| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00174/И |
| Дугаар | 00174 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 00174
| 2017 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2017/00174 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хорооллын 11 дүгээр байр, 80 тоотод оршин суух, РЖ58112012 дугаар регистртэй, эрэгтэй, Боржигин овогт Мөнхөөгийн Сармандахын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2017/00035/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Сармандах шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1958 онд төрсөн, ерөнхий боловсролын сургууль төгсөн, жолоочийн мэргэжил эзэмшин улмаар 1980 оны 8 сарын 01-нээс эхлэн Тээврийн яамны харъяа Шатахуун тээврийн 24 дүгээр авто баазад жолоочоор ажиллаж ирсэн. Өөрийн аавын эзэмшиж байсан ХӨ 39-22 дугаартай шахатуун тээгч, ачигч буулгагч, цэнэглэгч автомашиныг анх эзэмшиж 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд шатахуун зөөж, ачиж буулгаж ирсэн.
Шатахуун байнга ачиж, буулгаж ажиллаж ирсний улмаас харшил авсан, эрүүл мэндэд нөлөөлж байсан тул хэсэг хугацаанд ажлын нөхцлөө өөрчилж авто тээврийн 36 дугаар баазад жолоочоор ажилласан юм. Одоо тэтгэвэрт орох нас дөхсөн, мөн хортой нөхцөлд ажиллаж ирсэн зэрэг шалтгааны улмаас өөрийн ажилласан байдлаа тогтоолгох шаардлага гарч байна. Иймд миний Тээврийн яамны харъяа Шатахуун тээврийн 24 дүгээр авто баазад шахатуун тээгч, ачигч буулгагч, цэнэглэгч авто цистерний жолоочоор ажиллаж байсан байдлыг 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тогтоож өгнө үү. Энэ байгууллагад анх ажилд орсон болон гарсан тушаал байдаг бөгөөд ажлын нөхцлөө өөрчилж ажлаас гарсан тушаалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгнө. Учир нь миний хувийн хэргийн материал өөр аймагт байгаа бөгөөд түүнийг авч ирэхэд хугацаа орох юм. Мөн 24 дүгээр баазад надад нээсэн хөдөлмөрийн дэвтэр байсан боловч тэр үеийн боловсон хүчин дээр архивт байсан баримтууд устаж үгүй болсон байна гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1969 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 22 дугаар байрны 109 тоотод оршин суух, РЭ69071113 дугаар регистртэй, Барнууд овогт Цэвэгдоржийн Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Мөнхөөгийн Сармандах нь 1980 оны 8 дугаар сараас эхлэн Хөвсгөл аймгийн Хатгал хотын шатахуун тээврийн 24 дүгээр авто баазад автомашины жолооч, ачигч, буулгагчаар ажиллаж байсан байдаг. М.Сармандахын хувьд эцгийнхээ ХӨ 39-12 дугаартай автомашиныг эзэмшиж ажиллаж байгаад 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өөр авто баазад шилжсэн байгаа. Дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Дээрх хугацаанд ажиллаж байсан нь ажилд анх орсон тушаал, 1986 онд ажлаас халагдсан тушаал, цалин хөлсний баримтууд, гэрч Болд, Самбаллхүндэв нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа юм. Архиваас ажлаас халагдсан тушаал гарч ирээгүй боловч цалин тавьж олгосон хүснэгтийг нь хэрэгт гаргаж өгсөн. Цистерний жолоочийн ажил нь ачаагаа ачаад буулгадаг, бусдын автомашиныг шатахуунаар цэнэглэдэг ажилтай байсан юм билээ.
Иймд М.Сармандахын Тээврийн яамны харъяа авто тээврийн 24 дүгээр баазад 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд шахатуун ачигч буулгагч, цэнэглэгч авто цистерний жолоочоор ажиллаж байсан байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
М.Сармандах нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч М.Сармандах Тээврийн яамны харъяа авто тээврийн 24 дүгээр баазад 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд шахатуун ачигч буулгагч, цэнэглэгч авто цистерний жолоочоор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Тээврийн яамны харъяа авто тээврийн 24 дүгээр авто баазын даргын 1980 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “1. Мөнхөө овогтой Сармандахыг 1980 оны 8 сарын 01-нээс эхлэн жолоочоор томилон эцэг Мөнхөөгийн эзэмшиж байсан ЗИЛ-130 маркын хө 39-22 номерийн автомашиныг эзэмшүүлсүгэй...” гэх бичилттэй “Ажилд авах тухай” №139 дугаартай тушаал, 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “...1. Мөнхөө овогтой Сармандахын ажлын нөхцлөө өөрчлөн авто тээврийн 36 дугаар баазад шилжин ажиллах болсон тул 1986 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ачих буулгах цэнэглэгч цистерний жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлөх тухай” №189 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.Сармандахын ажиллаж байхдаа авч байсан шатахууны зам хоногийн цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдөр далайн тээвэр эхлээгүй байхад авахуулсан гэрэл зураг, гэрч Ч.Самбаллхүндэвийн “...М.Сармандах нь 1980 оны 7, 8 сарын үед Хатгалын 24-р баазад жолоочоор ажилд орсон. 1986 оныг дуустал ажиллаад шилжсэн. Энэ хугацаанд ЗИЛ-130 маркын цистер машин барьж байсан. Цистерний жолооч бол шатахуун тээвэрлэнэ, шатахуун ачиж буулгах зэрэг ажил хийнэ. Аав нь хүүдээ тэргээ өгөөд, өөрөө өөр тэрэг хүлээн авч байсан юм. Цистерин машинаар бензин шатахуун тээвэрлэж Завхан луу зөөдөг байсан. Усан порход өвөлдөө зогсохоор Дарханаас бензин тээвэрлэдэг байсан... 1980 оноос 1986 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан, 1986 оноос хойш Их-Уул сумын баазад ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Болдоогийн “...Би 1985 оны 6 сард цэргээс халагдаж ирээд Хатгал хотын шатахуун тээврийн 24 дүгээр баазад селасериар ажилд орсон. Намайг ажилд ороход М.Сармандах нь тус газарт шатахуун тээврийн цистерний жолоочоор ажилладаг байсан. ЗИЛ-130 маркын цистерин машин барьдаг байсан. Би 1986 оны 2 дугаар сар хүртэл ажилласан. Энэ хугацаанд бид хамт ажиллаж байсан... Намайг ажилд ороход л ажилладаг байсан. Яг хэдэн жил ажиллаж байсан талаар нь мэдэхгүй байна. 1986 оны 02 сараас би 24 дүгээр баазаас гараад Мөрөн сумын 19 дүгээр баазад ачаа тээврийн жолооч, гачегараар ажилласан. 19 дүгээр баазад жолооч байхдаа М.Сармандахтай Дархан, Улаанбаатар чиглэлд тээвэрт явж тааралддаг байсан. Энэ үед М.Сармандах нь цистеринтэйгээ л байсан. М.Сармандах 24 дүгээр баазад 1987 он хүртэл ажиллаад тэгээд Их-Уул суманд шилжиж байсан... Хамт ажиллаж байхад бол тасралтгүй л ажиллаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
М.Сармандахын ажилд орсон тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Тус аймгийн Хатгал хотын Авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1986 оны тушаал шүүж үзэхэд М.Сармандахыг чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/48 тоот тодорхойлолтоор нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Мөнхөөгийн Сармандахын Тээврийн яамны харъяа авто тээврийн 24 дүгээр баазад 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд шахатуун ачигч буулгагч, цэнэглэгч авто цистерний жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА