| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00170/И |
| Дугаар | 00170 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 00170
| 2017 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2017/00170 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1969 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, бага боловсролтой, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багт оршин суух, РН69101461 дугаар регистртэй, Борнууд овогт Жамбалын Оюуны
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2016/01504/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Ж.Оюун нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Оюун шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр туслах малчнаар ажилд орж байсан. Тэгээд тус нэгдэлдээ тасралтгүй үргэлжлүүлэн үнээний фермд үхэр сааж байсан ба 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн жилүүдэд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна. Иймд намайг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Оюун нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Оюун Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ж.Оюуны 1986 оны 3 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн даргаас “... залуу малчдыг манлайлан ажиллаж ажлын өндөр амжилт гаргасан...амжилтыг өндрөөр үнэлж...” гэх бичилттэй 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн баярын бичиг, “...Мэнд сүрэгтэн болзолт уралдаанд 1 дүгээр байр эзэлсэн тул...эм хониор шагнасан...” гэх бичилттэй 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн мэндчилгээ, 1987 онд нэгдлийн гишүүдийн хамт авахуулсан гэрэл зураг, гэрч М.Долгорсүрэнгийн “...Ж.Оюун нь 1983 онд сургуулиас гараад өвөө, эмээ дээрээ хөдөө гарч Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн Мунгараг бригадад 1983 оны 10 дугаар сараас хойш 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл туслах малчин, саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Жаргалант амьдрал” нэгдэл тарсан юм... хөдөлмөрийн насанд хүрээд Шижээдагва гэдэг хүний фермд саальчнаар ажиллаж байсан... Би “Жаргалант амьдрал” нэгдэлд 1983 оны 01 сараас 1986 оныг дуустал саальчнаар ажиллаж байгаад 1987 оноос сумын төвд байсан... намайг сумын төвд ирэхэд Оюун нь бригаддаа ажиллаад үлдсэн... би хөдөө гарахаараа малын ажилтай байдаг байсан. Энэ үед Оюун нь ажиллаж л байсан. Тэгээд нэгдэл тараад бүх хүмүүс малаа хувьдаа авч байсан юм...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Нансалмаагийн “...Ж.Оюун нь Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1983 оны 09 сараас эхлэн 1991 оны 10 сар хүртэл саальчнаар... тасралтгүй ажиллаж байсан... сургуулиас гарсан хүүхэд туслах малчнаар эцэг, эхийн дэргэд ажилладаг байсан... 1985 оны 01 сараас саальчнаар ажилласан... Би “Жаргалант амьдрал” нэгдэлд 1981 оны 12 сараас 1991 оны 10 сар хүртэл саальчнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Ж.Оюуны ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Тус аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Ж.Оюунд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/614 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдсон тул хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борнууд овогт Жамбалын Оюуны Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА