Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 512

 

Ж.Одончимэгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/00047 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Одончимэг,

Хариуцагч М.Жаргалан-Энхэд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 30 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч М.Жаргалан-Энхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Одончимэг нь хариуцагч М.Жаргалан-Энхтэй 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлж зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамт 0.1 хувийн алданги төлөхөөр гэрээнд тусгасан бөгөөд хариуцагч М.Жаргалан-Энх нь 20 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулах үед нотариатчийн дэргэд хүлээн авсан. Гэвч зээлийн гэрээ дууссанаас хойш зээлдэгч нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд зээлийн төлбөрийг удахгүй төлнө боломж олгооч гэсээр өнөөдрийг хүрсэн тул хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөр 20 000 000 төгрөг, хүү 600 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 30 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Намайг 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нотариатчир очиход Ж.Одончимэг болон гэрчээр ирсэн залуу, н.Эрдэнэтулга нар хамт байсан. н.Эрдэнэтулга над руу залгаад иргэний үнэмлэхтэйгээ хүрээд ир гэж хэлсэн. Ингээд намайг очиход н.Эрдэнэтулга би хүнд ажил гүйцэтгэж өгөхөөр тохиролцоо хийхэд заавал нотариатаар гэрчлүүлж гэрээ байгуулна гээд байна. Надад иргэний үнэмлэх байхгүй, чи иргэний үнэмлэхтэй юм чинь гэрээ байгуулаад өг гэж хэлсэн. Би дараа нь асуудалгүй биздээ гэж асуухад ямар ч асуудалгүй бид хэлбэр төдий гэрээ байгуулж байгаа гэж хэлсэн. Гэтэл надад шүүхээс мэдэгдэх хуудас ирж асуудал үүссэн. Би Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст н.Эрдэнэтулгад холбогдуулж гомдол гаргасан. Одоогоор хариу ирсэн мэдэгдсэн зүйлгүй байна. Иргэний шүүхээс надад мэдэгдэл өгөөд 5 хоногийн дараа би гомдол гаргасан. н.Эрдэнэтулга гэж хүнтэй холбогдож чадахгүй байгаа бөгөөд, Ж.Одончимэгтэй холбогдож н.Эрдэнэтулгатай учраа ол гэж хэлэхэд би уулзсан гэж хэлсэн. Би эдгээр хүмүүсийг үгсэн хуйвалдсан гэж үзэж байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан хариуцагч М.Жаргалан-Энхээс 30 600 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Одончимэгт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Жаргалан-Энхээс 310 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Одончимэгт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Жаргалан-Энх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ж.Одончимэгтэй байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ нь огт биелэгдээгүй, анхнаасаа Ж.Одончимэг, н.Эрдэнэтулга нарын хооронд тохиролцсон өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн. Миний бие тухайн гэрээнд өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн оролцоогүй, гэрээний агуулага, гэрээнд оролцогчдын эрх, үүрэг хариуцлагын талаар ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Тийм ч учраас мөнгө хүлээлцсэн агуулга бүхий заалт гэрээнд байсныг иргэний хэрэг үүссэний дараа мэдсэн.

Тухайн үед нотариат дээр дуудагдаж очиж, гарын үсэг зурснаас бус гэрээг огт уншиж танилцаагүй, гэрээний нэг хувийг ч надад өгөөгүй. Тус гэрээний дагуу бэлэн мөнгө хүлээлцээгүй болохыг гэрээг баталсан нотариатч мэдэж байгаа. Ийм нөхцөл байдалд гэрээнд гарын үсэг зурсан, бэлэн мөнгө аваагүй гэдгийг нотариатч нотолно гэдгийг миний бие удаа дараа шүүхэд гаргасан тайлбартаа дурдаж, хүсэлт гаргаж байсан. Гэвч дээрх нөхцөл байдлыг тодоруулж, нотариатчийг гэрчээр асуулгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...хариуцагч зээлийн гэрээ байгуулсан болон 20 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй...” гэж дүгнээд, миний огт хүлээн аваагүй мөнгийг хүү, алдангийн хамт rapгуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Одончимэг хариуцагч М.Жаргалан-Энхэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “миний бие 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр М.Жаргалан-Энхтэй зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, 20 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн” гэснийг хариуцагч эс зөвшөөрч, “энэ зээлийн гэрээ надад хамааралгүй, миний бие мөнгийг аваагүй” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж.Одончимэг, хариуцагч М.Жаргалан-Энх нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ /хх 5/ болон энэ талаарх зохигчдын тайлбар, уг гэрээнд гарын үсэг зурснаа хариуцагч үгүйсгээгүй зэргээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар байгуулагдсан гэж үзнэ.

Хариуцагч М.Жаргалан-Энх нь зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Одончимэгээс хүлээн авсан нь мөнгийг бэлэн хүлээн авч, гарын үсэг зурж баталгаажуулсан уг гэрээний 5 дахь заалт болон гэрч Ц.Бямбадоржийн мэдүүлгээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэж үзэх тул зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг бодитоор хүлээж аваагүй гэх хариуцагч М.Жаргалан-Энхийн татгалзал, энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй болно.

Мөн гэрээг өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулаагүй гэх тайлбар татгалзлаа  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв болно.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр талуудын харилцан тохиролцсоны дагуу үндсэн зээлийг хүү, алдангийн хамт гаргуулахаар шаардах эрх зээлдэгчид Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар үүссэн тул шүүх хариуцагч М.Жаргалан-Энхээс үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 600 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 30 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Одончимэгт олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2017/00047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                                    ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ