Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2017/00022/И |
Дугаар | 146/ШШ2017/00038 |
Огноо | 2017-01-30 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 146/ШШ2017/00038
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Мойлт 3-5 тоотод оршин суух, Боржигон овгийн Төмөрбаатарын Отгонбаатарт холбогдох 73.000 төгрөг гаргуулахыг хүссэн Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Дэнж 6-11 тоотод оршин суух, Хар Жамъян овгийн Батсүхийн Долгормаагийн нэхэмжлэлтэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Долгормаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Т.Отгонбаатартай хуучны танилууд бөгөөд 2015 оны 02 сард Отгонбаатар нь надаас 73.000 төгрөг зээлж удаахгүй өгөхөөр тохиролцсон боловч хугацаандаа мөнгөө өгөхгүй байсаар өдийг хүргэсэн учир үнэнийг тогтоож уг мөнгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Т.Отгонбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Би Долгормаа гэдэг хүнээс бичиг баримтаа тавьж 50.000 төгрөгийн хүнс бараа авсан. Хүү нь өсөөд 73.000 төгрөг болсон. Би одоогоор ажилгүй байгаа. 2017 оны 02 дугаар сарын 20-нд энэ 73.000 төгрөгийг өгөх боломжтой байна...” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Долгормаа нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Отгонбаатар нь 2015 оны 02 дугаар сард 73.000 төгрөгийн хүнс авсан. Барьцаанд нь бичиг баримтаа үлдээсэн нь үнэн. Би ямар ч хүү бодоогүй тухайн үедээ яг 73.000 төгрөгийн бараа авсан юм. Уг мөнгийн Отгонбаатарын санал болгосон 2017 оны 02 дугаар сарын 20-ны дотор авах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Долгормаа нь хариуцагч Т.Отгонбаатараас 73.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Т.Отгонбаатар нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг
тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Долгормаагийн нэхэмжлэлийн шаардлага 73. 000 төгрөг /далан гурван мянган төгрөг/-ийг хариуцагч Т.Отгонбаатар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг хүлээн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Отгонбаатараас 2280, орон нутгийн төсвийн орлогоос 2280 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө.Цэвээндуламд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА