Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2018/0042/З |
Дугаар | 071 |
Огноо | 2018-11-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 071
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өлгий сумын 13 дугаар багийн оршин суугч Х.Т-йн нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөл, Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох;
“Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа Х.Т-д 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дэс түшмэлийн, ТЗ-5 зэрэглэлийн албан тушаалын зэрэг дэв олгуулах талаар аймгийн Засаг даргад санал гаргахыг Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд, зэрэг дэв олгох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад тус тус даалгах, Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс хойших хугацааны цалингийн зөрүү 2150000 төгрөгийг нөхөн олгохыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Т-, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т-, хариуцагч Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Х.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт 2007 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ерөнхий нягтлан бодогчоор, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байна. Улсад 34 жил, үүнээс тухайн байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа ТҮ-8-ын 5 дугаар шатлалаар үндсэн цалин 633221 төгрөг, ур чадварын нэмэгдэл 25 хувь 158305 төгрөг, төрийн сангийн гүйлгээг хавсран хийж гүйцэтгэсний 30 хувь 189966 төгрөг, бүгд 981493 төгрөгийн цалин авч байсан. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтад орж 68,9 оноо авч, Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн албаны даргаар томилогдохоор аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор нэр дэвшиж, Өлгий сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 108 тоот захирамжаар Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор томилогдсон. Тухайн жил нь сонгуулийн жил байсан ба зарим З.Д-ажлаас чөлөөлөгдсөн, заримд нь захирамж гаргах эрх байгаагүй, мөн би өөрөө шинээр ажилд томилогдсон байсан тул Төрийн албаны салбар зөвлөлд зэрэг дэв олгох талаар хүсэлт гаргах боломж гараагүй юм. Тэгээд сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүсэлт гаргаж, Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор томилогдсоны дараа урьд авч байсан цалинг бууруулахгүйгээр ажиллахаар Засаг даргын Тамгын газрын даргатай 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Засаг даргын Тамгын газрын даргатай 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнүүлэн 90,3 хувь буюу маш сайн гэсэн үнэлгээ авч, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 3/216 дугаартай албан тоотыг, мөн 2018 оны 01 дүгээр сарын 20-нд 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнүүлэн 93,3 хувь буюу маш сайн гэсэн үнэлгээ авч, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны 3/176 дугаартай албан тоотыг аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд зэрэг дэв тогтоолгохоор тус тус хүргүүлсэн болно. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс Засаг даргын Тамгын газрын дарга цалин тогтооход миний зэрэг дэвийн захирамж байхгүй гэсэн шалтгаанаар урьд авч байсан цалингаас 196063 төгрөг хасаж тогтоосон болно. Би Засаг даргын Тамгын газрын даргад захирамж гараагүй шалтгаан нь аймгийн Төрийн албаны салбар зөвлөл 2017 онд байгуулагдаагүйн улмаас болсон, миний бие ямар ч буруугүй, одоо 58 нас өнгөрч байгаа, 1-2 жилийн дараа тэтгэвэрт гарах нас болно, улсад 30 хэдэн жил ажиллаад цалинг нэмэгдүүлэх ёстой байтал хасагдаж байгаад маш их гомдолтой байгааг хэлж өргөдөл гаргаж, Засаг даргын Тамгын газрын дарга миний өргөдөлд “боломжгүй, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандана уу” гэж амаар хариу өгсөн. Дараа нь аймгийн Засаг даргад 4 дүгээр сард өргөдөл гаргасан ба 07 дугаар сарын 05-нд Засаг даргын орлогчийн гарын үсэгтэй албан тоотоор "УИХ-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолд цалин нэмэгдүүлэхгүй байх заалт байгаа тул боломжгүй" гэж хариу өгсөн. Мөн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга А.Серикболатад өөрийн биеэр очиж 2017,2018 онуудад хүргүүлсэн Засаг даргын Тамгын газрын даргын албан тоотыг үзүүлж , зэрэг дэвийг нэмэгдүүлэх захирамж гаргаж өгөхийг хүсэж, 04 дүгээр сарын 18-нд өргөдөл гаргасан. Хариуг авах гэж 3 удаа очсон. Сүүлд 08 дугаар сарын 10-нд очиход хариуцсан хүн амралттай байсан. Улсын Их Хурлын 29 дүгээр тогтоолоор ангилал, зэрэглэл ахиулахгүй байх талаар заасан болохоос Төрийн албаны тухай хуульд заасан зэрэг дэв олгох асуудлыг хориглоогүй, бусад аймгуудад олгож байгаа. Төрийн албаны хуулийн 28.2.2-т заасан төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн , докторын нэмэгдлээс бүрдэнэ гэсэн заалт, 14.1.3-д цалин хөлсийг нэмэгдүүлэх гэсэн заалтыг тус тус зөрчиж байна. Мөн Төрийн албаны хуулийн 38.2-т “төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчиж байна. Миний бие төрийн албанд ажилласан хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй ба аймгийн Төрийн аудитын газрын дүгнэлтээр байнга “зөрчилгүй” гэсэн дүгнэлт авч байсан ахмад санхүүчдийн нэг юм. Одоогийн ажиллаж байгаа албан тушаалын цалинг гүйцэд авч чадахгүй байгаа учраас нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Иймд Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа надад албан тушаалын зэрэг дэв олгох саналыг аймгийн Засаг даргад гаргахыг Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд, зэрэг дэв олгох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад даалгах, Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлээд цалингийн зөрүү 2150000 төгрөг нөхөн олгохыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч аймгийн З.Д-шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Монгол Улсын Их Хурлаас батлагдсан“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолын 5 дахь заалтад ”Төрийн албаны хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоосон тухай” шийдвэр гарсан юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.
Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Монгол Улсын Их Хурлаас батлагдсан “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолын 5 дахь заалтаар төрийн албаны хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож,энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг болгосон юм. Үүнээс үүдэн аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын зэрэглэлийн асуудлыг хэлэлцэх боломжгүй болсон. Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 3/176 дугаар албан тоотоор Төрийн албаны салбар зөвлөлд зэрэг дэв ахиулах тухай санал ирүүлсэн байгаа. Нэгэнт Улсын Их Хурлаас зэрэг дэв ахиулахгүй байх талаар шийдвэр гаргасан байхад тухайн журмыг зөрчиж ирүүлсэн саналыг Төрийн албаны салбар зөвлөл хүлээн авч хэлэлцэх боломжгүй байгаа. Өөрөөр хэлбэл, төсвийн шууд захирагч Улсын Их Хурлаас гарсан шийдвэрийг зөрчсөн асуудлыг Төрийн албаны салбар зөвлөлд уламжилж байгаа учраас энэ асуудлыг салбар зөвлөл шийдвэрлэх боломжгүй гэсэн байр суурьтай байгаа.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Хариуцагч Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өлгий сумын З.Д-2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.Т-йг Өлгий сумын Санхүүгийн албаны даргаар томилж, ТЗ-5 зэрэглэлээр цалинжуулахаар заасан байгаа. Одоо Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын дарга энэхүү захирамжийг мөрдөж байгаа, цалин болон удаан жилийн нэмэгдлийг олгож байгаа. Нэхэмжлэгч өөрөө төрийн захиргааны албан тушаалтан учраас ур чадварын нэмэгдэл олгох боломжгүй байна. Харин зэрэг дэвийн асуудлыг Төрийн албаны салбар зөвлөлийн төлөөлөгч сая тодорхой тайлбарласан байгаа. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжилсэн цалингийн зөрүүг нөхөж олгох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэгч Х.Т-йн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс тус шүүхэд анх “Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа Х.Т-д дэс түшмэлийн, ТЗ-5 зэрэглэлийн албан тушаалын зэрэг дэв олгуулах талаар аймгийн Засаг даргад санал гаргахыг Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд, зэрэг дэв олгох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад тус тус даалгах, Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс хойших хугацааны цалингийн зөрүү 1568504 төгрөгийг нөхөн олгохыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” гэсэн шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дэс түшмэлийн, ТЗ-5 зэрэглэлийн албан тушаалын зэрэг дэв олгуулах талаар аймгийн Засаг даргад санал гаргахыг Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд, зэрэг дэв олгох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад тус тус даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан, мөн цалингийн зөрүү 2150000 төгрөгийг нөхөн олгохыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болно.
Нэг. Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа Х.Т-д 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дэс түшмэлийн, ТЗ-5 зэрэглэлийн албан тушаалын зэрэг дэв олгуулах талаар аймгийн Засаг даргад санал гаргахыг Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд, зэрэг дэв олгох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч аймгийн З.Д-болон Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 5 дахь заалтаар төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч Х.Т-йн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаар захирамжаар[1] томилогдон ажиллаж буй Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал нь Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоол, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 441 дүгээр тогтоолд тус тус зааснаар төрийн захиргааны дэс түшмэлийн ангиллын, ТЗ-5 зэрэглэлд хамаарах албан тушаал юм.
Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээ”-ний дагуу нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс ТЗ-5 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хамт нийт 785430 төгрөгийн цалин хөлс авч байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] тогтоогдсон болно.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангана”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1,27.1.1-д төрийн албан хаагч “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах” баталгаагаар хангагдана гэж тус тус зохицуулсан, мөн 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс тус тус бүрдэж байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 1995 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 73 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”–ын 4 дэх хэсэгт тус тус зааснаар төрийн албанд нийт ажилласан жил буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан төрийн захиргааны албан хаагчид албан тушаалын зэрэг дэв олгохоор зохицуулсан. Зэрэг дэв олгох, энэ талаар санал гаргах асуудлын хувьд Төрийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”–ын 3 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 128 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 2.2.5-д тус тус зааснаар ахлах түшмэл,дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг олгох нь аймгийн Засаг даргын бүрэн эрхэд, эдгээр ангиллын албан тушаалын зэрэг дэвийг олгуулах талаар эрх бүхий этгээдэд санал гаргах нь салбар зөвлөлийн нийтлэг эрхэд хамаарч байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[3] Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргаас нэхэмжлэгч Х.Т-тэй байгуулсан 2016, 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хуульд заасан хугацаанд нь тус тус дүгнэж, “маш сайн” үнэлгээ өгсөн, улмаар зэрэг дэв олгуулахаар Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд санал хүргүүлсэн. Мөн нэхэмжлэгч Х.Т- нь 2007 оны 01 дүгээр сарын 02-оос Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт төрийн үйлчилгээний албан тушаалд, 2016 оны 05 дугаар сарын 20-оос төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаа буюу “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”–ын 6 дахь хэсэгт заасан дэс түшмэлийн ангиллын албан тушаалын зэрэг дэв олгоход харгалзах үндэслэл болох төрийн албанд нийт ажилласан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацааны шаардлагыг хангаж байгаа нь тус тус тогтоогдож байгаагаас гадна энэ талаар хариуцагч талаас маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Үүнээс гадна нэхэмжлэгчийн хувьд төрийн захиргааны дэс түшмэлийн ангиллын, ТЗ-5 зэрэглэлийн албан тушаалын цалингийн сүлжээний 5 дугаар шатлалаар үндсэн цалин авч байгаа ба албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулах талаар маргаагүй, зөвхөн зэрэг дэв олгохгүй байгаа асуудлаар маргасан. Харин Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 5 дахь заалтаар төрийн албан хаагчдын албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг үүрэг болгосон, өөрөөр хэлбэл тогтоолын уг заалт нь төрийн захиргааны албан хаагчид хуулиар олгосон баталгаа болох зэрэг дэв авах эрхийг хязгаарласан, энэ талаар шийдвэр гаргахыг хориглосон агуулгагүй байна гэж үзлээ.
Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.Т- нь сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа төрийн захиргааны албан хаагчийн хувьд зэрэг дэвийн нэмэгдэл авах эрхтэй буюу цалин хөлс авах баталгаагаар хангагдах бөгөөд энэхүү баталгааг төрөөс хангахаар зохицуулсан, мөн тэрээр зэрэг дэв авах нөхцөл, шаардлагыг хангасан байх тул түүнд дэс түшмэлийн ангиллын албан тушаалын зэрэг дэв олгох шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус бөгөөд төрийн захиргааны албан хаагч Х.Т-йн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа Х.Т-д 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дэс түшмэлийн, ТЗ-5 зэрэглэлийн албан тушаалын зэрэг дэв олгуулах талаар аймгийн Засаг даргад санал гаргахыг Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд, зэрэг дэв олгох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хоёр. Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс хойших хугацааны цалингийн зөрүү 2150000 төгрөгийг нөхөн олгохыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс энэхүү шаардлагын үндэслэлээ “Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдохдоо өмнөх авч байсан цалинг бууруулахгүй байхаар Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс зэрэг дэвийн захирамж байхгүй гэсэн шалтгаанаар урьд авч байсан цалингаас 196063 төгрөг хасаж тогтоосныг зөвшөөрөхгүй, зэрэг дэв авах эрхтэй бөгөөд захирамж гараагүй нь миний буруу биш” гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч Х.Т- нь 2007 оны 01 дүгээр сарын 02-оос 2016 оны 05 дугаар сарын 20-ыг хүртэлх хугацаанд Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын ерөнхий нягтлан бодогчоор ажилласан, уг албан тушаал нь Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээний ангиллын, ТҮ-8 зэрэглэлд хамаарах албан тушаал юм.
Нэхэмжлэгч ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа болон 2016 оны 05 дугаар сарын 20-нд Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор томилогдсоны дараа 2018 оны 01 дүгээр сарын 01-ийг хүртэлх хугацаанд ТҮ-8 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар үндсэн цалин 633221 төгрөг, ур чадварын нэмэгдэл 158305 төгрөг /25 хувь/, төрийн сангийн гүйлгээг хавсран хийж гүйцэтгэсний нэмэгдэл 189966 төгрөг /30 хувь/, нийт 981493 төгрөгийн цалин хөлс авч байсан. Харин 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргаас орон тоо, цалингийн санг баталсан тушаал гаргаснаар ТЗ-5 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар үндсэн цалин 628344 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 157086 төгрөг /25 хувь/, нийт 785430 төгрөгийн цалин хөлс авч байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тогтоогдож байна.
Дээр дурдсанчлан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.1.1-д тус тус зааснаар төрийн албан хаагч нь төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авахаар зохицуулсан ба нэхэмжлэгч Х.Т- нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсоноор энэхүү төрийн захиргааны албан тушаалын цалин хөлсийг авах баталгаагаар хангагдах юм.
Өөрөөр хэлбэл төрийн захиргааны албан тушаалд томилогдсоны дараа өмнөх төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байх үеийн цалин хөлсийг олгох эрх зүйн үндэслэл байхгүй, төрийн захиргааны албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т зааснаар албан тушаалын цалин, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл авах эрхтэй ба нэгэнт эрх бүхий этгээдээс зэрэг дэв олгосон шийдвэр гараагүй тул нэхэмжлэгчид Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ТЗ-5 зэрэглэлийн албан тушаалын цалин, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хамт 785403 төгрөгийн цалин хөлс олгохоор тогтоосон Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэр нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байх үеийн цалин хөлс болон одоо ажиллаж байгаа төрийн захиргааны албан тушаалын цалин хөлсний зөрүүг нөхөн олгох үндэслэлгүй тул Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс хойших хугацааны цалингийн зөрүү 2150000 төгрөгийг нөхөн олгохыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.1, 20 дугаар зүйлийн 20.2, 20.3, 27 дугаар зүйлийн 27.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа Х.Т-д 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн дэс түшмэлийн, ТЗ-5 зэрэглэлийн албан тушаалын зэрэг дэв олгуулах талаар аймгийн Засаг даргад санал гаргахыг Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлд, зэрэг дэв олгох шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад тус тус даалгаж, үлдсэн хэсэг болох Өлгий сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс хойших хугацааны цалингийн зөрүү 2150000 төгрөг нөхөн олгохыг Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ
[1]Хэргийн 7-р хуудас
[2]Хэргийн 1-3, 28-29, 95-97-р хуудас
[3]Хэргийн 7, 13-27,68,95-р хуудас
[4]Хэргийн 1-3, 28-29, 51-57, 68, 70-71, 91, 95-97-р хуудас