| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0786/Э |
| Дугаар | 0809 |
| Огноо | 2020-07-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 0809
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,
Улсын яллагч Ж.Отгончимэг,
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 1908 01930 0949 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Ар булаг суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо Дунд дарь Эхийн гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, Хангайн хотхоны ... тоотод түр оршин суух, урьд
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,
Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 153 дугаар зүйлийн 153.1 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 1 жил 9 сар 08 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, 2020 оны 02 сарын 10-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Ж овогт Б.А /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр иргэн Ж.Баас жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож хуурч 410.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Ж.Бын мэдүүлэг /хх25-26, гэрч Ц.Жын мэдүүлэг /хх30/, гэрч Б.Эы мэдүүлэг /хх63/, Б.Агийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх58, 60-71, 86-101/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх81, 55, 82/ шинжлэн судласан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Б.Аг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Ж.Бын “...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр өмнө хамт ажилладаг байсан А гэх хүнтэй би тааралдсан. Тэр үед надад А ажил байна хийх үү гэхээр нь надад жолооны үнэмлэх байхгүй алга болгочихсон гэж хэлсэн. Тэгтэл А надад гаргуулах хүн байгаа би аргалаад өгье гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эхнэрийн ээмэг бөгжийг ломбарданд тавиад өөртөө байсан 60.000 төгрөгийг цуг нийтдээ 410.000 төгрөгийг түүнд бэлнээр өгсөн юм. Тэр үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр өгсөн. Тэгээд алга болчихоор нь хойноос нь холбогдоод дандаа эргээд ярья нэг бол гарчихсан гэх мэтээр төөрөгдөлд оруулж надад худлаа хэлдэг байсан. Түүнтэй уулзаад одоо мөнгөө гаргуулж авъя гэж хэлтэл одоо яваад аваад ирье харин наад гаргуулах машиныхаа бичиг баримтыг гаргуулах мөнгийг өгчих гэж хэлсэн. Би түүнд өгсөн 410.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх53/
2. Гэрч Ц.Жын “...Би Бын Б.А гэх хүнд мөнгө өгөхөөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо хуучин эцсийн автобусны буудал руу явахад хамт явж тус мөнгийг өгсөн. Тэр хүн мөнгө өгөхдөө машины бичиг баримтыг гаргуулна гэж мөнгө өгсөн. Сайн ломбарданд ээмэг, мөнгөн аяга зэрэг эд зүйлсээ тавьж мөнгийг бүрдүүлж өгсөн. Тэгээд тус Б.А гэх хүнд өгсөн. Танилцаад хэдхэн хоноод л манайхаас мөнгө авсан. Уг мөнгийг Агаас авч чадаагүй..” гэх мэдүүлэг /хх30/
3. Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Өнгөрсөн 2019 оны эхээр санагдаж байна би өмнө хамт ажилладаг байсан Ба гэх залуутай Саппорагийн тойрог дээр тааралдаад Ба надад хандаж ажил хайж байна гэж хэлсэн. Тэр үед би “...” нэртэй барилгын компанид жолоочийн ажилд орчихсон байсан болохоор чамайг ажилд оруулаад өгье чи торгуулаа төлчих гэж хэлсэн. Би тэр үед Бад 400.000 төгрөгийг өгчих би түүнд үнэмлэхийг гаргуулаад өгье гэж хэлсэн. Түүний дараа 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Баянхошууны хуучин эцсийн буудал дээр уулзаж надад бэлнээр нийт 410.000 төгрөгийг өгсөн. Би авсан мөнгөөрөө үнэмлэхийг нь гаргаж өгөөгүй, архи уугаад дуусгасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх42/
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбараар шүүгдэгч Б.А нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Баянхошууны хуучин эцсийн автобусны буудал дээр хохирогч Ж.Бад жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож хуурч 410.000 төгрөгийг авч өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогчийн “...А надад гаргуулах хүн байгаа би аргалаад өгье гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн эхнэрийн ээмэг бөгжийг ломбарданд тавиад өөртөө байсан 60.000 төгрөгийг цуг нийтдээ 410.000 төгрөгийг түүнд бэлнээр өгсөн юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Жын “...Би Бын Б.А гэх хүнд мөнгө өгөхөөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо хуучин эцсийн автобусны буудал руу явахад хамт явж тус мөнгийг өгсөн...” гэсэн мэдүүлгээр нотлогджээ.
Шүүгдэгч Б.А нь хохирогч Ж.Бын ажил хайж байгаа нөхцөл байдлыг нь далимдуулан, өөрөө жолоочны үнэмлэх гаргах эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд жолооны үнэмлэхийг гаргуулах санаа зорилгогүй анхнаасаа өөрийн хувийн мөнгөний хэрэгцээндээ зарцуулах зорилготой байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Энэ нь шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнд 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь зөв байна.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид 410.000 төгрөг буцаан өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Агийн хувийн байдал, гэм бугуугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР