Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 072

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:” К. ХХК-” компанийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга буюу захиалагч, Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын БСШУСЯ/201801104 ажил гүйцэтгэгчээр  “Ч-У ХХК” компанийг сонгон шалгаруулсан Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох,

            “Захиалагчийн  “Ч-У ХХК” ХХК-тай гэрээ байгуулах тухай  2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1-01/978 дугаартай мэдэгдлийг, аймгийн Засаг дарга болон “Ч-У ХХК” ХХК-ийн захирал нарын хооронд байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн гэрээг, мөн  Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын БСШУСЯ/201801104 ажил гүйцэтгэгчээр “Ч-У ХХК” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг тус тус хүчингүй болгож, үнэлгээний хорооны анхны шийдвэрийн дагуу “К. ХХК-” компанитай гэрээ байгуулахыг даалгах”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “К. ХХК-” ХХК-ийн захирал Ш.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай, хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны дарга Д.Е, гишүүд С.Ас, Б.Б, Х.Х, К.С, гуравдагч этгээд “Ч-У ХХК” ХХК-ийн захирал Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгчид Х.Зулкаш, Д.Хуягбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хүсэлтдээ:

Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан Баян-Өлгий аймгийн Сагсай суманд баригдах 125 хүүхдийн цэцэрлэгийн  барилгын  БСШУСЯ /201801104 ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт оролцсон ба  манай компани нь Аймгийн засаг даргаас  2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1-01/787 албан бичиг болон 2018 оны 07 дугаар сарын 31-ний  өдрийн 1-01/977 тоот мэдэгдэл хүлээн авсан. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1-01/787 тоот  албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон боловч  өнөөдөр хүртэл гэрээ байгуулаагүй. Шалтгаан нь тендерт оролцож буй “Ч-У ХХК” компани нь холбогдох байгууллагад гомдол гаргасан. Уг гомдлыг Сангийн яам авч хэлэлцэж дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:

               1. 2015 онд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гэрээ, комиссын актыг хавсарган ирүүлсэн нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5.2-ын (г)-д сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилгын  нийт мөнгөн дүнг жилээр харуулсан жагсаалт ирүүлэх шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

               2.“К. ХХК-” ХХК-ийн тендерт санал болгосон ерөнхий инженер нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн  5.3-ын (г)-д гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр 2 жил ажилласан туршлагатай байх шалгуур үзүүлэлтийг хангах нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу оролцогчийн тендерээс татгалзах үндэслэлтэй байна.

               Иймд  тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг үүгээр мэдэгдэж байна гэж зөвлөсөн. Үүний дагуу үнэлгээний хороо дахин хуралдаж дараах шийдвэр гаргасан.

          1. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 (г)-д Сүүлийн гурван жилд хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалтыг үнэлгээний хороо дахин нягталж үзээд уг компани ирүүлсэн жагсаалт дотор 2016, 2017 онуудын хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт дутуу.  Цахим тендерт илгээгдсэн “6-Гэрээ, акт.pdf” нэртэй файлын 2-3 дугаар хуудсанд Сүүлийн 3 жилд хийгдсэн нийт ажлын жагсаалтыг хүргүүлсэн болно. 2016 онд ажил хийгээгүй 2015 оны үлдэгдэл авлага орж ирсэн, 2017 онд ямар нэгэн ажил хийгээгүй  үйл ажиллагаа явуулаагүй болно. Сүүлийн 3 жилийн аль нэг жилд нь ажил хийсэн бол аль эсвэл бусад жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй  бол татгалзана гэж хуулийн болон Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн  ямар нэгэн заалт тусгагдаагүй.

          2.  2015, 2016, 2017 онуудад хийгдсэн нийт ажлын жагсаалтыг хүргүүлсэн.  2016, 2017 онуудад огт ажил  хийгдээгүй  байхад  жагсаалт ирүүлэх ёстой гэж байхгүй юмыг шаардаж, ирүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тендерийн баримт бичиг болон хуулийн ямар нэгэн заалтад сүүлийн 3 жил дараалан ажил хийсэн байх ёстой гэж шаардаагүй. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: сүүлийн 3 жилийн аль нэг жилд 1 ажил гэж Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны З-5.2(д)-д тодорхой шаардсан байгаа.

          3. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 (д)-д Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн талаар туршлагын мэдээлэлд Барилга хот байгууллагын сайдын 2018 оны 30 дугаар тушаалын 3.2 дахь шаардлагыг хангахгүй. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2(д)-д “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: сүүлийн 3  жилийн аль нэг жилд  1 ажил гүйцэтгэсэн байх, энэ нь ажлын гэрээ, ажил хүлээлцсэн комиссын актаар нотолно.”   гэж заасны дагуу цахим тендерт илгээгдсэн “6-Гэрээ, акт.pdf” нэртэй файлд  нотлох баримт хавсаргав. /Монгол улсын сангийн яамны 2018.08.10 6-1/5244 тоот албан бичигт Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2(д)-г хангахгүй хэмээн татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэсэн./

   4. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3(г)-д Ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх гэсэн шалгуур үзүүлэлтээ батлах тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар болон ажил хүлээлцсэн акт байхгүй ба компанийн тодорхойлолт болон инженерийн дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлсэн нь уг ажлыг хийсэн гэж үзэх боломжгүй байна. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3(г)-д “Ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх хугацаа 2 жил, дипломын хуулбар, ХАБЭА ажилтны сертификатын хуулбар ирүүлэх /Нотариатаар баталгаажуулан ирүүлэх/” гэж заасны дагуу “4-Инженер диплом.pdf” гэсэн нэртэй файлын 12-14 дугаар хуудсанд  шаардсаны дагуу  дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулан хавсаргав.

   Сангийн сайдын 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалаар баталсан 2 дугаар хавсралт болох захиалагчийн боловсруулсан тендерийн жишиг баримт бичгийн 31 дүгээр хуудсанд  МАЯГТ № ТШМ-2-н жишиг маягтын 1.5.-т “Гэрээнд санал болгож буй удирдах болон техникийн голлох мэргэжилтний чадвар, туршлага. Намтрыг хавсаргана” гэж заасны  дагуу  “4-Инженер диплом.pdf” гэсэн нэртэй файлын 1 дүгээр хуудсанд чадвар, туршлагын талаарх, 5 дугаар хуудсанд намтрыг тодорхойлолтоор хавсаргасан болно. Ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар болон ажил хүлээлцсэн акт байхгүй гэж,  хуулийн 27 дугаар зүйлийн  27.1.1, 27.1.2 ба 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”-г хангасан эсэхийг хянан үзнэ гэсэн заалтыг зөрчиж хуулийн дагуу шаардсанаас өөр нотлох баримт шаардаж  хуулийн 27.4 дэх заалтыг үндэслэн татгалзсан нь хууль зөрчиж байна. Хуулийн болон тендерийн баримт бичигт шаардсан нотлох баримтуудыг бүрэн хавсаргасан болно.

   5. 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын дүн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны                                    5.3 (е)-д заасан шаардлагыг хангахгүй байна. “5.3(е) сүүлийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд дурдсан жилийн хугацаанд ашигтай ажилласан байх”  гэж заасан шаардлагыг хийж гүйцэтгэсэн ажлын дүн мэтээр тайлбарлаж байгаа нь үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтан дараах шаардлагыг хангасан байвал зохино. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.3.1-т заасан “худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байх” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тийм учраас санаатайгаар илт буруу шийдвэр гаргаж захиалагчид хүргүүлсэн ба захиалагч уг шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1.2-т заасан “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” гэсэн заалтыг зөрчиж гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргасан байна.  5.3(е)-н хувьд  Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд сүүлийн 3 жил гэж өгсөн ба манай компани нь нийт 8667,5 мянган төгрөгийн ашигтай ажилласан болно.  /Монгол улсын сангийн яамны 2018.08.10 6-1/5244 тоот албан бичигт Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2(e)-г хангахгүй гэж татгалзсан нь мөн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн./

Хуулийн 49.2.6, 49.2.8 заасны дагуу 2018.06.15-ны өдрийн 1-01/790 тоот мэдэгдэлтэй танилцахад  хуулийн болон Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр  тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичгийн  дараах заалтуудыг зөрчиж  байгаа компанитай гэрээ байгуулсан байна. Үүнд: Хуулийн 27.1.Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ гэж заасан байхад:

1. Тендер шалгаруулалт анх явуулахад “Ч-У ХХК” компани нь  хуулийн 27 зүйлийн шаардлага хангаагүй гэж татгалзсан боловч  дараагийн үнэлгээний хорооны хуралд тэр алдаанууд нь байхгүй болсон, тендерийн баримт бичигт тодорхой зааж,  төсөв хийхэд зохиогчийн хяналтыг зардлыг тусгаж ирүүлэх тухай тодорхой заасан  байхад,  одоо мөрдөгдөж байгаа Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 185 дугаар тушаалаар баталсан тушаалыг зөрчиж зохиогчийн хяналтын  9.4 сая төгрөгийн зардал тусгаж ирүүлээгүй компанийг  шалгаруулсан нь  хуулийн 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”-г   хангахгүй байна.

2. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2-т  Хэрэв захиалагч урьдчилсан сонголт явуулаагүй бөгөөд Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд  өөрөөр заагаагүй бол бүх тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадварыг тогтоохтой холбогдуулан захиалагчийн шаардсан дараах мэдээллийг нотлох баримт болгон тендерийн хамт ирүүлнэ. Үүнд:  (а) хуулийн этгээдийн бүртгүүлсэн газар, бизнесийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, хаягийг тодорхойлсон улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн дагуу хийгдэх ажлын тухайд уг ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбар, тендерт оролцогчийг төлөөлж гарын үсэг зурах этгээдийн итгэмжлэл гэж заасан.

Дээрх шаардлагыг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2-т “тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбарыг  нотариатаар баталгаажуулан ирүүлэх” гэж заасан, мөн  тусгай зөвшөөрлийн эхний хуудсанд  нь гэрээ, хавсралтын хамт хүчинтэй гэж тодорхой заасан байхад,  шаардлага хангахгүй нотариатаар баталгаажуулаагүй гэрээг хавсаргасан нь  тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр бус компанийг шалгаруулсан байна.

Мөн түншлэгч “Буянтын боргио” компани нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 (а) заасны дагуу итгэмжлэл ирүүлээгүй нь  Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.1. Хоёр ба түүнээс дээш тооны хуулийн этгээд хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендерт оролцогч /цаашид талуудыг хамтад нь “түншлэл” гэх, тус бүрийг нь “түншлэлийн гишүүн” гэх/ болж тендер шалгаруулалтад оролцох тохиолдолд Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд өөрөөр заагаагүй бол дараах шаардлагыг хангасан байна. Түншлэлийн гишүүн бүр энэхүү Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2-т заасан бүх мэдээллийг тус бүрдээ гаргаж, тендерийн хамт ирүүлнэ гэснийг зөрчиж байна.

Энэ нь хуулийн 27.1.1-т энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага гэсэн заалтыг хангахгүй байна.

3. Тендерийн баримт бичгийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3. Тендерт оролцогч Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 1.1-д заасан ажлыг гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэхийн тулд дор дурдсан чадварын доод шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд: 5.3(e)-т сүүлийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд  дурдсан жилийн хугацаанд ашигтай ажилласан байх гэж заасан.  Мөн 5.4-т  Түншлэлийн гишүүн тус бүр 5.3(e)-г хангасан байх ёстой гэж тодорхой заасан шаардлагыг ноцтой зөрчиж 73.9 сая төгрөгийн алдагдалтай ажилласан  түншлэлийн гишүүн “Буянт-Боргио” ХХК-ийг шаардлага хангасан гэж үнэлгээний хороо дүгнэж, захиалагчид гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлсэн нь  Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтан дараах шаардлагыг хангасан байвал зохино: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.3.1-т заасан “худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байх” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй албан тушаалтнууд үнэлгээ хийж, анх үнэлгээ хийхэд илэрсэн “Ч-У ХХК” ХХК  5 төрлийн ноцтой зөрчлүүдийг 2 дахь удаа үнэлгээ хийхэд  хараагүй мэтээр нуун дарагдуулж, орхигдуулсан нь илт нэг талыг барьж үнэлгээ хийсэн гэж дүгнэхэд хүргэж байна. 

Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр  тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Ажил гүйцэтгэх тендерийн жишиг баримт бичгийн  5.4-т  Түншлэлийн гишүүн тус бүр 5.3(e)-г хангасан байх ёстой гэж заасан сайдын тушаалыг зөрчиж байна.Энэ  нь хуулийн 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”-г   ноцтой зөрчиж байна.    

Иймд  үнэлгээний хороо санаатай илт буруу шийдвэр гаргаж захиалагчид хүргүүлсэн ба захиалагч уг шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1.2-т заасан “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” гэсэн заалтыг зөрчиж гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргасан байна. 

Иймд хууль зөрчиж гаргасан Баян-Өлгий аймгийн  Засаг даргын 2018.07.31 өдрийн 1-01/977 тоот мэдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул “Хуулийн 55.3.1-т  “энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” заасныг үндэслэн “Ч-У ХХК” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон  захиалагчийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хуулийн 57.2 заасныг зөрчиж   хариуцлага алдсан үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтнуудыг хуулийн 521.2.2 заасныг үндэслэн хариуцлага хүлээлгэж, аймгийн засаг даргын  2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгсөн 1-01/787 тоот шийдвэрийг хэвээр үлдээхээр хуулийн дагуу тендерийн хүчинтэй байх хугацаанд багтааж хянан шийдвэрлэж өгнө үү” гэж гомдол гаргасан.

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 20.2.-т “Онцгой нөхцөл байдал үүсэж тендер хүчинтэй байх хугацааг сунгахаар шийдвэрлэсэн тохиолдолд захиалагч бүх тендерт оролцогчид хандаж өөрсдийн тендер хүчинтэй байх хугацааг сунгах хүсэлт тавина. Энэхүү хүсэлт гаргах болон түүний хариуг ирүүлэхдээ бичгээр, эсхүл утсан холбоогоор харилцана. Тендерт оролцогч тендерийн баталгааг улсын орлого болгохгүйгээр уг хүсэлтээс татгалзах эрхтэй. Хүсэлтийг зөвшөөрсөн тендерт оролцогчоос тендерийнх нь агуулгыг өөрчлөхийг санал болгох, эсхүл өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхийг хориглоно. Хүсэлтийг зөвшөөрсөн тендерт оролцогч тендерийн баталгааны хүчинтэй хугацааг 21 дүгээр зүйлд нийцүүлэн мөн хугацаагаар сунгана” гэж заасны дагуу тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгасан боловч, тендерийн баталгааны хугацааг сунгуулах арга хэмжээ аваагүй болно. Манай компанийн зүгээс тендерийн баталгааны хугацааг банканд хандаж 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл сунгуулсан болно.

Тендерийн хүчинтэй хугацааг 30 хоногоор буюу 2018.08.11 хүртэл болгож  сунгуулсан. Тендерийн баталгааны хугацаа нь тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоног буюу 2018.08.09 өдөр хүртэл  гэж Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 21-т заасан байдаг. Тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгуулсны дараа тендерийн баталгааны хугацааг сунгуулах арга хэмжээ аваагүй. “Ч-У ХХК” ХХК-ийн анх гаргасан тендерийн баталгааны хугацаа 2018.08.09 өдөр дууссан. Тендерийн баталгааны хугацааг сунгаагүй байхад хугацаа нь дууссан тендерийн баталгаатай компанитай гэрээ байгуулсан  нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 20.2-г зөрчиж байна.  Мөн хуулийн 20.5-д Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана гэж заасан байхад хууль зөрчиж гэрээ байгуулсан нь тодорхой байна. 

Иймд  хуулийн  27.1.1, 27.1.3  заалтуудыг ноцтой зөрчиж байгаа “Ч-У ХХК” ХХК-ийг шаардлагад нийцсэн гэж үнэлгээ хийсэн. Мөн хуулийн 54.5-д “Нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс тендер шалгаруулалтыг зогсоолгүйгээр үргэлжлүүлэх шаардлагатай гэж захиалагч шийдвэрлэснээс бусад тохиолдолд гомдол ирснээс хойш захиалагч гэрээ байгуулах эрх олгож болохгүй” гэж хориглосон заалтыг зөрчиж манай гаргасан гомдлын хариу ирээгүй байхад 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулсан нь  хуулийг ноцтой зөрчиж байна.  Сангийн яамнаас гомдлын хариу 2018.08.10-ны  өдрийн 6-1/5244 тоот албан бичгээр ирсэн болно.

Үнэлгээний хорооны 2018.07.19-ний өдрийн хурлын тэмдэглэлтэй танилцахад  Тендерийн өгөгдлийн  хүснэгтэн дэх 14-16 дугаар заалтын дагуу тавьсан шалгуур үзүүлэлтийг үнэлэх хүснэгт зохиож, хүснэгтийн дагуу үнэлгээний хорооны гишүүд нэгэн зэрэг үнэлгээ өгөөд явсан гэсэн байна. Уг хүснэгтэд манай компанийн баримт бичгүүд  бүгд байна гэж дүгнэсэн байна. Хурлын тэмдэглэлийн санал хэсэгт  үнэлгээний хорооны гишүүд илт нэг талыг дэмжиж шийдвэр гаргасан байна. Мөн “Ч-У ХХК” ХХК-ийн алдаа дутагдлыг хараагүй мэтээр нуун дарагдуулж, орхигдуулсан нь үнэлгээний хорооны гишүүд  ашиг сонирхлын үүднээс хандаж хуулийн 50.1.3-т ”Хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж үнэлгээ хийсэн гэж үзэж байна.

/Хуулийн 49.4-т заасан баримт бичиг, материалтай  албан тоотоор хандаж танилцсан. Зарим баримт бичиг, материалуудыг  хуулбарлан авч нотлох баримт болгоно хавсаргахаар хуулбар үнэн гэсэн тамга даруулахыг хүссэн боловч Аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга А.Даримхан нь зүй бусаар харьцаж баримтуудыг урж устгасан болно/

Сангийн яаманд гаргасан гомдлын албан ёсны  шийдвэр ирээгүй байхад Аймгийн засаг дарга “Ч-У ХХК” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдөр  БСШУСЯ /201801104  тоот гэрээ байгуулсан нь хуулийн 54.5, 20.5 болон 42.1.2-т заасныг илт зөрчиж  байна.

Иймд захиалагчаас “ЧандманьУушир” ХХК-тай гэрээ байгуулахаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээний хорооны анхны шийдвэрийн дагуу “К. ХХК-” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.

Анхан шатны шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын БСШУСЯ/201801104 ажил гүйцэтгэгчээр “Ч-У ХХК” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болон Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон “Ч-У ХХК” компанийн захирал нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Сагсай сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гэрээг хүчингүй болгуулах гэж ихэсгэж байна гэжээ.

Нэхэмжлэгч “К. ХХК-” ХХК-ийн захирал Ш.Ардах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “К. ХХК-” ХХК-ийн зүгээс захиалагчаас “Ч-У ХХК” ХХК-тай хийсэн гэрээг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны анхны шийдвэрийн дагуу “К. ХХК-” ХХК-тай гэрээ хийхийг даалгах, Сагсай сумын 125 дугаар хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг “Ч-У ХХК” ХХК-аар гүйцэтгүүлэхээр гаргасан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Ч-У ХХК” ХХК болон аймгийн Засаг даргын хооронд хийгдсэн гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасан байгаа. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэл нь, “К. ХХК-” ХХК нь Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн тендерт оролцсон.  Энэ үеэр тендерийн үнэлгээний хороо манай компанийн бүх бичиг баримт шаардлага хангасан сайн байгаа гэж үзээд гэрээ хийсэн. Тэгээд “Ч-У ХХК” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргаснаар яамнаас тендерийн үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийлгэхээр хариу өгсөн юм. Үүний дагуу тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж “Ч-У ХХК” ХХК-ийг шалгаруулсан. Гэтэл “Ч-У ХХК” ХХК урьд нь хэд хэдэн  удаа зөрчил гаргасан бөгөөд хоёр дахь удаа үнэлгээ хийхэд эдгээр зөрчлүүд байхгүй болсон. Иймд “Ч-У ХХК” ХХК-тай хийсэн үндэслэлгүй гэрээг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

Нэхэмжлэгч “К. ХХК-” ХХК-ийн өмгөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие “Классисолюшн” ХХК-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлага нь 4 зүйлээр тодорхойлогдож байгаа. Тодруулбал, Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын БСШУСЯ/201801104 ажил гүйцэтгэгчээр “Ч-У ХХК” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээний хорооны анхны шийдвэрийн дагуу “К. ХХК-” компанитай гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн нэг хувийг өгсөн байгаа. 2018 оны 08 дугаар сарын 11-нд Сангийн яамнаас хариу ирсэн ба 4 дэх өдөр шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэснээр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Гэтэл өнөөдөр эдгээр хүмүүс барилга барьж  дуссан гэж ярьж байгаа тайлбарыг би ойлгохгүй байна. Хариуцагч талаас ирүүлсэн тайлбаруудтай танилцаад бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын БСШУСЯ/201801104 ажил гүйцэтгэгчээр “Ч-У ХХК” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг тус тус хүчингүй болгож, үнэлгээний хорооны анхны шийдвэрийн дагуу “К. ХХК-” компанитай гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн. Энэ бол нэхэмжлэгчийн онцгой эрх нэхэмжлэгчийн энэ эрхэнд хэн ч халдах эрхгүй гэдгийг хэлье. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар тайлбарлавал, Сангийн яамнаас түдгэлзүүлээд, нөгөө компани нь шалгараад явж байхад та нар гуравдагч этгээдээс бичсэн “Авлигатай тэмцэх газарт өгч хэвлэл мэдээллээр таарана” гэж сүрдүүлсэн маягтай бичгээс айсан уу, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн асуудал гэж бодож байгаа. Зарим хүмүүст инээдтэй байж болно, гэхдээ  шүүхэд хүндэтгэлтэй хандмаар байна. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сангийн яамнаас хариу ирсэн ба энэ компанитай гэрээ байгуулсан аймгийн Засаг даргын үйлдэл хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Үнэлгээний хороо энэ асуудалд маш хариуцлагагүй ажилласан. Би нэг зүйлд харамсаж байна, “би онгоцоор нисэх ёстой”, “би бүрэн гүйцэд танилцаагүй, “Сагсай сумаас дөнгөж ирсэн байсан”, гэж ярьж болох боловч эндээс үүсэх хариуцлагыг та нар маргааш хүлээх болно. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар бүх асуудлыг шийдвэрлэж, Үнэлгээний хороо шийдвэрээ гаргаж, үүнийг аймгийн Засаг даргад уламжлаад, аймгийн Засаг дарга манай компанид мэдэгдэл өгөөд гэрээ байгуулах эрх олгосон байна. Хүүхдүүдийн төлөө улсын хөрөнгөөр барьж байгаа зүйлд ингэж хариуцлагагүй хандаж болох юм уу, ийм төрийн албан хаагч байдаг уу, энэ компаниар яагаад тоглож байгаа вэ ямар нэгэн зүйлд анхны үнэлгээ хүчинтэй байдаг гэдгийг хэлье. Мөн Сангийн яамны шахалт гэдэг зүйл ярьж байгаа ба энэ бол Хурлын төлөөлөгчийн шахалт шаардлага байгаа. Би нэг зүйлд харамсаж байна, “...тусгай зөвшөөрлийн гэрээний хуулбарыг нотариатаар баталгаажуулаагүй, өргөгч подьёомын гэрчилгээний хуулбар байхгүй, төсөвт одоо мөрдөж байгаа Зам, тээвэр, барилга, хот байгуулалтайн сайдын 2012 оны 181, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 158 дугаар тушаалын дагуу зураг, төсөв зохиогчийн хяналтын зардлыг 9,448,100 төгрөгийг тусгаагүй, техникийн тодорхойлолтын хаяг буруу түншлэгч “Буянтын боргио” ХХК-д итгэмжлэл байхгүй, 2017 онд 73,883,512 төгрөгийн алдагдалтай ажиллаж  түншлэлийн гишүүн тус бүр нь 5.3 “е” заалтыг хангасан байх ёстой гэсэн заалтыг зөрчиж байна. Дээрх шаардлагуудыг хангаагүй тул үнэлгээний хорооны гишүүд шаардлагад нийцсэн тендер биш гэж үзээд 27.4 дэх заалтын дагуу татгалзсан болохыг мэдэгдье” гэжээ. Энэ бичиг тоглоом юм уу, улсын их баяр наадмаар хэд хоног амраад 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дахиад шалгаруулалт хийсэн нь ямар учиртай болохыг ойлгохгүй байна. Энэ бичиг тендерийн үнэлгээний хорооны материал дотор байж байгаа ба гишүүнд тухайн үед үүнийг нарийн хянасан байдаг. Тендерийн үнэлгээний хорооны анхны шийдвэр 100 хувийн саналаар гарсан байдаг. Гэтэл өнөөдөр үнэлгээний хорооны зарим гишүүд хэлсэн зүйлээ мартсан байна. Уг нь “73,000,000” төгрөг гэдгийг мартмааргүй байна. Тийм учраас төрийн байгууллага өнөөдөр энэ хоёр компанийн хооронд маргаан гаргаж байгаа асуудалд харамсаж байна. “К. ХХК-” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яам “Ч-У ХХК” ХХК-тай гаргасан гомдол дээр энэ компанийн өөрийгөө буруутгаж, зарим шалгуурууд нь үндэслэлтэй гэсэн хариу өгсөн байгаа. Сангийн яам бол гомдол гаргаж байгаа хүний өөрийг нь буруутгаж байгаа юм. Харин энэ тендер сонгон шалгаруулалтыг дахин явуулах ёстой байсан байна. Сагсай сумын хуучин цэцэрлэг нь 70-80 жил хэвийн ажиллаж ирсэн ба хүүхдүүд нь гадаа байж байсан асуудал байхгүй. Тийм учраас ийм их хэмжээний тэрбум төгрөгийн асуудлыг хуулийн дагуу явуулах ёстой, үүний төлөө Төрийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль гарсан, үүний төлөө захиргааны хэргийн шүүх энэ маргааныг шийдвэрлэж байгаа юм. Мөн маргаан бүхий захиргааны актын биелэлтийг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлж гүйцэтгэх хуудас бичээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэл өгсөн байдаг. Гэтэл гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс барилгыг 95 хувь барьсан учраас та нар өөрсдөө очиж үзэх юм уу гэж тоглож байна. Хариуцагч байгууллага тухайн ажиллагааг зогсоох ёстой байсан. Ийм учраас үнэлгээний хорооны анхны үндэслэлтэй байсан гэж бодож байна. Өнөөдөр та нар шүүхийн шийдвэрийг тоглоом болгож байна. Компани бол өөрөө хуулийн этгээд учраас аливаа асуудлыг ухамсарлах ёстой, бид нар хол газраас ирсэн, 90 хэдэн хувь барьсан байгаа гэж ярьж болохгүй. “К. ХХК-” ХХК-ийн барьсан барилга хэзээ нурсан бэ, хэзээ тийм аюул гаргасан бэ, энэ компанийн туслан гүйцэтгэгчээр “Агайн” ХХК аймгийн барилгуудын 50 хувийг барьсан туршлагатай компани байгаа. Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “бид нар барилгыг барьж дууссан та нар одоо юу олж авах юм вэ” гэсэн тайлбар ярьж байна. Тэгж болохгүй, буруу шийдвэр гаргасан байвал холбогдох хүмүүс нь маргааш хариуцлага хүлээх болно. Сангийн яамнаас албан ёсны шийдвэр ирээгүй, тендерийн түдгэлзүүлсэн байхад дур мэдэн мэдэгдэл өгөөд, гэрээ байгуулж байгаа асуудал өөрөө Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 29 дэх заалтуудыг бүхэлдээ зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил БСШУСЯ/201801104 дугаар тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нээлттэй тендер зарлах журмаар зарлаж 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нээлтийг нь хийж анхны үнэлгээг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1-01/788 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасны дагуу гэрээ байгуулах тухай мэдэгдэл өгсөн ба уг шийдвэрийг “Ч-У ХХК” компаниас эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж Сангийн яам уг гомдлыг хянан үзэж 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 6-1/4346 дугаар албан бичгээр уг тендерийн материалыг дахин хянаж үзэх тухай хариу ирүүлсэн үүний дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж “Ч-У ХХК” компанийг шалгаруулж 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1-01/978 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасны дагуу гэрээ байгуулах тухай мэдэгдэл өгсөн ба уг мэдэгдлийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Ч-У ХХК” компанитай гэрээ байгуулж, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажил эхлэх зөвшөөрлөө авч ажлаа эхлүүлсэн байна.

Мөн хуулийн 24 дүгээр зүйлд тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна гэж заасан тул 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүчинтэй байх хугацаанд нь багтааж гэрээг байгуулсан болно. Гэрээ байгуулах үед Сангийн яаманд гомдол гаргасныг мэдээгүй ба гэрээ байгуулсны дараа  “К. ХХК-” компаниас Сангийн яаманд гомдол гаргаж түүнийг Сангийн яам хянан үзэж үнэлгээний хорооны “Ч-У ХХК” компанийг шалгаруулсан дүгнэлт үндэслэлтэй байх тул “Ч-У ХХК” компанитай гэрээ байгуулах нь зүйтэй гэсэн хариуг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/5244 дугаар албан бичгээр ирсэн үед гомдол гаргасныг мэдсэн урьд өмнө Сангийн яаманд гомдол гарсан тухай Орон нутгийн өмчийн газраас мэдэгдээгүй.

Мөн Сангийн яам “К. ХХК-” компанийн гаргасан гомдлыг хянан үзэж гаргасан гомдол нь үндэслэлгүй үнэлгээний хороо үндэслэлтэй шийдвэр гаргасан байна гэж үзсэн байна. Учир нь, “К. ХХК-” компаниас дараах зөрчлүүд илэрсэн гэж үнэлгээний хороо дүгнэсэн байна.

Үүнд: Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 /г/-д: Хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалт ирүүлэх шаардлагатай жилийн тоог сүүлийн 3 жил гэж заасан байхад “К. ХХК-” компани нь зөвхөн 2015 онд хийсэн ажлын жагсаалтыг ирүүлж, 2016, 2017 онуудад ямар ч ажил хийгээгүй гэдгийг өөрсдөө нэхэмжлэлийн тайлбар хэсэгтээ зөвшөөрчээ. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15.3.4, 15.4-т заасан Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хангахгүй байх тул энэ хуулийн 27.1.1, 27.1.3-д заасан шаардлагыг биелүүлэхгүй байна гэж үзээд хуулийн 27.4-д зааснаар захиалагч уг тендерээс татгалзана гэж заасан.

“Ч-У ХХК” компанийг тусгай зөвшөөрөлгүй мэтээр тайлбарлажээ. Тус компани Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.4 /в/-д заасан бүх тусгай зөвшөөрлийг хангаж байгаа ба үүнийг тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2-т зааснаар хуулбарлан тендерийн баримтад хугацаанд цахимаар оруулсан байна.

“К. ХХК-” компанийн ерөнхий инженер А.Сайраны мэргэжлийн диплом, ажил байдлыг тодорхойлолтыг ирүүлсэн боловч гэрээнд заасан ажилтай төрөл, үнийг дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан байхыг нотлох баримтыг ирүүлээгүй тул тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн  тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3 /г/-д заасныг хангаагүй байна гэж үзэж “К. ХХК-” компанийг шалгаруулахаас татгалзсан шийдвэр гаргасныг тус компани хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан байна.

Иймд “К. ХХК-” компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил БСШУСЯ/201801104 дугаар тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нээлттэй тендер зарлах журмаар зарласан. Үүнийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр анх нээлтээ хийж 06 дугаар сарын 15-ны өдөр тендер сонгон шалгаруулалтаар “Кассиксолюшн” ХХК-ийг шалгаруулж байсан. Гэтэл бидний шалгаруулалтыг “Ч-У ХХК” компани эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж Сангийн яам уг гомдлыг хянан үзэж 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 6-1/4346 дугаар албан бичгээр уг тендерийн материалыг дахин хянаж үзэх тухай хариу ирүүлсэн, үүний дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж “Ч-У ХХК” компанийг шалгаруулсан. Дараа нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1-01/978 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасны дагуу гэрээ байгуулах тухай мэдэгдэл өгсөн ба уг мэдэгдлийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Ч-У ХХК” компанитай гэрээ байгуулж, 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажил эхлэх зөвшөөрлөө авч Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлаа эхлүүлсэн одоо 90 хэдэн хувьдаа ажлыг гүйцэтгэсэн байна. Мөн хуулийн 24 дүгээр зүйлд тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна гэж заасан тул хугацаа дуусахаас өмнө бид гэрээ байгуулсан байгаа. 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүчинтэй байх хугацаанд нь багтааж гэрээг байгуулсан болно. Гэрээ байгуулах үед Сангийн яаманд гомдол гаргасныг захиалагч тал мэдээгүй, яагаад гэхээр тухайн үед аймгийн Засаг дарга гэрээ байгуулахаас өмнө гомдол гаргасан талаар болон тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг Сангийн яамнаас түдгэлзүүлсэн шийдвэр ирсэн үү гэж аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга А.Даримханаас тодруулахад, түдгэлзүүлэхтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл манайд ирээгүй, гэхдээ гомдол гаргасан учраас бид нар материалыг Сангийн яаманд явуулсан гэсэн тайлбар өгч байсан. Тендерийн үнэлгээний хорооны гишүүнд Б.Ботакөзийн гаргаж өгсөн 2 бичгийн талаар нэмж тайлбар хэлэхэд, өнөөдөр хүртэл түдгэлзүүлэх тухай ямар нэгэн бичиг ирсэн үү гэж удаа дараа асуухад тийм зүйл ирээгүй гэсэн. Дээрээс нь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон бичиг хэргээс энэ талаар асуухад ирээгүй гэсэн, мөн А.Даримхан даргад утсаар ярьж асуухад Сангийн яамнаас ямар нэгэн бичиг ирээгүй гэж хэлсэн. Тийм учраас бид нар гэрээгээ байгуулсан юм. Хоёр дахь үндэслэл маань Сангийн яам “К. ХХК-” компанийн гаргасан гомдлыг хянан үзэж гаргасан гомдол нь үндэслэлгүй үнэлгээний хороо үндэслэлтэй шийдвэр гаргасан байна гэж үзэж хоёр удаа албан тоотоор хариу ирүүлсэн. Энэ дээр Сангийн яам болон үнэлгээний хороо дүгнэлт хийхдээ дараах зөрчлүүд илэрсэн гэх үнэлгээний хорооны дүгнэлт шийдвэр нь үндэслэлтэй байна гэсэн хариуг ирүүлсэн байгаа. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 /г/-д: Хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалт ирүүлэх шаардлагатай жилийн тоог сүүлийн 3 жил гэж заасан байхад “К. ХХК-” компани нь зөвхөн 2015 онд хийсэн ажлын жагсаалтыг ирүүлж, 2016, 2017 онуудад ямар ч ажил хийгээгүй гэдгийг өөрсдөө нэхэмжлэлийн тайлбар хэсэгтээ зөвшөөрсөн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15.3.4, 15.4-т заасан тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хангахгүй байх тул мөн хуулийн 27.1.1, 27.1.3-д заасан шаардлагыг биелүүлэхгүй байна гэж үзээд хуулийн 27.4-д зааснаар захиалагч уг тендерээс татгалзана гэж заасан. Иймээс тендерийн үнэлгээний хороо үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Дээрээс нь “Ч-У ХХК” компанийг тусгай зөвшөөрөлгүй мэтээр тайлбарлаж байгаа боловч тус компани Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.4 /в/-д заасан бүх тусгай зөвшөөрлийг хангаж байгаа ба үүнийг тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2-т зааснаар хуулбарлан тендерийн баримтад хугацаанд цахимаар оруулсан байна. Тийм учраас “К. ХХК-” ХХК-ийн энэ талаар маргаж байгаа асуудал нь үндэслэлгүй гэж хариуцагч тал үзэж байгаа. “К. ХХК-” компанийн ерөнхий инженер А.Сайраны мэргэжлийн диплом, ажил байдлыг тодорхойлолтыг ирүүлсэн боловч гэрээнд заасан ажилтай төрөл, үнийг дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан байхыг нотлох баримтыг ирүүлээгүй тул тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн  тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3 /г/-д заасныг хангаагүй байна гэж үнэлгээний хороо үзсэн байгаа.  “К. ХХК-” компанийн маргаж байгаа зүйл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. “Ч-У ХХК” ХХК хуулийн дагуу зөвшөөрлөө авсан, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан, хугацаанд ажлаа эхлүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна гэв.  

Хариуцагч Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын БСШУСЯ/201801104 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооноос шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын БСШУСЯ/201801104 ажлын тендерийн үнэлгээний хороо  2018 оны 04-р сарын 06-ны  өдрийн аймгийн Засаг даргын А/238 тоот захирамжаар Х.Тилеген, С.Асылбек, К.Сунхар, Х.Хуралай, Б.Ботакөз гэдэг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Уг үнэлгээний хороо 2018 оны 04-р сарын 26-ны өдөр тендерийн баримт бичиг боловсруулан 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 30 хоног цахим хэлбэрээр зарлан 5-р сарын 28-ны өдөр 1000 цагт хуулийн хугацаанд нээсэн. Нээлтийн үеэр “Ч-У ХХК” ХХК, “К. ХХК-” ХХК болон “Кошелик” ХХК-иуд материалаа ирүүлснээс “Кошелик” ХХК тендерийн баталгаа ирүүлээгүй тул үнэлгээнд оруулахаас үнэлгээний хорооны бүх гишүүдийн шийдвэрээр татгалзсан. Үнэлгээний хорооны дарга Х.Тилеген 2018 оны 07-р сарын 12-ны өдрийн А/419 тоотоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46-р зүйлийн 46.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтын дагуу  үнэлгээний хорооноос татгалзаж, оронд нь Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол томилогдон үнэлгээний хорооны 5 хүний бүрэлдэхүүнтэй 6 дугаар сарын 12-ны өдөр үнэлгээ хийсэн.

Үнэлгээний хороо Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын тендерийн материалаа ирүүлсэн дээрх компаниудын тендерийн материалыг үнэлж үзэхийн тулд (ТӨХ) Тендерийн өгөгдлийн хүснэгтэн дэх хуулийн 14-16 дугаар заалтын дагуу тавьсан шалгуур үзүүлэлтийг үнэлэх хүснэгт зохиож, хүснэгтийн дагуу үнэлгээний хорооны гишүүд нэгэн зэрэг үнэлгээ өгөөд явсан. Үнэлгээний явцад, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2-д Тусгай зөвшөөрлийн хавсралт хуудас болох гэрээний хуулбарыг нотариатаар баталгаажуулаагүй, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3(в)-д өргөгч подьёмын гэрчилгээний хуулбар байхгүй, ажлын гүйцэтгэх үе шатны ажлын хуваарь нь алдаатай, төсөвт зураг төсөл зохиогчийн хяналтын зардлыг тусгаагүй, техникийн тодорхойлолтын хаяг буруу,  түншлэгч “Буянтын боргио” ХХК-ий Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 /а/-д заасны дагуу итгэмжлэл  байхгүй,  2017 онд (73883511) төгрөгийн алдагдалтай ажиллаж түншлэлийн гишүүн тус бүр нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3 /е/-г хангасан байх ёстой гэсэн заалтыг зөрчиж байна гэсэн шалтгаанаар Тендерт оролцогч “Ч-У ХХК” ХХК, /түншлэгч “Буянтын боргио” ХХК/-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу татгалзаж “К. ХХК-” ХХК /туслан гүйцэтгэгч “Агайын” ХХК/-ий ирүүлсэн тендер нь шаардлагад нийцэж байгаа  гэж үзэж гэрээ байгуулахаар шийдвэрлэн аймгийн Засаг даргад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46-р зүйлийн 46.1.3-д зааснаар гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн. 2018 оны 6-р сарын 15-ны өдөр захиалагч байгууллагын албан бичгээр тендерт оролцогч “Ч-У ХХК” ХХК, /түншлэгч “Буянтын боргио” ХХК/ болон “К. ХХК-” ХХК /туслан гүйцэтгэгч “Агайын” ХХК-иудад мэдэгдэл хүргүүлсэн. “Ч-У ХХК” ХХК сангийн яаманд гомдол гаргасан тухай 2018 оны 6-р сарын 18-ний өдрийн 01/3928 тоот албан бичиг ирсэн. 2018 оны 6-р сарын 15-ны өдөр Орон нутгийн өмчийн газрын албан бичгээр тендертэй холбоотой бүх материалыг сангийн яаманд хүргүүлэн 2018 оны 07-р сарын 02-ны өдрийн 6-1/4346 тоот албан бичгээр гомдлын хариу ирсэн болно.  Уг албан тоотод үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийх тухай мэдэгдэл ирсэн болохоор үнэлгээний хорооны бүх гишүүд 2018 оны 07-р сарын 19-ний өдрийн 13:30 цагт ЗДТГ-ын 210 тоот өрөөнд дахин хуралдуулав. Тендерийн материалаа ирүүлсэн 2 компанийн тендерийн материалыг үнэлж үзэхийн тулд Тендерийн өгөгдлийн хүснэгтэн дэх хуулийн 14-16 дугаар заалтын дагуу тавьсан шалгуур үзүүлэлтийг үнэлэх хүснэгтийн дагуу  үнэлсэн.

Үнэлгээний явцад: үнэлгээний хорооны дарга Д.Ербол, гишүүд С.Асылбек, Х.Хуралай, К.Сунхар нар Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 /г/-д Сүүлийн гурван жилд хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалтыг үнэлгээний хороо дахин нягталж үзээд уг компанийн ирүүлсэн жагсаалтын дотор 2016, 2017 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт байхгүй, ямар ажил хийсэн нь тодорхой бус, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 /д/-д Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн талаар туршлагын мэдээлэлд Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 30 дугаар тушаалын 3.2 дахь шаардлагыг хангахгүй, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3-ын /г/-д Ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр 2 жил ажилласан туршлагатай байх гэсэн шалгуур үзүүлэлт дээр тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар болон ажил хүлээлцсэн акт байхгүй байгаа ба компанийн тодорхойлолт болон инженерийн дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлсэн  нь уг ажлыг хийсэн гэж үзэх боломжгүй, 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын дүн нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3 /е/-д заасан шаардлагыг хангахгүй байна гэсэн шалтгаанаар “К. ХХК-” ХХК-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу татгалзаж, “Ч-У ХХК” ХХК нь инженерийн хувьд бидний санал болгосон үнийн дүнтэй дүйцэхүйц ажлын дүнтэй ажилласан нь акт болон захиалагч байгууллагын тодорхойлолтоор нотлогдож байгаа, урьд нь карказан барилга барьж байсан туршлагатай компани гэж үзэж  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46-р зүйлийн 46.1.3-д зааснаар гэрээ байгуулахаар захиалагч байгууллагад зөвлөмж хүргүүлсэн. Харин үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Ботакөз нь “Ч-У ХХК” ХХК нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2-д Тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчин төгөлдөр байх ёстой байтал гэрээний хуулбарыг нотариатаар баталгаажуулаагүй,  он, сар, өдөр, дугааргүй мөн захирлын гарын үсэг, тамга тэмдэг байхгүй байгаа нь тусгай зөвшөөрлийн бүрдлийн шаардлага хангахгүй, Ажлыг гүйцэтгэх үе шатны ажлын хуваарьт тусгасан хүн цаг төлөвлөлтөөс зөрүүтэй ирүүлсэн, Төсөвт одоо мөрдөгдөж байгаа Зам тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын  2012 оны 181 тоот тушаал, Барилга, хот байгуулалтын Сайдын 2015 оны 10-р сарын 01-ний өдрийн 185 дугаар тушаалын дагуу төсөвт зураг төсөл зохиогчийн хяналтын зардалд 9448103 төгрөгийг  тусгаагүй, Эд хогшил нийлүүлэх төсөвт өртгийн тооцоонд НӨАТ-ыг оруулж тусгаагүй г.м алдаануудыг гаргасан тул шаардлагыг хангахгүй. Мөн “К. ХХК-” ХХК-ыг сангийн яамны 2018 оны 7-р сарын 02-ны өдрийн 6-1/4346 тоот албан тоотод Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5.2-ын /г/ болон Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн  5.3-ын/г/ заалтын шаардлагыг хангахгүй гэж явуулсан тул уг тендерт оролцогч хоёр компани хоёулаа шаардлага хангахгүй байгаа гэж үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу тендерт оролцогч хоёр компаниас татгалзсан болно. Аймгийн Засаг даргын 2018 оны 07-р сарын 31 өдрийн 1-01/977,978 тоот албан бичгээр тендерт оролцогч 2 компанид мэдэгдэл хүргүүлсэн.

Сангийн яаманд бичгээр “К. ХХК-” ХХК нь гомдол гаргасан тухай 2018 оны 8-р сарын 06-ны өдрийн 6-1/5144 тоот албан бичиг ирсэн тул 2018 оны 8-р сарын 7-ны өдөр Орон нутгийн өмчийн газрын  215 тоот албан бичгээр тендерт холбоотой бүх материалыг сангийн яаманд хүргүүлэн уг тендертэй холбоотой 8-р сарын 10-ны өдрийн 6-1/5244 Орон нутгийн өмчийн газарт  гомдол хянасан тухай албан бичиг ирүүлсэн байна. Уг албан тоотод “К. ХХК-” ХХК-ийг Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2/г/ болон Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3/г/ заалтын шаардлагыг хангахгүй гэсэн захиалагч байгууллагын шийдвэр үндэслэлтэй байна. Тус тендер шалгаруулалтыг хууль, журмын дагуу цааш үргэлжлүүлэхийг мэдэгдсэн болно. 

Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын тендерийн материалаа ирүүлсэн “Ч-У ХХК” ХХК, /түншлэгч/ “Буянтын боргио” ХХК болон “К. ХХК-” ХХК /туслан гүйцэтгэгч “Агайын” ХХК/ компаниудын тендерийн материалыг үнэлэхийн тулд Тендерийн өгөгдлийн хүснэгтэн  дэх  хуулийн 14-16 дугаар заалтын дагуу тавьсан шалгуур үзүүлэлтийг үнэлэх хүснэгт зохиож, хүснэгтийн дагуу үнэлгээний хорооны гишүүд нэгэн зэрэг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр үнэлгээ хийсэн. Үнэлгээний явцад: “Ч-У ХХК” ХХК, /түншлэгч/ “Буянтын боргио” ХХК

-Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 заалтад  Тусгай зөвшөөрлийн хавсралт хуудас болох тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээний он сар өдөр, дугаарыг бичээгүй батлах хэсэгт захирлын гарын үсэг тамга байхгүй, эхээс хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлээгүй байгаа,

-Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3 (в) заалтад Тендерт оролцогч барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын жагсаалт ирүүлэх хэсэгт Өргөгч подьёмыг гэрчилгээний хуулбарыг шаардсан боловч  тус компани нь өргөгч подьёомын гэрчилгээ гэж хятад хэлний бичигтэй нэг гэрчилгээ тавьсан. Уг гэрчилгээг монгол хэлд орчуулсан орчуулгыг ирүүлээгүй мөн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 13.1-д тендерийг монгол хэл дээр бэлдэж ирүүлэн гэж заасан байгаа тул үнэлгээний хороо уг гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй гэрчилгээний хуулбарыг ирүүлээгүйд тооцсон байгаа, 

-Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 14.1 (ж) заалтад Ажлын гүйцэтгэх үе шатны ажлын хуваарьт тусгасан хөдөлмөр зарцуулалт /хүн цаг/ нь Барилга угсралтын ажлын төсвийн  цалингийн нэгтгэлд хүн цагийг тооцсон дүнтэй зөрүүтэй байгаа,

-Төсөвт одоо мөрдөгдөж байгаа Зам тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын  2012 оны 181 тоот тушаалын хоёр дугаар хавсралтад заасан, Барилга, хот байгуулалтын Сайдын 2015 оны 10-р сарын 01-ний өдрийн 185 дугаар тушаалын  2 дугаар хавсралтад заасан зураг төсөл зохиогчийн хяналтын зардлыг төсөвт тусгаж ирүүлэх ёстой байтал уг компани нь зураг төсөл зохиогчийн хяналтын зардал 9448103 төгрөгийг  тусгаж ирүүлээгүй,

- техникийн тодорхойлолтод Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлын техникийн тодорхойлолт гэж бичих ёстой байтал  уг компани нь 150 хүүхдийн цэцэрлэг гэж хаягийг буруу ирүүлсэн, 

- түншлэгч “Буянтын боргио” ХХК-ий Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 /а/-д заасны дагуу итгэмжлэл  байхгүй,

- түншлэгч “Буянтын боргио” ХХК-нь орлогын дэлгэрэнгүй тайланд тайлант үеийн цэвэр ашиг (алдагдал)-ийг харуулах дүнд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар  (73883511) төгрөгийн алдагдалтай ажиллаж түншлэлийн гишүүн тус бүр нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3 /е/-г хангасан байх ёстой гэсэн заалтыг зөрчиж байна гэсэн шалтгаанаар Тендерт оролцогч “Ч-У ХХК” ХХК, /түншлэгч “Буянтын боргио” ХХК/-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу татгалзаж үнэлгээний хорооны гишүүдийн 100%-ийн саналаар “К. ХХК-” ХХК /туслан гүйцэтгэгч “Агайын” ХХК/-ий ирүүлсэн тендер нь шаардлагад нийцэж байгаа  гэж үзэж гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн.

Харин Сангийн яамны 2018 оны 07-р сарын 02-ны өдрийн 6-1/4346 тоот албан бичгийн дагуу үнэлгээний хорооны бүх гишүүд 2018 оны 07-р сарын 19-ний өдрийн 1330 цагт ЗДТГ-ын 210 тоот өрөөнд дахин хуралдуулав. Тендерийн материалаа ирүүлсэн 2 компанийн тендерийн материалыг үнэлж үзэхийн тулд (ТӨХ) Тендерийн өгөгдлийн хүснэгтэн дэх хуулийн 14-16 дугаар заалтын дагуу тавьсан шалгуур үзүүлэлтийг үнэлэх хүснэгтийн дагуу  үнэлсэн.

Үнэлгээний явцад: Үнэлгээний хорооны дарга Д.Ербол, гишүүд С.Асылбек, Х.Хуралай, К.Сунхар нар “К. ХХК-” ХХК

- Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 /г/-д Сүүлийн гурван жилд хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалтыг үнэлгээний хороо дахин нягталж үзээд 2016, 2017 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт байхгүй, ямар ажил хийсэн нь тодорхой бус байна, 

- Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3-ын /г/-д Ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр 2 жил ажилласан туршлагатай байх гэсэн шалгуур үзүүлэлтэд дээр тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар болон ажил хүлээлцсэн акт байхгүй байгаа ба компанийн тодорхойлолт болон инженерийн дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлсэн  нь 2 жил ажилласан туршлагатай байна гэж үзэх боломжгүй,

- 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын дүн нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3 /е/-д заасан шаардлагыг хангахгүй,

- Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 /д/-д Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн талаар туршлагын мэдээлэлд Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 30 дугаар тушаалын 3.2 дахь шаардлагыг хангахгүй 0байна гэсэн шалтгаанаар “К. ХХК-” ХХК-аас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу татгалзаж үнэлгээний хорооны олонхийн саналаар “Ч-У ХХК” ХХК, /түншлэгч “Буянтын боргио” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дүгээр зүйлийн 46.1.3-д зааснаар гэрээ байгуулахаар захиалагч байгууллагад зөвлөмж хүргүүлсэн.

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Ботакөз уг тендерт оролцогч хоёр компани хоёулаа шаардлага хангахгүй гэж тендерээс татгалзсан болно гэжээ.  

Хариуцагч Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын БСШУСЯ/201801104 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Тендерийн үнэлгээний хорооны гишүүдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Үнэлгээний хорооны дарга Д.Ербол: Холбогдох бичиг баримтуудыг Ө.Хуралай дарга он, сөр, өдөр, дугаараар тодорхой ярьсан учраас давхцуулахгүйгээр товч ярих болно.  Тендерийн үнэлгээний хороо анх “К. ХХК-” ХХК-ийг шалгаруулсан байгаа. Энэ шалгаруулалтад зарим нэг үзүүлэлтүүдийг бид  үнэлгээ дээр авч үзээд үнэлэлт, дүгнэлт хийж “К. ХХК-” ХХК нь тодорхой хэмжээгээр шаардлага хангасан гэж үзсэн байгаа. Гэтэл бидний шалгаруулалтыг Сангийн яам хянаж үзээд хүлээн авахаас татгалзаж, “Классиколюшн” ХХК-ийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосон хариу ирүүлсэн байгаа. Үүний дагуу манай үнэлгээний хороо дахин хуралдаж, бичиг баримтыг хянан үзээд, “Классиколюшн” ХХК-ийн тухайн ижил төстэй ажлын үнийн дүнтэй дүйцэх хэмжээндээ тэрбум төгрөгт хүрэхгүй 3 төрлийн объектыг нийлбэр үнийн дүнгээр дүйцэхүйц гэж авсныг буруу гэж үзсэн учраас “Ч-У ХХК” ХХК нь манай үнийн дүнтэй дүйцэхүйц нэг том ажлыг гүйцэтгэсэн нь тогтоогдсоныг бид нар дараагийн үнэлгээнд авч үзсэн байгаа. Хоёрдугаарт, ерөнхий инженерийн ажилласан туршлага дээр “Классиколюшн” ХХК-ийн ерөнхий инженер ажилласан үнийн дүнгээс “Ч-У ХХК” ХХК-ийн ерөнхий инженер Ханатын ажилласан ажлын үнийн дүн нь шалгуур үзүүлэлтээр илүү хангаж байгааг бид нар харж үзсэн байгаа. Мөн бага үнийн санал дээр “Ч-У ХХК” ХХК нь бага үнийн саналтай байсан. Холбогдох баримтуудыг бид нар нэмж дүгнээд өрсөлдөгч компанийн аль нэгнээс татгалзах саналыг дээрээс ирүүлсэн учраас манай үнэлгээний хороо олонхын саналаар “Ч-У ХХК” ХХК-ийн үнэлгээг сайн гэж үзээд уг компанийг сонгон авсан ба одоо ажлыг чанартай гүйцэтгэж байгаа гэв.

Хариуцагч Үнэлгээний хорооны гишүүн С.Асылбек: Тендерийн үнэлгээний хорооны даргаар ажилласан Д.Ерболтай санал нэг байна. “Ч-У ХХК” ХХК-ийн бид нар сүүлийн үнэлгээний хорооны хурал дээр нухацтай авч үзэж судалсан байгаа.  Аймгийн төвд баригдаж байгаа карказан барилгуудын бүгдийг нь “Ч-У ХХК” ХХК барьж гүйцэтгэсэн. Карказан барилга дээр нэлээн туршлагатай компани ба Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэг нь карказан барилга байгаа. “К. ХХК-” ХХК нь урьд өмнө карказан барилга барьж байгаагүй учраас тухайн барилгыг “Ч-У ХХК” ХХК-аар гүйцэтгүүлэх нь зүйтэй юм байна гэсэн санал гаргаж байсан гэв.

Хариуцагч Үнэлгээний хорооны гишүүн К.Сунхар: Тендерийн үнэлгээний хорооны дарга гишүүд Д.Ербол, С.Асылбек нартай санал нэг байна. “Ч-У ХХК” ХХК-ийг шалгаруулсан нь зөв шийдвэр байсан гэж үзэж байна. Би сум, орон нутагт ажиллаж байгаа хүний хувьд “Ч-У ХХК” ХХК-ийн гүйцэтгэж байгаа ажлыг өдөр болгон харж байгаа. Тендерийн үнэлгээний хороо нь туршлагатай компаниар тухайн барилгын ажлыг гүйцэтгүүлж байгаа гэж дүгнэж байна гэв.

 Хариуцагч Үнэлгээний хорооны гишүүн Х.Хуралай: Тендерийн үнэлгээний хорооны гишүүдтэй санал нэг байна.  “Ч-У ХХК” ХХК нь 90 хэдэн хувьдаа явж байгаа ба бараг ажлаа дууссан. Гүйцэтгэж байгаа ажлыг өдөр болгон харж явж байгаа гэв.

Хариуцагч Үнэлгээний хорооны гишүүн Б.Ботакөз: Би дахин үнэлгээнд хоёр компанийн хоёулангаас татгалзсан. Яагаад гэвэл эхний үнэлгээнд “Ч-У ХХК” ХХК-ийн зарим алдаануудыг илрүүлж, “К. ХХК-” ХХК-ийг шалгаруулсан. Харин Сангийн яамнаас ирсэн албан бичигт “К. ХХК-” ХХК-ийн ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр 2 жил ажилласан туршлагатай байх гэсэн шалгуурыг хангахгүй байгаа ба 2016, 2017 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт байхгүй гэж татгалзсан учраас эдгээр хоёр компаниудын хоёулангаас би татгалзсан байгаа гэв. 

Гуравдагч этгээд “Ч-У ХХК” компаниас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын төвд баригдах “125 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилгын тендерийг цахим хэлбэрээр зарлаж, 2018 оны 05 -р сарын -нд тендер хүлээн авах эцсийн хугацаа болж, Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 -д заасан ёсоор 2018.05.08-ны өдөр “тендер нээх” үйл ажиллагаа болсон юм. “Тендер нээх" үйл ажиллагааны явцад Сагсай сумын 125 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэгийн барилгын нээлттэй тендер шалгаруулалтад X.Арман Захиралтай “К. ХХК-” ХХК, мөн Б.Мөнхсайхан захиралтай “Ч-У ХХК” ХХК тус тус оролцохоор тендерийн материалаа ирүүлсэн нь тодорхой болсон юм.

 


Тендер шалгаруулалтад оролцож буй “К. ХХК-” ХХК-ны захирал X.Арманы төрсөн дүү Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга X. Тилеген нь Үнэлгээний хорооны даргаар томилогдож Тендер нээх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсны хувьд төрсөн ах X.Арманы удирдаж буй “К. ХХК-” ХХК нь тендер шалгаруулалтад орсон тэр мөчөөс эхлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3.1.5 -д заасан “хамаарал бүхий этгээд” болохын хувьд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “... өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн Захиргааны акт гаргах, удирдах, хяналт тавих, шалгалт хийх, гэрээ байгуулах, эдгээрийг бэлтгэх, хэлэлцэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг мөн Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.2 -д заасан “Тендерт оролцогч болон түүнийг төлөөлөх этгээдийн эцэг, эх, хадам эцэг, эх, эхнэр нөхөр, ах, эгч, дүү хүүхэд биш байх” гэсэн “хориглосон заалтыг” зөрчиж, тэр даруй татгалзалгүй явсаар, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Үнэлгээний хорооны “анхны үнэлгээ" хийх хүртэл Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны даргаар ажиллаж, хуулийг ноцтой зөрчсөн.

 

Тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны даргаар X.Тилеген ажилласан хугацаанд “хамаарал бүхий этгээд" болох төрсөн ах X.Арманы удирдаж буй “К. ХХК-” ХХК-ны эрх ашигт нийцүүлж Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийг бэлтгэж боловсруулсан, мөн Тендер шалгаруулалтыг хуйвалдааны хэлбэрээр явуулж, хууль бус аргаар “К. ХХК-” ХХК-ийг шалгаруулах үүднээс өөрсдийн “хамаарал бүхий этгээд" болох хамаатан бэр Б.Ботакөзийг үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 24 дүгээр  зүйлийн 24.5,  28 дугаар зүйлийн 28.2-д заасан хуулийн хугацааг илтэд хэтрүүлж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 -д заасан "Худалдан авах ажиллагаанд ил тод, оролдох тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх”  зарчмыг алдагдуулсан болно.

      Тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны дарга X.Тилеген нь өөрийн ах X.Арманы хувийн аж ахуйн нэгж тендер шалгаруулалтад оролцсон нөхцөлд, Үнэлгээний хорооны даргаас татгалзаж, уг тендерийн баримт бичиг хүлээн авах, Тендерт оролцогчдод өгөх зааварчилга боловсруулах, тендер нээх зэрэг бүх үйл ажиллагааг гардан гүйцэтгэсэн нь Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 -д заасныг ноцтой зөрчсөн явдал юм.

       Нэхэмжлэгч “К. ХХК-” ХХК-ныг X. Арман нь аймгийн ИТХ -ын төлөөлөгч Айдын гэгчээс анх худалдан авсан байх ба ерөнхий захирал нь X. Арман байтал, Тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны дарга албан тушаалын хувьд өөрийн дүү аймгийн ЗДТГ-ын дарга X. Тилеген Үнэлгээний хорооны даргаар томилогдсонтой холбогдуулан өөрийгөө халхавчлах, ашиг сонирхлын зөрчлийг нуун дарагдуулах, олон нийтийг төөрөгдүүлэх үүднээс “К. ХХК-” ХХК-ны захирлаар X.Арман нь өөрийн даргалж (удирдаж) байгаа “МЦХСүлжээ” ТӨК -ны инженер Ш.Ардахыг томилсон дүр үзүүлж, тендер шалгаруулалтыг “будлиантуулах” оролдлого хийж, хууль бус үйл ажиллагаа явуулж байна.

      2018 оны 06 -р сарын 15 -ны өдөр тендер шалгаруулалтын анхны үнэлгээ хийхэд X.Тилеген, X.Арман нар нь хамаатан бэр Б.Ботагөзийг Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилуулан ажиллуулж, түүгээр дамжуулан Тендерийн үнэлгээний хорооны бусад гишүүдэд буруу тайлбар өгч, тэдэнд тендерийн материалтай танилцуулалгүй, урьдчилан “К. ХХК-” ХХК-ныг шалгаруулахыг захиж, үндэслэлгүй үнэлгээ хийлгэсэн юм. Тухайн үед Б.Ботагөз нь “жирэмсний амралт" эдэлж байсан боловч, сонгон шалгаруулалтын “Үнэлгээний хорооны” 2018.06.15-ны өдрийн хуралдаанд Б.Ботагөзийг дуудан ирж, нарийн бичгийн даргаар оролцуулсан зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулсан болно. Үүнийг Үнэлгээний хорооны Сагсай сумаас томилогдсон төлөөлөл болох Үнэлгээний хорооны гишүүд X. Хуралай, К. Сунхар нар нотлох болно.

 

Сагсай сумын 125 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэгийн барилгын тендер сонгон шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 15 -ны өдрийн “хууль бус” шийдвэрийн үндсэн дээр “К. ХХК-” XXК-нийг хуйвалдааны аргаар сонгон шалгаруулсан боловч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.5,  52.1.7-д  заасны дагуу Төрийн Захиргааны төв байгууллага хянан үзэж, Сангийн яамны 2018 оны 07 дугаар сарын 02 -ны өдрийн 6-1/4346 тоот албан бичгийн үндсэн дээр “К. ХХК-” ХХК нь оролцогчийн тендерт зөвхөн 2015 оны гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гэрээ, комиссын актыг хавсарган ирүүлсэн нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5.2 -ын (г)-д заасан “Сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилгын ажлын мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалт ирүүлэх” гэсэн шалгуурыг хангаагүй тул “К. ХХК-” ХХК-ийг шалгаруулсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, мөн “К. ХХК-” ХХК-ийн ерөнхий инженер нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5.3-ын (г) -д заасан “дүйцэх ажилд 2 жил ажилласан туршлагатай байх шаардлага хангахгүй” тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу “К. ХХК-” ХХК-ийг тендерээс татгалзах үндэслэл болно.

Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Сангийн яамны 2018.07.02-ны өдрийн 6-1/4346 тоот “К. ХХК-” ХХК-ийг 125 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын Тендер сонгон шалгаруулалтаас татгалзаж гаргасан шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д зааснаар эцсийн шийдвэр учраас “К. ХХК-” ХХК нь “Сагсай сумын 125 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт дахин өрсөлдөх, боломжгүй юм.

Тухайлбал Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2. (г)-д: Хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсанд тооцох жилийн тоо 3 жил гэж заасан байхад “К. ХХК-” ХХК нь зөвхөн 2015 онд хийсэн жагсаалтыг ирүүлсэн ба сүүлийн 2016, 2017 онуудад ямар ч ажил хийгээгүй гэж өөрснөө нэхэмжлэлд хүлээн зөвшөөрсөн юм.

Энэ нь Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4, 15.4-д зааснаар “тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг үнэлэн шалгуурыг хангахгүй байна” гэж үзээд Мөн хуулийн 27.1.1; 27.1.3 -д заасныг тус тус зөрчиж байх тул 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар “Захиалагч тендерээс татгалзана” гэж зааснаар “К. ХХК-” ХХК-ийг Сангийн яам татгалзсан нь хууль ёсны болно.Тендер оролцогчдод өгөх зааварчилгааны  4.4 (в)-д: Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай бөгөөд “Барилга угсралтын ажлын гэрчилгээний тусгай зөвшөөрөл” 2.1.1;  2.1.2;  2.2.1;  2.2.2 болон түүнээс дээш байж болно гэж заасан. Гэвч “К. ХХК-” ХХК -д 2.1.2 -оос өөр зөвшөөрөл байхгүй байна. Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 194 дүгээр тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн 4.9-д зааснаар 101-ээс дээш хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга нь өндөр төвөгшилтэй барилга байгууламжид багтдаг тул нэгэнт тусгай зөвшөөрөлгүй гэж барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл ч авч чадахгүй. Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалаар баталсан Барилга угсралтын ажлын суурь нөхцөл, шаардлагыг хангах тусгай зөвшөөрөлгүй тул анхны үнэлгээнд дээр хасагдах ёстой байсан.

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 (д) -д: Ижил төстэй ажлыг гэрээгээр гүйцэтгэсэн талаар туршлагын мэдээлэлд Барилга, хот байгуулалтын яамны сайдын 2017 онд баталсан 194-р тушаалаар батлагдсан төвөгшилийн ангиллыг тогтоох журмын дагуу 125 хүүхдийн цэцэрлэгийн барилга барихад “К. ХХК-” ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь шаардлага хангаагүй. Иймээс Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас  барилга эхлүүлэх зөвшөөрөл авах боломжгүй болох нь тогтоогдсон.

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 (к)-д Тендерт оролцогч туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувь байна. Үүнээс дээш хувийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх бол түншлэлийн гэрээ байгуулж тендерийн хамт ирүүлэх ба Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд дурдсан бусад шалгуурыг хангасан байх шаардлагатай, туслангаар гүйцэтгэх тухайн ажлын төсөвт өртөг нь цалингийн зардлаас багагүй байна гэж заасан. “К. ХХК-” ХХК нь барилгын ажлын гадна дотнын засал, чимэглэл, холбоо дохиолол, цахилгаан монтаж, шугам, сүлжээ, сантехникийн ажлуудыг хийх тусгай зөвшөөрөлгүй тул эдгээр ажлуудыг “Агайын” ХХК-иар гүйцэтгүүлэхээр Түншлэлийн гэрээ байгуулсан боловч энэ бүгдийн 80.0 сая төгрөгт багтаан хийлгэхээр түншлэлийн гэрээ байгуулсан нь амьдралд нийцэхгүй бөгөөд хуулийн 16.2 дахь хэсэгт зааснаар захиалагчаас тавьсан шаардлага буюу Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 (к) -ыг зөрчсөн тул мөн хуулийн 27.4 -т зааснаар тендерээс татгалзах үндэслэл болно. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3 (г) -д: Ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх хугацаа 2 жил гэж заасан байхад зөвхөн диплом, сертификатын хуулбар өгсөн нь тухайн хүмүүс үнэхээр инженерээр ажилласан уу, ажилласан бол яг ямар компанид ажилласан вэ? Гэдэг нь тодорхой бус, ажилласан бол Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу заавал НДШ төлсөн байх ёстой, түрүүгээрээ тухайн байгууллагад ажилласан нь нотлогдох ёстой. Үүнийг Сангийн яамнаас хуулийн 14.1.6 дахь заалтын дагуу эрх бүхий улсын байцаагч тогтоож хуулийн 27.4-т зааснаар “К. ХХК-” ХХК-ийн тендерээс татгалзах үндэслэл болно гэдэг нь үндэслэлтэй байна.

      Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.3 (е) -д Сүлийн 3 жилд ашигтай ажилласан байх гэж заасан байхад “К. ХХК-” ХХК нь 2017 онд X тайлан өгч ашиггүй ажилласан нь хуулийн 15 -р зүйлд заасан санхүүгийн чадавхыг хангахгүй байна Үүнийг тэд Үнэлгээний хорооны гишүүд бүгд мэдлэггүй хуулиа ойлгоогүй тул буруу үнэлсэн гэсэн утгатай тайлбарласан боловч үнэлгээний хорооны гишүүд бүгд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.3.1 -д заасан шаардлагыг хангасан, мэргэшсэн АЗ сертификаттай хүмүүс учир зөв үнэлсэн гэж үзэж байна.

      Нэхэмжлэгч нь манай “Ч-У ХХК” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүй мэтээр тайлбарлажээ. Манай компани Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.4 (в) -д заасан бүх тусгай зөвшөөрлийг хангаж байгаа ба үүнийг Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 -т зааснаар хуулбарлан нотариатчаар батлуулан тендерийн баримтад хугацаанд цахимаар оруулсан, эх хувь нь бэлэн байна.

      Итгэмжлэл ирүүлээгүй гэжээ. Тендерийн баримт дотор 2 компанийн олгосон итгэмжлэл байж л байна. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 20.2-т заасан Онцгой нөхцөл байдал үүсч тендер хүчинтэй байх хугацааг сунгахаар шийдвэрлэсэн тохиолдолд захиалагч бүх тендерт оролцогчдод хандаж өөрсдийн тендер хүчинтэй байх хугацааг сунгах хүсэлт тавина. Хүсэлтийг зөвшөөрсөн тендерт оролцогч тендерийн баталгааны хүчинтэй хугацааг 21 дүгээр зүйлд нийцүүлэн мөн хугацаагаар сунгана” гэж заасан боловч захиалагч манай компанид мэдэгдээгүй, харин “К. ХХК-” ХХК бид сунгуулсан гэдгийг үзэхэд Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу бүх тендерт оролцогчдыг ижил мэдээллээр ханган гэсэн шаардлагыг зөрчиж байна. Мөн тендер хүчинтэй байх хугацаа хүртэл гэрээ хийлэхгүй шалтаг гарган, Сангийн яамнаас түдгэлзүүлэх бичиг албан ёсоор ирээгүй байхад зориудаар гэрээ хийлгэлгүй удаашруулсан. Аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Анар гэрээ хийхийн өмнө Сангийн яам руу утасдаж, Сангийн яамны шийдвэр “Ч-У ХХК” ХХК талд гарсан мэдээ авч, иргээд 8 дугаар сарын 09-ний өдөр гэрээ хийсэн. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сангийн яамны албан ёсны шийдвэр ирсэн. Үүний дагуу “Ч-У ХХК” ХХК 2018 оны 08 дугаар сарын 13 -ны өдөр ажил эхлэх зөвшөөрлөө авч ажлаа эхлүүлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар газар шороо, суурийн ажил хийгдэж дуусаад барилгын 1 дүгээр давхрын ажил үргэлжилж, гадна цахилгааны ажил бүрэн хийгдэж, гадна дулаан, гадна бохирын ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар барилгад орох нийт материалын 60% барилгын талбайд татагдаж бэлэн болсон байна.

       “Захиалагчаас “Ч-У ХХК” ХХК-тай гэрээ байгуулахаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээний хорооны анхны шийдвэрийн дагуу “К. ХХК-” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагын хувьд, Төрийн Захиргааны Төв байгууллага болох Сангийн Яам нь 2018.07.02-ны өдрийн 6-1/434 тоот захиалагчид ирүүлсэн албан бичгээр “К. ХХК-” ХХК нь оролцогчийн тендерт зөвхөн 2015 онд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гэрээ, комиссын актыг хавсарган ирүүлсэн нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5.2 -ын (г)-д заасан “Сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ажлын нийт дүнг жил жилээр харуулсан шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзэж боломжгүй, Захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн.

           Мөн “К. ХХК-” ХХК-ийн тендерт санал болгосон инженер нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5.3 -ын (г)-д гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээр дүйцэх ажил дээр 2 жил ажилласан туршлагатай байх шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 -дэх хэсэгт заасны дагуу оролцогчийг тендерээс татгалзах үндэслэл болсон юм. Иймд Тендер шалгаруулалтын үнэлгээг хууль журмын дагуу дахин хийхийг даалгах шийдвэр гаргасан юм. Энэ нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 -д зааснаар “эцсийн шийдвэр” болно.

Барилга хот байгуулалтын Сайдын 2017 оны 30 -р тушаалаар баталсан “барилга байгууламжийн төвөгшилийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох дүрэм” -ийн 4.6 дахь заалт, барилга, хот байгуулалтын Сайдын 2017.11.30-ны өдрийн "Дүрэм шинэчлэн батлах тухай” 194-р тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшилийн ангилал тус бүрд хамаарах барилга байгууламжууд” хэсгийн 4.9 дэх хэсэгт “101-ээс дээш хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга”-ыг өндөр төвөгшилтэй барилга байгууламж гэсэн ангилалд хамааруулсан тул “К. ХХК-” ХХК нь Төвөгшилийн ангиллын 2.1-д заасан “бага төвөгшилтэй барилга барих” тусгай зөвшөөрөлтэй учир 125 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэгийн барилгын тендер сонгон шалгаруулалтад оролцох эрхгүй, тусгай зөвшөөрөлгүй болно. Өөрөөр хэлбэл “Кпассиксолюшн” ХХК нь “101 -ээс дээш хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга байгууламж барих’’ тусгай зөвшөөрөлгүй, учраас “К. ХХК-” ХХК -тай гэрээ байгуулахыг даалгах шийдвэр гаргах боломжгүй юм.

Төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яамны 2018.07.02 -ны өдрийн                                                       6-1/4346 тоот “Гомдол хянан шийдвэрлэсэн” баримт бичиг болон Сангийн яамны 2018.08.10-ны өдрийн 6 -1/5244 тоот “К. ХХК-” ХХК -ны гомдлыг хянан шийдвэрлэсэн баримт бичгээр “К. ХХК-” ХХК-ийг дахин тендер сонгон шалгаруулалтаар захиалагчийн татгалзсан шийдвэр үндэслэлтэй, “К. ХХК-” ХХК нь шаардлага хангахгүй, хэмээн дүгнэснээр “К. ХХК-” ХХК-д “татгалзах” шийдвэр гарсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэсгүй болно.

“Чандмань -Уушир” ХХК нь 2018.08.09 -ний өдөр Захиалагчтай гэрээ байгуулсан, “Чандмань -Уушир” ХХК нь “тусгай зөвшөөрөл” -ийн хувьд Барилга хот байгуулалтын Сайдын 2017 оны 194 -р тушаалаар баталсан “төвөгшилийн ангиллын зориулалт, хүчин чадлыг тогтоосон дүрэм” -ийн 4.9 -д заасан шаардлагыг хангаж байгаа бөгөөд “Гэрээний дагуу” барилгын гүйцэтгэлийн үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 -д зааснаар нэхэмжлэгч “К. ХХК-” ХХК -ны шүүхэд гаргасан “Ч-У ХХК” ХХК -тай гэрээ байгуулахаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээний хорооны анхны шийдвэрийн дагуу гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээд “Ч-У ХХК” ХХК-ийн захирал Б.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ч-У ХХК” ХХК бол ер нь Баян-Өлгий аймагт хувийн болон төрийн өмчийн барилга бариад явж байгаа. Анх удаа тендерийн маргаан гарч байна. Өнөөдөр барилгын ажлыг шуурхай стандартын дагуу явуулж бусад компаниудтай хамтарч, норм стандартын дагуу ажиллаж байна. Манай компани хуулийн дагуу аймгийн Засаг даргатай гэрээ хийсэн, уг гэрээгээр ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан ба хүйтрэхээс өмнө угсралтын ажлыг дуусгах шаардлагатай байсан. Одоо ажил нь 93 хувьтай явагдаж байгаа бөгөөд тоног төхөөрөмжийг хийснээр ажил бүрэн дуусна. Харин шүүгчийн захирамж гарснаар 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн ажил зогссон байгаа гэв.

Гуравдагч этгээд “Ч-У ХХК” ХХК-ийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ч-У ХХК” ХХК нь тухайн захиргааны хэргийн оролцогчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр хүргүүлсэн байгаа. Миний бие гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн байр сууриас тайлбар хэлмээр байна. Нэгдүгээрт, “К. ХХК-” ХХК нь тендерийн сонгон шалгаруулалтад оролцохдоо Сангийн яамны 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн болон 06 дугаар сарын 20-ны өдрийн “Гомдлыг хянасан тухай” мэдэгдэлд тус тус тодорхой дурдсан байгаа. Үүнд, тендер сонгон шалгаруулсан хүснэгтийн 5.2 “б”-д заасан сүүлийн гурван жилийн аль нэг жилд нь ажил гүйцэтгэсэн байх ...” гэснийг хангахгүй байна гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Харин хэрэгт авагдсан байдлаар “К. ХХК-” ХХК нь сүүлийн 3 жил тухайн барилгын ажилтай төстэй ажил гүйцэтгэсэн талаарх баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2015 оноос өмнө гүйцэтгэсэн ажлын тайланг хавсаргасан байна лээ. 2016, 2017 онуудад ийм ажил гүйцэтгээгүй учраас тухайн болзлыг хангахгүй байна. Мөн нэхэмжлэгч байгууллагын ерөнхий инженер Сайран нь өргөдлийн хүснэгтийн 5.3 “Б”-д заасан болзлыг хангаагүй гэж заасан нь үндэслэлтэй бөгөөд нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байгаа. Д.Хуягбаатар өмгөөлөгч нэгэнт бусад үндэслэлүүдийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан учраас зарим зүйл дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ. Нэгдүгээр, “К. ХХК-” ХХК нь Сагсай сумын 125 хүүхдийн барилга, байгууламжийг барих тусгай зөвшөөрлийн болзлыг хангахгүй байна гэсэн үндэслэлийг дэвшүүлмээр байна. Юуны өмнө Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 194 дүгээр тушаалаар батлагдсан дүрмийн холбогдох заалт буюу 6 дугаар заалтын 4.9 дэх хэсэгт “...101-ээс дээш хүүхэдтэй боловсролын өмнөх сургуулийн байгууллагын барилгыг өндөр төвөгшилтэй барилга, байгууламжийн ангилалд оруулсан байгаа. Өндөр төвөгшилтэй барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл нь “К. ХХК-” ХХК-д олгогдоогүй байна. Энэ компани нь барилга угсралтын 2.1 заалт буюу одоогийн мөрдөгдөж байгаа аргачлалаар БА-2.1-д заасан тусгай зөвшөөрөлтэй байна. Өөрөөр хэлбэл, энэ нь өндөр төвөгшилтэй барилгыг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ын өдрийн 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу 2.1.4 буюу мөн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 тушаалаар батлагдсан БА-4.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байх юм. Энэ нь суутгамал болон угсармал бетон иж бүрэн суутгал хийх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж байх ёстой. Тэгвэл Сагсай сумд баригдаж буй 125 хүүхдийн цэцэрлэгийн барилга нь бидний хэлж заншсанаар карказан барилга буюу үүнийг тусгай зөвшөөрлийн 2.1.4-д заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж барих эрхтэй юм. Ийм эрх бүхий тусгай зөвшөөрөл авагдаагүй байгаа “К. ХХК-” ХХК нь энэхүү тендерийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа нь өөрөө хууль зөрчсөн хэрэг байна. Үүнийг тендерийн үнэлгээний хороо мэдээгүйгээс болж оролцуулсан гэж бодож байна. Тиймээс нэхэмжлэгч байгууллага нь тендер сонгон шалгаруулалтад оролцох эрхгүй байжээ гэдэг нь талуудын гаргаж өгснөөр хэрэгт цугларсан тусгай зөвшөөрлийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Тийм учраас “К. ХХК-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Гуравдагч этгээд “Ч-У ХХК” ХХК-ийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Захиргааны хэргийг үүсгэсэн шүүгчийн захирамж гарсны дараа гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Өнөөдөр Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, гэрээг дахин байгуулах, Засаг даргын мэдэгдлийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж иргээд энэ асуудлыг хэлэлцэж байна. Гэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж өнөөдрийн нөхцөл байдлыг зохицуулсан байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага биелэгдэх боломжгүй болсон нөхцөлд хууль бус байсан болохыг тогтоолгоод хэрвээ хууль бус байсан бол тендерт холбогдон гарсан зардлыг хууль бус шийдвэр гаргасан этгээдээс гаргуулах боломжтой ба энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д зааснаар асуудлаа шийдвэрлэх боломжтой байгаа. Өнөөдөр ийм нөхцөл байдал үүссэн ба нэхэмжлэгч тал дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн бол нэхэмжлэл нь хангагдах боломжтой байсан гэж үзэж байна. Одоогийн нөхцөл байдлаас харахад тендерийн дахин үнэлгээ зарлаад шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинж чанар алдагдахаар болсон байгаа. Яагаад гэвэл  барилгын ажил бүрэн гүйцэт дууссан, тоног төхөөрөмж суурилуулах 20 хэдэн сая төгрөгийн ажил үлдсэн байгаа. Хэрэв нэхэмжлэгч нар ийм байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байвал шүүх хангаж шийдвэрлэхээр хууль тогтоогч нар хуулиар тогтоож өгсөн. Гэтэл гэрээг дахин байгуулж тэнд очоод бид нар ажил хийх ёстой гэж зүтгэж байгааг бид нар ойлгохгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл дээр захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх гэж заасан байх ба мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ...” гэж заасан. Тэгэхээр заавал биелэгдэх нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндсэн шинж тэмдэг юм. Хэрэв шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд тухайн шийдвэрийн заавал биелэгдэх шинж нь үгүйсгэгдэнэ. Барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхээс гаргаж өгсөн боловч харамсалтай нь шүүх нотлох баримтаас хасах шийдвэр гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлд зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж шүүх шийдвэрлэсэн учраас бид гомдол гаргах эрхгүй, гэхдээ бид шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхтэй. Шүүхийн шийдвэр ашиггүй гарсан тал гомдол гаргаж явах байх гэж ойлгож байна. Тендерт холбоотой Засаг даргын мэдэгдлийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр түдгэлзүүлэх хүсэлт гаргаад энэ мэдэгдлийг түдгэлзүүлсэн ба үүнд бид нар давж заалдах гомдол гаргасан. Харин миний хувьд нэг зүйлд санал нийлэхгүй байгаа. Захиргааны акт гэдэг нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар заавал биелэгдэх шинжтэй захирамжилсан шийдвэр бүхий үйл ажиллагааг ойлгодог. Гэтэл мэдэгдэл нь заавал биелэгдэх шинжийг агуулаагүй ба 5 хоногийн дотор гэрээ байгуулж чадаагүй бол Засаг дарга даргаагийн компанитай гэрээ байгуулах эрхтэй. Тийм учраас мэдэгдэл нь заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт биш, энэ мэдэгдэл бол мэргэжлийн байгууллагаас гарсан шийдвэрийг дамжуулан өгч байгаа эрхийн акт юм. Тендерийн үнэлгээний хорооноос гарсан шийдвэрт Сангийн яаманд гомдол гаргасан гэрээг байгуулахгүй байх боломж байгаагүй юм. Яагаад гэвэл албан ёсоор түдгэлзүүлсэн шийдвэр ирээгүй, мэдэгдэл өгснөөс хойш хуулийн хугацаанд багтааж гэрээг хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Сангийн яамнаас бичиг ирсэн явдлыг буруутгах боломжгүй юм. Гэрээ байгуулсны дараа хуль ёсоор барилгын ажлын зөвшөөрлөө эхлүүлээд тендерийн үнэлгээний хорооны үндсэн шийдвэр нь Сангийн яамаар баталгаажиж ирсэн ба ийм нөхцөлд бид нар барилгын ажлыг зогсоох боломжгүй байсан. Мэдэгдлийг түдгэлзүүлсэн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинж нь алдагдсан шийдвэр байсан гэж би үзэж байгаа. Тухайн мэдэгдлийг түдгэлзүүлснээр барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлээгүй, гэрээг түдгэлзүүлээгүй, тендерийн үнэлгээний хорооны шийдвэр хүчин төгөлдөр байсан ба үүнийг түдгэлзүүлээгүй юм. Тийм учраас энэ барилгын ажлыг зогсоох боломжгүй гэсэн зөвлөгөөг үйлчлүүлэгчид өгч байсан. Ингээд 13-ны өдөр Засаг даргын Тамгын газраас бичиг ирсэн учраас ажлыг зогсоосон, үндсэн ажил дууссан учраас цэвэрлэгээний ажлаа хийж байгаа. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдлаас харахад, хэрэв нэхэмжлэлийг хангасан тохиолдолд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинж алдагдах юм. Тийм учраас шүүх энэ асуудлыг анхаарч үзээсэй гэж харж байна. Мөн нэхэмжлэлийг хангахаас татгалзах хэд хэдэн үндэслэл байгаа ба нэхэмжлэгч байгууллага “Агайн” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээнд туслан гүйцэтгэгч нь барилгын ажлын 10-аас доош хувийг гүйцэтгэгчээр заасан ба “Агайн” ХХК-ийн хийж гүйцэтгэх ажил нь сантехник, заслын ажил зэрэг 30-40 хувьд хүрэхээр байна. Энэ нь Тендерийн хуулийг зөрчсөн үйлдэл болсон байгаа. Сүүлийн 3 жилийн ажлын туршлага дээр үнэлгээний хороо зөв шийдвэр гаргаж дүгнэсэн. Тендерийг үнэлэхэд гол үндсэн 3 зүйлийг үндэслэл болгодог бөгөөд гэрээний үнэ нь хамгийн бага байвал хамгийн сайн тендерт тооцогддог. Тэгэхээр хамгийн бага үнийг “Ч-У ХХК” ХХК өгсөн, мөн ерөнхий инженерийн хувьд нэхэмжлэгч “К. ХХК-” ХХК-ийн ерөнхий инженерийн сүүлийн хоёр жил ажилласан гэх туршлага нь хүрээгүй, гуравдагч этгээдийн инженерийн туршлага нь нэхэмжлэгчээс арай илүү байсан. Гуравдугаарт, хийсэн ажлын туршлагын хувьд “Ч-У ХХК” ХХК тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналыг авсан гэж харж байгаа. Харин бусад жижиг алдаануудыг яривал эдгээр компаниудын аль алинд нь жижиг алдаанууд бий. Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрт нөлөөлөхөөр ноцтой алдаа “Ч-У ХХК” ХХК-иас гараагүй гэж харж байна. Хоёр компанид жижиг алдаанууд байгаа ба энэ нь тендерээс татгалзах, шалгаруулах боломжгүй гэсэн хэрэг биш юм. Иймээс “Клаассиксолюшн” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Тендерийн үнэлгээний хороо нь Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын БСШУСЯ/201801104 дугаартай ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалтыг анх 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр явуулж, “Ч-У ХХК” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцээгүй”, нэхэмжлэгч “К. ХХК-” ХХК-иас  ирүүлсэн тендерийг “шаардлагад нийцсэн” тендер гэж үзэн шалгаруулсан, улмаар “Ч-У ХХК” ХХК нь Сангийн Яаманд гомдол гаргаснаар Сангийн Яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/5244 дугаартай албан бичгийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дахин сонгон шалгаруулалт явуулж, “Ч-У ХХК” ХХК-ийн тендерийг   “шаардлагад нийцсэн” тендер гэж үзэн шалгаруулж, үүний дагуу захиалагч буюу аймгийн Засаг дарга “Ч-У ХХК” ХХК-ийн захиралтай барилгын ажлын гэрээ байгуулжээ.

Дээрх үйл баримтууд нь  хэрэгт авагдсан тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын хурлын тэмдэглэл[1], 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний хорооны тэмдэглэл[2], захиалагчийн “Ч-У ХХК” ХХК-д хүргүүлсэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1-01/790 дугаартай мэдэгдэл[3],  Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын албан бичиг[4], барилгын ажлын гэрээ[5] зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байгаа ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 5-д зааснаар зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд болон хэргийн оролцогчдын маргасан асуудалд тус тус дүгнэлт хийж,  нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

  1. Гуравдагч этгээд “Ч-У ХХК” ХХК-ийн тендерийг шалгаруулсан үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтийн  тухайд:

 Нэхэмжлэгч тал үнэлгээний хорооны 2 дахь шалгаруулалт буюу 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тендерт шалгаруулалтын үр дүнг эс зөвшөөрч үндэслэлээ  “ Үнэлгээний хороо нь “Ч-У ХХК” ХХК-ийн тендерийг анх “шаардлагад нийцээгүй” үзсэн мөртлөө дахин үнэлгээнд оруулж “шаардлагад нийцсэн” гэж  үзсэн нь хууль зөрчсөн, түншлэгч “Буянтын Боргио” компанийг төлөөлж тендерт оролцох  итгэмжлэл болон барилгын ажилд ашиглах өргөгч краны гэрчилгээг  тус тус ирүүлээгүй, түншлэгч  компани нь 2017 онд  73,9 сая төгрөгөөр алдагдалтай ажилласан, тусгай зөвшөөрлийн хавсралт болох гэрээг нотариатаар баталгаажуулахгүйгээр  тендерт ирүүлсэн, зохиогчийн төсвийг нэгдсэн өртгийн төсөвт тусгаагүй   зэрэг зөрчлүүд нь   захиалагчаас тогтоосон тендер шалгаруулалтад өгөгдөх хүснэгтэд заасан шаардлагуудыг хангаагүй” гэж тайлбарлан маргажээ.   

Төрийн болон орон нутгийн өмчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавх болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална”, 12.2 дах хэсэгт “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 12.3 дах хэсэгт “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”, хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т  “тендерийн бичиг баримт” гэж захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг “ гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтуудаар захиалагч нь  Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгүүлэх тендерт оролцогчдод зориулан тендерийн  бичиг баримтыг[6] боловсруулж, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтээр /цаашид ТШӨХ гэх/ тендер шалгаруулалтад тавигдах  нөхцөл, шаардлагуудыг тусгажээ.

Гуравдагч этгээд “Ч-У ХХК” ХХК-иас  ирүүлсэн тендер  нь захиалагчийн тогтоосон ТШӨХ-д заасан нөхцөл, шаардлагуудыг хангасан гэж шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт дараах байдлаар хууль бус байна. Үүнд:

 1.1. Хуулийн 16 дугаар зүйлийн  16.1.4-т “тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн жагсаалт”-ыг тухайн тендерт оролцогчийн техникийн чадавхийг үнэлэх  үзүүлэлтийн нэг  болгохоор хуульчилсан, хуулийн энэхүү заалтын  дагуу ТШӨХ-ийн ТОӨЗ 5.3 (е) хэсэгт “тендер оролцогч барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын жагсаалт ирүүлэх .... Өргөгч подъём-1ш” , Жич: машин, механизм, тоног төхөөрөмжийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана” гэжээ.

“Ч-У ХХК” ХХК-иас  өргөгч подъёмын гэрчилгээний хуулбар гэж ирүүлсэн хятад хэлээр бичигдсэн 1 хуудас бүхий баримт[7] нь уг машин механизмын гэрчилгээ биш, харин  өргөгч крантай холбогдолтой заавар  болох нь  хэрэгт авагдсан орчуулгаар[8] тогтоогдож байгаа бөгөөд үүнийг гэрчилгээний хуулбар гэж үзэх боломжгүйгээс гадна хятад хэлээр бичигдсэн баримт бичиг ирүүлсэн нь  ТОӨЗ 14.1-д заасан “тендерийн хэл нь Монгол хэл байна” гэснийг мөн зөрчсөн  гэж үзлээ.

1.2.Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны  17.2-т “Тендерийн үнэ нь ТОӨЗ-ны 1.1-д тодорхойлсон гэрээт ажлын нийт дүн өртгийг хамрах ба тендерт оролцогчийн үнэлж ирүүлсэн үе шатны ажлын хуваарьт үндэслэнэ” гэж  зааснаас үзвэл төсөвт өртгийн нэгдсэн  товчоонд уг ажлыг хийхэд шаардагдах  ажлын нийт дүн хамрах ёстой ба төсөвт өртгийн товчоонд заагдсан зураг төсөл зохиогчийн хяналтын зардалд төсөвлөсөн 9,448,104 төгрөгийг нэгдсэн товчоо буюу ажлын нийт өртөгт оруулаагүй  болох нь хэрэгт авагдсан “Ч-У ХХК” ХХК-ийн тендерт ирүүлсэн төсөвт өртгийн товчоо[9] болон төсөвт өртгийн нэгдсэн товчоонд[10] заасан дүнгээр батлагдаж байна.

Хариуцагч үнэлгээний хорооны даргаас шүүх хуралдаанд энэ талаар “зохиогчийн хяналтын зардлыг тухайн компани өөрөө хариуцахаар ажил гүйцэтгэх гэрээнд тусгасан“ гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан “Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гэрээ”-нд зохиогчийн хяналтын зардлын төсөв   тусгагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Түүнчлэн  барилгын ажлыг гүйцэтгэх календарчилсан төлөвлөгөөнд[11] нийт хийх 39 ажлыг нэрлэсэн, уг ажил тус бүрд ногдох хөдөлмөр зарцуулалт, хүн өдрийг тооцож гаргасан, үүний дагуу ажил үргэлжлэх хугацаа, хүний тоо, 2018 оны 6, 7, 8, 9 дүгээр саруудад ажиллах хуваарийг тус тус тогтоожээ.

            Эдгээр 39 төрлийн ажлын 1 дэх ажил буюу “газрын ажил”-д тусгагдсан  хүн, өдрийг тооцсон хөдөлмөр зарцуулалтад заасан 530.97 гэсэн тоон үзүүлэлт нь газрын ажлын цалингийн нэгтгэлд[12] задалж тооцсон “нийт хүн/цаг” тоон үзүүлэлттэй тохирч байгаа ба харин бусад “суурин ажил”-аас  “гадна төмөр торон хашааны ажил” хүртэлх ажлуудын / жагсаалтын 2-38/ хөдөлмөр зарцуулалтын тоо нь ажил тус бүрийн цалингийн нэгтгэлд тусгасан “нийт хүн/цаг” хэсэгт заасантай тохирохгүй зөрүүтэй байна.

            Иймээс дээрх байдлаар зураг төсөл зохиогчийн хяналтын зардалд төсөвлөсөн 9,448,104 төгрөг нь нэгдсэн  өртгийн товчоонд  тусгагдаагүй нь, мөн  гүйцэтгэх ажлын хуваарьт заасан хөдөлмөр зарцуулалтын хүн/өдрийн тоо нь цалингийн нэгтгэлд тусгагдсан хүн/цагтай тохирохгүй байгаа зэрэг нь санал болгож буй гэрээний ажлын нийт  үнийн дүнд нөлөөлж болзошгүй гэж үзэхээр байна.

            1.3. ТОӨЗ 5.2-т “ Тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэх” гэсэн шаардлагыг тавьжээ.

“Ч-У ХХК”ХХК-иас ирүүлсэн БУ17-868/16 дугаартай тусгай зөвшөөрлийн[13] бүрдэл хэсэг  болох “Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ”-г[14] нотариатаар баталгаажуулж ирүүлээгүй гэсэн нэхэмжлэгчийн маргаж байгаа нь үндэслэлтэй.

Тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй гэж тусгай зөвшөөрөлд заасан, “Ч-У ХХК”ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрээнд хэзээ олгосон талаар огноогүй, дугааргүй, тусгай зөвшөөрөлд компаний захирал Б.Мөнхсайхан гэсэн атлаа гэрээнд захирал М.Галбадрах гэж бичигдсэн, түүнчлэн уг гэрээнд  нотариатын баталгаажуулсан тэмдэг дарагдаагүй байх тул тусгай зөвшөөрлийг  шаардлага хангаж ирүүлсэн  гэж үзэх боломжгүй байна.

1.4.“Ч-У ХХК” ХХК-ийн түншлэгч компани болох “Буянтын Боргио” ХХК-ийн орлогын дэлгэрэнгүй тайлангийн[15] 22-т тайлангийн үеийн цэвэр ашиг (алдагдал) хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар (73883551) гэж тусгагдсанаас үзэхэд түншлэгч компани нь 2017 онд 73,883,511 төгрөгийн алдагдалтай ажилласан болох нь тогтоогдож байна.

Энэ нь ТОӨЗ 6.1-т “ түншлэлийн гишүүд дараах нэмэлт шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд: ТОӨЗ-ны холбогдох заалт”, ТОӨЗ 5.3 (е)-д “сүүлийн ТШӨХ-д дурдсан жилийн хугацаанд ашигтай ажилласан байх”, 5.1-д “Түншлэлийн гишүүн тус бүр 5.3 (е)-г хангасан байх ёстой” гэснийг зөрчиж алдагдалтай ажилласан түншлэгчтэй “Ч-У ХХК” компанийг шалгаруулсныг  хууль бус гэж дүгнэлээ.

1.5. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т  дэх хэсэгт “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус заасан.

Үнэлгээний хороо нь 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Ч-У ХХК” ХХК-ийн тендерийг  “шаардлагад нийцээгүй” гэж үнэлсэн, захиалагч нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн мэдэгдлээр уг компанийн тендерээс татгалзсан атлаа дахин үнэлгээнд оруулж шалгаруулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчжээ.

2.    Нэхэмжлэгч “К. ХХК-”ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцээгүй” гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэрийн тухайд:

Үнэлгээний хорооноос “К. ХХК-” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “ 2016, 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт байхгүй, ямар ажил хийсэн нь тодорхой бус, компанийн ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл үнийн дүнгээр дүйцэх ажил дээр 2 жил ажилласан туршлагатай байх шалгуурыг  хангаагүй”  гэх үндэслэлүүдээр  татгалзсан нь хууль бус байна.

2.1.  ТОӨЗ-ийн 5.2 (г)-д “Хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт  мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалт ирүүлэх шаардлагатай жилийн тоо” сүүлийн 3 жилээр гэсэн шалгуурыг тусгажээ.

Нэхэмжлэгч нь тендертээ сүүлийн 3 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлыг төслийн нэр, гүйцэтгэсэн ажлын төрөл, дууссан он, гэрээний үнэ бүрийг харуулж тендерийн хороонд хүргүүлсэн нь хэрэгт авагдсан “Сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн барилгын ажил”-аар[16] тогтоогдож байгаа ба ТШӨХ-ээр сүүлийн 3 жилд  хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг ирүүлэхээр шаардсан, үүнийг 2016, 2017 онуудад  ажил хийсэн байхыг шаардсан  гэж ойлгох боломжгүй, тухайн компани нь 2016, 2017 онуудад ажил хийгээгүй гэдгийг тайлбарласан болно.

Тендерийн бичиг баримтад заасан шаардлагын дагуу хийсэн ажлын жагсаалтыг ирүүлснийг шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

2.2.  ”К. ХХК-” ХХК-ийн ерөнхий инженер А.Сайран нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр ажилласан туршлагатай байх ТОӨЗ-ийн 5.3 (г)-д заасан шаардлагыг хангасан гэж шүүхээс дүгнэлээ.

 Учир нь, тэрээр  “К. ХХК-” ХХК-ийн сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн ажлууд болох 390,7 сая төгрөгийн өртөгтэй  Өлгий сумын 1 дүгээр бага сургуулийн спорт заалны барилгын ажлыг, 438,7 сая төгрөгийн өртөгтэй Өлгий сумын 12 дугаар багийн 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг, 438,7 сая төгрөгийн өртөгтэй Өлгий сумын 4 дүгээр багийн 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг тус тус хийлгэсэн нь, эдгээр ажлуудын нийт өртөг нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээр дүйцэх ажил болох нь хэрэгт авагдсан инженер техникийн ажилтны тодорхойлолт[17] буюу ерөнхий инженер А.Сайраны тодорхойлолтоор нотлогдож байна.

2.3.  Гуравдагч этгээд “Ч-У ХХК” ХХК-иас  “нэхэмжлэгчийн  тусгай зөвшөөрөл нь өндөр төвөгшилтэй барилга байгууламж барих шаардлагыг хангахгүй, энэ нь Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 194 дүгээр тушаалын хавсралтад заасныг зөрчсөн”  гэж маргасан боловч тендерийн бичиг баримтын ТОӨЗ 4.4(в)-д “Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: “тийм” БУАГТЗ 2.1.1, 2.1.2, 2.2.2 болон түүнээс дээш байж болно”  гэж захиалагчаас тогтоосон тусгай зөвшөөрлийн шаардлага болох “Барилга угсралт 2.1.2” заалтыг  хангасан нь хэрэгт авагдсан “К. ХХК-” ХХК-ийн Дугаар БУ12-982/14 дугаартай Тусгай зөвшөөрөл[18], Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 18/02/146 дугаартай тодорхойлолтоор[19] тус тус тогтоогджээ.

2.4. ТОӨЗ-ийн 5.2 (к)-д “Тендерт оролцогч туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох хувь хэмжээ гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувь байна” гэж заажээ.

“К. ХХК-” ХХК нь тендерийн үнийн саналыг 1.199.000.000 төгрөг гэж тендерийн бичиг баримтад заасан, туслан гүйцэтгэгч “Агайын” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр туслан гүйцэтгэгчийн гэрээ[20] байгуулсан, уг гэрээнд  ажлын хөлсийг  80 сая төгрөг  гэж тусгасан  нь ТОӨЗ-ийн дээрх шаардлагыг хангасан байх  тул  гуравдагч этгээдийн зүгээс  захиалагчаас тавьсан шаардлагыг зөрчсөн гэж маргасныг үндэслэлтэй  гэж дүгнэх боломжгүй байна.

2.5 Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Хуягбаатараас шүүх хуралдаанд маргаан бүхий захиргааны акт болох захиалагчийн 2018 ны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1-01/978 дугаар мэдэгдлийг захиргааны акт биш гэж маргасан боловч шүүгчийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 110/ШЗ2018/0291 дугаар захирамжаар уг мэдэгдэл нь захиргааны акт мөн эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр “Ч-У ХХК” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн” тендер гэж үзсэн үнэлгээний хорооны шийдвэр нь хууль бус ба Үнэлгээний хороо нь сонгон шалгаруулах үйл ажиллагаандаа хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан  “...өрсөлдөх тэгш боломжтой байх, ... хариуцлагатай байх”...  зарчмыг баримтлаагүй, үүний улмаас нэхэмжлэгчээс “шаардлагад нийцсэн” тендер ирүүлсний хувьд ажил гүйцэтгэх  эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул Үнэлгээний хорооны  2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтийг[21], уг дүгнэлтийг үндэслэн “Ч-У ХХК” ХХК-д хүргүүлсэн  захиалагчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1-01/978 дугаар  мэдэгдлийг, мөн аймгийн Засаг дарга болон “Ч-У ХХК” ХХК-ийн захирал Б.Мөнхсайхан нарын байгуулсан “Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гэрээ”-г тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын №БСШУСЯ/201801104 дугаартай  ажилд ирүүлсэн 2 компанийн тендерээс “К. ХХК-” ХХК-ийн тендер шаардлагад нийцсэн тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер  гэж үзэн, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар  “К. ХХК-” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагч буюу Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.4,  107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

            1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн  12.3, 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.7.4,  29 дүгээр зүйлийн 29.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К. ХХК-” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын №БСШУСЯ/201801104 дугаартай  ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны  2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтийг,   захиалагчийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1-01/978 дугаар  мэдэгдлийг, мөн аймгийн Засаг дарга болон “Ч-У ХХК” ХХК-ийн захирал Б.Мөнхсайхан нарын байгуулсан “Сагсай сумын 125 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлын гэрээ”-г тус тус хүчингүй болгож,  “К. ХХК-” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг   захиалагч буюу аймгийн Засаг даргад даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулан  улсын орлого болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 99-107 дугаар хуудас

[2] Хэргийн 70-77 дугаар хуудас

[3] Хэргийн 10 дугаар хуудас

[4] Хэргийн 15 дугаар хуудас

[5] Хэргийн 13-14 дүгээр хуудас

[6] Хэргийн 63-68 дугаар хуудас /2 дах хавтас/

[7] Хэргийн 15 дугаар хуудас /2 дах хавтас/

[8] Хэргийн 23-24 дүгээр хуудас /2 дах хавтас/

[9] Хэргийн 214 дүгээр хуудас

[10] Хэргийн 215 дугаар хуудас

[11] Хэргийн 216 дугаар хуудас

[12] Хэргийн 217 дугаар хуудас

[13] Хэргийн 202 дугаар хуудас

[14] Хэргийн 205-207 дугаар хуудас

[15] Хэргийн 212 дугаар хуудас

[16] Хэргийн 5 дугаар хуудас /2 дах хавтас/

[17] Хэргийн 8 дугаар хуудас /2 дах хавтас/

[18] Хэргийн 247 дугаар хуудас

[19] Хэргийн 249 дүгээр хуудас

[20] Хэргийн 12 дугаар хуудас /2 дах хавтас/

[21] Хэргийн 62 дугаар хуудас