| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00187/И |
| Дугаар | 00187 |
| Огноо | 2017-01-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 00187
| 2017 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 155/ШШ2017/00187 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүгч Г.Даваахүү, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод 1965 онд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 18-12 тоотод оршин суух, УЮ65041418 дугаар регистртэй, Хар адуутан овогт Жамсрангийн Болдбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1975 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багт оршин суух, РД75062018 дугаар регистртэй, Барнууд овогт Лхагважавын Баатаржалбууд холбогдох
Гэм хорын улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2016/01325/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, иргэдийн төлөөлөгч М.Одмаа, нэхэмжлэгч Ж.Болдбаатар, түүний өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хариуцагч Л.Баатаржалбуу, түүний өмгөөлөгч Н.Бүрэнчимэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын “Бор дэрстэй” гэх газарт хоёр дахь жилдээ хүнсний ногоо тарьж байна. 2016 онд тус газартай 12.000 ширхэг байцаа тарьсан байсан. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр би Мөрөнгийн төвд орж ирсэн ба ногооны талбайгаа хажуу талын айлын хүнд захиж үлдээсэн. Гэтэл маргааш нь үдээс өмнө 11 цагийн орчимд Магнайбаярын ногооны талбай руу мал орсон гэх хэл чимээг дуулаад түүнтэй хамт хөдөө гарсан. Ногооны талбайд яваад очиход манай ногооны талбай руу хонь, ямаа ороод зарим нь цадталаа идээд хэвтэж байсан. Магнайбаярын ногооны талбай руу Очирбат гэх хүний мал орсон байсныг тууж гаргасан байсан. Би ногооны талбайгаа хашиж хамгаалсан, урд тал нь бүрэн банзан хашаатай, зүүн тал, хойд тал нь торон хашаатай байгаа. Гэтэл зүүн талын голын эрэг талаас мал орсон байсан. Бид санд мэнд малыг ногооны талбайгаас хөөж гаргасан. Тэгээд урд дэнж дээр байдаг Очирбат гэдэг айлынд очоод ногооны талбайд хэний мал орсон юм бэ гэж асуухад манай мал ороогүй, Магнайбаярын ногооны талбай руу орсон байсныг бид хөөж гаргасан гэж хэлсэн. Гэтэл тэр мал Баатаржалбуугийнх байсныг мэдээд тэднийд очиход хонио хяргаад сууж байсан. Бид болсон үйл явдлыг хэлэхэд Баатаржалбуу манай мал биш гэж уурлаад бид хэл амаа ололцоогүй учир явсан. Тухайн үед талбай руу орсон малыг эзэнд өөрийн биеэр хүлээлгэж өгөөгүй юм. Баатаржалбуугийн мал мөн байсан ч тэрээр манай мал биш гээд байна. Би орой нь Баатаржалбуугийнд очиж ногооны талбайг хараарай гэж хэлсэн боловч ургац хурааж дуустал надтай ирж уулзаагүй. Би Цагдаагийн газарт өргөдөл өгсөн ч шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг амаар өгсөн. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үедээ Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас мэргэжлийн хүмүүсийг дуудаж дүгнэлт гаргуулахад 7.950 ширхэг байцаа болон бусад тарьсан ногоог идэж сүйтгэсэн байсан, тэр үеийн зургийг гар утсаар авсан байсан боловч устсан байна. Би байцаанаас өөр төрлийн ногооны хохирлыг тооцоогүй. Тэр хавийн ногооны талбай, хашааг Баатаржалбуугийн мал сүйтгэж байдаг, хүмүүс бүгд мэддэг ч төвөгшөөгөөд дуугуй байдаг байх. Хохирол учирсан байцааны үнэлгээ тогтоосон шинжээчийн үнэлгээг зөвшөөрч байна. Манай ногооны талбай руу орж сүйтгэсэн мал Л.Баатаржалбуугийнх мөн учир түүнээс хохирол 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Болдбаатарын ногооны талбай руу 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Л.Баатаржалбуугийн хонь, ямаа орж нийт 7.950 ширхэг байцаа болон бусад төрлийн ногоог идэж сүйтгэсэн байсан. Энэ тухай Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн боловч амаар хариу өгсөн. Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас мэргэжлийн бүрэлдэхүүнтэй комисс ирж дүгнэлт гаргасан байдаг. Мөн Л.Баатаржалбуу нь Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг зөрчиж газар тариалангийн бүс нутагт буусан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Баатаржалбуу шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр манайх зусландаа гарсан. Ногооны талбайгаас 500м орчим зайтай. Энэ зусланд 20 гаруй жил бууж байна. 2016 оны 6 дугаар сарын 22-ны өглөө эрт эхнэр бид хоёр малынхаа сүүг Мөрөнгийн төвд оруулж зарахаар явахад Төмөрбулаг сумаас нүүж ирсэн айлын ямаа нь Ж.Болдбаатарын ногооны талбайд орсон байсныг хоёр хүүхэд туугаад явж байсан. Сүүгээ зарчихаад эргэж ирээд, эхнэр бид хоёр хонио хяргаад сууж байтал Ж.Болдбаатар нь үдээс хойш манай гэрт ирээд танай мал манай ногооны талбайд орсон, 10.000.000 төгрөгийн ногоо идсэн байна, одоо тохиръё гэж хэлсэн. Би манай мал ороогүй, Төмөрбулаг сумаас нүүж ирсэн айлын мал орсон байсан гэж хэлэхэд тийшээ явсан. Орой нь дахиж ирээд ногооны талбай үзээрэй гэж хэлсэн. Нэгэнт манай мал ороогүй учир надад очиж үзэх шаардлага байгаагүй. Ногооны талбайд орсон малыг манай эхнэр угтаж очоод тууж авсан гэж худлаа ярьсан байсан. Манай хонь, ямаа Ж.Болдбаатарын ногооны талбайд нь орох ямар ч боломж байхгүй. Учир нь ногооны талбайн доод хэсгээр орвол Ж.Болбаатарын ногоог биш өөр хоёр айлын ногоог идэх байсан. Хэрэв дээд хэсгээр орвол Магнайбаярын ногооны талбайд орох ёстой байсан. Болдбаатарын талбай Магнайбаярын ногооны талбай хоёр дундуураа ямар нэг зааг байхгүй. Тэгээд доод, дээд айл нь ногоо идсэн гэж ярихгүй байхад Ж.Болдбаатар л хэл ам хийгээд байгааг ойлгохгүй байна. Дээд, доод айл нь ногоогоо хураагаад явсан, Болдбаатар ч мөн ногоогоо хурааж дууссан. Түүнчлэн ногооны талбай нь хашаа хамгаалалт муутай байдаг. Манай мал зусланд гараад хоёр л хонож байсан. Тэр үедээ хонь малыг бариад уячихсан байсан бол манай мал мөн биш гэж маргахгүй байсан шүү дээ. Тэгээд зун нь чимээгүй байж байснаа өвөлжөөнд буусны дараа шүүхэд өгсөн байсан. Манай мал ногооны талбайд орох боломжгүй тул Болдбаатарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Болдбаатарын ногооны талбайд тарьсан байцааг Л.Баатаржалбуугийн хонь, ямаа орж сүйтгэн хохирол учруулсан гэж байна. Гэвч тэрээр Л.Баатаржалбуугийн мал орж сүйтгэсэн болохыг нотлож чадахгүй, мэдүүлэг өгсөн гэрч нар эх сурвалжаа зааж чадахгүй байна. Газар тариалангийн бүс нутагт буусан нь хууль зөрчсөн байна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байгаа ч энэ нь айлын ногоог идсэн гэх үндэслэл болохгүй. Ногоо тарьж байсан Ж.Болдбаатар нь ногооны талбайн хамгаалалтыг сайн хийгээгүй, тухайн өдөр талбайг харж байсан хүн хариуцлагагүй байснаас болж мал орсон гэж үзэж байна. Иймд Л.Баатаржалбуугийн буруутай үйлдлээс болж хохирол учирсан нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Болдбаатар нь хариуцагч Л.Баатаржалбууд холбогдуулан гэм хорын улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Л.Баатаржалбуу ногооны талбайд малаа оруулсны улмаас 7.950 ширхэг байцааг идэж устгасан тул хохирол 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулж авна, хариуцагч нь ногооны талбайд манай мал ороогүй учир хохирлыг төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ж.Болдбаатарын ногооны талбай руу мал орж тарьсан байцааг идэж устган хохирол учруулсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тухайн газар дээр очиж үзлэг хийсэн дүгнэлт, Мөрөн сумын мэргэжилтнүүдийн хуралдсан хурлын протокол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Г.Очирбатын “...2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Болдбаатар гуайн ногоо тарьдаг талбай руу мал орсон байсан. Ямар хэмжээнд сүйтгэснийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Цэрмаагийн “...8.000 орчим байцааг идэж сүйтгэж устгасан байсан. Байцаа тарьсан хэсэг рүү орсон байсан. Байцааны гол хэсгийг идсэн, заримыг нь ишгүй болгоод хар газар болсон байсан. Мөрөн сумаас ирсэн хүмүүс зургийг нь аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнхбаярын “...Мөрөнгөөс ирээд ногооны талбай дээрээ ирэхэд манай цаад талын хэсэгт буюу Болдбаатарын ногооны газарт мал орчихсон идээшилж байсан. ...байцаа тарьсан хэсгийн ихэнхийг идсэн байсан...” гэх мэдүүлэг, хөрөнгө үнэлсэн тухай тайлан зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Харин хариуцагч Л.Баатаржалбуу малаа хариулгагүй орхисны улмаас Ж.Болдбаатарын ногооны талбайд тарьсан 7.950 ширхэг байцааг идэж устган 5.000.000 /таван сая/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдохгүй байна.
Учир нь Ж.Болдбаатарын шүүх хуралдаанд гаргасан “...Бид тухайн үед талбай руу орсон малыг эзэнд нь өөрийн биеэр хүлээлгэж өгөөгүй...” гэх тайлбар, гэрч Д.Цэрмаагийн “...Малыг гаргаад туухад цувраад гол дагаад уруудсан...Очирбат гэдэг айлын хонь юм уу гээд очиход...манай хонь биш, Баатаржалбуугийн хонь гэж заасан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнхбаярын “...Ногооны талбайгаас малыг гаргаж хэний мал байна гээд туугаад явсан. Би Болдбаатарын эхнэртэй нь туугаад явсан. Тэгтэл Баатаржалбуугийн эхнэр нь ирж малаа авсан...” гэх мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй, мөн гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй болно.
Иймд Л.Баатаржалбуугаас байцааны хохирол 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай Ж.Болдбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн дараахь нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: ногооны талбайн схем зураг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 62 дугаар тогтоолын хуулбар зэрэг баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, хэрэгт хамааралгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Л.Баатаржалбуугаас гэм хорын улмаас эд хөрөнгөд учирсан хохирол 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай Ж.Болдбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА