Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0060

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

 

 

 

 

 

 

“С М” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Нэхэмжлэгч: “С М” ХХК

Хариуцагч: ЭХЗХ,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “С М” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох, ЭХЗХ/202101004 дугаартай тендерт “С М” ХХК-иас ирүүлсэн саналыг  хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 810 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/ШШ2021/0356/З

                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С М” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “С М” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох, ЭХЗХ/202101004 дугаартай тендерт “С М” ХХК-иас ирүүлсэн саналыг  хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 810 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.1.2 дахь заалт, 27.3, 27.4 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С М” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “С М” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хангаж, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот шийдвэр хууль бус байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох ЭХЗХ/202101004 дугаартай тендерт “С М” ХХК-иас ирүүлсэн саналыг  хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргуулан нэхэмжлэгчид олгож,

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 дугаар албан бичгээр ‘‘С М” ХХК-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.3, 28.7.4-т заасны дагуу “А Т З” ХХК-иас ирүүлсэн санал “хамгийн сайн” үнэлэгдсэн бөгөөд танай байгууллагын ирүүлсэн -тендерийн материал нь шаардлагад нийцсэн боловч “хамгийн бага харьцуулах /үнэтэй тендер” гэж үнэлэгдээгүй болно” гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн.

3.2. “С М” ХХК нь Эрчим хүчний зохицуулах хороо болон Сангийн яаманд нэгэн зэрэг буюу 2021 оны 04 сарын 01-ний өдөр 01/055, 01/056 дугаартай гомдол гаргасан. ЭХЗХ нь “Санкомартетинг Монголиа” ХХК-иас ирүүлсэн гомдлыг хүлээж авсан даруйдаа Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалын хавсралт “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3-т цахим тендер шалгаруулалттай холбоотой гомдлын агуулгыг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.тn/-ээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу бусад тендерт оролцогчдод мэдэгдэх гэсэн боловч нэхэмжлэгчээс Сангийн яаманд гомдол ирсэн тухай бүртгэл бүртгэгдсэн байсан. Иймд дээрх журмын 4 дүгээр зүйлийн 4.6-д “Тендер шалгаруулалттай холбогдуулан гомдол гарсныг Сангийн яам захиалагчид утсаар болон бичгээр мэдэгдэх бөгөөд захиалагч нь мэдсэн даруйд түр түдгэлзүүлсэн тендер шалгаруулалтыг зогсоох...” гэж заасны дагуу Сангийн яамнаас гомдолтой холбоотойгоор мэдэгдэл, шийдвэр ирэхийг хүлээж уг тендертэй холбоотой үйл ажиллагааг зогсоосон бөгөөд Сангийн яамны шийдвэрийг хүлээсэн.

3.3. Гэтэл Сангийн яамнаас “С М” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/056 дугаартай гомдолд "... танай ирүүлсэн албан бичигт захиалагчийн шийдвэр, тендерийн баталгааны хуулбарыг хавсаргаж ирүүлээгүй байна материалын бүрдэл дутуу тул гомдлыг буцааж байна” гэсэн агуулгатай хариуг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн в-1/1726 дугаар албан бичгээр хүргүүлсний дагуу “С М” ХХК-иас Сангийн яаманд дээрх материалын бүрдлийг хангаж өгөөгүй. Энэхүү хариу албан бичиг нь тендертэй холбоотой гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байгаа учир нь Сангийн яамнаас материал дутуу гэж буцаасан байсан тул тендерийн гомдлыг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Сангийн яамнаас энэ тендерийн гомдолтой холбоотой маргааныг шийдвэрлэсэн хууль ёсны тайлбар дүгнэлт гаргаж өгөөгүй.

3.4. Эрчим хүчний зохицуулах хорооноос зарлагдсан тендерт оролцсон “А Т З” ХХК, “С М” ХХК нарт 2021 оны 05 дугаар сарын 11 -ний өдрийн 1/445, 1/446 дугаар албан бичгээр “Тендерийн асуудлаар Сангийн яаманд гомдол гарсантай уялдуулан тус Хороо нь ЭХЗХ/202101004 тоот тендерийн худалдан авах гэрээг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахтухай хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасан тендерийн хүчинтэй хугацаанд байгуулаагүй, мөн Монгол Улсын Засгийн газрын 43 дугаар тогтоолыг үндэслэн барааны тоо хэмжээг бууруулан “олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарлахаар болсныг уламжилж байна” гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн. Хүргэхдээ Эрчим хүчний зохицуулах хорооны тус тендерийг зарлаж, хянаж үнэлсэн үнэлгээний хорооны нарийн бичиг болох Б.О нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийн биеэр “С М” ХХК-д хүргэж өгсөн байдаг.

3.5. Гэтэл “С М” ХХК-иас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад шүүхэд гомдол гаргасан. 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “С М” ХХК-иас “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 1/333 тоот тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр болон “А Т З” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад буюу 2021 оны 08 дугаар сарын 11 -ний өдөр “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот "С М” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох, ЭХЗХ/202101004 дугаартай тендерт “С М” ХХК-иас ирүүлсэн саналыг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” гэж шаардлагаа өөрчилсөн.

3.6. Гэтэл шүүхээс энэхүү өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот албан бичгийг хэзээ хүлээж авсан талаар тодруулахгүйгээр, хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны шаардлагыг хангаагүй гарсан.

3.7. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь ... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасны дагуу зарлагдсан тендерт гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг нэхэмжлэгчээс Сангийн яаманд 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан. Ингэхдээ Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 131 дүгээр тушаалын хавсралт “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ журмын 4.1-д заасан гомдол гаргагчийн эрх бүхий этгээд, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдолд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн хувьд тамга тэмдгээр баталгаажуулан Сангийн яаманд хүргүүлэх ба гомдолд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу холбогдох материалуудыг хавсаргах шаардлагатай байсан. Гэвч холбогдох материалуудыг хавсаргаж хүргүүлээгүйгээс Сангийн яам 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр материал бүрдэл дутуу байгаа талаар дурдаж хариу өгсөн.

3.8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “... 5.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Сангийн яам нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг 14 хоногийн дотор хянаад тус хуулийн 55.3, 55.4, 55.9-д заасан шийдвэрийг гаргана. Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 131 дүгээр тушаалын хавсралт “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2-т “Сангийн яам энэ журмын дагуу гомдлыг хянан шийдвэрлэсэн нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх шаардлагыг хангасанд тооцно” гэж заасны дагуу Сангийн яамнаас хуульд заасан шийдвэр гарснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэгдсэнд тооцно.

3.9. Гэтэл Сангийн яамнаас ямар нэг шийдвэр гараагүй бөгөөд урьдчилан
шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байхад Нэхэмжлэгч нь Төрийн болон орон
нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэсэн заалтыг зөрчиж шүүхэд гомдол гаргасан. Үүнээс үзэхэд “С М” ХХК нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй нь нотлогдож байна.

3.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоогоор хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүйгээр хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болоод хуулийг зөрчиж шийдвэр гаргасан байна.

3.11. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2021/0810 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад заасан “хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 -д заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн гурав дахь заалтаар нэхэмжлэгчийн гаргасан “ЭХЗХ/202101004 дугаартай тендерт “Санко Маркетинг МонголиаХХК-ийн ирүүлсэн саналыг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн талаар дүгнэлт хийжээ. Шүүх төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж зааснаар захиалагч тендер хүчинтэй байх хугацаанд хэнтэй ч гэрээ байгуулаагүй, энэ үйл баримттай талуудын хэн аль нь маргаагүй буюу уг хугацаанд багтааж гэрээ байгуулаагүй учраас уг шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн.

4.2. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан эхний шаардлага болох “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “С М” ХХК-иас ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан атлаа түүний үр дагавар болох даалгах шаардлагыг хангахгүй орхиж байгаа нь ойлгомжгүй шийдвэр болсон.

4.3. Учир нь захиалагч “А Т З” ХХК-ийг шалгаруулсан үйлдлээ өөрөө хүчингүй болгосон бөгөөд уг үйлдэлтэй “А Т З” ХХК маргаагүй буюу гомдол гаргаагүй учир “А Т З” ХХК-ийг шалгаруулсан үйлдлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос “А Т З” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж, шаардлагуудаа өөрчилсөн. Улмаар зөвхөн нэхэмжлэгч компанийг сонгоогүй үйлдэл хууль бус байсан болохыг топгоолгож, хэрэв тогтоогдвол шаардлагад нийцсэн тендер болох нь тогтоогдох бөгөөд үр дагавар нь гэрээ байгуулах эрх үүснэ. Тийм ч учраас нэхэмжлэгч хоёрдугаар шаардлагаараа гэрээ байгуулахыг даалгах, шаардлага гаргасан. Харин нэхэмжлэгч компанийг хууль бусаар шалгаруулаагүй нь түүний эрхийг зөрчих үндэслэл болсон тул түүнд угаас гэрээ байгуулахыг захиалагчаас шаардах боломж эайгаагүй буюу шүүхэд тийм шаардлага шууд гаргах боломжгүй юм.

4.4. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.4 дэх2 хэсэгт “... Монгол улсын Засгийн газрын 2021 оны 2 сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолын дагуу хэмнэлтийн зарчим дээр суурилж тендер зарласан худалдан авах бараагаа багасгасан байхад гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх нь хууль болон тендерийн зорилгод нийцэхгүй гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

4.5. Учир нь 2021 оны 2 сарын 17-ны өдөр гаргасан Засгийн газрын тогтоолын 1.4 дэх хэсэгт энэ тогтоол батлагдахаас өмнө зарласан тендерт тогтоолын хэмнэлт хийх заалтууд хамаарахгүй гэж заасан ба маргаж буй тендер нь 2021 оны 02 сарын 16-ны өдөр зарласан болно. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолын үйлчлэлд маш тодорхой ороогүй байхад шүүх ч тэр хариуцагч тэр илт хууль бус тайлбар, дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106,4-т тус тус заасныг илт зөрчсөн шийдвэр болсон.

4.6. Иймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 31-ны өдрийн 128/ШШ2021/0810 дугаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р заалтын сүүлийн өгүүлбэр болох "... нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох ЭХЗХ/202101004 дугаартай тендерт “С М” ХХК-иас ирүүлсэн саналыг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ

            1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “С М” ХХК Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “С М” ХХК-д ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн хорооны “А Т З” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, ЭХЗХ/202101004 дугаартай тендерт “С М”ХХК-ийн ирүүлсэн саналыг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... 1/333 тоот бичгээр манай тендерээс татгалзсан тухай мэдэгдэхдээ ... ирүүлсэн тендерийн материал нь шаардлагад нийцсэн ... хамгийн бага харьцуулах үнэтэй тендер гэж үнэлэгдээгүй ...” гэсэн ... мэдэгдлийг аваад захиалагч Эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргасан ч хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй ... Сангийн яаманд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/056 тоот албан бичгээр гомдол гаргасан боловч яамнаас 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6-1/1726 тоот албан бичгээр “... тендерийн баталгааны хуулбар”-ыг хавсаргаж ирүүлээгүй гэсэн үндэслэлээр буцаасан ... тухайн тендер сонгон шалгаруулалтад олон үйлдэлтэй хэвлэх төхөөрөмж нь 1 минутад 28 хуудас хэвлэдэг байх гэсэн техникийн үзүүлэлт шаардлага тавьсан ... Гэтэл хамгийн сайн гэж үнэлэгдсэн “А Т З” ХХК-ийн олон үйлдэлт оффис принтерт санал болгосон Canon iR2625 I загвар нь 1 минутад 25 хуудас хэвлэдэг байхад тус компанийг хамгийн сайн гэж үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу татгалзах байсан ... хуулийн зохицуулалтаас үзвэл зөвхөн шаардлагад нийцсэн тендерүүдийг л тендерийн үнээр нь харьцуулан үнэлэх бөгөөд энэ талаар захиалагчаас гаргасан оролцогчдод өгөх зөвлөмжийн 7.3-т мөн зохицуулсан боловч захиалагч хуульд заасан шаардлага хангаагүй тендерийг шаардлага хангасан гэж үзэн, тендерийн үнээр харьцуулан үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй ...” гэж тайлбарлажээ.

2.1. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “С М” ХХК-аас ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох”, ЭХЗХ/202101004 дугаартай тендерт “С М”ХХК-ийн ирүүлсэн саналыг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэж, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах” гэж өөрчилжээ.

            2.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “С М” ХХК-аас ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

            2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:”, 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн акт цуцлагдсан, хүчингүй болсон хэдий ч нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол шүүх маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох боломжтой.

2.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрчим хүчний зохицуулах хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт заасан тендерийн хүчинтэй байх хугацаанд ЭХЗХ/202101004 дугаартай тендерийн худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолын дагуу барааны тоо хэмжээг бууруулж “Олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах болсон гэсэн үндэслэлээр тендерийг дахин зарлах болсон тухай нэхэмжлэгч гуравдагч этгээд нарт мэдэгдсэн, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “С М” ХХК-ийн тендерт 32.101.000 төгрөгийн үнийн санал[1], харин гуравдагч этгээд “А Т З” ХХК 24.102.650 төгрөгийн үнийн санал[2] хүргүүлснийг, мөн нэхэмжлэгчийн “... тендерийн шаардлагад 1 минутад 28 хуудас хэвлэдэг байх гэсэн шаардлага тавьсан. Манай компанийн санал болгосон олон үйлдэлт принтер нь 1 минутад 25 хуудас хэвлэдэг, харин А Т З ХХК-ийн санал болгосон олон үйлдэлт принтер 1 минутад 28 хуудас хэвлэдэг” гэж маргасныг хэргийн оролцогчид үгүйсгэж мэтгэлцээгүй байна.

2.6. Хэдийгээр нэхэмжлэгч С М” ХХК-ийн тендерт санал болгосон техникийн үзүүлэлт хэвлэх хүчин чадлын хувьд 1 минутад 25 хуудас хэвлэх боломжтой, харин тендерт шалгарсан гуравдагч этгээд “А Т З” ХХК-ийн хэвлэх төхөөрөмж 1 минутад 28 хуудас хэвлэх хүчин чадалтай талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч гуравдагч этгээд үгүйсгэж маргаагүй байх боловч тендерийн үнэлгээний хороо “хамгийн бага үнийн санал ирүүлсэн” гэсэн үндэслэлээр гуравдагч этгээд “А Т З” ХХК-ийг тендерт шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.3-т “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасантай нийцсэн байна.

2.7. Нэгэнт нэхэмжлэгчийн хүргүүлсэн тендер дээрх хуульд заасны дагуу хамгийн бага үнийн саналтай тендерээр шалгараагүй энэ тохиолдолд нэхэмжлэгчид тухайн тендерийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор маргах эрх байж болох ч тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн улмаас бодитоор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нөхцөл үүсээгүй, нэхэмжлэгчид шүүхээр хамгаалагдах ашиг сонирхол бий болсон гэх үндэслэлгүй тул Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “С М” ХХК-аас ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

2.8. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтын “хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

2.9. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэлийн тус шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзахаар байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй ...” гэх гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжгүй гэж үзлээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасан.

3.1. Шүүх хэрэг үүсгэхээс өмнө тухайн нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэх боломжтой эсэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан үндэслэл тус бүрийн хүрээнд нягтлан шалгах үүрэгтэй бөгөөд хэрэв энэ талаар дүгнэлт хийхэд хангалттай баримт нотолгоогүй, эргэлзээтэй тохиолдолд нэхэмжлэгчээс тодруулж ирүүлэхийг шаардах боломжтой. 

3.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно”, 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасан.

3.3. Дээрх хуульд заасны дагуу тендерт оролцогчийн гомдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан шийдвэрлээгүй бол эсхүл гаргасан шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрсөн бол шүүхэд гомдол гаргаж болохоор байна.

3.4. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Эрчим хүчний зохицуулах хорооноос зарласан ЭХЗХ/202101004 дугаартай Олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж” худалдах авах тендер шалгаруулалттай холбогдуулан 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан, Сангийн яам 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6-1/1726 дугаар албан бичгээр “... захиалагчийн шийдвэр, тендерийн баталгааны хуулбарыг хавсаргаж ирүүлээгүй байх тул ... журмын 4.5-д заасны дагуу гомдлыг буцааж байна” гэсэн албан бичгийг хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч Сангийн яамны дээрх албан бичгийн дагуу захиалагчийн шийдвэр, тендерийн баталгааны хуулбарыг хавсаргаж гомдлоо дахин гаргаагүй, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлүүлсэн байх хуулийн шаардлага хангагдсан эсэхийг нягтлан шалгалгүйгээр хэрэг үүсгэсэн нь учир дутагдалтай, шүүхийн энэхүү алдаатай байдлаас шалтгаалан нэхэмжлэгчид урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага хангасны дараа нэхэмжлэлээ дахин гаргах боломжийг олгох үндэслэлгүй болсон буюу өөрөөр хэлбэл, хэдийгээр нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй нь бодитой тогтоогдож байх боловч цаг хугацааны хувьд “энэхүү журмыг хэрэглэх боломжтой байх” хуулийн шаардлага хангагдах боломжтой гэж үзэх үндэсгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлтийг шийдвэрт оруулах үндэслэлгүй гэж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.

            4.1. Нэхэмжлэлийн “ЭХЗХ/202101004 дугаартай тендерт “С М”ХХК-аас ирүүлсэн  саналыг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

4.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заажээ.

            4.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл захиалагчаас зарласан  ЭХЗХ/202101004 дугаартай тендерийн хүчинтэй байх хугацаанд тендерт шалгарсан компанитай захиалагч гэрээ байгуулаагүй, тендерийн хүчинтэй байх хугацаа нэгэнт дуусгавар болсон үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй, өмнө дүгнэсэнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “С М” ХХК-аас ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэлийн “ЭХЗХ/202101004 дугаартай тендерт “С М”ХХК-аас ирүүлсэн  саналыг хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн С М ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй.

5. Мөн түүнчлэн хэрэгт авагдсан Эрчим хүчний зохицуулах хорооноос нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт хүргүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/445, 1/446 дугаар албан бичгүүд хариуцагчийн тайлбар зэргээс үзвэл хариуцагч дахин тендер зарласан, ийнхүү зарлахдаа Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолын дагуу хэмнэлтийн зарчим дээр суурилж өмнө тогтоосон байсан хэвлэх төхөөрөмжийн тоог бууруулж /3 ширхэг төхөөрөмж нийлүүлэх байсан бол 2 ширхэг төхөөрөмж нийлүүлэх болгосон/ зарлахаар болсон байх тул шүүх нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй.

            Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Засгийн газрын тогтоолын 1.4 дэх хэсэгт энэ тогтоол батлагдахаас өмнө зарласан тендерт тогтоолын хэмнэлт хийх заалтууд хамаарахгүй гэж заасан ... маргаж буй тендер 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зарлагдсан ... Засгийн газрын ... тогтоолын үйлчлэлд ороогүй нь маш тодорхой байхад шүүх хариуцагчийн илт хууль бус тайлбар, дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т заасныг зөрчсөн ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “С М” ХХК-аас ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2021/0810 дугар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С М” ХХК-ийн “Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1/333 тоот “С М” ХХК-аас ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                 Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ

 

 

[1] ХХ-ийн 96 дугаар тал

[2] ХХ-ийн 46 дугаар тал