Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 0797

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Я.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Я.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00706 0490 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 3 хүүхэд, дүүгийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дугаар багийн Дэлгэрэх ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч, одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Овоотын ... тоотод оршин суух, урьд

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 645 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, 2002 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 430 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2006 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 228 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор үлдэгдэл 02 жил 07 сар 08 хоногийг өршөөн хэлтрүүлж, 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр суллагдсан,

3. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 ны 8 дугаар сарын 27-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 534 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 3 сар, 19 хоногийг тэнсэн суллаж, 2008 оны 9 дүгээр  сарын 01-ний өдөр суллагдсан,

4. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 153.1, 145.4, 147.2, 181.2.1, 181.2.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

5. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор 100.000 төгрөгийн хөрөнгө хурааж, 11 жил 1 сар 25 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №276 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг дүйцүүлэн 03 жил 03 сар 26 хоногийн хорих ялаар тогтоосон,

6. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Ө овогт Я.Т /РД:.../.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Я.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Хонхорын ... тоотод оршин суух иргэн Н.Гын эзэмшлийн монгол гэрийн үүдний амбаарын хаалганы цоожны цүүг хөшиж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Самсунг фирмийн 32 инчийн зурагт 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 230.000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх6-9/, эд зүйл хурааж авсан, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх13/, хохирогч Н.Гын мэдүүлэг /хх18, 21/, гэрч Б.Ггийн мэдүүлэг /хх23/, гэрч П.Бгийн мэдүүлэг /хх25/, гэрч Н.Дийн мэдүүлэг /хх26/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ /хх38-39/, гэрч Л.Гийн мэдүүлэг /хх35/, ял шалгах хуудас /хх79/, Я.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх56/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалсан.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Я.Тыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх6-9/,

2. Эд зүйл хурааж авсан, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлд   “...Я.Таас самсунг маркийн 32 инчийн зурагтыг удирдлагын хамт хүлээн авч хохирогч Н.Гад хүлээлгэн өгсөн...” тухай тусгажээ. /хх13/,

3. Хохирогч Н.Гын “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Өндөр ширээт сум руу яваад 01 дүгээр сарын 27-ны орой 22 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн Төв аймгаас гэрлүүгээ явж байхад миний төрсөн ээж болох Б 19 цаг өнгөрч байхад залгаад “танай гэрийн хаалгыг эвдээд хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирсэн чинь хулгай орсон байсан. Гэртээ ирээд эд зүйлээ харахад гэрийн хойморт байсан самсунг маркийн 32 инчийн зурагт алга болсон байсан. Тэгээд бусад эд зүйлээ бүртгэхэд бүрэн байсан... манайхаас 32 инчийн самсунг маркийн шар хүрээтэй зурагт алдагдсан байсан. Уг зурагтыг манайх 2017 оны 8 дугаар сард 350.000 төгрөгөөр авч байсан. ...Манайхаас мах алдагдаагүй. Манай зурагтыг хүн гудамжинд авч яваад баригдсан байсан. Тэгээд зурагтаа тухайн үед хүлээн авсан. Зурагтны ажиллагаа хэвийн байсан. Манайхаас өөр алдагдсан эд зүйлс байхгүй тул надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй. ...хаалганы цүү далийлгаж хөшсөн байсан, цоож нь хэвийн ажиллаж байсан тул цүүг нь тэгшилчихсэн, тиймээс цоож цүүг нэхэмжлэхгүй. Би шүүх хуралд суухгүй...”  гэсэн мэдүүлэг /хх18, 21/,

4. Гэрч Б.Ггийн “...Манайхаас 32 инчийн самсунг маркийн шар хүрээтэй зурагт алдагдсан байсан. ...Түүнээс өөр эд зүйл алдагдаагүй. ...Манайхаас мах алдагдаагүй. ..мөн манай зурагтаа удаан хэрэглэж байсан учир марк, өнгө гээд бүх зүйлээр нь таньсан. Уг зурагт нь манай зурагт мөн.  Манай зүгээс  ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх23/,

5. Гэрч П.Бгийн “...Өнөөдөр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 07 цаг өнгөрч байхад гарсан юм. Орой 17 цаг өнгөрч байхад манай хүүгийн гэрийн таамбарын хаалга нь онгойчихсон байсан. Очоод хартал цоож нь эвдэрчихсэн цүүг нь хөшчихсөн байсан. Тэгээд би гэрт нь ороход гэрийнх нь хойморт байсан 32 инчийн зурагт нь байхгүй байхаар нь ...зурагт нь алга болсон байсан гэж хэлсэн. ...манайх хашаан дотроо 2 айлаараа амьдардаг юм...” гэсэн мэдүүлэг /хх25/

6. Гэрч Н.Дийн /Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт жижүүрийн цагдаа жолооч ажилтай/ “...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би ээлжинд ажиллаж жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд ... улсын дугаартай УАЗ 2206 маркийн автомашинаар үүрэг гүйцэтгэсэн юм. ...Ингээд жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан хүмүүс айл руу орж хэргийн газрын үзлэг хийж байхад нь би гадаа гудамжинд машиндаа сууж байтал 30 орчим насны эрэгтэй хүн зурагт тэвэрчихсэн сэжиг бүхий байдалтай явж байхаар нь тухайн хүнийг шалгаж ямар учиртай зурагт хаанаас авч яваа талаар асуухад уг хүн нь хэлэхдээ “энэ манай зурагт байгаа юм, ломбарданд тавих гэж байгаа юм” гэж хэлсэн. Ингээд уг хүнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирж шалган регистрийн дугаараар нь шалгахад ... гэх регистрийн дугаартай Ө овогт Я.Т гэх хүн байсан, өмнө нь хулгайн хэрэгт ял эдэлж байсан хүн байсан. Уг хүний авч явсан зурагт нь 32 инчийн самсунг маркийн зурагт байсан. Тэгтэл орой 19 цагт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Хонхорын ... дүгээр гудамжны ... тоотод хулгай орсон талаар дуудлага ирсэн ба дуудлагын дагуу очиход уг айлаас Самсунг маркийн 32 инчийн зурагт алдагдсан гэж байсан. Я.Т гэх хүний авч явсан зурагт нь уг айлаас алдагдсан зурагттай адилхан зурагт байсан. Тухайн Я.Т гэх хүн нь Хонхорын ... дугаар гудамжинд алхаад явж байсан ба түүнтэй ямар нэгэн хүн яваагүй, ганцаараа явж байсан ба зурагт тэвэрчихсэн байсан учир би очиж шалгахад сандарсан байдалтай байсан, биед нь болон гарт барьсан өөр зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх26/

7. “Мастер үнэлгээ” ХХК-ны хөрөнгийн үнэлгээгээр 32 инчийн самсунг маркийн зурагтыг 230.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх38-39/

8. Я.Тын яллагдагчаар өгсөн “...зурагтыг аваад гарч яваад л гудамжинд цагдаатай таарчихсан юм. Өөр эд зүйл авч явсан бол надад байж байх байсан, тухайн үедээ шууд баригдсан. Уг зурагт нь шар өнгийн хүрээтэй зурагт байсан...” гэсэн мэдүүлэг /хх56/.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Я.Т нь гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд  шүүгдэгч Я.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Хонхорын ... тоотод оршин суух хохирогч Н.Гын эзэмшлийн монгол гэрийн үүдний амбаарын хаалганы цоожны цүүг хөшиж орон Самсунг фирмийн 32 инчийн зурагт 1 ширхгийг авч гаран, гудамжинд явж байх үедээ цагдаагийн албан хаагчид саатуулагдсан баригдсан болох нь: 

хохирогч Н.Гын “... гэртээ ирсэн чинь хулгай орсон байсан. Гэртээ ирээд эд зүйлээ харахад гэрийн хойморт байсан самсунг маркийн 32 инчийн зурагт алга болсон байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ггийн “...Манайхаас 32 инчийн самсунг маркийн шар хүрээтэй зурагт алдагдсан байсан. ...Түүнээс өөр эд зүйл алдагдаагүй...” гэсэн мэдүүлэг, гэрч П.Бгийн “...Орой 17 цаг өнгөрч байхад манай хүүгийн гэрийн таамбарын хаалга нь онгойчихсон байсан. Очоод хартал цоож нь эвдэрчихсэн цүүг нь хөшчихсөн байсан. Тэгээд би гэрт нь ороход гэрийнх нь хойморт байсан 32 инчийн зурагт нь байхгүй...” гэсэн мэдүүлэг,

гэрч Н.Дийн /Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт жижүүрийн цагдаа жолооч ажилтай/ “...машиндаа сууж байтал 30 орчим насны эрэгтэй хүн зурагт тэвэрчихсэн сэжиг бүхий байдалтай явж байхаар нь тухайн хүнийг шалгаж ... гэх регистрийн дугаартай Ө овогт Я.Т гэх хүн байсан, ...Уг хүний авч явсан зурагт нь 32 инчийн самсунг маркийн зурагт байсан. Тэгтэл орой 19 цагт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Хонхорын ... дүгээр гудамжны ... тоотод хулгай орсон талаар дуудлага ирсэн ба дуудлагын дагуу очиход уг айлаас Самсунг маркийн 32 инчийн зурагт алдагдсан гэж байсан. Я.Т гэх хүний авч явсан зурагт нь уг айлаас алдагдсан зурагттай адилхан зурагт байсан...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Я.Тын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, мөрдөгчийн эд зүйл хурааж авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна. 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлангаар хохирогч Н.Гын гэрээс алдагдсан 32 инчийн самсунг маркийн зурагтыг 230.000 төгрөгөөр тусгагдсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дээрх үнэлгээгээр тогтоох нь зөв байна.  

Шүүгдэгч Я.Т нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдсан, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар хулгайлах гэмт хэргийн бүрдэл төгссөн, энэхүү гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Гын 32 инчийн самсунг маркийн зурагтыг шүүгдэгч Я.Таас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд: шүүгдэгчид Я.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан. 

Шүүгдэгч Я.Т нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна, хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.

Шүүгдэгч Я.Т нь хохирогчид эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Я.Т нь урьд нь 6 удаа ял шийтгэгдсэн, хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 326 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2019 оны 12 оны 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагджээ.

Шүүгдэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хорих ялын хэмжээг багасгаж оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хохирогчид эд зүйл буцаан олгогдсон нөхцөл байдал, улсын яллагчийн ялын саналыг харгалзан шүүгдэгч Я.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдав.

Мөн шүүгдэгчийн цагдан хоригдсон 23 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.Тыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Тын цагдан хоригдсон 23 /хорин гурав/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай. 

5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР