Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 0791

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогч Б.М

шүүгдэгч П.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Гт холбогдох эрүүгийн 2008 01837 0936 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 44 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо Тахилтын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Мандал-Овоогийн ... дугаар гудамжны ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт П.Г /РД:.../.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Мандал Овоогийн ... дугаар гудамжны ... тоот дахь өөрийн гэртээ эхнэр Б.Мтай “хүү Ог цохисон” гэх асуудлаас үүдэн маргалдаж усны саваар зүүн гар хэсэгт нь цохиж биед нь зүүн богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх3/, Б.Мын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх4/, хохирогч Б.Мын мэдүүлэг /хх15-16/, гэрч Н.Цгийн мэдүүлэг /хх26/, шинжээчийн 12625 дугаартай дүгнэлт /хх28-29/, шинжээч Г.Нийн мэдүүлэг /хх31/, П.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх40-41/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх63-64/, сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны хамтарсан багийн хуралдааны тэмдэглэл /хх74-75/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /х46, 47, 48, 51, 52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн байгууллагын асап сангийн лавлагаа /хх54, 55-60/ болон хохирогч, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч П.Гийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт ирүүлсэн “...манай эгчийн хамтран амьдрагч нь зодоод гарыг нь хугалсан байна...” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх3/,

2. Иргэн Б.Мын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан “...миний 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагийн үед гараа хугалуулсан, хэл амаар доромжлуулан амь насанд заналхийлж байгаа учир гомдолтой байна...” гэсэн өргөдөл, гомдол /хх4/,

3. Хохирогч Б.Мын “...Г гэх хүнтэй 2012 оны 4 дүгээр сард танилцаж хамт амьдарч эхэлсэн. Г бид хоёр дундаасаа Б, О гэсэн 2 хүүхэдтэй. 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байсан чинь ээж Ц над руу залгаад “танай нөхөр Г чинь хүү Ог цохиод байна” гэж хэлсэн. Орой 21 цагийн орчим гэртээ ирсэн. Г хоёр хүүхдийн хамт байсан. Нөхөртөө “яагаад хүүхдүүдээ цохиж зодоод байгаа юм” гэж хэлсэн чинь Г “би өөрийн хүүхдүүдээ цохиж зодох нь чамд хамаагүй, яаж хүмүүжүүлэхээ би өөрөө мэдэж байна” гээд чамайг бас цохино шүү гээд 10 литрийн хэмжээтэй саарал өнгийн хуванцар сав аваад миний нүүрэнд цохих гээд байхаар нь би зүүн гараа өргөсөн чинь шуу хэсэгт олон удаа цохиод байсан. Би гэрээс гараад ээж Цгийн гэрт орсон чинь миний зүүн гар өвдөөд байсан. Миний биед учирсан зүүн богтос ясны хугарал гэмтлийг Г хуванцар саваар 3-4 удаа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх15-16/,

4. Гэрч Н.Цгийн “...манай хүргэн манай хашаанд амьдардаг юм. Гэрийн гадаа хүүхэд уйлаад байхаар нь би гэрээсээ гарсан чинь хүргэн Г өөрийн хүү Ог цохисон байсан. Тэгэхээр нь би “чи яагаад хүүхдээ цохиж зодоод байгаа юм” гэж хэлээд Ог аваад гэр рүүгээ ороод охин М руу утсаар яриад “танай нөхөр чинь Ог цохиж зодсон байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх26/

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5254 дугаартай “...Б.Мын биед зүүн богтос ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх28-29/,

6. Шинжээч эмч Г.Нийн “...Б.Мын биед учирсан зүүн богтос ясны хугарал гэмтэл нь 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба мохоо зүйлийн хүний хүчнээс давсан үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх31/,

7. П.Гийн яллагдагчаар өгсөн “...М гаднаас орж ирээд “чи яагаад хүүхэд цохиж, зодоод байгаа юм бэ” гэхээр нь машины тосыг татаад асгачихаар нь нэг алгадсан гэж хэлсэн. Тэгээд М уурлаад загинаад чимээгүй болохгүй  байхаар нь би орны урд байсан саарал өнгийн 10 литрийн хуванцар савыг аваад зүүн гарын шуу хэсэг рүү цохисон...” гэсэн мэдүүлэг /хх40-41/.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч П.Г нь гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч П.Г, хохирогч Б.М нар нь 2012 оноос эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан, дундаасаа хоёр хүүхэдтэй бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Мандал Овоогийн ... дугаар гудамжны ... тоотод гэртээ “хүү Ог цохисон” гэдгээс болж маргалдан эхнэр Б.Мын зүүн гар хэсэгт нь хуванцар саваар цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь дараах байдлаар тогтоогдож байна.

Энэ нь хохирогчийн “...Нөхөртөө “яагаад хүүхдүүдээ цохиж зодоод байгаа юм” гэж хэлсэн чинь Г “би өөрийн хүүхдүүдээ цохиж зодох нь чамд хамаагүй, яаж хүмүүжүүлэхээ би өөрөө мэдэж байна” гээд чамайг бас цохино шүү гээд 10 литрийн хэмжээтэй саарал өнгийн хуванцар сав аваад миний нүүрэнд цохих гээд байхаар нь би зүүн гараа өргөсөн чинь шуу хэсэгт олон удаа цохиод байсан....” гэх мэдүүлэг, гэрч Н.Цгийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсанг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчид хор уршигийг хүсч учруулсан байх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...зүүн богтос ясны хугарал...” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5254 дугаар шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөн дүгнэлтэд гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл гэж тодорхойлсон буюу шүүгдэгчийн хүчний үйлчлэлээр хохирогчийн гар гэмтсэн гэж дүгнэлээ. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.

Иймд шүүгдэгч П.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Хохирогч нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хандан гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч П.Гийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч П.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч П.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч П.Гийн хувийн байдлын хувьд хохирогчтой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай,  дундаасаа хоёр хүүхэдтэй, хохирогч гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод нийцүүлэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь зөв байна.

Шүүгдэгч П.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Гт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Гт “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР