Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 0813

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ад холбогдох эрүүгийн 2008 01324 0511 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 5 дугаар срын 19-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, эмэгтэй, 25 настай, дээд боловсролтой, цахилгаан техникч мэргэлжилтэй, “...” ХХК-д худалдагч ажилтай, ам бүл 4, эх, нөхөр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо Алтай ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй,  Баянзүрх дүүргийн ... дугаар хороо Их Монгол хорооллын ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй.

С овогт А.А /РД:.../.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/       

Шүүгдэгч А.А нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр, зээлийн ... дугаар гудамжинд “машинд суусангүй” гэсэн шалтгааны улмаас иргэн Г.Мыг /найз/ гараараа болон хөлөөрөө зодож, цохиж эрүүл мэндэд нь “2 нүдний зовхи, баруун зүүн хацар, хамрын нуруунд цус хуралт,  хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Г.Мын мэдүүлэг /хх8, 9-11/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3122 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх23-24/, шинжээч эмч Ө.Сийн мэдүүлэг /хх29-30/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх62-68/, А.Аын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх69-72/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх58-59/, шүүгдэгч А.Аыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх74/, иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх84, 86/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх81/, “...” ХХК-д худалдагч ажилтай талаарх тодорхойлолт, “Хаан банк”-ны дипозит дансны хуулга /хх89, 91-92/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч А.Аыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Г.Мын “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...манай аав удалгүй над руу залгаад “би баруун салааны клонк дээр ирсэн байж байна” гэхээр нь би Аын гэрээс гарах гэсэн чинь хамт байсан хүмүүс “чи явж яах гээд байгаан харанхуй болсон байна” гээд байсан. Тэгэхээр нь тухайн айлд цүнхээ үлдээгээд нууцаар гараад явсан араас А болон Б нар миний хойноос машинтай гудамжинд хүрч ирээд А намайг машиндаа суулгах гээд байсан. Тэгэхээр нь би “үгүй суухгүй” гэсэн чинь А намайг чирээд суулгах гээд байсан. Тэгэхээр нь суухгүй гэсэн чинь А намайг алгадаад би хойшоо газарт унасан. Тэгтэл А миний дээрээс гараа атгаж байгаад нүүрэнд 2 удаа цохисон. Тэгтэл машинаасаа Б бууж ирээд Аыг болиулсан. ... А машинаасаа бууж ирээд миний нүүрэнд хөлөөрөө 1 удаа өшиглөсөн чинь миний хамарнаас цус гарсан. Тэгээд би зам руу гарсан гүйж очоод цагдаад дуудлага өгсөн. ...намайг А Б нар тухайн айлаас согтуу явж яах гээд байгаан гээд бид нар хоорондоо маргалдсан байх. ...миний биед учирсан 2 нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүдийг А миний нүүрэнд гараа атгаж байгаад хоёр удаа цохиж, мөн миний нүүрэнд 1 удаа хөлөөрөө өшиглөж учруулсан. ...энэ хэрэг болсон газар нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо  Баруун салааны уулын энгэр орчим 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн орчим болсон. ... надад одоо ямар нэг гомдол санал байхгүй. ...Би эмчилгээний зардалд болгож Ааас 400.000 төгрөг бэлнээр авсан...” гэсэн мэдүүлэг /хх8, 9-11/

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3122 дугаартай “...Г.Мын биед 2 нүдний зовхи, баруун зүүн хацар, хамрын нуруунд цус хуралт,  хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун тохой, зүүн тохойд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх шинэ гэмтлүүд байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх23-24/,

3. Шинжээч эмч Ө.Сийн “...Г.Мын биед учирсан гэмтлүүд нь нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл юм. ...хүний нүүрэнд гутлаар нэг удаа өшиглөх үед 2 нүдний доод зовхи, баруун зүүн хацар, хамрын нуруунд цус хуралт зулгаралт хамрын нурууны зөөлөн эдийн няцрал зүүн нүдний дээд зовхинд цус хуралт зэрэг Г.Мын нүүрэнд учирсан гэмтлүүд нь үүсэх боломжтой. Харин бусад гэмтлүүд унахаас үүсэх боломжтой. Баруун зүүн тохойд үүссэн гэмтлээс бусад нь тус тус гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Мын баруун зүүн хацранд туссан гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх29-30/,

4. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ...зээлийн ... дугаар гудамж байх ба гудамжны үзүүрт явган хүний зам дээр зодолдож үснээс зулгаасан гэх газрыг 2 гэсэн дугаар тавьж гэрэл зураг авсан...” /хх62-68/,

5. А.Аын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх69-72/,

6. А.Аын яллагдагчаар өгсөн “...Г.Маагийн биед учирсан гэмтлүүдийг би Мгийн нүүрэнд  гараараа цохиж өшиглөж учруулсан. ...Манай нөхөр Б намайг салгаад машин дотор суулгасан. ...Би Маагийн эмчилгээний зардалд 400.000 төгрөг бэлнээр өгсөн. Би өөрийн бурууг бүрэн ухамсарлаж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөн үү...” гэсэн мэдүүлэг /хх58-59/.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр, зээлийн ... дугаар гудамжинд “машинд суусангүй” гэсэн шалтгааны улмаас хохирогч Г.Мыг /найз/ гараараа болон хөлөөрөө цохиж, гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн “...А намайг алгадаад би хойшоо газарт унасан. Тэгтэл А миний дээрээс гараа атгаж байгаад нүүрэнд 2 удаа цохисон. ...А машинаасаа бууж ирээд миний нүүрэнд хөлөөрөө 1 удаа өшиглөсөн чинь миний хамарнаас цус гарсан....” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  А.Аын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсанг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч А.Аын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Г.Мын биед “...2 нүдний зовхи, баруун зүүн хацар, хамрын нуруунд цус хуралт,  хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун тохой, зүүн тохойд цус хуралт зулгаралт...” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3122 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Хохирогч Г.М нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 400.000 төгрөг авсан болох нь хохирогч, шүүгдэгч хэн алины мэдүүлэгт дурдагдсан. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Аыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч А.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн, тэрээр  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, дээр дурьдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР