Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 02

 

*******  холбогдох  эрүүгийн

хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                  Б.Батзориг

Шүүгчид                            Я.Туул                                       

                                          Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                          А.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч   Г.Амартүвшин

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ******* дугаартай, 148/2017/0163/Э индэкстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, өндөр настай ээжийн хамт Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,    

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Ц. нь 2017 оны 11 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* ******* 2 дугаар *******ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******-Ургац” ХХК-ны хашаанаас 2 шуудай тэжээлийн буудай, 2 ширхэг акумлятор зэргийг улсын дугаартай “Приус 20" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 170 дугаартай цагаатгах тогтоолоор:

- г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар г 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар ******* 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

-Ц. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдан,

-Шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхээс оногдуулсан ял эдлүүлэхээр энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараагаар байгуулсан ба хэргийн материалтай танилцсан болно. Миний үйлчлүүлэгч Ц. нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* Ургац” ХХК-ний хашаанаас 2 шуудай тэжээлийн будаа, 2 ширхэг акумлятор хулгайлсан ба энэ үйлдлээ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлж хүлээн зөвшөөрсөн байдаг. Гагцхүү хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгслийг ашигласан эсэх дээр хэргийн зүйл ангийг хүндрүүлж зүйлчлэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д ...учрах саадыг арилгах зорилгоор ...машин механизм ашиглаж үйлдсэн бол.... гэж заасан ба Ц. нь хулгайн гэм хэргийг үйлдэх үедээ тээврийн хэрэгслийг ашигласан байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хулгайн гэмт хэрэг нь Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* Ургац” ХХК-ний хашаанаас эд зүйлийг мэдэгдэлгүйгээр авч гаргаснаар хулгайн хэргийн үйлдэл төгссөнд тооцогдох ёстой. Харин тээврийн хэрэгсэлд хулгайлсан зүйлийг хийж буй үйлдэл нь хулгайн гэмт хэрэг үйлдэгдээд төгссөний дараахи болж буй асуудал юм. Прокурорын байгууллагаас дээрхи үйлдлийг зүйлчилж ирүүлэхдээ хулгай хийж байх үедээ тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Ц. нь тухайн тээврийн хэрэгслийг хулгай хийж байх үедээ яаж ашигласан, хулгайн үйлдэл хийх явцад ямар саад учраад тэр саадыг тээврийн хэрэгслээр арилгах үйлдэл хийсэн бэ гэдгийг тогтоогоогүйгээр зөвхөн нэгэнт хулгайлж өөрийн эзэмшилдээ бүрэн шилжүүлсний дараа тээвэрлэж байгаа үйлдлийг учрах саадаа арилгасан гэж үзэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзээд гомдол гаргаж байна. Иймээс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар буюу Ц.гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасныг өөрчилж, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Учрах саад гэдэг бол яллагдагч Ц.гийн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэвчлэх, биеэр авч явж чадахгүй буюу 2 шуудай тэжээлийн будаа, 2 шуудай түлээ зэрэг овор хэмжээ ихтэй эд зүйлийг тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлдэж, тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдсон байдаг. Өмгөөлөгч үйлдэл дууссан байхад хүндрүүлж зүйлчилсэн гэж байна. Гэтэл Ц.гийн хувьд хулгайн эд зүйлийг хашаанаас гаргаад тээврийн хэрэгслийг урьдчилж бэлдэхгүйгээр ямар нэгэн байдлаар машин дуудсан бол тээврийн хэрэгсэл ашигласан гэж зүйлчлэхгүй. Гэтэл Ц.гийн хувьд эгчээсээ “хүн хүргэж өгнө” гэж худлаа ярьж машиныг урьдчилж авч ирсэн байдаг. Хашаанаас гаргаснаар үйлдэл төгссөн гэж өмгөөлөгч үзэж байна. Гэтэл хулгайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх нь тээврийн хэрэгслээр зөөж авч явснаар үүсэж байна. Эд зүйлээ хулгайлаад хашааны гадна тавьснаар зарцуулах боломжгүй, учир нь мэдэгдэх учраас урьдчилан тээврийн хэрэгсэл бэлтгэсэн гэж үзэж гарсан шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Тодорхойлох нь:

 Шүүгдэгч Ц. нь 2017 оны 11 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ******* ******* 2 дугаар *******ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******-Ургац” ХХК-ны хашаанаас 2 шуудай тэжээлийн буудай, 2 ширхэг акумлятор зэргийг улсын дугаартай “Приус 20" маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар г 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар ******* 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүхээс оногдуулсан ял эдлүүлэхээр энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц. болон түүний өмгөөлөгч Г.Амартүвшин нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу ******* холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.гаас Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт гаргасан гэх хэдний өдөр, хэн бичсэн нь тодорхойгүй, Ц.гийн гарын үсэггүй хүсэлтийг /хх-ийн 47-р ху/ үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол /хх-16х/ гарган улмаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүгдэгч Ц.г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг  гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх ба дээр дурьдсан нөхцөл байдал нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Яллагдагчид гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардах албадахыг хориглоно...” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн, шүүгдэгч нь мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхэд эргэлзээтэй байна гэж үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсгийн  1.3, 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

          1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 170 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаасугай.

          2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                                     ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                                 Я.ТУУЛ

                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ