| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0181/Э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0181/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Г.Мөнхболд,
Шинжээч Т.Төгөлдөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг,
Шүүгдэгч Б.М, Б.М, О.Д нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, Б.М, О.Д нарт холбогдох 1939....... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.М, Б.М, О.Д
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 08 дугаар сарын 02-ноос 06-ны хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 11-11а тоотод байрлах иргэн П.Цгийн гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж нийт 1.682.700 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 08 дугаар сарын 15-наас 16-ны хооронд хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 16-11 тоотод байх иргэн Ц.Агийн гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлж нийт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Б.Мтэй бүлэглэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 09-08 тоот хашааны гадна иргэн С.Дтэй марган улмаар түүний нүүрэн тус газарт цохих, өшиглөх зэргээр зодож С.Дийн эрүүл мэндэд үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун хацар, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Б.Мтай бүлэглэн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 09-08 тоот хашааны гадна иргэн С.Дтэй марган улмаар түүний нүүрэн тус газарт цохих, өшиглөх зэргээр зодож С.Дийн эрүүл мэндэд үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун хацар, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Д нь 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 09-08 тоот хашааны гадна иргэн Б.Мтэй марган улмаар түүний нүүрэн тус газарт цохиж Б.Мгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 08 дугаар сарын 02-ноос 06-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 11-11а тоотод байрлах иргэн П.Цгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.682.700 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 08 дугаар сарын 15-наас 16-ны хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 16-11 тоотод байх иргэн Ц.Агийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.М, Б.М нар бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 09-08 тоот хашааны гадна иргэн С.Дийг зодож үүдэн баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун хацар, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Д нь 2019 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 09-08 тоот хашааны гадна иргэн Б.Мг зодож хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч П.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг баг руу ургийн баярт яваад 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 11-11а тоотоод байх гэртээ ирэхэд 1 давхар байшингийн маань зүүн болон урд талын салхивч онгорхой байсан. Тэгээд хулгайч орсон байна гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс 40 инчийн самсунг маркийн 2015 онд 1.280.000 төгрөгөөр авч байсан зурагт 1 ширхэг, 1.6, 1.3 грамтай Турк улсад үйлдвэрлэсэн монетон гинж 2 ширхэг, ... монгол хийцийн мөнгөн ээмэг 1 хос, сувдтай мөнгөн ээмэг 1 хос, циркон шигтгээтэй мөнгөн ээмэг кулоны хамт, тус бүр 50 см урттай мөнгөн гинж 3 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, ойролцоогоор 18 кг орчим жинтэй үхрийн гуя, 4 кг орчим хонины цул мах, хонины үстэй өвчүү, хул эрээн цэцэгтэй орны нимгэн бүтээлэг 1 ширхэг, бэлнээр 200.000 төгрөг алдагдсан байсан... хулгайд алдагдсан эд зүйлсээ хохирлоо барагдуулж авмаар байна... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 12-14 тал/
Хохирогч П.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... би настай хүн тул гэртээ анх хулгай орсон байна гэж сонсоод юу алга болсон талаар эд зүйлсээ бүртгэх гэхээр байгаа эд зүйлс нь энэ л байна гэж бодсон. Манай охин Баттуяа бол гэрт байгаа зүйлсийг яг сайн мэдэхгүй, алга болсон зүйлсийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлэг өгөхдөө дутуу мэдүүлсэн байна лээ. Тэгээд дараа нь шалгаж үзэхэд манай гэрээс 40 инчийн самсунг маркийн 2015 онд 1.280.000 төгрөгөөр авч байсан зурагт 1 ширхэг, 1.6 ,1.3 граммтай Турк улсад үйлдвэрлэсэн монетон гинж 2 ширхэг, Монгол хийцийн мөнгөн ээмэг 1 хос, сувдтай мөнгөн ээмэг 1 хос, циркон шигтгээтэй мөнгөн ээмэг кулоны хамт, тус бүр 50 см урттай мөнгөн чинж 3 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн гинж 1 ширхэг, ойролцоогоор 18 кг орчим жинтэй үхрийн гуя, 4 кг орчим хонины цул мах, хонины үстэй өвчүү, хул эрээн цэцэгтэй орны нимгэн бүтээлэг 1 ширхэг, бэлнээр 200.000 төгрөг алдагдсан байсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 17-18 тал/
2. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №2019.085 дугаартай: “...
1. Шинжилгээнд ирүүлсэн 2, 3 дугаартай гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй, 1 дугаартай гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцэх 1 дугаартай гарын мөр нь Б.Мын зүүн гарын ядам хуруугаар үүсгэгдсэн мөр байна... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 28 тал/
3. Шинжээж Т.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... би эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Х.Мөнхнасангийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээч томилсон тогтоолыг үндэслэн гарын мөрний адилтгалын шинжилгээ хийсэн. Шинжилгээнд ирүүлсэн дугтуйтай гарын мөрийг задлахад дугтуйн дотор 3 ширхэг гарын мөр байсан. Папилон санд кодлон оруулахад 1 дугаартай гарын мөр нь Б.М-н зүүн гарын ядам хурууны дардастай тохирч байсан. Энэ нь тухайн хэргийн газраас ирүүлсэн гарын мөр нь Б.М-н зүүн гарын ядам хуруугаар үүсгэгдсэн гэсэн дүгнэлт өгөх үндэс болсон... хүний гарын хээ нь өөр хүний гарын хээтэй давхцах боломжгүй юм... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 тал/
4. Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №ХЦ1927 дугаартай хулгайд алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг 1.482.700 /нэг сая дөрвөн зуун наян хоёр мянга долоон зуу/ төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1-р хх-ийн 36-37 тал/
5. Хохирогч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 16-11 тоотод эхнэрийн хамт оршин суудаг бөгөөд би 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр эхнэр Ренцинхандын хамт хөдөө мал байдаг газар болох Хэрлэн сумын 8 дугаар баг Тахилгат тосгоны Маш мухар гэх газар луу явсан. Тэгээд намайг хөдөө гэрт байж байхад 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр миний төрсөн дүү Ц.Сүхээ нь манай хөдөө гэрээс 5-6 орчим км зайтай байдаг Шархүү гэх айлынх руу утсаар холбогдоод манай гэрт хулгай орсон байна гэсэн тухай хэл дуулгасан байсныг Шархүү надад ирж хэлсэн юм. Учир нь манай хөдөө гэр байдаг газар сүлжээ байдаггүй юм. Тэгэхээр нь би тэр өдөртөө эхнэрийн хамт аймгийн төв рүү гарсан. Тэгээд амйгийн төв дээр ирээд Ц.Сүхээтэй уулзахад Ц.Сүхээ нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр манай дүү манай хашаанд байдаг нохойг маань хооллосон юм байна лээ. Тэгэхэд бол манай байшингийн цонх хаалга нь эвдэрсэн зүйлгүй зүгээр байсан гэж байсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мөн хашаанд байсан нохой хооллох гээд ортол цонхыг маань хагалсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм байна лээ. Эхнэр бид хоёр гэртээ ороод алдагдсан эд зүйл байна уу гэж бүртгэж үзэхэд дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 5 ширхэг, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, их гарын гуулин шармал аяга 1 ширхэг, хуучин 3 үе дамжсан бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, ширхэг нийт 8 ширхэг мөнгөн аяга, мөн нэрийг нь мэдэхгүй 8-9 см өндөртэй гуулин бурхан 1 ширхэг тус тус алдагдсан байсан. Алдагдсан мөнгөн аягануудаас шинэ цагийн дунд 1 гарын 5 ширхэг мөнгөн аяганы 2 ширхэг аяга нь “ах Ц.А-д дурсгав” гэсэн бичигтэй, 1 ширхэг аяга нь “эгч Рэнцэнхандад дурсгав” гэсэн бичигтэй, мөн их гарын 1 ширхэг мөнгөн аяга нь гадна талдаа “ах Ц.Ад дурсгав” гэсэн бичигтэй бусад аяганууд нь огт бичиггүй аяга байгаа... Бид нар цагдаагийн газар ирж мэдүүлэг өгсөний дараа гэртээ очиж гэр доторх эд зүйлээ эмхэлж цэгцэлж байх үед гэр дотор байсан сервант дотроос хүүгийн маань түрийвч, бичиг баримт, бэлэн 150.000 төгрөг нь байж байсан. Сервант дотор юман доогуур хийсэн байсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 69-70 тал/
6. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний алабаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №2019.092 дугаартай: “...
1. Шинжилгээнд ирүүлсэн 2 дугаартай гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй, 1 дугаартай гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцэх 1 дугаартай гарын мөр нь Б.Мын зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн мөр байна... ” гэсэн дүгнэлт /1- р хх-ийн 85 тал/
7. Шинжээч Т.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч М.Эрхэмбаатарын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шинжээч томилох тогтоолыг үндэслэн гарын мөрний адилтгалын шинжилгээ хийсэн. Шинжилгээнд ирүүлсэн дугтуйтай гарын мөрийг задлахад дугтуйн дотор 2 ширхэг гарын мөр байсныг папилон санд кодлон оруулахад 1 дугаартай гарын мөр нь Б.М-н зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байсан. Энэ нь тухайн хэргийн газраас илрүүлсэн гарын мөр Б.М-н зүүн гарын дунд хуруугаар үүсгэгдсэн гэсэн дүгнэлт өгөх үндэс болсон.. хүний гарын хээ нь өөр хүний гарын хээтэй давхцах боломжгүй юм... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 89-90 тал/
8. Шинжээч Т.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 11-11а тоотд хулгай орсон гэх дуудлагын дагуу очиж мөрдөгч, цагдаагийн дэслэгч Номинтунгалагийн хамтаар хэргийн газрын үзлэг хийсэн. Үзлэг хийх явцад уг хулгай орсон гэх байшингийн зүүн талын вакум цонхны гадна талын хүрээн дээрээс гарын хурууны таталцсан мөрнүүд илэрсэн ба уг мөрнүүд шинжилгээнд тэнцэхгүйг мэдэж байсан учир бэхжүүлж аваагүй, харин шинжилгээнд тэнцэхүйц 2 ширхэг гарын мөрийг сажа нунтаг ашиглан илрүүлж наалттууз ажиглан бэхжүүлж авсан. Уг цонхны гадна хэсгээс илрүүлсэн гарын 2 ширхэг мөр нь дотроос гадагш чиглэлтэйгээр үүссэн байсан. Энэ мөр нь тухайн этгээд дотроос гадагш гарахдаа тухайн мөрийг үүсгэсэн байх боломжтой байгаа юм. Мөн үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийх явцад уг байшингийн урд талын зүүн талын онгорхой цонхны орчингоос гарын мөр илрүүлэхээр үзлэг хийхэд цонхны хүрээн дээрээс алганы мөр илрэхэд нь бэхжүүлж авсан. Хэргийн газрын үзлэгээр өөр илрүүлсэн ул мөр байхгүй тул хэргийн газрын үзлэгийг дуусгасан... Би уг хэрэгт мэргэжилтнээр оролцохдоо эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Эрхэмбаатарын хамтаар үзлэг хийсэн. Хэргийн газар дээр очиход уг байшингийн урд талын хамгийн зүүн талын вакум цонх хагархай, хамгийн баруун талын вакум цонхны дээд талд байх салхивч нь онгорхой байсан тул тухайн хулгай орсон этгээд нь уг цонхнуудаар орж гарсан байж болзошгүй гэж үзүэж би цонхны орчимоос гарын мөр илрүүлэхээр үзлэг хийхэд баруун талын онгорхой цонхны хүрээн дээрээс сажа нунтаг ашиглан гарын мөр илрүүлж наалттуузаар бэхжүүлж авсан. Мөн үзлэгийн явцад онгорхой цонхны орчмоос үзлэг хийхэд ул мөр илрээгүй, харин хагарсан цонхны хэлтэрхий болон үлдэгдэл дээрээс гарын мөр илрэх эсэхийг үзэхэд хагарсан хэсгүүд дээр гарын хурууны таталцсан мөрнүүд байсан ба уг мөрнүүд шинжилгээнд тэнцэхгүйг мэдэж байсан учир би бэхжүүлж аваагүй, харин үзлэгээр тэнцэхүйц 1 ширхэг гарын мөр илрэхэд нь бэхжүүлж авсан юм. Би энэ хоёр хэргээс илэрсэн гарын мөрийг харьцуулах шинжилгээ хийхээр гарын мөрний АДИС паплион санд оруулан хайлт хийхэд Б.М гэдэг хүний гарын дардастай тохирч байсан. Би энэ хэргийн талаар дүгнэлтийг хугацаанд гаргаж өгсөн... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 91-92 тал/
9. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №241 дугаартай: “... иргэн Ц.Агийн байшингаас хулгайд алдагдсан эд зүйлсийн нийт үнэлгээг 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тогтоов... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 95-96 тал/
10. Хохирогч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 12 дугаар сарын 28-ны орой Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хишиг бааранд орж ганцаараа 3 лааз пиво уусан. Ингээд би Хишиг баарны гаднаас такси бариад явж байгаад Мөнх-Эрдэнэ ах руу залгасан чинь ах нь Хэрлэн сумын 5 дугаар багт Тулга бааранд байна хүрээд ирээ гэхээр нь такситайгаа Тулга баарны гадаа очоод Мөнх-Эрдэнэ ахыг авахад Мөнх-Эрдэнэ ах өөрөөсөө гадна нэг ах дагуулж ирээд машинд суусан. Би эзэнт гүрэн ресторан хүртэл таксины жолоочийн хажууд сууж явсан юм. Ингээд Мөнх-Эрдэнэ ахтай цуг явсан ах Эзэнт гүрнээс эхнэрээ авна гээд Хэрлэн сумын 3 дугаар багт Эзэнт гүрэн рестораны гадаа ирэхэд би арын суудалд сууж тэр эгчийг урд талын өөрийнхөө сууж байсан суудалд суулгасан. Ингээд бид нар Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 6 дугаар эгнээнд Шинэ-Өглөө дэлгүүрийн эгнээнд айлын гадаа очоод Мөнх-Эрдэнэ ах айл руу орсон. Энэ хойгуур нь надтай ард сууж байсан ах намайг гараараа нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. Намайг зүгээр байхад л гэнэт цохиод эхэлсэн. Тэгээд Мөнх-Эрдэнэ ах гарч ирээд бид хоёрыг салгаад арын суудалд наймайг зодсон ах бид хоёрын дунд орж ирээд суусан. Тэгээд би намайг хүргээд өгчих гээд Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг 09-08 тоот руу таксины жолоочоо явуулсан. Тэгээд би замдаа ах М руу утсаар яриад ахаа намайг нэг хүн зодоод байна. Би машинтай цуг гэрийнхээ гадаа очиж байна гэсэн. Ингээд гэриийн гадаа очиж такси зогсоход М ах гэрээсээ гараад ирсэн байсан. Ингээд намайг машинаас буух гэхэд намайг зодсон ах намайг гараараа үсдээд байсан. Тэр үед М ах маань яагаад байгаа юм бэ гээд намайг үсдээд байсан ахыг машинаас татаж буулгаж ирсэн. Тэгтэл М ахыг нөгөө ах гараараа цохиж байсан. Тэгээд М ахтай зууралдаад авсан. Тэгээд би нөгөө ахтай хоорондоо харилцан гараараа цохилдож зодолдсон. Аймар агсан ах байсан. Тэр ах намайг зодож миний баруун нүд хөхөрч хавдсан, зүүн нүдний зовхины доод хэсэгт бага зэрэг шалбарч, үсний хуйх хөндүүр болсон байсан. Намайг зодсон ахыг Д гэдэг юм байна лээ. Би сүүлд нь цагдаад шалгуулж байхдаа нэрийг нь мэдэж авсан. Би Д гэдэг хүнд зодуулсандаа гомдолтой байна... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 130-131 тал/
11. Хохирогч С.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 12 дугаар сарын 28-ны орой Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Тулга бааранд хуурай дүү Мөнх-Эрдэний хамт Жоншт шатахуун түгээх станцийн шинэ жилийн арга хэмжээнд оролцсон. Ингээд би оройхон хуурай дүү Мөнх-Эрдэний хамт баарнаас гарсан. Тэгээд Мөнх-Эрдэний таньдаг гэх дүү нь такси бариад баарны гадна ирсэн байсан. Ингээд би Мөнх-Эрдэний хамт такситай нь эхнэр Пүрэвдоржийг ажил дээрээс нь авахаар болж Эзэнт гүрэн рестораны гадаа очсон. Ингээд манай эхнэр ажлаасаа гарч ирсэн. Тэгээд эхнэр арын суудалд суусан байх гэж бодож байна. Тухайн үед би архиг пиво уусан болохоор нилээн согтуу байсан. Зарим үйл явдлыг санахгүй, заим үйл явдлыг муу санаж байна. Ингээд Эзэнт гүрнээс хөдлөөд сангийн аж ахуйд нэг айлын гадна очоод намайг машинаас чирж буулгаад балбасан. Хэдэн талаас балбасан. Тийм л юм болсон... Манай эхнэр Пүрэвдорж, таксины жолооч, манай дүү Мөнх-Эрдэнэ нар байсан. Мөн намайг зодсон Мөнх-Эрдэний дүү гэх залуу, мөн тэр хашаанаас нь гарч ирсэн 2 хүн зодсон. Би тэр хүмүүст зодуулснаас болж миний үүдэн баруун дээд талын 1-р шүд хөдөлсөн, мөн баруун, зүүн хацар гэмтсэн. Мөн цээжээр хөндүүр болсон байна. Тэр хүмүүс намайг газар унагаагаад хөлөөрөө өшиглөсөн. Намайг зодуулж байхыг надтай хамт явсан хүмүүс мэднэ. Би тэр залуучуудыг зодсон асуудал байхгүй... Би эмчилгээний зардал нэхэмжилнэ. Би шүдээ эмчлүүлнэ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 134-135 тал/
12. Гэрч С.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... манай нөхөр Д нь манай ажлын гадаа такси бариад ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад очсон чинь нөхөр маань таксины жолоочоос гадна хоёр танихгүй залуутай цуг машинд сууж байсан. Тэгээд би нөхөрөө хүргэж өгөх санаатай тэр таксинд нь суугаад хамт явсан. Тухайн үед таксин дотор арын суудал дээр нөхөр маань хамт ирсэн М гэх залуутай хэрэлдэж маргалдаад байсан. Тэр үед М нь өөрийн гар утсаараа ар руугаа яриад намайг зодоод байна аллаа гэж бахираад байсан. Тэгээд би тэр таксины залууд хандан: эхлээд энэ М гэх залууг гэрт нь хүргээд өгье гэж хэлээд гэр лүү нь явсан. Тэгээд гэрийнх нь гадаа ирсэн чинь Мгийн ах нь гээд 2 залуу гэрээс гарч ирээд манай нөхрийг таксины хаалгаар чирч буулгаад М, М нар манай нөхрийг зодсон. Тухайн үед таксинд сууж явсан нөгөө залуу нь болон гэрээс гарч ирсэн Мгийн ах нь гэх бас нэг залуучууд салгах гээд байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... Толгой тархи нь хавдаж шүд нь хугарсан байна. Тэр Мгийн ах нь гээд М гэх залуу манай нөхрийг машинаас гаргаж ирээд тэр 2 нийлж байгаад зодсон... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 136 тал/
13. Шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 9-8 тоотод эхнэрийн хамтаар оршин суудаг юм. 2019 оны 12 дугаар сарын 29-ний шөнө гэртэ унтаж байхад манай дүү М 01 цаг 46 минутад над руу залгаад: таксинд суугаад явж байхад нэг ах намайг зодоод нүд амыг маань хөх болгочихлоо тэгээд ална гээд явуулахгүй байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай гэрийн гадаа дүү маань тэр машинтайгаа хүрээд ирсэн. Тэгээд би гэрээсээ гарч очоод машины хаалгыг онгойлгоход нэг хөгшин ах манай дүү Мг боогоод байж байхаар нь би тэр хүнийг та яагаад дүүг маань боогоод байгаа юм бэ гээд машинаас татаж буулгасан. Тэгсэн машинаас гараад тэр хүн манай дүү Мг дахиж заамдаад байхаар нь би салгаад дүүгээ өөрийнхөө гэр лүү аваад орж гэрийнхээ хаалгыг түгжсэн чинь тэр согтуу ах эхнэртэйгээ манай гэрийн хаалгыг татсаар байгаад орж ирээд хэрүүл маргаан үүсгээд манай гэрийн баганыг агсам тавьж татаж хугалахаар нь гар гээд хөөж гаргасан. Тэгээд тэр ах гэрээс гараад миний машины хажууд байсан тогоо руу 2 удаа бүдэрч унасан. Тэр ах их согтуу байсан учраас тэрэнгүүр унаж босоод л яваад байсан. Миний хувьд тэр хүнийг зодсон цохисон асуудал байхгүй... ” гэсэн мэдүүлэг /1- р хх-ийн 137 тал/
14. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №36 дугаартай: “...
1. С.Дийн биед үүдэн баруун дээд 1-р шүдний булгарал, баруун хацар, баруун нүдний доод зовхинд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 146 тал/
15. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №35 дугаартай: “...
1. Б.Мгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй... “ гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 151 тал/
16. Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна... Тэгээд Д ах бид хоёр машинаас буугаад машины хажууд зодолдсон. Би Д ахыг ганц хоёр удаа гараараа нүүр рүү нь цохисон. Д ах бас миний нүүрэнд 2, 3 удаа цохисон. Тэр үед жолооч бид хоёрыг салгасан. Тэр үед мөн Мөнх-Эрдэнэ ах бас нөгөө айлаас гарч ирж салгалцсан. Тэгээд бид хоёрыг машинд суулгасан. Мөнх-Эрдэнэ ах Д ах бид хоёрын дундуур орж ирээд суусан. Анх уулзахдаа Д ахыг таньдаггүй байсан. Сүүлд хэрэгт шалгагдах үеэс нэрийг нь мэдэх болсон юм. Тэгээд би гэртээ харъя гээд жолоочид нь гэрээ зааж өгөөд гэр рүүгээ явж байхдаа өөрийн ах Баатарын М руу утсаар залгаж намайг энд нэг ах машин дотор зодоод байна гэж хэлсэн. Тэгээд манай гэрийн гадаа буюу сариг 09-08 тоот хашааны гадаа очиход машинаас намайг буух гэхэд Д ах намайг үсдэж аваад үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгээд би гарыг нь тавиулаад машинаас буусан. Тэр үед М ах намайг Д ахад үсдүүлсэн байхыг машины хаалга онгойлгож хараад яагаад хүүхэд үсдээд байгаа юм бэ гэж байсан. Тэгээд би машинаас буугаад Д ахыг машинаас татаж буулгасан. Тэгтэл Д ах М ахыг гараараа цохисон. Тэгээд М ахтай зууралдсан. Тэр үед манай ах Жаргал, мөн эхнэр нь гарч ирээд бид нарыг салгасан. Ингээд М ах гэртээ ороод гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжсэн байсан. Тэгэхэд Д ах гэрийн хаалгыг өшиглөөд угз татаж орсон. Тэгээд М ахад гэрт орж агсам тавьж байгаад гэрийн зүүн баганаас татаж хугалсан. Би Д ахад цохиулсанаас болж миний нүүр хавдсан. Би Д гэдэг хүнийг зодож биед нь гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 173-174 тал/
17. Шүүгдэгч С.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна... Тэгээд гэнэт нэг залуу машины хаалгыг онгойлгосон. Тэгээд намайг машинд байхад цохиод, нөгөө М гэдэг залуу намайг машинаас татаад буулгахад нь би газар унасан. Тэгээд М хашаанаас гарч ирсэн өндөр залуугийн хамт намайг газар байхад гараараа цохиж, хөлөөрөө ээлжилж өшиглөсөн. Тэр хоёр хоёулаа л намайг зодож байсан. Тэгээд би зодуулж байхдаа эхнэртээ чи цагдаа дууд гэсэн чинь эхнэр цагдаа дуудах гэж байх шиг байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Цагдаа ирэх үеэр тэр хоёр гэр лүүгээ зугтаагаад орсон. Тэгэхээр нь араас нь очиж гэрийн хаалгыг түгжсэн байхаар нь түгжээг нь мулт татаж гэрт нь орсон. Тэгэхэд цагдаа миний араас орж ирсэн... Би Мг намайг машинаас татаж буулгах үеэр нь нүүр лүү нь цохисон байх гэж бодож байна... Би Мгийн биед гэмтэл учруулсан асуудлааа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 175 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Б.Мын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан, шүүгдэгч Б.М, Б.М нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч С.Дийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Б.Мын бусдын эд хөрөнгийн хулгайлсан гэмт хэргийн улмаас хохирогч П.Цд 1.682.700 төгрөгийн, хохирогч Ц.Ад 1.400.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байгаа тул шүүгдэгч Б.Маас 1.682.700 төгрөгийг гаргуулж хохирогч П.Цд, 1.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ад олгох, шүүгдэгч Б.М, Б.М нарын бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч С.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлээгүй, шүүгдэгч С.Дийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал болон бусад зардал хохирол нэхэмжлээгүй, эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Б.М, С.Д нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.М, С.Д нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлуудыг нь харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мыг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М, М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 60 хоногийн буюу 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоож, түүнд энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 2 сарын хорих ял дээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялын хэмжээг 3 жил 2 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 3 жил 2 сар 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон 24 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Мд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор, шүүгдэгч С.Дэд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг тус тус даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.М, О.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас 1.682.700 төгрөгийг гаргуулж хохирогч П.Цд, 1.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ад тус тус олгосугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.М, О.Д нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдоогүй ба шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.М, О.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ