Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 561

 

 

 

 

 

 

 

 

2020         07        09                                    2020/ШЦТ/561

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч И.Ариунсанаа,

Шүүгдэгч Г.Г /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн 2011010750692 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овгийн Г.Г, 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, хувиараа авто засварын газар ажиллуулдаг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 08 дугаар гудамж 32 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:.............................................../.

 

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 08-32 тоот хашаанд иргэн Я.Эрдэнэбилэгийг орж ирэхэд нь толгой руу духаараа мөргөж, газар унахад нь бие рүү нь өшиглөж, хувцаснаас татаж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Г.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-30-31х/ “...манай хашаанд Эрдэнэбилэг гэх эрэгтэй хон орж ирээд цахилгааны шийтний орчим юм хайгаад байгаа юм шиг яваад байхаар нь би түүнийг хашаанаас гар гэж хэлтэл Эрдэнэбилэг өөдөөс уурлаад би өөрийнхөө юмыг авах гээд явж байна гээд байхаар нь би хашаанд дураараа орж ирлээ гэж уур хүрээд уг хүн дээр очиж түүнийг хашаанаасаа гаргах гээд хувцаснаас нь татаж зулгаасан чинь Эрдэнэбилэг өөдөөс эсэргүүцээд гарахгүй гэхээр нь уурандаа түүнийг чирж газар унагаасан ...Би Эрдэнэбилэгийг газар унагааж түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг.

 

 Хохирогч Я.Эрдэнэбилэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-13х/ “...2020 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн орчим өөрийн түрээслэн ажиллуулдаг “Багахангай” цайны газрынхаа арын залгаа хашаа руу хуучин цахилгааны утсаа авахаар орсон юм. Намайг орох үед уг хашааны гүйдэг дааман хаалга хагас онгорхой байдалтай байсан. Манайх хавар цахилгааны утсаа сольсон бөгөөд тухайн үед газар хөлдүү байсан болохоор хуучин утсаа авч чадаагүй болохоор тухайн үед газар гэссэн байсан тул утсаа газраас нь ухаж авах гэж байсан юм. Намайг хашаа руу орох үед уг хашааны баруун хойд талд 20-30 орчим метр зайд хоёр хүн машины хажууд зогсоод юм хийж байсан. Намайг орох үед нэг нь “хөөе яах гэж байгаа юм бэ” гэхээр нь би түүнд цахилгааны кабель утсаа авъя” гэж хэлээд уг хашааны зүүн урд хэсэгт байх цахилгааны шилний орчим утсаа газраас салгаж авах гээд оролдож байтал нэг залуу нь гүйж ирээд шууд миний хувцаснаас заамдаж аваад толгой руу духаараа мөргөж унагасан. Би дөрвөн хөллөөд хэвтэж байхад миний бие рүү араас 2-3 удаа өшиглөсөн. Намайг босоод иртэл дахин хувцаснаас заамдаж аваад татаж унагасан. Энэ үед хашаа руу харсан үсчинийн цонхоор хүмүүс хараад хажуугийн цонхоор нь манай эхнэр Ганцэцэг хараад байж байсан. Гэтэл хажуугаас уг залуутай хамт байсан нэг залуу нь хүрч ирээд “Одоо болно оо Ганбаяр аа” гээд түүнийг надаас салгасан. Тэгэхээр нь би хашаанаас гарч цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ш.Отгонжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-21х/ “...Арай залуу эрэгтэй хүн унасан эрэгтэйг хэл амаар доромжлоод хоёр гараараа доороо байгаа хүнийг хувцаснаас нь зулгаачихсан хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан ...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №5904 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-23-24х/ “Я.Эрдэнэбилэгийн биед тархи доргилт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой”  гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Г.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-33х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-48х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 08-32 тоот хашаанд иргэн Я.Эрдэнэбилэгийг орж ирэхэд нь толгой руу духаараа мөргөж, газар унахад нь бие рүү нь өшиглөж, хувцаснаас татаж унаган тархи доргилт, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч Я.Эрдэнэбилэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 60.000 төгрөг /хх-55х/-ийг хүлээн авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Иймд шүүгдэгч Г.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Гаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.