Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 146/ШШ2017/00035

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Монгол Улсын иргэн, 1956 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Төв аймаг, Баянчандмань сум, 3 дугаар багт оршин суух, ЙК56102519 дугаарын регистртэй, Боржигон овгийн Гомбын Бумцэнд

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Бумцэнд шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

“...Г.Бумцэнд миний бие 1972 оны 01 дүгээр сарын 01-нээс Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар 1989 оныг дуустал ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч Г.Бумцэнд нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

“...Миний бие 1972 оны 01 дүгээр сарын 01-нээс Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд малчнаар 1989 оныг дуустал ажиллаж байснаа тогтоолгохоор хүсэлт гаргасан юм. 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1972 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажиллаж байсан жилээ тогтоолгохоос татгалзаж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Бумцэнд ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Г.Бумцэнд нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1972 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 1977 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №542 дугаартай архивын лавлагаа, гэрч Д.Нансалмаа, Ж.Батлут нарын мэдүүлэг, 1974 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан болох нь 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №02/186 дугаартай архивын лавлагаа, зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Боржигон овгийн Гомбын Бумцэндийг Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1972 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 1977 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Гомбын Бумцэндийг Өвөрхангай аймгийн Өлзийт сумын “Оч” нэгдэлд 1972 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 1977 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1974 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1977 оны 07 дугаар сарын 11-ны өдрийг хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Бумцэндийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ДАГИЙМАА