| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0774/Э |
| Дугаар | 0781 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 0781
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,
Улсын яллагч Д.Нямбат,
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Э.Бд холбогдох эрүүгийн 1908 05116 0980 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын менежмент мэргэжилтэй, “...” ХХК-д менежер ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Б овогт Э.Б /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Иргэн Н.Бийн өргөдөл /хх11/, хохирогч Н.Бийн мэдүүлэг /хх19/, гэрч Б.Агийн мэдүүлэг /хх24-25/, гэрч Уын мэдүүлэг /хх28-30/, гэрч Д.Ягийн мэдүүлэг /хх35-36/, гэрч С.Хын гэсэн мэдүүлэг /хх39-40/, гэрч Б.Бийн мэдүүлэг /хх50/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний дүгнэлт /хх52/, Э.Бы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх61/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх73-75/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэхи лавлагаа /хх66, 67, 68/, цагдаагийн асап сангийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /70, 72/, ажлын газрын тодорхойлолт /хх71/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Э.Быг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Иргэн Н.Бийн цагдаагийн байгууллагад 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хандаж гаргасан өргөдөл /хх11/,
2. Хохирогч Н.Бийн “...2019 оны 9 дүгээр сарын 28-ны 18 цаг өнгөрч байхад Толгойтод Ягийн гэрт очиж машинд гагнуур хийж, Бгийн хамт 0.5 литрийн 1 шил архи, 0.33 литрийн 1 шил архийг хувааж уугаад 21 цаг өнгөрч байхад манай ах Я нь Б бид хоёрыг гэрт хүргэж өгөхөөр өөрийн машинтай Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Орбитын ... дугаар гудамж болох манай гэрийн гудамж руу эргэх гэтэл гудамжны аман дээр 2 автомашин таглаад машин орох боломжгүй байсан. Би Я ахын хамт таглаад зогсож байгаа машин дээр очиход нэг эмэгтэй хүн байсан цаанаас нь жижиг тэрэгнээс 3 залуу бууж ирээд шар үстэй нь нүүр рүү цохисон. Хөл алдаад газар унаад босч ирэхэд сая зургаар таньж олсон шар үстэй буюу Б гэх залуу хэрүүл хийж байгаад дахиад 2 удаа цохисон...тухайн үед би согтуу байсан ба гэр рүүгээ орно гэж томорсон байх... миний хиймэл тагнайтай 4 шүд хугарсан өмнө нь 80.000 төгрөгөөр хийлгэж байсан юм. Шүдээ хийлгэчих юм бол гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хх19/,
3. 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-н 73-75 хуудас/,
4. Гэрч Б.Агийн “...тус өдөр ... ХХК-ны ажилчид бид нар авто зам тавьж байсан юм. Орой 22 цагийн үед ажлаа цэгцлээд явж байхад хийж байсан автозамын дээгүүр машинтай орж ирчихээд 2 ах бууж ирээд нэг согтуу ах нь хэл амаар доромжлоод пизда минь би гэр рүүгээ ормоор байна гэж хэлээд Бтой заамдалцахад манай ажилчид салгасан. Бид нар одоо замаа дуусгах гэж байна, хэдэн минут хүлээчих гэж манайхан хэлсэн. Би багаж хэрэгсэлээ хураагаад агуулах руу явсан. Тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх24-25/,
5. Гэрч Б.Уын “...Б бид нар замын ажил хийж байхад орой 22 цагийн үед зам тавьж байгаа газарт хүмүүс орилолдохоор нь очтол танихгүй нэг ах Б ахыг пизданууд минь шөнө оройгоор та нар юу хийдэг гэж байсан. тэгээд гэрийнхээ зүг ганцаараа алхаж байхад нэг хашаанаас танихгүй эгч гараад ирэхэд тэр ах пизданууд гэр рүү оруулахгүй байна гэж орилоод буцаж ирсэнээ Ган-Эрдэнийн нүүр рүү 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх28-30/,
6. Гэрч Д.Ягийн “...тус өдөр 14 цагийн үед дүү Бийг дуудаад гэртэй гагнуур хийлгэсэн юм... Бийг Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Орбит ... тоотод байрлах гэрт нь хүргэж өгөх гээд өөрийн машинтайгаа Бийн гэрийн гудамаар орох гэтэл гудамны гарцан дээр 2 жижиг тэрэг өөдөөсөө хараад зам голлоод зогсож байхаар нь би гэрлээр дохиод, сигналдаад явахгүй болохоор нь би өөрөө гүйж очоодтэнд зогсож байсан машинд эмэгтэй хүн сууж байхаар нь ахын дүү гудам руугаа орох гэсэн юм гэхэд машины цаанаас харанхуйгаас 3 танихгүй залуу гараад ирэхээр нь машинаа холдуулчих гэртээ орьё гэж хэлээд 3 залуутай хэрэлдэж, маргалдаж эхэлсэн, тэгсэн чинь миний машины хойд талд сууж байсан Б машинаас бууж ирээд би гэртээ орьё гэж хэлээд тэр 3 залуу Бтэй хэрэлдээд байсан, тэгэхээр нь би тухайн машинд сууж байсан эмэгтэй дээр очоод ямар нэгэн хэрүүл маргаан гарвал чамтай ярина шүү гэж хэлээд эргээд хартал Бийг шар үстэй 160-170 см өндөртэй туранхай залуу баруун, зүүн гараараа хацар руу нь цохиход Б газар унасан. Шар үстэй залуу нь дахиад Бийн нүүр рүү нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх35-36/,
7. Гэрч С.Хын “...орой 22 цагийн үед манай хүүхэд Х хашааны гадаа аавыг хүн зодоод байна гэхээр нь гүйгээд гартал нэг залуу манай нөхөр Бийг цохичихоод гүйгээд явсан. Тэгээд би ганцаараа зам засварын ажилчидын байр руу очиход 2 эмэгтэй 7-8 эрэгтэй хүн хүмүүс байсан. Би хэн манай нөхөрийг зодчихов гэхэд тэнд байсан шар үстэй залуу нь согтуу архичингаа аваад гэрээ ор гэж намайг загнасан...Бийн хиймэл шүд алга болсон байсан ба тэгсэн хажууд зогсож байсан залуу энэ байна гээд газраас олж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх39-40/,
8. Гэрч Б.Бийн “...нөхрийн ажил дээр очиход замын ажил дуусаагүй харанхуй болсон байхаар нь би машины гэрэл тусгаж өгсөн. Мөн ажлын газрын нэг хүн нь машиныхаа гэрлийг хамт тусгасан. Тэгсэн нэг суудлын тэрэг ирээд гэр рүүгээ ормоор байна, машин тэрэгээ холдуулаач гээд орилсон. Пизда наахуу, гичиээ гэж хэл амаар доромжилсон. Тэгээд манай нөхөр Б гэж хүнтэй заамдалцаад хэрэлдсэн. Сүүлд нь Бийн эхнэр нь гэх эмэгтэй гарч ирээд та нар манай нөхөрийг зодчихлоо гэхэд Бийн хөмсөгнөөс цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх50/,
9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11836 дугаартай “...Н.Бийн биед тархи доргилт, баруун дээд зовхинд цус хуралт, нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар, тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх52/,
10. Э.Бы яллагдагчаар өгсөн “...миний үс өнгө муутай гандсан жоохон шарласан шар өнгөтэй байсан...Бтэй заамдалцаад цээж рүү нь түлхсэн...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх61/,
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр Орбитын ... дугаар гудамжны ... тоот хашааны гадаа иргэн Н.Бийг ялимгүй зүйлээр шалтгаглан нүүр рүү гараараа цохиж, биед нь гэмтэл учруулжээ.
Энэ нь хохирогчийн “...Хөл алдаад газар унаад босч ирэхэд сая зургаар таньж олсон шар үстэй буюу Б гэх залуу хэрүүл хийж байгаад дахиад 2 удаа цохисон...тухайн үед би согтуу байсан ба гэр рүүгээ орно гэж томорсон байх...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.А, Д.У, Д.Я, С.Ха, Б.Б нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн биед гэмтэл учирсанг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Бы энэхүү үйлдлийн умлаас хохирогч Н.Бий биед “...тархи доргилт, баруун дээд зовхинд цус хуралт, нүдний алимны цус харвалт...” бүхий гэмтэл тогтоогдлоо, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болох нь Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11836 дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Б, хохирогч Н.Бий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Шүүгдэгч Э.Бы хувийн байдал, прокурорын ялын дүгнэлт, дээр дурьдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд 480 нэгж буюу 480.000 /дөрвөн зуун няан мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг ... сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР