| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2016/00152/И |
| Дугаар | 146/ШШ2017/00034 |
| Огноо | 2017-01-26 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 146/ШШ2017/00034
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 12 дугаар хороо, Хангайн 12-790е тоотод оршин суух, НТ80020811 дугаарын регистртэй, Малчин овгийн Гүндсамбуугийн Дашдамбын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум, 2 дугаар баг, “Батхаан” гэх газар оршин суух, ЙГ93100717 дугаарын регистртэй, Туухай овгийн Ганхуягийн Бямбадоржид холбогдох,
“Өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, хариуцагч Г.Бямбадорж, нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Дашдамба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Г.Дашдамба миний бие 2016 оны 01 дүгээр сарын 22-нд Ганхуяг овогтой Бямбадоржтой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажилласан болно. Уг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд Ганхуяг овогтой Бямбадоржийн холбогдсон иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй оролцсон. Уг хэрэгт нь хууль зүйн туслалцаа үзүүлж 2016 оны 02 дугаар сарын 19-нд шүүх хурал нь Өвөрхангай аймаг, Хархорин сум, Сум дундын шүүхэд болж Ганхуяг овогтой Бямбадоржид холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Миний хувьд өөрийнхөө үүргийг бүрэн биелүүлсэн болно. Шүүх хуралдаан болсноос хойш Ганхуяг овогтой Бямбадорж нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өдий хүрлээ. Иймд миний бие Ганхуяг овогтой Бямбадоржоос хууль зүйн туслалцааны төлбөр 2.000.000 төгрөг, алданги 1.000.000 нийт 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Г.Дашдамба өмгөөлөгч, Г.Бямбадоржтой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын иргэний шүүх хуралдаанд Г.Бямбадоржид холбогдох хэрэг хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн. Миний хувьд өөрийнхөө үүргийг бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа. Харин Г.Бямбадорж нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ биелүүлэхгүй өдий хүрсэн. Г.Бямбадоржоос хууль зүйн туслалцааны төлбөр 2.000.000 төгрөг, алданга 1.000.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ.
Хариуцагч Г.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр анх эрүү, иргэн гэсэн хоёр талын үүрэгтэй оролцуулахаар Г.Дашдамба өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр миний ээж эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцсон. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Шүүгдэгчээс нь ээжийн хохирлын мөнгө авсан байсныг иргэний хэрэгт нэхэмжилсэн. Иргэний хэрэгт хоёр талын үүрэгтэй оролцуулахаар тус бүрээс нь 1.000.000 төгрөг гаргуулна гэж анх байгуулсан. Г.Дашдамба өмгөөлөгч ганцхан иргэний хэрэг дээр гэрээ байгуулсан гэж худлаа ярьж байна. Энийг юугаар нотлох вэ гэвэл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар анхан болон давж заалдах шатанд өмгөөлөх үүрэгтэйгээр оролцоно гэж байгаа...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Дашдамба нь хариуцагч Г.Бямбадоржид холбогдуулан өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Г.Дашдамбын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Дашдамба нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнийхээ дагуу 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 51 дугаарт Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэн хариуцагч Г.Бямбадоржийн өмгөөлөгчөөр оролцон үүргээ биелүүлсэн байна.
Хариуцагч Г.Бямбадорж нь шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: Г.Дашдамба өмгөөлөгч нь Ч.Батгэрэлийн нэхэмжлэлтэй Г.Бямбадорж надад холбогдох “11.500.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэг болон 201515010050 дугаарт Ч.Батгэрэлд холбогдох эрүүгийн хэрэг хоёрт хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэж 2.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож 1.000.000 төгрөгийг урьдчилан төлсөн. Г.Дашдамба өмгөөлөгчийн хувьд зөвхөн иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцоод эрүүгийн хэргийг задална гэсэн боловч тэр хэрэг дээр ямар ч хууль зүйн туслалцаа үзүүлээгүй тул миний зүгээс үлдэх 1.000.000 төгрөгийг төлөх шаардлагагүй гэдэг.
Дүгнэвэл: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Дашдамба нь хариуцагч Г.Бямбадоржтой 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон байна. Энэхүү гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна. Хөлсөөр ажиллах гэрээнийхээ үүргийг биелүүлж 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 51 дугаарт Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн нь хөлсөөр ажиллах гэрээнийхээ үүргийг биелүүлсэн байна. Иймээс Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-т зааснаар нэхэмжлэгч тал нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу хөлсөө нэхэмжлэх эрхтэй байна гэж шүүх үзлээ.
Харин нэхэмжлэлээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 3.3-т зааснаар хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсоны дагуу алданги 1.000.000 төгрөг нэхэмжилсэн гэх боловч хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрдөггүй мөн уг гэрээнд алданги тооцох тухай хэсэгт засвартай нөхөн бичсэн байх боломжтой өөр өнгийн балаар бичвэр хэсэгт бичсэн байдал зэрэг нь эргэлзээтэй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно. Нэхэмжлэгч Г.Дашдамба нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан нь Хөлсөөр ажиллах гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тохирч байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэн хариуцагч Г.Бямбадоржоос хөлсөөр ажиллах гэрээний хөлсний үлдэгдэл 2.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Дашдамбад олгох нь зүйтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бямбадоржоос 2.000.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 46950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Дашдамбад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118, дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1- дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Бямбадоржоос өмгөөллийн хөлс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Дашдамбад олгож, нэхэмжлэлээс алданги 1.000.000 /нэг сая/ төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Бямбадоржоос 46950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА