| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0782/Э |
| Дугаар | 0792 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 0792
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,
улсын яллагч Э.Намуун,
шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.От холбогдох эрүүгийн 2003 00000 0222 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Толгойтын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Б овогт Г.О /РД:.../
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.О нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 15 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянхошуунаас Хайлааст явах зам дээр “Тоёото Акуа” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөнийй дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч М.Ц /9 настай, эмэгтэй/-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх3-10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх15/, хууль ёсны төлөөлөгч Ж.Мын мэдүүлэг /хх19-20/, Г.Оийн яллагдагчаар мэдүүлэг /хх24/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6496 дугаартай дүгнэлт /хх28-30/, Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх38/, шүүгдэгч Б.Оийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх48/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх56, 54/, Хаан банкны дансны дипозит хуулга /хх70-78/ зэрэг холбогдох баримтуудыг шинжлэн судлуулав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Г.Оийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт хийсэн тэмдэглэл /хх3-10, 15/,
2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мын “...хашааны гадаа нэг эмэгтэй хүн манай охиныг аваад ирсэн байсан ба машинаараа манай охиныг шүргэсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх34-35/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 6496 дугаартай “...М.Цгийн биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх46-47/,
4. Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаартай мөрдөгчийн “...Тоёота акуа маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Г.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. Явган зорчигч М.Ц нь Замын хөдөлгөөний заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Явган зорчигчийн асран хамгаалагч М.Мягмар нь Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ, а/ 10 хүртлэх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэсэн магадлагаа /хх38/,
5. Г.Оийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Баянхошуунаас Хайлааст руу давдаг зам дээр давааруу өгсөөд явж байтал эсрэг урсгалд нэг машин гарцан дээр зогсож байсан, тэгээд би явганы гарцаар нэвтэртэл миний зүүн гар талаас 3 хүүхэд гарч ирээд нэг хүүхдийг нь мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх171-173/,
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.О нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд,
Шүүгдэгч Г.О нь 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 15 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянхошуунаас Хайлааст явах зам дээр “Тоёото Акуа” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооодон явахдаа явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч насанд хүрээгүй хохирогч М.Ц /9 настай/-г мөргөсөн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Ослын улмаас тухайн үед хохирогч “..М.Цгийн биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал....” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6496 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын шинж нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн зам тээврийн осол гарч хуульд заасан хохирол, хор уршиг бий болсон байхыг шаарддаг.
Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаартай мөрдөгчийн магадлагаанд “...Тоёота акуа маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Г.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй...” гэжээ.
Дээр дурдсанаар шүүгдэгч Г.О нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч М.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Г.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байх тул дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчин хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.
Шүүгдэгч нь хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР