| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0796/Э |
| Дугаар | 0817 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 0817
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Од холбогдох эрүүгийн 2008 00000 1081 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Бутан суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Дорноговь аймгийн ... сумын ... дүгээр баг ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дугаар гудамжны ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,
П овогт Ц.О /РД:.../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо “...” худалдааны төвийн автомашины зогсоол дээр иргэн Ц.Птэй машин хааж машин тавилаа гэх асуудлаас болж маргалдан Ц.Пийг машин дотороо сууж байхад нь нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Яллах дүгнэлтийн хавсралтанд дурьдсан нотлох баримт болон шүүгдэгч Ц.Оы хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Ц.Оыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагаанд хуудаст “...дугаарын утаснаас зодоон болоод байна гэх дуудлага ирснийг шалгахад иргэн Пийг О зодсон гэснээр дуулгат 10-т хүлээлгэн өглөө...” гэсэн хуудас /хх2/
2. Хохирогч Ц.Пийн “...хадам дүү Д нь саа өвчтэй бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед ... байдаг гэрт нь дүүгээ хүргэж өгөхөөр явж байтал эм өгөх цаг нь болчихсон. Тэгэхээр нь ... худалдааны төвийн зогсоол руу орох үед сул зогсоол байхгүй байхаар нь өөрсдөө байгаа юм чинь гэж бодоод машин хаагаад зогссон юм. Тэгээд дэлгүүрээс ус аваад эмийг нь уулгах гэтэл урд машины жолооч сигналдаад “гармаар байна” гэхээр нь “энд өвчтэй хүнд эмийг уулгачихаад хөдөллөө” гэхэд “хөгшин банди” гэхээр нь “чи юу гээд байгаа юм” гээд маргалдаж эхэлсэн. Нөгөө залуу миний машины хажууд ирээд намайг “гөлөг” гээд хараагаад буцаад явахаар нь “би гөлөг бол чиний ээж жингэр биз дээ” гэж хэлээд машиндаа суугаад хөдлөх гэхэд нөгөө залуу хүрч ирээд машины машины онгорхой цонхоор гараа оруулаад миний уруу луу цохисон. Миний биед учирсан гэмтлийг жолооч залуу буюу О гэх залуу гараараа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх12-13/
3. Гэрч Ц.Оийн “...нөхөр Пийн хамт өөрийн төрсөн дүү Оийг ... хүргэж өгөхөөр явж байсан. ...Тэгтэл “гармаар байна” гээд байхаар нь би “эгчийн дүү түр хүлээж бай, эгч нь дүүдээ эмийг өгчихөөд хөдөллөө” гэж хэлсэн чинь манай нөхөр Птэй маргалдаад нөхрийг маань хэл амаар доромжлоод бие биенийгээ гичий нохой гээд хэрэлдээд эхэлсэн. Пийг гөлөг гэхэд П “би гөлөг бол чиний ээж жингэр болж таарна” гэж хэлтэл тэр залуу хүрч ирээд шууд ам хэсэг рүү нь цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх26-27/
4. Гэрч Г.Хын “...нөхөр Оы хамт ...машиндаа суугаад хөдлөх гэтэл ард мөн приус 20 машин автомашин хаагаад зогсож байхаар нь О сигнал дарахад нөгөө машинаас нэг ах бууж ирээд “ямар сүртэй юм бэ, хойно бие муутай хүнд эм өгөх гээд байна” гэж хэлсэн. ...О уурлаад нөгөө ахыг машиндаа сууж байхад нь цонхоор гараа оруулаад нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх30-31/
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 7153 дугаартай “...Ц.Пийн биед дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 2-р шүдний сулрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх36-37/
6. Ц.Оы яллагдагчаар өгсөн “...миний уур хүрээд буцаж машины жолооч дээр очиж, баруун гараараа нэг удаа ам хэсэг рүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх63/.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо “...” худалдааны төвийн автомашины зогсоол дээр хохирогч Ц.Птэй “машин хааж машин тавилаа” гэх асуудлаас болж маргалдан түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохьсон нь дээр дурдсан хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Ц.Пийн эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, зүүн дээд үүдэн 2-р шүдний сулрал, зүүн шуунд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 7153 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийнн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Од 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР