| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0759/Э |
| Дугаар | 0790 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 0790
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч З.О, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр /ШТЭД-2428/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.От холбогдох эрүүгийн 2008 01675 0688 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Толгойтын ... тоотод оршин суух, урьд
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,
Б. овогт З.О /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч З.О нь 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шөнийн 04-05 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Толгойтын ... тоот болох иргэн Г.Сгийн гэрт архи согтууруулах ундаа хэрэглэж гэрээс нь гарч явахдаа “Самсунг Жи-4 плас” маркийн гар утас, шар өнгийн зүү ороож оёсон хөөрөгний даалин, цэнхэр өнгийн даавуун өмдний баруун халаасанд байсан бэлэн 262.000 төгрөг, мөн Г.Сгийн хүзүүнд зүүсэн байсан 160 граммтай мөнгөн гинж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/, хохирогч Г.Сгийн мэдүүлэг /хх23-24, 50/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх27-28/, ял шалгах хуудас, шүүхийн шийдвэр /хх77, 78-81/, З.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх96/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх63-65/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх34, 35/, гэрч Г.Огийн мэдүүлэг /хх46/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч З.Оыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...2020 оны 4 сарын 05-ны өдрийн үүргийн 05-07 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух иргэн Г.Сгийн гэрээс “Самсунг галакси жи-4” маркийн гар утас, мөнгөн гинж, 260.000 төгрөг хулгайд алдагдсан...” тэмдэглэл /хх2/,
2. Хохирогч Г.Сгийн “...2020 оны 4 дүгээр сарын 05-ны шөнө 01 цагийн үед 5 шараас ертөнцийн зүгээр төв замынхаа урд талд зогсоод гар өргөтөл саарал өнгийн “Приус-20” маркийн автомашинтай үл таних эрэгтэй зогссон. Тэгээд тэр залуутай Саппоро ороод би бууж хүнтэй уулзчихаад буцаад уг таксинд орж ирж суусан. Би уг таксины жолоочид “ахтайгаа хань болоод ганц юм уух уу” гэж асуусан, тэгсэн нөгөө залуу “тэгье тэгье” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манайд буюу Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Толгойтын ... тоотод орж 1 шил “Тайга” нэртэй архи уусан. Тэгээд үүрээр 05 цаг өнгөрч байхад бид хоёр нойр хүрээд унтацгаасан. Тэр таксины жолооч залуу манай жижиг өрөөнд унтаж байсан. Тэгээд би өглөө 11 цагт сэрсэн чинь манай байшингийн хаалга онгорхой, хашаанд байсан Приус-20 машин болон нөгөө таксины жолооч залуу байхгүй, явсан байсан. Тэгээд би эхнэр рүүгээ ярих гээд утсаа хайтал миний Самсунг Жи-4 плас маркийн гар утас байхгүй, мөн хойд өрөөний ширээн дээр байсан шар өнгийн зүү ороож оёсон хөөрөгний даалин, мөн миний цэнхэр өнгийн даавуун өмдний баруун халаасанд байсан бэлэн 262.000 төгрөг байхгүй байсан. Мөн миний хүзүүнд байсан 160 граммтай мөнгөн гинж алдагдсан байсан. Би гинжийг хэрэг гардаг өдөр гэртээ зүүсэн байж байгаад унтсан. Намайг бэлэн мөнгөтэй байсныг тухайн залуу харсан, би мөнгөө бүгдийг нь гаргаж ирээд задгай мөнгө байхгүй байна гээд буцаагаад халаасандаа хийхийг харсан...би өөрөө эрчим хүчний төрийн өмчит компанид монетор ажилтай ба хэрэг болдог өдрийн өглөө айлд цахилгаан тавьж өгөөд ажлын хөлс гэж 265.000 төгрөг бэлэн миний өмдний халаасанд байсан...надад тэр залуу гэрийн хаяг гэх СХД-ийн ...-р хороо Толгойтын ... тоотод амьдардаг гэж хэлж байсан. Би цагдаад өргөдөл өгөхөөсөө өмнө уг тоотод очиж асуухад нэг эгч гэрч ирээд тийм хүн байдаггүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх23-24, 50/
3. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “...самсунг галакси жи-4 плас маркийн гар утсыг 250.000 төгрөг, шар өнгийн зүү ороосон хөөрөгний даалинг 300.000 төгрөг, эрэгтэй хүний хүзүүний мөнгөн гинжийг 350.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Нийт хохирлын дүн 900.000 төгрөг...” гэсэн тайлан /хх27-28/,
4. Зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд “хохирогч Г.С ...царайг нь шууд танина гээд...шүүгдэгч З.Оыг шууд заасан” тухай дурджээ. /хх63/
5. Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх34, 35/,
6. З.Оын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар “...би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх96/
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч З.О:
Шүүгдэгч З.О, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр нар нь гэм буруугаагийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно. Мөн хохирогч мөнгөн гинж, бэлэн 262.000 төгрөг байсан нь нотлогдоогүй үндэслэлээр хохирлын дүнгээс хасуулахаар мэтгэлцэж оролцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан баримтаас дүгнэн үзэхэд хохирогч Г.С нь 2020 оны 4 дүгээр сарын 05-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Толгойтын ... тоот өөрийн гэртээ шүүгдэгч З.Отай хамт очиж согтууруулах ундааны зүйл уусан. Улмаар шүүгдэгч нь хохирогчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд унтсаны дараа “Самсунг Жи-4 плас” маркийн гар утас, шар өнгийн зүү ороож оёсон хөөрөгний даалин, өмдний халаасанд нь байсан бэлэн 262.000 төгрөг, 160 граммтай мөнгөн гинжийг авч явсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогчийн “...Тэр таксины жолооч залуу манай жижиг өрөөнд унтаж байсан. Тэгээд би өглөө 11 цагт сэрсэн чинь манай байшингийн хаалга онгорхой, хашаанд байсан Приус-20 машин болон нөгөө таксины жолооч залуу байхгүй, явсан байсан. Тэгээд би эхнэр рүүгээ ярих гээд утсаа хайтал миний Самсунг Жи-4 плас маркийн гар утас байхгүй, мөн хойд өрөөний ширээн дээр байсан шар өнгийн зүү ороож оёсон хөөрөгний даалин, мөн миний цэнхэр өнгийн даавуун өмдний баруун халаасанд байсан бэлэн 262.000 төгрөг байхгүй байсан. Мөн миний хүзүүнд байсан 160 граммтай мөнгөн гинж алдагдсан байсан... хэрэг болдог өдрийн өглөө айлд цахилгаан тавьж өгөөд ажлын хөлс гэж 265.000 төгрөг бэлэн аваад 3000 төгрөгийг таксинд өгсөн байсан үлдэгдэл 262.000 төгрөг байсан...надад тэр залуу гэрийн хаяг гэх СХД-ийн ...-р хороо Толгойтын ... тоотод амьдардаг гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, шүүгдэгчээс хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хохирогчид бэлэн 262.000 төгрөг байсан эсэх, мөн мөнгөн гинж байсан эсэх нь тогтоогдохгүй гэж мэтгэлцэх боловч хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол мэдээлэл болон гэрч, хохирогчоор өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ болсон үйл явдлыг тодорхой, харилцан зөрүүгүй байдлаар эх сурвалжаа тодорхой заан мэдүүлсэн байх тул хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Сгийн алдагдасан гар утас, хөөрөгний даалин, мөнгөн гинжний үнэлгээг хийлгэсэн байх бөгөөд “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд 900.000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон, мөн хохирогчийн бэлнээр алдсан 262.000 төгрөг, нийт 1.162.000 төгрөгний хохирол учирсан нь тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч З.Оын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтээр хохирогчийг согтууруулах ундаа уугаад унтсан байдлыг далимдуулан эд зүйлийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсанаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.
Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч З.О нь хохирогчид “Самсунг Жи-4 плас” маркийн гар утас, хөөрөгний даалинг биет байдлаар хүлээлгэн өгсөн байна. /хх34-35/
Үлдэгдэл хохирол болох мөнгөн гинжний хохирол 350.000 төгрөг, мөн бэлнээр алдсан 262.000 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгч З.Оаас 612.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Сд олгуулж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч З.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 407 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 19 хоногийн ялыг нэмж нэгтгүүлэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн зүй бус /архидан согтуурсан/ үйлдэл нөлөөлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тэнсүүлэх дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгч З.Оын үйлдэлд Эрүүгийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан/ зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй, мөн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл хэрэглэн ял хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч З.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 407 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтүүлсэнээс 10 сар 19 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн нь хоригдлын ялын тооцоо бодсон тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх101/
Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох үндэслэлтэй байх тул нийт эдлэх ялыг 1 жил 10 сар 19 хоногийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон 34 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.От 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З.Оын Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 407 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 19 хоногийн ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 10 /арван/ сар 19 /аван ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Оын цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг түүний эдлэх ял оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Оаас 612.000 /зургаан зуун арван хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.Сд олгуулсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР