Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 146/ШШ2017/00036

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн-Овоо баг, Одын 8-01 тоотод оршин суух Хаах овогтой Гэлэгпэлжээгийн Дамдинсүрэнгийн /РД:ЙР57010870/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Дамдинсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Г.Дамдинсүрэн миний бие нь 1985 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс Хархорины хот хоорондын 34 дүгээр баазад 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл жолоочоор ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт энэ хугацаанд жолооочоор ажиллаж байсан хугацаануудын бичилт хийгдсэн боловч ажлаас халагдсан тушаал архиваас олдохгүй байна. Иймд дээрх хугацаанд хот хоорондын тээврийн 34 дүгээр автобаазад жолоочоор ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү.

Хүсэлт гаргагч Г.Дамдинсүрэн нь шүүхэд хүсэлтийн шаардлага тодруулахдаа: 

Хүсэлт гаргагч Г.Дамдинсүрэн миний бие 1973 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Сангийн аж ахуйд малчнаар, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хархорин Цахилгаан станцад машинистаар, 1981 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хархорин Цахилгаан станцад машинистаар, 1985 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хархорины хот хоорондын 34 дүгээр баазад жолоочоор тус тус ажиллаж байсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.Дамдинсүрэн нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Г.Дамдинсүрэн нь 1973 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Сангийн аж ахуйд малчнаар, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1981 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус Хархорин Цахилгаан станцад зуухны машинистаар, 1985 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хархорин дахь авто тээврийн 34 дүгээр баазад жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 719 дугаартай архивын лавлагааны хуулбар, Тээврийн яамны харъяа Өвөрхангай аймгийн Хархорин дахь авто тээврийн 34 дүгээр баазын даргын 1985 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн 47 дугаартай тушаалын хуулбар, Хархорины сангийн аж ахуйн даргын 1973 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 53 дугаартай тушаалын хуулбар, Хархорин цахилгаан станцын даргын 1981 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 79 дугаартай тушаалын хуулбар, Г.Дамдинсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Манал овогтой Чулуунбатын Лхагвасүрэн нь “...Би 1983 оны 07 дугаар сараас эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хот хоорондын 34 дүгээр баазад жолоочоор ажиллаж эхэлсэн. Г.Дамдинсүрэн 1973 оны 06 сараас илгээлтээр Хархорин сумын Сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байгаад 1975 оны 05 дугаар сар цэрэгт яваад 1978 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирсэн. 1985 оны 05 дугаар сараас эхлэн Өвөрхангай Хархорин дахь Хот хоорондын 34 дүгээр баазад жолоочоор 1994 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Тухайн үед бид хоёр цэрэгт хамт явж байсан. Нэг оны цэргүүд бид тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж, мөн Тайж овогтой Дэмбэрэлийн Цэвээндорж “...Би 1979 оны 08 дугаар сараас эхлэн Хархорины Дулааны цахилгаан станцад машинистаар ажиллаж эхэлсэн. Г.Дамдинсүрэн 1979 оны 11 дүгээр сард станцад машинистаар ажилд орж байсан. Тухайн үед бид хоёр нэг ээлжинд ажилдаг байсан. Г.Дамдинсүрэн нь 1984 оны 12 дугаар сард хүртэл ажиллаж байсан. Бид тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Г.Дамдинсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Мөн хүсэлт гаргагч Г.Дамдинсүрэн нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хаах овогтой Гэлэгпэлжээгийн Дамдинсүрэнг 1973 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Сангийн аж ахуйд малчнаар, 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1981 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус Хархорин Цахилгаан станцад зуухны машинистаар, 1985 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хархорин дахь авто тээврийн 34 дүгээр баазад жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Дамдинсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                                       Б.САРАНТУЯА