Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 00199

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2017/00199

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1989 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш ажилтай, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух, РГ89100809 дугаар регистртэй, Их хариад овогт Хүчитбаатарын Анхбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1989 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суух, РФ89031677 дугаар регистртэй, Өндөр нөр овогт Даваанямын Ганцоожид холбогдох

 Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2017/00071/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Х.Анхбаяр, хариуцагч Д.Ганцоож нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ганцоож бид хоёр 2009 онд танилцан үерхэж байгаад 2011 оны 4 дүгээр сард охин Г.Энхбилэг төрсөн бөгөөд түүнээс хойш хамтран амьдарч, 2011 оны 5 дугаар сард гэрлэлтээ бүртгүүлсэн.  Одоо хамт амьдраад 7 жил болж байна. Гэвч нөхөр Д.Ганцоож нь архи уух дуртай, их бага хэмжээгээр архи уусан үедээ намайг байнга дарамталж, зоддог. Энэ байдлаас болж миний бие өвддөг болсон. Мөн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэдэг. Бидний дунд байнгын хэрүүл маргаантай байдаг ба хардах шалтгааныг өөрөө гаргадаг. 2016 оны 12 дугаар сард миний биед гэмтэл учруулж, эрүүгийн хэрэг үүсгэн шүүхээр шийдүүлсэн. Тухайн үед Д.Ганцоож дахин надад гар хүрэхгүй гэж амаар болон бичгээр амлаж байсан боловч түүнээс хойш мөн л архи ууж, надад гар хүрэх болсон. Би олон жилийн дарамтаас салж, хүүхэдтэйгээ хамт удаан амьдармаар байна. Д.Ганцоож охиноо өөрийн асрамжид авна гэж байгаа боловч тэр ажил хийдэггүй, өөрийн гэсэн гэр оронгүй, ээжтэйгээ гэртээ олуулаа амьдардаг, архи ууж, тамхи татдаг учир өгөхгүй. Цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Охин Г.Энхбилэгийг өөрийн асрамжид авч эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Д.Ганцоож шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Анхбаяр бид хоёр оюутан байхдаа 2009 онд танилцаж, 2011 оны 04 сард охин маань төрж хамтдаа амьдарсан. Анх би Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуульд, эхнэр Х.Анхбаяр “Авъяас-8” сургуульд тус тус багшилдаг байсан. Бид 2013 онд Эрдэнэбулган сум руу шилжиж явсан. Х.Анхбаяр намайг байнга хэл амаар доромжилж, юу ч чадахгүй гэж байнга үглэдэг. Энэ нь надад хэцүү байдаг болохоор архи уухаараа заримдаа гар хүрчихдэг. Би гэр бүлээс гадуур харилцаа үүсгээгүй. Нэг хүнтэй мессэж бичиж, утсаар ярьснаас өөр асуудалгүй. Намайг гэрээсээ хол явж ажил хийхээр бидний дунд илүү их хэрүүл маргаан гардаг юм. Би ажилгүй гэртээ байдаг учир архи уух асуудал гардаг. Одоо архи уухгүй байж чадна, охиноо бодоод гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй. Хэрэв гэрлэлтээ цуцлуулбал охин Г.Энхбилэгийг өөрийн асрамжид авна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Анхбаяр нь хариуцагч Д.Ганцоожид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.     

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Д.Ганцоож гэрлэлтээ цуцлуулахгүй гэж тайлбарлаж байгаа ч тэрээр 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Х.Анхбаярыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хөвсгөл аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоол, зохигчийн тайлбар зэрэгэр тогтоогдож байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх   арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид 2010 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж, 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь №0127752-09 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран амьдрах хугацаанд 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр охин Г.Энхбилэг төрсөн болох нь №0000610360-25 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдов.

Охин Г.Энхбилэгийг эцэг Д.Ганцоож өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж мэтгэлзэж байгаа ч бага насны хүүхдэд эхийн хайр халамж, амгалан тайван өсөх орчин шаардлагатай байдал зэргийг харгалзан 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Г.Энхбилэгийг эх Х.Анхбаярын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-д “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж заасан тул эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Д.Ганцоожоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.  

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.     

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдав.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Х.Анхбаярын төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ганцоожоос 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Г.Энхбилэг 6 нас 10 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 167.200 төгрөгийн 50 хувь болох 83.600 төгрөгийг охин Г.Энхбилэгт сар бүр хариуцагч Д.Ганцоож төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Г.Энхбилэгт сар бүр төлөх тэтгэлэг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.003.200 төгрөг болох ба түүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 28.627 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэж байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:                                                                                                                                  

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Их хариад овогт Хүчитбаатарын Анхбаяр, Өндөр нөр овогт Даваанямын Ганцоож нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Г.Энхбилэгийг эх Х.Анхбаярын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Г.Энхбилэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Ганцоожоос гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Д.Ганцоож, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Х.Анхбаяр нарт тус тус даалгасугай.

 

5. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгийн улсын тэмдэгтийн хураамж 28.627 төгрөгийг хариуцагч Д.Ганцоожоос гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА