Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 0784

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

Улсын яллагч Г.Яндаг,

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Г.Нд холбогдох эрүүгийн 2008 00000 1057 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1960 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, тэтгэвэрт,  ам бүл -2 эхнэрийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, Энхтайваны  өргөн чөлөө гудамж, ... дугаар байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Г.Н /РД:.../.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Н нь 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт Ш.Гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Ш.Гийн мэдүүлэг /хх5-7/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 6944 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх14-15/, Г.Нгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх28-29/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх38, 37/, цагдаагийн асап сангийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх33-34, 32/, “...” ХХК-д ажилладаг талаарх тодорхойлолт, Хаан банкны депозит дансны хуулга /хх39, 40/  хохирогч Ш.Гийн цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт /хх43/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Г.Нг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх1/,

2. Хохирогч Ш.Гийн “…2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Зүүн Салааны хуучин эцэст байдаг Бы гэр лүү мөнгө авахаар явсан юм. Ц гэх найз руугаа утсаар ярьж гэрт нь очсон. Цгийн гэрт бид хоёр 0.5 граммтай архи хувааж уугаад би тэдний гэрээс 22 өнгөрч байхад гараад автобусанд суух гэсэн чинь автобус зогсчихсон байхаар нь зам дагаад алхаад явж байтал огт танихгүй 10 хороолол орно гээд бас нэг эрэгтэй хүн тааралдахаар нь хамт алхаж байгаад Баянхошууны хуучин эцсийн тойрог дээр байдаг Төрийн банкны ойролцоо явж байгаад тэр эрэгтэй би атман гэж ярьж байгаад маргалдаж улмаар хоорондоо зууралдаж газар байсан архины шил тэр залуу аваад миний  толгой руу нэг удаа цохисон. Намайг ямар ч шалтгаангүй цохисон. Хоёулаа согтуу хүмүүс үг яриа дээрээсээ болж маргалдсан байх би зарим юмыг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх5-7/

3. Шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 6944 дугаартай “...Ш.Гийн биед духанд шарх, баруун хацарт зулгаралт, дух, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээр гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх14-15/

4. Г.Нгийн яллагдагчаар өгсөн “...Би тэр залуутай маргалдаад зууралдсан гарт цүнхтэй архи байсан түүгээрээ би толгой руу нь нэг удаа савчихсан чинь толгойн хагарчих шиг болсон...” гэсэн мэдүүлэг /хх28-29/.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Н нь 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт Ш.Гийг толгойн тус газарт нь архины шилээр цохиж, биед нь гэмтэл учруулсан нь дээр дурдсан болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн биед гэмтэл учирсанг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Нгийн гэм буруугийн санаатай хор, уршигийг хүсч учруулсан энэхүү үйлдлийн умлаас хохирогч Ш.Гийн биед “биед духанд шарх, баруун хацарт зулгаралт, дух, баруун хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл тогтоогдлоо, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болох нь Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 6944 дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь  заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Иймд улсын яллагчтай ял тохиролцсон хэмжээн буюу шүүгдэгч Г.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

            Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

           

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч  Г.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 5 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР