Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 534

 

 

 

 

 

 

 

 

2020         07        03                                   2020/ШЦТ/534

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч С.Солонго /томилолтоор/,

Шүүгдэгч М.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Ад холбогдох эрүүгийн 2011000000489 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Нөмрөг овгийн М.А, 1985 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан, сэтгэл судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, дүү болон хамтран амьдрагчийн хамтаар Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ХД-ийн 1-24 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:............../

 

Шүүгдэгч М.А нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо, Дунд тасганы 46а тоотод байрлах өөрийн гэртээ Б.Лхамгаравтай найз залуугийн цээжийг майжлаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний үснээс гараараа зулгааж, нүүр, нуруу, хэвлий хэсэгт цохиж, биед нь хөмсөг, хамарт зулгаралтын нөсөө, зовхи, бугалганд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч М.Агаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-34-35х/ “...Лхамгаравын биед учирсан “хөмсөг, хамарт, зулгаралтын нөсөө, зовхи, бугалганд цус хуралт, нуруунд зулгаралт” зэрэг гэмтлүүдийг би Лхамгаравтай үсдэлцэж байхдаа учруулсан байх...” гэх мэдүүлэг.

 

 Хохирогч Б.Лхамгарав мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-5-7х/ “...Ш.Мөнхбаттай 2017 оны 07 дугаар сард танилцаж байсан ба тэр цагаас өнөөдрийг хүртэл хугацаанд үерхэж, нэг нэгнийхээ гэрээр орж гардаг, хонодог болсон. Ш.Мөнхбат нь анх танилцаад удаагүй байхдаа өөр нэг эмэгтэйтэй байсан ба би тэрийг нь мэдчихээд салъя гэхэд салж байгаа, намайг уучлаарай гэж байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Ш.Мөнхбат нь өмнөх найз эмэгтэйгээсээ харьцаагаа тасдаагүй байгаа бөгөөд уг асуудлаас болж бид хоёр байнга маргалдаж зөрчилддөг. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ш.Мөнхбат бид хоёр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Дотоод хэргийн их сургуулийн хажууд байх нагац ахынх нь гэрт байхдаа маргалдсан. Шалтгаан нь би түүнийг хоёр эмэгтэйн голд яваад байгаад уур хүрээд бухимдаад чамайг харахаар дургүй хүрээд байна гэж хэлчихээд гараад явчихсан. Тухайн өдрөө би өөрийнхөө гэрт ирж хоносон. 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн орчимд найз Дэлгэрхосын гэрт нь хамт байсан ба түүнтэй тус бүр 3 лааз пиво уугаад бага зэрэг согтчихсон ба Ш.Мөнхбатын утас руу нь залгахад түүний нөгөө найз эмэгтэй болох Анхтуяа гэгч нь утсыг нь авсан. Би Ш.Мөнхбаттай утсаар яръя гэтэл чи завтай бол манайд хүрээд ир, гурвуулаа ярилцъя гээд дуудсан. Ингээд би найз Дэлгэрхостой хамт Анхтуяагийн гэр рүү явж байхад манай найз Нарантуяа залгахаар нь би дуудаад хамт явсан. Орой 20 цагийн орчимд би хоёр найзынхаа хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Монголын үндэсний телевизийн зүүн талын гэр хороололд оршин суух, Анхтуяагийн гэрт очсон. Тухайн үед Мөнхбат, Анхтуяа нар нь мөн л архи үнэртүүлчихсэн согтуу байсан. Би Мөнхбатад хандаж чи энд юу хийж байгаа юм гээд уурлатал Мөнхбат надад хандаж би гэртээ байна, чи гараад зайл гичий минь гээд салаавч өгсөн. Тэгтэл намайг цохих гээд зангахаар нь би түүний цээж рүү нь хойш нь түлхсэн. Тэгтэл дахиад над руу ойртохоор нь би түүнийг зайл гэж хэлээд цээж нүцгэн байхад нь цээж хэсгийг нь самардчихсан юм. Энэ үед Анхтуяа уурлаад чи муу миний нөхрийг самарддаг хэн бэ гичий минь гэж хэлээд намайг үсдэж дарж байгаад дээрээс нүүрэн тус газарт цохиж, цээж хэвлий хэсэг рүү өшиглөж зодсон. Энэ үед манай найз Дэлгэрхос салгасан. Тухайн үед би үсдэж даруулаад даруулаад зодуулаад өндийхөд миний зүүн нүд хавдчихсан, хамар самардуулчихсан байсан. Би тэр хоёрт хандаж одоо та хоёртой дахиж хэзээ ч орооцолдохгүй гэж хэлээд гэрээс нь явсан ...би ч тухайн үед зодуулсан асуудалдаа гайгүй байлгүй гээд цагдаад ч хандаагүй орхичихсон юм. Тэгтэл маргааш өглөө нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө миний зүүн нүд хөхөрчихсөн, янгинаад өвдөөд байхаар нь би Мөнхбат руу залгаад миний нүд хөхрөөд хавдчихсан, өвдөөд байна гэтэл цаанаас нь тэр Анхтуяа нь өгдөг газраа өг гичий минь гээд орилоод байхаар нь би цагдаад хандсан юм ...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Нарантуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-14-15х/ “...тэр хоёр хоорондоо үсдэлцээд л нэгнийгээ цохиод байсан. Лхамгарав туранхай, туниа муутай эмэгтэй, Анхтуяа нь түүний хажууд биеэрхүү эмэгтэй байсан учраас арай илүүрхээд зодчих шиг болсон ...Лхамгарав үсдэлцсэнээс биш цохиж чадаагүй байх ...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ш.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-8-10х/ “...энэ үед Анхтуяа, Лхамгарав хоёр хоорондоо үсдэлцээд зууралцаад эхэлсэн. Тэр хоёр барагцаагаар 3,4 минут үсдэлцсэн ба тэднийг Нараа, Дээгий болон гэрт байсан Анхтуяагийн төрсөн дүү Анхжаргал нар салгах гэж харагдсан ...Лхамгарав над руу дайраад миний цээж хүзүү хэсгийг самардчихсан. Харин би түүнийг зодож цохисон зүй л байхгүй. Анхтуяа тэр хоёр хоорондоо үсдэлцээд л байсан ...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч М.А мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...би мэдэхгүй байна. Манай гэрээс зүгээр л гарсан ...Бид хоёр хоорондоо 2, 3 минут үсдэлцэж зулгаалцсан ...” гэх мэдүүлэг /хх-12-13х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №5020 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-23-24х/ “Б.Лхамгаравын биед хөмсөг, хамарт зулгаралтын нөсөө, зовхи, бугалганд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамааарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч М.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.А нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо, Дунд тасганы 46а тоотод байрлах өөрийн гэртээ Б.Лхамгаравтай найз залуугийн цээжийг майжлаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний үснээс гараараа зулгааж, нүүр, нуруу, хэвлий хэсэгт цохиж, биед нь хөмсөг, хамарт зулгаралтын нөсөө, зовхи, бугалганд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Агаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Лхамгарав нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч М.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.А нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.