Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 131/2017/00861/и |
Дугаар | 001/ХТ2018/01140 |
Огноо | 2018-09-11 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2018/01140
С.Дгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШШ2018/00092 дугаар шийдвэр,
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаар магадлалтай,
С.Дгийн нэхэмжлэлтэй
Б А-ийн БО С-ын ЭМТд холбогдох
Б А-ийн БО С-ын ЭМТийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4 330 561 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч С.Отгонжаргалын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч С.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч С.Дгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын эмнэлэгт галчаар тасралтгүй 20 жил ажилласан. Ажиллаж байх хуацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. Дарга намайг ажлаас халсан тушаал болон өөр бусад зүйлийг бичгээр надад огт өгөөгүй.Тушаалаа авъя гэхээр гэрээгээр учраас тушаал өгөхгүй гэж хэлээд өгөхгүй юм. Тушаалаа авах гэж олон удаа очсон, өгөхгүй байна. Иймд намайг Б А-ийн БО С-ын ЭМТийн галчийн ажилд буцаан тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 4.330.561 төгрөг нөхөн гаргуулах, 2017 оны 02 дугаар сараас эхлэн шүүхийн шийдвэр гарах үе хүртэл нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч С.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Би 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш төрийн байгууллагад ажиллаж байна. 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр эмнэлэг дээр шинжилгээ өг гэж дуудсан. Тэгээд аймгийн Засаг дарга өргөдлөө өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би өргөдлөө өгчихөөд ажилдаа ирэхэд миний оронд хүн авсан байсан.Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх, 3 сарын ажилгүй байсан хугацааны цалин 1 300 701 төгрөг гаргуулах, амралтын мөнгө 600 000 төгрөг нийт 1 900 701 төгрөг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч С.Отгонжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Тус Б А-ийн БО С-ын ЭМТд галчаар ажиллаж байсан С.Д нь өвлийн улиралд гэрээгээр ажилладаг гэрээт ажилтан юм. С.Д нь ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлэхгүй, хэл амаар доромжилдог, байнга хамт олонтойгоо маргадаг, хамтран ажиллахад бэрхшээлтэй ажилтан байсан. 2016 онд С.Дг ажиллаж байх хугацаанд Эрүүл мэнд,спортын сайд.Сангийн сайдын 2015 оны 498/346 тоот хамтарсан Сум тосгоны Б А-ийн БО С-ын ЭМТийн санхүүжилтийн аргачлал тушаал гарсан. Уг тушаалаар Эрүүл мэндийн яамнаас санхүүгийн мэргэжилтэн ирж бүх сумын Б А-ийн БО С-ын ЭМТийн дарга, нягтлан бодогч нарт хичээл зааж, галчийг гэрээгээр ажиллуулж амралтын мөнгө олгохгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй гэсэн зааварчлага өгсөн гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч С.Отгонжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Галч нарын цалин үндсэн ажилчдын цалингаас тусдаа бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал гэж орж ирдэг. 2016 оны төсөв дээр 12 600 000 төгрөг байсан. 2017 оны төсөвт 7 200 000 төгрөг болж буурж ирсэн. Нэхэмжлэгч тохироод энэ мөнгийг авсан. Гэрээ нь дуусаад өөр хүн ажилд авсан чинь нэхэмжлэгч ийм зүйл ярьж байна. 2017 оны 9 дүгээр сард манай байгууллага галлагаандаа урсгал засвар хийсэн. Гэрээ нь дууссан гэрээт ажилтан учраас би тушаал гаргахгүй. Амралтын мөнгийг өгөх боломжгүй гэжээ.
Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШШ2018/00092 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар нэхэмжлэгч С.Дгийн Б А-ийн БО С-ын ЭМТийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 4 330 567 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 131/ШШ2018/00092 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар нэхэмжлэгч С.Дгийн Б А-ийн БО С-ын ЭМТийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4 330 561 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.. гэснийг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Самбуугийн С.Дг Б А-ийн БО С-ын ЭМТд галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1.300.701 төгрөгийг Б А-ийн БО С-ын ЭМТөөс гаргуулж, С.Дд олгож, цалинд илүү нэхэмжилсэн 3 029 860 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Б А-ийн БО С-ын ЭМТд даалгасугай... гэж өөрчилж, 2 дугаар заалтын “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Дгээс улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай...” гэсэн хэсгийг хасч хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар С.Дгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж, С.Дд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч С.Отгонжаргал хяналтын гомдолдоо: Магадлалд гомдол гаргаж байна. 1. Эрүүл мэнд спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 498/346 тоот “Сум тосгоны Б А-ийн БО С-ын ЭМТийн санхүүжилтийн аргачлал” тушаалын 3 дугаар хавсралтын сум тосгоны Б А-ийн БО С-ын ЭМТийн орон тооны жишигт галчийн орон тоо батлагдаагүй. Мөн энэ тушаал гарснаас хойш 2017 оны төсвийн хуваарьт бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээг үндсэн ажилтнаар биш гэрээт ажилтнаар ажиллах чиглэл өгсөн иймд С.Дтэй хөдөлмөрийн гэрээ бус зөвхөн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллах шаардлагатай болсон. Иймд үндсэн ажилтны адилаар хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажилд орсон тушаал гаргах эрх эмнэлгийн эрхлэгчид байхгүй байтал үндсэн ажилтан адилаар Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гараж байгаа нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 147 дүгээр тогтоолын 1-ийн 4 дэх хэсэгт төсвийн байгууллагын хэдийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй харуул хамгаалалт, халаалт дулаан зэрэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 233 тоот тогтоолын хавсралтын 4 дүгээр хэсгийн 4.2.1-д эмнэлэг, сургууль зэрэг төсвийн газрын халаалтын зуухны галчийг гэрээгээр ажиллуулах гэсэн шийдвэрийг хэрэгжүүлж ажилласны төлөө буруутан болж байгаад гомдолтой байна. 3. Б А-ийн БО С-ын ЭМТийн галч нь жил бүрийн 10 дугаар сараас 4 дүгээр сар хүртэл хугацаанд гэрээгээр ажилладаг гэрээт ажилтан юм. 1997 оны 10 дугаар сарын 01-нд Баян-Овоо сумын Хүн эмнэлэгт галчийн ажилд орж 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр галчийн ажлаас чөлөөлөгдөн дахиж тушаалаар ажилд аваагүй гэрээгээр ажиллаж байсан гэрээт ажилтан С.Дг Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үндсэн ажилтан гэж үзэн хөдөлмөрийн маргааныг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хамгийн сүүлд С.Дтэй 2016 оны 10 дугаар сарын 01-ээс 2017 оны 5 дугаар сарын 01 хүртэл хугацаанд Б А-ийн БО С-ын ЭМТийн нам даралтын зууханд галлагаа хийхээр гэрээ байгуулан ажиллаж байхад Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 498/346 тоот “Сум тосгоны Б А-ийн БО С-ын ЭМТийн санхүүжилтийн аргачлал” тушаалыг Эрүүл мэндийн яам баримтлан 2017 оны 1 дүгээр сард галч нарын цалин төсөвт бууран орж ирсэн. Үүний дагуу 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 05 дугаар сар хүртэл галч нартай дахин гэрээ байгуулан ажиллаж гэрээний хугацаа дууссан. Анх гэрээ байгуулахдаа гэрээний хугацааг танилцуулж, галч нар түүнийг зөвшөөрч гарын үсгээ зурж нэг хувийг иргэнд өгсөн. 2017 оны 10 дугаар сарын 1-нд эмнэлгийн галалгаа эхлэх болж С.Дтэй гэрээ байгуулахаар дуудахад ирээгүй. Иймд өөр иргэнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. 4. Ажил гүйцэтгэх гэрээгээр түр ажиллаж байсан С.Дд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т заасны дагуу Нийгмийн даатгалын шимтгэл болон ажлаас халагдсаны тэтгэмж олгох ямарч боломжгүй байгаа тул шүүхийн шийдвэр хууль бус байна. /Санхүүгийн баримтын шалгалтаар акт тавьдаг/ Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.
С.Д нь Б А-ийн БО С-ын ЭМТд холбогдуулан галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4 330 561 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс нэхэмжлэлийн талаар хуульд нийцсэн дүгнэлтийг хийж чадаагүй тул магадлалыг хүчингүй болгоно.
С.Д нь 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс Б А-ийн БО С-ын ЭМТд галчаар /машинист/ ажиллаж эхэлсэн боловч тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2009 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14 тоот тушаалаар улирлын чанартай ажил эрхэлдэг тул хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан машинист нарыг ажлаас нь чөлөөлсөн, улмаар жил бүр гэрээ байгуулан ажиллаж ирсэн баримт хэрэгт авагджээ. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх-6,23,52/
Гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг дурдсан, гэрээг “хөдөлмөрийн гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч жилийн 8 сард нь буюу 9 сараас 5 сар хүртэл хугацаанд цэцэрлэгийн уурын зууханд галлагаа хийх, хариуцагч нь хөлсийг ТҮ-1-5 шатлалын цалингийн хэмжээгээр тогтоосон талуудын тохиролцоо нь ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх агуулгатай, хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч нь 2009 оноос хойш жил бүр гэрээ байгуулан ажиллаж байсан, үүний төлөө хөлс авч байсан байх ба галч нарыг гэрээгээр ажиллуулах, хөлсийг ТҮ-8 шатлалын цалингийн жишгээр тогтоох талаар Эрүүл мэндийн яамнаас зөвлөсөн, Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 498/346 тоот Сум, тосгоны Б А-ийн БО С-ын ЭМТийн санхүүжилтийн аргачлал тушаал зэрэг баримтууд хэрэгт авагдсан, эдгээр баримтыг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу дүгнэж чадаагүй байв.
Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болдог байна. Талуудын байгуулсан гэрээ 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон, С.Д нь 2017 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын 10-ныг хүртэл галлагааг хийсэн боловч талууд гэрээ байгуулаагүй, өмнөх гэрээ дуусгавар болсон тул гэрээг үргэлжилсэн гэж үзэх боломжгүй юм. Аливаа гэрээг талууд сайн дурын үндсэн дээр, харилцан тохирч байгуулдаг тул гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй болно.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШШ2018/00092 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА