| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0783/Э |
| Дугаар | 0812 |
| Огноо | 2020-07-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 0812
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,
улсын яллагч А.Тунгалагтуяа,
шүүгдэгч М.У, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.У, Б.М нарт холбогдох эрүүгийн 1908 05852 0963 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо хангайн ... гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Б овогт М.У /РД:.../.
2. Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “...” ХХК-д туслах ажилтан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо хангайн ... гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Б овогт Б.М /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.М, М.Утэй нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 23 цагийн орчим О.Быг дуудан Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо “...” худалдааны төвийн хажуугийн гудамжинд аваачиж “хамт цэргийн алба хаасан Тг олж өг” гэж үл ялих зүйлээр шалтаглан хамар руу нь мөргөж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч О.Бы мэдүүлэг /хх26-27, 28-30/, гэрч Р.Тгийн мэдүүлэг /хх35/, гэрч Б.Бын мэдүүлэг /хх27/, гэрч В.Оын мэдүүлэг /хх39/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13302 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх45/, шинжээч эмч П.Чын дүгнэлт, шүүгдэгч М.У, Б.М нарын мэдүүлгийг газа дээр нь шалгасан тэмдэглэл, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаЗарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч М.У, Б.М нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч О.Бы “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэртээ унтах гэж байхад У, М хоёр над руу залгаж манай найз хоолойн бичлэг хийх гэж байгаа юм хэдэн ая гитар дээр тоглоод өгөөч гэж хэлсэн. Би уулзая гэж бодоод гэрээсээ гарсан. У, М хоёр приус-20 маркийн машинтай ирж намайг аваад 10 дугаар хороо руу явж харанхуй гудамжинд зогссон. У, М хоёр фэйсбүүк рүү ор “Тг хаана байгааг асуу” гээд миний хоёр талын шанаа руу цохиод байсан. М Тг олж өг гээд миний хамар луу хүчтэй мөргөж хамарнаас цус гаргасан. У нь миний баруун талд суучихаад миний нүүр болон толгой руу цохиод байсан. ...Б.М, Н.У нар надаас Тгийн утасны дугаар болон гэрийн хаягийг нь асуугаад байхаар нь би мэдэхгүй гэсэн чинь тэр хоёр уурлаад намайг зодсон. У, М хоёр надад учирсан гэмтлүүдийг учруулсан. У миний нүүр рүү 1-2 удаа цохисон. М намайг мөргөсөн. Би эмчилгээний зардал 620.000 төгрөг авсан. Би шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх26-27, 28-30/
2. Гэрч Р.Тгийн “...О.Б утсаар М.У, Б.М хоёр намайг зодчихлоо гэж ярьсан. Би хажууд нь бол байгаагүй. Бид 3 “... дугаар цэргийн ангид” алба хааж байсан юм. О.Б бид хоёр фэйсбүүкээр Мгийн найз охиныг муулсан юм. Яг юу гэж муулсанаа санахгүй байна. Б.М О.Бы чат руу оруулж байгаад та хоёр “манай найз охиныг яагаад муулж байгаа юм бэ” гээд зодсон гэсэн. М.У, Б.М хоёр намайг хайж байгааг Б надад хэлсэн. Найз охиноо мууллаа гэж намайг зодох гэж хайсан гэж ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх35/
3. Гэрч Б.Бын “...Тэгтэл тэр залуу нь удалгүй гарч ирээд машинд суусан чинь М, У нар нь хоёр талд суучихаад бид хоёрыг муулсан байна гээд ам зөрж маргалдаад байсан. Тэгтэл У тэр танихгүй залуугийн нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон харин М тэр залуугийн хамар хэсэг рүү нь толгойгоороо мөргөчихсөн. Тэр залуугийн хамарнаас цус гарчихаар нь би тэр таксины жолоочийг хөдлөөрэй эндээс холдье гэж холдуулж гудамж руу орж зогсоод тэр залууд нойлын цаас өгсөн. М машинаас буугаад гар дээр нь ус хийж өгөөд цусыг нь арилгаад буцаагаад гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд М, У бид гурав нөгөө таксигаараа 21 дүгээр хороолол хүргүүлж гэр гэр рүүгээ харьцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх27/
4. Гэрч В.Оын “...Тухайн хэрэг гарсан өдрийг санахгүй байна. Ямар ч байсан оройн 23 цагийн үед манай хүү О.Б нь У, М нар ирээд хоолойны бичлэгт орно гэсэн юм би уулзчихаад ирье гээд гэрээс гараад явсан. Тухайн үед гэрээс гарч явахдаа О.Б ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. О.Б ирэхгүй удаад байхаар нь би утас руу нь залгасан чинь манай хүү Б утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би хашааны үүдэнд гараад О.Быг хүлээгээд зогсож байтал О.Б мөнгөлөг өнгийн приус -20 маркийн машинаас ганцаараа бууж ирэхээр нь би аваад гэрлүүгээ орсон. Тэгээд гэрлүүгээ ороод гэрэлд харсан чинь нүүр хэсэг нь хавдчихсан байдалтай байхаар нь би юу болсон юм бэ? гэсэн чинь манай хүү О.Б нь М.У Б.М нь нар нь зодсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би М рүү яриад яагаад хүүхэд зодож байгаа юм бэ? цагдаад өгнөө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх39/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13302 дугаартай “...О.Бы биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх45/
6. Шинжээч эмч П.Чын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “...О.Бы биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу гэмтлүүд нь 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг, харин хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана. Харин тархи доргилт нь аль ч үед үүсэх боломжтой ба гэмтлийн хөнгөн зэрэгт дангаараа хамаарна. ...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлүүд нь хамар хэсэгт нэг удаа мохоо зүйлээр цохих болон хамар нүд орчим тус тусдаа мохоо зүйлээр цохих цохигдох мөргөлдөх үед үүснэ. Нүүр рүү цохих үед уг хоёр нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь 2 нүд нь хэсэг болон нүд орчимд цохих үед үүсч болно...” гэсэн мэдүүлэг /хх49-50, 139-141/,
7. М.У, Б.М нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх135/,
8. Б.Мгийн яллагдагчаар өгсөн “...Шинжээчийн дүгнэлтэнд дурьдагдсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд үүссэн гэмтлийг би дух хэсгээрээ мөргөж үүсгэсэн. Хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлүүдийг У үүсгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх120-123/,
9. М.Уийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтлийг би үүсгэсэн. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд үүссэн гэмтлийг Б.М дух хэсгээрээ мөргөж үүсгэсэн. Таксины жолооч, Баттулга нар зодоонд оролцоогүй. Б намайг цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх129-132/
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.М, М.У нар нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 23 цагийн орчим хохирогч О.Быг дуудан Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо “...” худалдааны төвийн хажуугийн гудамжинд аваачиж “хамт цэргийн алба хаасан Тг олж өг" гэж үл ялих зүйлээр шалтаглан шүүгдэгч Б.М нь хохирогч О.Бы “хамар луу нь мөргөж”, шүүгдэгч М.У нь хохирогч О.Бы толгой, нүүрэн тус газар нь гараараа цохиж бүлэглэн зодсон нь дээр дурдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч П.Чын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М, М.У нарын гэм буруугийн санаатай, хохирол хор уршигчийг хүсч үйлдсэн үйлдлийн улмаас хохирогч О.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 13302 дугаартай “...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт, шинжээч эмч П.Чын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.М, М.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдалтай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.М, М.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.
Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлөгдсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд, 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч Б.М, М.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.У, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдалтай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У, Б.М нарт 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У, Б.М нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР