалтай 969 м.кв талбайтай 3 давхар үйлчилгээний зориулалттай үйлчилгээний барилгыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн төлөөлөгч Б.Ариунцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч П.Батчулуун, өмгөөлөгч Р.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.    

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Ж.Н нараас 425.615.493 төгрөг гаргуулж Хас банкинд олгуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс 25.000.000 төгрөг хасагдсан. 2014 онд эвлэрлийн захирамжаар анхны албадан дуудлага худалдаа, үнэлгээг хүчингүй болгож шинээр ажиллагаа явуулахаар тохиролцсон. 4.128.000.300 төгрөгөөр үнэлсэн үйлчилгээний обьектийг 2 тэрбум төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл ирсэн. 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дуудлага худалдааны мэдэгдэлийг хүлээж авсан. Энэ нь боломжит хугацаа байж чадаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-д заасныг зөрчсөн. Бидэнд боломжит хугацаанд мэдэгдээгүй. Түүнийг зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй. Мэдэгдлийг хүлээж аваад Н.Шалбанд гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу 14 хоногийн дотор хариу өгөөгүй. Албадан дуудлага худалдаанд орсны дараа буюу 20 гаран хоногийн дараа гомдлын хариуг өгсөн. Хурал болох гэж байгаа боломжит хугацаанд мэдэгдээгүй. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цагт болсон дуудлага худалдаанд оруулсан ажиллагаа болон тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Шалбанаас дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг авсан боловч үнэ тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилсон. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн улсын байцаагчийн актаар дуудлага 09 дүгээр сарын 02-ны өдөр болох дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгосон. Энэ тогтоолыг өмчлөгчид хүргүүлсэн. 9 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол мэдэгдлийг хуульд заасны дагуу талуудад хүргүүлсэн. Энэ хуульд 14 хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ гэсэн зохицуулалт байхгүй. Үнэлгээтэй холбоотой асуудлаар хөрөнгийн үнэлгээний Лендс төв үнэлгээ гаргаснаас дуудлага худалдааны мэдэгдлийг талуудад хүргүүлсэн. Талуудад үнэлгээтэй холбоотой маргах зүйл байхгүй гэж үзэж байна. 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй байгаа юм” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2009 онд гарсан шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл биелэгдэхгүй байгаа учраас Хас банкны эрх ашиг хөндөгдөж байна. Үнэлгээний хувьд шүүхийн шийдвэр гараад эцэслэгдэн тогтоогдсон асуудал. Тийм учраас Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд боломжит хугацаа гэсэн нэр томъёо байхгүй. Нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т тодорхой заасан байгаа. Дуудлага худалдаа явуулах тогтоолд гомдол гаргасан байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дуудлага худалдаанд оруулах урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргаагүй байна. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа гэж яг ямар ажиллагааг хэлээд байгаа нь тодорхойгүй байна. Аль үйл ажиллагаа нь хууль зөрчөөд байгаа, мөн тодорохойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг хэргсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ж.Н нь хариуцагч Н.Шалбанд холбогдуулан Н.Шалбаны 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж, 16 тоотод байрлалтай 969 м.кв талбайтай 3 давхар үйлчилгээний зориулалттай үйлчилгээний барилгыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр Алтайн их уулс ХХК, Ж.Ж.Н нараас 425.615.493 төгрөгийг гаргуулж, Хас банк ХХК-д олгож,  хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж, 16 тоотод байрлалтай 969 м.кв талбайтай 3 давхар үйлчилгээний зориулалттай үйлчилгээний барилгыг албадан худалдаж, өрийг барагдуулахыг Н.Шалбанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Н.Шалбаны ахлах гүйцэтгэгчийн 2009 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 276 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2142 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын  09-ний өдрийн 916 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 814 дүгээр тогтоолоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж, 16 тоотод байрлалтай 969 м.кв талбайтай 3 давхар үйлчилгээний зориулалттай үйлчилгээний барилгын үнэлгээтэй холбоотой гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй тул шүүх үнэлгээ тогтоосноос хойшхи ажиллагаатай холбоотой гомдолыг хянах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар урьдчилан шийдвэрлэх журам буюу ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдол гаргаж, түүнийг шийдвэрлэсэн болох нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3/621 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж, 16 тоотод байрлалтай 969 м.кв талбайтай 3 давхар үйлчилгээний зориулалттай үйлчилгээний барилгыг 4.128.300.000 төгрөгийн 70 хувиар тооцон 2.889.810.000 төгрөгөөр 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэх хуудсыг болон албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус төлбөр төлөгчид 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн, түүнчлэн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гардуулсан нь хууль зөрчөөгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн  Үндэсний шуудан сонины 179 дугаарт зар нийтлүүлсэн нь хуульд нийцжээ.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр Алтайн их уулс ХХК, Ж.Ж.Н нараас 425.615.493 төгрөгийг гаргуулж, Хас банк ХХК-д олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байх тул Ж.Ж.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан Н.Шалбанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай Ж.Ж.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР