Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 501

 

Б.Эрдэнэдалайгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/05929 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай,

 

Төрөөс гэм хорын хохиролд 206 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Прокурор Х.Батчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Болормаа,

Прокурор Х.Батчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Н.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэдалай нь 2008 оны 12 дугаар сард Япон улсын “Оффес-Ито” компанийн төлөөлөгч, хохирогч гэх Н.Уранчимэгийн гомдлоор 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 2011 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 3 жил шалгагдсан. Хан-Уул дүүргийн шүүхийн 238 дугаартай цагаатгах тогтоол гарч, гэм буруугүй болохыг тогтоож, хэргийг цагаатгасан. Хохирогч давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 869 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 108 тоот тогтоолоор шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн.

Б.Эрдэнэдалай нь эрүүгийн хүнд гэмт хэрэгт 3 жил шалгагдаж, эрүүл мэнд, сэтгэл санааны болон эд хөрөнгийн маш их хохирол амссан. Иймд хэрэгт холбогдон шалгагдах хугацаанд өмгөөлөгчийн хөлсөнд 32 000 000 төгрөг төлсөн, сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг, олох ёстой байсан орлого 124 500 000 төгрөг, нийт 206 500 000 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Прокурор Х.Батчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 44 дүгээр бүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмыг зохицуулсан байдаг. Энэ хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэгт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавараа арилгуулах болон тэтгэвэр тэтгэмж авах, орон сууц эзэмших хийгээд бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт Иргэний хууль бусаар шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ гүйцэтгэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлэгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм буруугийн хэмжээг үл харгалзан төр хариуцан арилгахаар заасан.

Б.Эрдэнэдалайд холбогдох хэргийг 2 жил гаруй хугацаанд шалгасан. Удаа дараа хэрэгсэхгүй болгож, сэргээж байсан. 2009 оны 22 дугаар тогтоолоор хэргийг сэргээж, шүүхээр шийднэ гэсэн хариуг өгсөн. Тухайн хэргийг шалгах шатанд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль бус ажиллагаа огт байгаагүй бөгөөд Б.Эрдэнэдалайд “Гадагш явахгүй байх баталгаа”-ны таслан сэргийлэх арга хэмжээг нэг удаа авсан байдаг. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан төрөөс хохирол гаргуулах эрх үүсээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хууль зүйн сайдын багцаас 500 000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж Б.Эрдэнэдалайд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 205 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Батчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх хэргийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдсэн хэрэгт шүүхээс цагаатгах тогтоол гаргасан нь мөрдөн байцаагч, прокурорын буруутай үйл ажиллагааг тогтоосон гэж ойлгогдохоор дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Өөрөөр хэлбэл, хэргийг шалгаж мөрдөх үндэслэл байвал хэргийг шалгах үүрэг мөрдөн байцаагчид, гэм буруутай гэж үзэх үндэслэл байвал шүүгдэгчийн гэм бурууг шүүхээр шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлэх эрх, үүрэг прокурорт байдаг.

Шүүх шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох эрх, үүргээ биелүүлж Б.Эрдэнэдалайг гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэсэн. Энэ тохиолдолд мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн аль аль нь эрх, үүргээ хэрэгжүүлсэн. Гэтэл үүнийг мөрдөн байцаагч, прокурор буруутай ажиллагаа явуулсан гэж дүгнээд хохирол гаргуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Б.Эрдэнэдалайг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгахдаа 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа гаргуулснаас өөр таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаагүй. Энэ таслан сэргийлэх арга хэмжээг хууль бусаар авсан гэсэн ямар нэгэн шийдвэр, хүчингүй болгосон тогтоол байхгүй. Түүнчлэн дээр дурдсан хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргийг нь түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчилсэн зэрэг ямар ч ажиллагаа хийгдээгүй.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолын 4-т "Хуулийн 389 дүгээр зүйлийн 389 1 дэх хэсэгт заасан "хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана" гэдгийг тухайн албан тушаалтны хууль бус ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй байсан эсэхийг үл харгалзан шууд хохирлыг төр хариуцна гэж ойлгоно" гэж тайлбарласнаас үзэхэд мөрдөн байцаагчийн хийсэн ажиллагаа нь хууль бус байх ёстой бөгөөд тэр нь гэмт хэргийн шинжгүй ч байж болохоор байна. Харин заавал хууль бус ажиллагаа тогтоогдсон байх ёстой бөгөөд Б.Эрдэнэдалайд холбогдох эрүүгийн хэрэг ийм хууль бус ажиллагаа хийгдээгүй байна.

Б.Эрдэнэдалайг хууль бусаар яллагдагчаар татсан, хууль бусаар гадагш явахгүй гэсэн баталгаа гаргуулсан асуудал байхгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд Б.Эрдэнэдалай болон түүний өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаагч, прокурорын шийдвэрийг хууль зөрчсөн гэж нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй, хэргийн материалтай танилцахдаа гомдол, хүсэлтгүй гэжээ.

Хуульд заасан дээрх үндэслэлүүдээр аль ч тохиолдолд төрийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны /гэмт хэргийн шинжтэй болон гэмт хэргийн шинжгүй/ улмаас учирсан хохирлыг төр хариуцан гаргах ёстой байхад төрийн албан тушаалтны хууль бус ажиллагааг тогтоолгүйгээр хохирол нөхөн төлүүлэх эрхтэй дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, 389.2.2, 389.2.3 дахь заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх ба талуудын тайлбар, хэргийн баримтын хүрээнд шийдвэрийг зөвтгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай нь гэм хорын хохиролд төрөөс 206 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ эрүүгийн хүнд гэмт хэрэгт 3 жил шалгагдсаны эцэст Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар “Цагаатгах тогтоол”-оор /хх 6-8/ Б.Эрдэнэдалайд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 896 дугаар магадлал, /хх 9-10/ Улсын Дээд шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаар тогтоолоор /хх 11-12/ хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор үндэслэлгүйгээр эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсаны улмаас эрүүл мэнд, сэтгэл санааны болон эд хөрөнгийн хувьд хохирсон   хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүссэн гэж тайлбарласныг хэрэгт төрийг төлөөлөн оролцсон прокурор “иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас хохирол учирсан” байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсгийн хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл тухайн хэргийн хувьд бүрдээгүй гэж няцаажээ.

Б.Эрдэнэдалайд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “гадагш явж болохгүй тухай баталгаа” гаргуулснаас өөр таслан сэргийлэх болон албадлагын арга хэмжээ авч байгаагүйг нэхэмжлэгч үгүйсгээгүй ба хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуророос явуулсан ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон журмыг зөрчиж явуулсан болон хууль бус болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн ажиллагаа “хууль бус” байх нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан “хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл” болох тул  “хууль бус” гэж тогтоогдоогүй нөхцөлд нэхэмжлэгчид төрөөс гэм хорын хохирол шаардах эрх үүсэхгүй юм. Тодруулбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2 дахь хэсэгт заасан тохиолдолд нөхөн төлбөр шаардах үндэслэлийг мөн хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт “хууль бус” ажиллагаа байхаар тодорхойлжээ.

Иймд “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол шүүхээс гарсан тул хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын ажиллагааны улмаас хохирсон хохирлыг төрөөс нөхөн төлүүлнэ гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

Хэргийн нөхцөл байдал болон дээр дурдсан хуулийн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Эрдэнэдалайг эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байж, олох ёстой байсан орлогоо олж чадаагүй гэх үндэслэлгүйгээс гадна эрх бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу явуулсан эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон эрхээ эдэлж, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсныг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын ажиллагааны улмаас хохирсон гэж үзэх үндэслэлгүй тул олох ёстой орлого 124 500 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс  32 000 000 төгрөг нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

Түүнчлэн сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг нэхэмжилснийг дээрх үндэслэлээр хангах боломжгүй бөгөөд шүүх уг шаардлагыг 500 000 төгрөгийн хэмжээнд хангасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасанд нийцэхгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/05929 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.Эрдэнэдалайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ