Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 0818

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бт холбогдох эрүүгийн 1908 0416 107559 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, гагнуурчин, мужаан мэргэжилтэй, “...” худалдааны төвийн гадна талбайн зохицуулагч ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Орбитын ... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

О овогт А.Б /РД:.../.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Орбитын ... дугаар гудамжны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Отэй “архи уулаа” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний гар тус газар нь төмрөөр цохиж зодон бие махбодид нь “...баруун богтос ясны бороолж буй хугарал...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцал байдалтайгаар хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Аюулын зэргийн үнэлгээ, хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /х115-123/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх105/, хохирогч Б.Оий гэмтэл согог судлалын үндэсний төвийн рентген зурагт үзлэг хийсэн тэмдэглэл /хх36-37/, хохирогч Б.Оий мэдүүлэг /хх25-26/, гэрч Б.Чын мэдүүлэг /хх45/, гэрч Б.Сийн мэдүүлэг /хх51/, гэрч Ч.Дгийн мэдүүлэг /хх53/, гэрч Р.Хийн мэдүүлэг /хх55-56/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9200 дугаар шинжээчийн дүгнэлт /хх58/, шинжээч эмч Ц.Гын мэдүүлэг /хх64-65, 66-67/, шүүгдэгч А.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх75-77/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх83/, ажлын газрын тодорхойлолт /хх90-91/ болон хохирогч, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч А.Быг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.Оий “...2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Орбитын ... тоот гэрийнхээ гадаа хувцсаа угаагаад байж байтал хамтран амьдрагч Б “пизда минь” гэж орилоод миний баруун гарын шуу хэсэг рүү төмрөөр цохисон нэг удаа би "яав юу болов” гээд гайхаад асуутал чи архи уучихсан байна гэж уурлаад цохисон. Би хувцас угааж байхдаа нийтийн байрныхаа хажуу айлд орчихоод гарч ирэхэд архи уучихсан байна гээд архи уугаагүй байхад хардаж уурлаад намайг цохисон. Тухайн үедээ надаас уучлалт гуйгаад бид 2 эвлэрсэн. Тэгээл би маргааш нь буюу 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Хархорин захын хажууд цайны газарт ажилд орсон бөгөөд миний баруун гар байнга өвддөг болоод би тухайн ажилд 14 хоног ажиллаад ажлаасаа гарсан. ...Би 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн дүү Чын хамт ГССҮТ-т очиж эмчилгээ хийлгүүлсэн. Тухайн үедээ дүүдээ Б цохиж гэмтээсэн гэж хэлсэн. Мөн хажуу айлын Дуламсүрэн мэднэ...” гэсэн мэдүүлэг /хх25/

2. Гэрч Б.Чын “...2019 оны 6 дугаар сард /өдрийг нь сайн санахгүй байна/ эгч над руу залгаад “Миний гар өвдөөд байна гэж хэлэхээр нь би уулзтал гар нь хавдчихсан өөрөө гараа дутуу сойчихсон ногоорсон өнгөтэй болчихсон байсан. Тэгэхээр нь би хүндэрсэн байна гэж хэлээд дагуулаад ГССҮТ-д очиж үзүүлсэн. Үзүүлэхэд тухайн өдөр үзсэн эмч нь их удсан байна, идээ бээр татсан байна, чиг барьж боолго гээд эмчилгээ хийлгүүлээд гараа гипсдүүлсэн. Гэмтэлд үзүүлээд Оэс юу болсон талаар асуухад “Э.Б бид хоёр маргалдаад намайг төмрөөр цохисон” гэж хэлсэн. Яг ямар шалтгааны улмаас маргалдсаныг би мэдэхгүй байна. Тэр өдрөөс хойш хамт амьдарч байгаад О удалгүй аав ээж дээрээ нүүгээд ирсэн, Би сүүлд Бтай уулзаад “Чи гарыг нь хугалчхаад асуучхаж болно доо, яаж санаа чинь зовдоггүй юм” гэж хэлэхэд “Надад асуух шалтгаан байхгүй, ингэхдээ таарсан хүмүүс” гэж хэлээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх45/

3. Гэрч Б.Сийн “...Б.О тухайн өдөр баруун гараа бариад ирж байсан. Хохирогч Б.О хэлэхдээ 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нөхөртөө зодуулж байсан гэж хэлсэн. Би шалгаад шүүх эмнэлэгт үзүүлээрэй гэж явуулсан. Тэр үед ГССҮТ-д үзүүлсэн. Гэмтлййн эмнэлэгт баруун гар нь хугарсан байна гэж хэлээд рентген зурагтай ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх51/

4. Гэрч Ч.Дгийн “...2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр болсон асуудлыг би хараагүй. Маргааш нь буюу 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Б.О над руу утсаар залгаад “Миний гар өвдөөд байна нөхөр А.Б гар руу төмрөөр цохисон гэж утсаар залгаж хэлж байсан... Сүүлд нэг уулзахад гараа сойчихсон гипсдүүлчихсэн байсан...” гэсэн  мэдүүлэг /хх53/

5. Гэрч Р.Хийн “...би дахиад яасныг нь лавлаж асуухад “Манай нөхөр хугалчихсан юм аа" гэж хэлсэн. Сүүлдээ аяга тавгаа ч угааж чадахгүй дийлэхээ байгаад ажлаасаа гарсан...” гэсэн мэдүүлэг /хх55-56/

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9200 дугаартай “...Б.Од баруун богтос ясны бороолж буй хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, нэг удаагийн цохих үед үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх58/

7. Шинжээч эмч Ц.Гын “...Хохирогч Б.Од учирсан гэмтэл нь баруун богтос ясны бороолж буй хугарал нь хуучин гэмтэл байна. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь хуучин гэмтэл ба хохирогчийн зааж байгаа хугацаанд үүсэх боломжтой. Уг гэмтэл нь төмрөөр нэг удаа цохиход үүсгэгдэх боломжтой. Хуучин гэмтэл гэж хаван хавдар нь байхгүй рентген зураг дээр бороолсон байсан гэмтлийн хуучин гэмтэлд тооцож болно. ...тухайн гэмтлийг авснаас хойш үзүүлэх хугацаанд гарын богтос ясны хугаралтай явах боломжтой. 2 зэрэгцээ ясны нэг яс нь хугарсан гэмтэл байна. Нэг яс нь хугарахад нөгөө гэмтэл нь чиг болоод хэлбэр нь алдагдахгүй үйл хөдөлгөөн  хийх боломжтой. Бороолж буй гэмтэл нь 25-аас дээш хоног өнгөрсөн байна...” гэсэн мэдүүлэг /хх64-65, 66-67/,

Гэм буруугийн дүгнэлт:

Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч А.Б, хохирогч Б.О нар нь 2013 оноос эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарсан, дундаасаа нэг хүүхэдтэй бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Орбитын ... дугаар гудамжны ... тоотод хамтран амьдрагч Б.Оийг “архи уулаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний гаран тус газар нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь дараах байдлаар тогтоогдож байна.

Энэ нь хохирогчийн “...хамтран амьдрагч Б “пизда минь” гэж орилоод миний баруун гарын шуу хэсэг рүү төмрөөр цохисон нэг удаа....” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ч, Ч.Д, Б.С, Р.Х нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсанг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн А.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчид хор уршигийг хүсч учруулсан байх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд  “...баруун богтос ясны бороолж буй хугарал...” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 9200 дугаар шинжээч эмчийн дүгнэлт, шинжээч эмч Ц.Гын мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.

Иймд шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд 500.000 хүлээн авсан. Цаашид шүүгдэгчээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдэгээ бичгээр илэрхийлэн баталгаа гаргажээ.

Иймд шүүгдэгч А.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч А.Б нь хөдөлмөр эрхэлж байгаа, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсүүлэх дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч А.Бын хувийн байдлын хувьд хохирогчтой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай,  дундаасаа нэг хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод нийцүүлэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь зөв байна.

Шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгчид анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Бт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Бт “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР