Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 20

 

           Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

          Нэхэмжлэгч: “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

          Хариуцагч: Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдох, 

          Нэхэмжлэлийн шаардлага: “Орон нутгийн өмчийн газраас шалгаруулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн барилга”-ын ажлын үнэлгээний хорооны “Тендер шалгаруулалтын тухай” 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт, “Тендер шалгаруулалтын дахин үнэлгээний тухай” 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн захирал Ж.Э, түүний өмгөөлөгч В.Д, Д.Г, хариуцагч Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Ч.Н, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Б.М, гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгончимэг, А.Р, түүний өмгөөлөгч З.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Ч”ХХК-ийн захирал Ж.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2018 оны 08 дугаар сард Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн барилга /Дорнод, Хэрлэн сум/”-ын ажлын тендер шалгаруулалтыг нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар зохион байгуулсан. Уг шалгаруулалтанд манай “Ч”ХХК-ийн зүгээс шаардлагатай материалыг бүрдүүлэн зохих журмын дагуу оролцсон боловч, хамгийн өндөр үнийн саналтай, хуульд заасан болзол шаардлагыг хангахааргүй тендер ирүүлсэн “С” ХХК-г сонгож, гэрээ байгуулсан байна. Тендер шалгаруулалтын дүнг анх бидэнд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 339 тоот албан бичгээр, “С” ХХК шалгарч, гэрээ байгуулах эрх олгосон талаар мэдэгдсэн. Дээрхи тендер шалгаруулалт дараахь үндэслэлээр хууль бус болсон гэж үзэж байна.

      Нэг. Манай “Ч”ХХК-г “... Хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл хэрэгжүүлэхэд шаардлагатай голлох инженерүүд болох сантехник /ус хангамж, ариутгах татуурга/”-ын инженерээр халаалт, агаар сэлгэлтийн инженерийг, цахилгааны инженерээр холбооны инженерийг ажиллуулахаар санал болгосон нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 5.3г хэсгийг хангаагүй” гэж үзсэнд гомдолтой байна. ТОӨЗ-ны 5.3.г-ын хүснэгтийн 3-т заасан Сантехникийн инженер Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн Их Сургуулийг халаалт, агаар сэлгэлтийн мэргэжлээр төгссөн инженер Д.Дашнямыг ажиллуулахаар тогтож, холбогдох бичиг баримтуудыг хуулбарлан өгсөн нь хуульд нийцнэ. Д.Дашням инженер нь Дорнод аймгийн Хэрлэн суманд 928 хүүхэдтэй “Хан-Уул” цогцолбор сургуулийн дотор сантехник, гадна дулаан, гадна бохирын ажлыг 2012-2014 онд хариуцан гүйцэтгэж улсын комисст онц сайн дүнтэй хүлээлгэн өгсөн нь баримтаар тогтоогддог.  Тендерийн үнэлгээний хороо өгөгдөл дээрээ сантехникийн инженер гэж заасан атлаа мэдэгдэл дээрээ “ус хангамж, ариутгах татуургын инженер” гэсэн нэмэлтийг хавсралтаар оруулж татгалзах үндэслэл болгосон нь үндэслэлгүй юм. ТОӨЗ-ын 5.3г-д цахилгааны инженер гэж заасан байсан тул цахилгаан холбооны инженер мэргэжилтэй Ц.Гэрэлмааг ажиллуулахаар шийдвэрлэсэн нь өгөгдөлд нийцсэн байгаа юм. Мөн мэдэгдэлд “ТОӨЗ-ийн 14.1.ж 6 дахь заалтын мэдээлэл ирүүлээгүй байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд манай компани олон багц ажлын тендерт оролцоогүй төдийгүй инженер техникийн ажилтан, машин механизмын мэдээллийг тендерийн материалд хангалттай хавсаргасан.

       Хоёр. 1.”С” ХХК-ийн үнийн санал тендерт оролцсон бусад компаниудын үнээс хэт өндөр буюу, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4-т заасан шаардлагыг хангаагүй байсан. 2.”С” ХХК нь Дорнод аймгийн Баян-Уул суманд 2012 онд улсын төсвийн хөрөнгөөр барьж эхэлсэн сургуулийн барилгыг одоог хүртэл 6 жилийн хугацаанд барьж дуусаагүй улс орны эрх ашгийг хохироож байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16.1.2-т зааснаар тендерт оролцогчийн техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх зарчмыг зөрчсөн байна. 3. “С” ХХК нь тендер шалгаруулалтанд материал бүрдүүлэн өгөхдөө хуурамч баримт үндэслэн, улсад нийгмийн даатгалын өртэй байснаа 2018 оны 09 сард барагдуулсан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.2-т зааснаар а бол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзэх байтал ийнхүү шалгаруулсан нь хууль зөрчиж байна. Дээрхи мэдэгдлийг хүлээн авмагц Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар гомдол гаргахад Сангийн яамны зүгээс үнэлгээг дахин хийхийг Орон нутгийн өмчийн газарт үүрэг болгосон. Үүний дагуу дахин хянаж үзээд мөн л өмнөх үндэслэлээр татгалзсан хариу өгч, бидний зүгээс дахин гомдол гаргахад 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/6316 тоот албан бичгээр “... Захиалагч ... шалгарсан оролцогчтой 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан гэж мэдэгдээд байна” гэсэн хариуг Сангийн яамнаас ирүүлээд байна. Тухайн үед манай компанийн мэдээллийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас авсан байдаг. “С” ХХК-ийн мэдээллийг гэрээ байгуулаагүй газраас авсан байдаг. Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээллийг авах ёстой байсан. Хоёрдугаарт, “С” ХХК Дорнод аймгийн Баян-Уул суманд 2012 онд улсын төсвийн хөрөнгөөр барьж эхэлсэн сургуулийн барилгын ажлыг одоо хүртэл дуусгаагүй. “С” ХХК материал бүрдүүлэн өгөхдөө нийгмийн даатгалын санд өртэй байсан. Үүнийгээ 2018 оны 09 дүгээр сард барагдуулсан. Манай компани тендерт орохоор 2018 оны 08 дугаар сарын 05-аас хойш тодорхойлолт авах гээд чадаагүй. Гэтэл “С” ХХК-д 05-ны өдрөөс хойш тодорхойлолт өгсөн байсан. Иймд Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шалгаруулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлын тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 01 дүгээр дүгнэлт, мөн тус газраас 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дахин шалгаруулсан дээрх үнэлгээний хорооны 02 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

        Нэхэмжлэгч “Ч”ХХК-ийн өмгөөлөгч В.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч”ХХК-ийн анхны нэхэмжлэлийн шаардлага бол Дорнод аймгийн Орон нутийн өмчийн газраас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шалгаруулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлын тендер шалгаруулалтын шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2018 оны 08 сарын 22-ны өдөр шалгаруулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлын тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 01 дүгээр дүгнэлт, Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дахин шалгаруулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлын тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 02 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах шаардлага болгож тодруулсан байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэсэн тайлбар хэлснийг шүүхээс шийдвэр гаргахдаа анхаарч үзэх байх. Талуудын хүсэлт болон шүүх өөрийн санаачилгаар хийсэн ажиллагааны үр дүнд энэхүү нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд цугларсан. Нэгдүгээрт, “С” ХХК-г бусад компаниудаас хэт өндөр буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдаж өгсөн. Хэрэгт авагдсанаар хамгийн өндөр үнэ хэлсэн тендер өнөөдрийн байдлаар шалгараад улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ажилд төдий хэмжээний зардал гарах нь ойлгомжтой болсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасан ерөнхий нөхцлүүд хангагдсан байх ёстой. Мөн тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-т заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тодорхой дурдсан байгаа. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т юу орох вэ гэхээр энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлагууд байгаа. “Тендерт оролцогчдод өгөх зөвлөмж” хүснэгтэд нарийвчилснаар бүх тендер ирүүлсэн компаниудын чадавхи болон эдгээр үзүүлэлтүүдийг энэхүү баримт бичгээр шалгаж үзнэ гэж бодож байгаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон гэсэн шалгуур үзүүлэлт байгаа. Энэ асуудал дээр “С” ХХК Баян-Уул сумын 640 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургуулийн барилга угсралтын ажил дээр 2012 онд гэрээ байгуулаад 2014 онд дуусгах байсан боловч өнөөдрийг хүртэл дуусгаж ашиглалтад өгөөгүй, нэмэлт санхүүжилт авч гэрээ байгуулсаар явсан. Хамгийн гол нь тендер шалгаруулсан цаг хугацаа буюу 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчилтэй, нэмэлт гэрээ байгуулагдаагүй байсан. Хамгийн сүүлд байгуулсан гэрээнд заасан үүрэг ёсоор 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлыг хүлээлгэж өгөх ёстой байсан. Ийм барилгын ажлыг эрх бүхий гэж нэрлээд байгаа төрийн захиргааны байгууллагаас ямар журмаар гаргуулж авсан нь мэдэгдэхгүй. Албан бичгээр энэхүү барилгын ажил 100 хувь, 95 хувь гэх мэт тооны хувьд зөрүүтэй тодорхойлолтуудыг үндэслэж энэхүү ажил дууссан гэж үзсэн. Өнөөдрийн хувьд ч дууссан, дуусаагүй байсан гэдэг зөрүүг гаргаагүй. Нэгдүгээрт, хууль хэрэглээний хувьд гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан гэсэн 3 шаардлагыг биш гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй гэдгийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд үнэлж дүгнэх боломжтой гэж үзэж байна. Эсхүл гэсэн заагийг шүүхээс мөн анхаарч үзэх байх. Техникийн чадавхи болон туршлагыг үнэлэхдээ хамгийн гол шалгуур үзүүлэлт нь өмнө хийгдсэн адил төстэй ажил үйлчилгээний талаарх мэдээлэл авах агуулгатай хуулийн үзэл санаа байгаа. Сүүлийн 5 хүртэл жилд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт авагдах ёстой байдаг. Сангийн яамнаас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн 5884 тоот албан бичигт “...640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын гүйцэтгэлийн талаар захиалагч байгууллагаас тодруулж, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн Тендерт оролцогчдод өгөх зөвлөмжийн 11-н “Ж”-н 6-д заасан инженер техникийн ажилтнууд болон машин механизм нь давхцаж байгаа эсэхийг хянаж үзэх шаардлагатай байна...” гэсэн үүрэг даалгавар өгсөн. Гэтэл захиалагч байгууллага буюу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас тодруулсан зүйл байхгүй. Захиалагч гэдэг бол гэрээ байгуулсан захиалагчийг л хэлнэ. Түүнээс биш чиг үүргээ хэрэгжүүлээд явж байгаа төрийн байгууллагыг захиалагч гэдэг ойлголтод хамааруулахгүй. “Тендерт оролцогчдод өгөх зөвлөмж”-ийн 14.1-н “Ж”-н 6-д заасан давхцаж байгаа эсэхийг хянаж үзээгүй. Ийм байдлаар шууд гэрээ байгуулаад явчихсан. Хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн энэхүү тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж ганцааранг нь шалгаруулж гэрээ байгуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж гарсанаас нь хойш 7 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Талууд давж заалдах гомдол гаргаагүй учраас 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлээд хүчин төгөлдөр болсон. Гэтэл одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ итгэлтэйгээр хэлээд, энэ тухай баримтаа шүүхэд гаргаж өгөөд, захирамж гарсаны дараа санхүүжилт аваад хэрэгжүүлээд явчихсан. Монгол Улсын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг улан доороо гишгэж, биелүүлдэггүй. Мөн үүн дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албадах ажиллагаа хийгээд бүх байгууллагуудад мэдэгдэл хүргүүлчихсэн. Энэхүү мэдэгдлийг мөн үл тоосон байдалтай явж байгаа компани гэхээсээ илүү боломж олгож байгаа төрийн захиргааны байгууллага, эрх бүхий этгээдүүдтэй илүү холбогдох байх гэж бодож байна. Өмнөх ажлын үр дүн, улсын төсвийн хөрөнгийг хэрхэн үр ашигтай, яаж зарцуулж, төслийг яаж хэрэгжүүлж байна гэдгийг дүгнэх хангалттай баримт бүрдсээр байтал “С” ХХК-г шалгаруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

      Нэхэмжлэгч “Ч”ХХК-ийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс “С” ХХК-г Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу бүх шаардлагыг хангасан тендер гэж үзээд шалгаруулсан. Өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтыг шинжлэн судлаад, асуулт хариултын явцаас үзэхэд шаардлага хангаагүй баримт ирүүлсэн гэдэг нь хангалттай тогтоогдож байна. Дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3 дахь хэсэгт заасан шаардлагуудыг зэрэг хангасан байхыг шаарддаг. Баян-Уул сумын сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг 2012 онд байгуулсан ба 2014 онд хүлээлгэж өгөхөөр тусгасан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл бүрэн дуусгаагүй байна. Үүнийг чадавхи гэдэгт үнэлэх ёстой. Анх тендерийн үнэ 2,0 тэрбум орчим төгрөг байсан. Ажил удааширснаар улсын төсвөөс дахиад 2,0 тэрбум гаруй төгрөг нэмээд гаргачихсан байдаг. Гэтэл эсэргээрээ “Ч”ХХК-ийн хувьд 980 хүүхдийн суудалтай “Хан-Уул” цогцолбор сургуулийн барилгын ажлыг 2012 онд ялж авч ажиллаж байсан. Өртөг нь 2 тэрбум 600 гаруй мянган төгрөг байсан гэж санагдаж байна. Энэ ажлаа 2014 онд багтаагаад дуусгасан. Ийм байхад энэ хоёрыг яагаад харьцуулахгүй дүгнэлт гаргав гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Энэ чадавхийг огт үнэлсэнгүй. Энэ бол тендерээс татгалзах нэг үндэслэл юм. Орон нутгийн өмчийн газраас тендерийн баримт бичгийг боловсруулсан. “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-г хүснэгтэн хэлбэрээр гаргасан. Эдгээрт заасан шаардлагын дагуу оролцогчид материалаа бүрдүүлж ирүүлэх ёстой гэж түрүүнд хариуцагч хэлж байсан. Өөрөөр хэлбэл, дээрх зааварчилгааны 13-т тендерт бэлтгэх гэж байгаа. Баримт бичиг гадаад хэл дээр байж болно. Гэхдээ тухайн гадаад хэл дээрх баримтыг баталгаат орчуулгын газраар орчуулж ирүүлэх ёстой. Энд голлох инженерийн дипломын асуудал яригддаг. Дараагийн нэг зөрчсөн асуудал нь “С” ХХК-ийн материалаас чадавхийн шаардлага гэсэн файлын 65-р хуудаст “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлыг гүйцэтгэх инженер техникийн ажилтнуудын ур чадвар, туршлагын тодорхойлолт байгаа. Өлзийбаатар гэж хүнийг сантехникийн инженерээр гээд зоогоод өгчихсөн. Хариуцагчийн зүгээс нэмэлтээр оруулсан гэж тайлбарлаж байгаа боловч баримт нь байхгүй. Эрдэнэсайхан гэдэг хүн агаар сэлгэлтийн инженерийн мэргэжилтэй хүн байхад сантехникийн инженер гэж үзсэнийг гайхаж байна. Сантехникийн инженер гэдэг нь тогтоогдохгүй байгаа учир зааварчилгааны заалтыг зөрчсөн байна. Дараагийн нэг асуудал нь давхцалгүй талаарх мэдээллийг ирүүлээгүй байгаа. Мэдээллээ ирүүлэх шаардлагагүй байсан гэж тайлбарлаж байна. Ирүүлээгүй материал дээр өөрсдөө давхцаагүй байна гэж хууль бус тодорхойлолт гаргасан. Гуравдагч этгээдийн зүгээс манай компани тухайн үед ажил хийгээгүй байсан гэж яриад байдаг. Гэтэл 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг дуусгасан байсан гэсэн баримт байхгүй. Тиймээс хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу тухайн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзах нөхцөл байдал үүссэн байжээ. Нөгөө талаар хариуцагч тал “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан зарчмын дагуу энэхүү тендер шалгаруулалтыг бид хийж гүйцэтгэсэн...” гэж яриад байгаа боловч тэгж харагдахгүй байгаа юм. Өрсөлдөх тэгш боломжтой байх, үр ашигтай байх, хэмнэлттэй байх, хариуцлагатай байх гэсэн зарчмуудыг баримталдаг. “С” ХХК үнэхээр хариуцлагатай байсан уу, өрсөлдөх тэгш боломжоор хангасан юм уу, 270 гаруй сая төгрөгийн наана төсөвт өртгөөр “Ч”ХХК хийж гүйцэтгэнэ гээд баримтаа ирүүлчихээд байхад үүнийг огт анхаарч үзсэнгүй. Энэ бол бага мөнгө биш. Хуульд байгаа хамгийн гол шалгуур бол бага үнийн арга. Гэтэл их үнийн санал гаргасан компанийг шалгаруулчихаад байна. Орон нутгийн өмчийн газраас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шалгаруулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн барилга”-ын ажлын тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 01 дүгээр дүгнэлт, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дахин шалгаруулсан үнэлгээний хорооны 02 дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болгож өгнө үү гэв.                 

         Хариуцагч Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Ч.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2018 оны А/41 дүгээр захирамжаар байгуулсан үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зарлаж, тогтоосон хугацаа болох 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 10 минутад нээсэн. Тендер шалгаруулалтад “Ч”ХХК, “С” ХХК, “Аглут” ХХК-ууд тендер ирүүлсэн. Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар баталсан "Тендерийн үнэлгээний заавар”, тендерийн баримт бичгийн дагуу оролцогчдын тендерийг хянан үзэж, ирүүлсэн тендерийн хүрээнд үнэлгээ хийн, шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоор “С” ХХК-ийг шалгаруулж, бусад оролцогчдын тендерээс татгалзсан бөгөөд аймгийн Засаг дарга “С” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан. “Ч”ХХК нь нэхэмжлэлдээ тус компанийн тендерээс татгалзсан шалтгаан нь үндэслэлгүй, “С” ХХК-ийн тендер шаардлага хангахгүй тухай үндсэн хоёр зүйлийг дурджээ. “Ч”ХХК-ийн тендерийн талаар: Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг боловсруулж, энэхүү баримт бичигт Барилга, хот байгуулалтын сайдын баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын “Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлага”-ын дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл, заавал байлгах шаардлагатай инженерүүдийнг зааж өгсөн. “Ч”ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн тендерийг хянан үзэхэд тус оролцогч нь тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/-ны 5.3 /г/ хэсэгт заасан шаардлагатай инженер болох “сантехникийн инженер”-ээр ажиллуулахаар “халаалт агаар сэлгэлтийн инженер”-ийг “цахилгаан инженер”-ээр ажиллуулахаар “цахилгаан холбооны инженер”-ийг тус тус санал болгосон, мөн ТОӨЗ-ны 14.1 /ж/-ийн 6 дахь мэдээлэл ирүүлээгүй зэрэг үндэслэлээр Үнэлгээний хорооны 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар уг тендерээс татгалзаж, энэ тухай мэдэгдлийг Орон нутгийн өмчийн газрын 2018 оны 08 дугаар сарын 24-ний 339 дүгээр албан бичгээр хүргүүлсэн байдаг. “Ч”ХХК энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул хуулийн дагуу гомдол гаргасан ба Сангийн яам гомдлыг хянан үзээд холбогдох тайлбар, тодруулгыг авч тендерийн үнэлгээг дахин хийх тухай 2018 оны 09 дүгээр сарын 11-ний 6-1/5881 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Үнэлгээний хороо Сангийн яамны албан бичгийн дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас холбогдох тайлбар, тодруулгыг авч 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тендерт дахин үнэлгээ хийсэн. Дээр дурдсан холбогдох байгууллагуудын ирүүлсэн тайлбар тодруулгад үндэслэн үнэлгээ хийх явцад “Ч”ХХК-ийн санал болгосон “халаалт агаар сэлгэлтийн инженер” нь “сантехникийн инженер” ажлыг гүйцэтгэх болон хөрвөн ажиллах эсэх нь тогтоогдоогүй тул, мөн ТОӨЗ-ны 14.1 /ж/-ийн 6 дах мэдээлэл ирүүлээгүй зэргийг татгалзах үндэслэлээс хассан байна. Харин “цахилгаан холбооны инженер” нь холбооны инженер бөгөөд “цахилгааны инженер”-ийн ажлыг гүйцэтгэх, хөрвөн ажиллах боломжгүй, эдгээр нь өөр өөр мэргэжлийн чиглэл болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон тул уг үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу “Ч”ХХК-ийн тендерээс татгалзсан болно.

         “С” ХХК-ийн тендерийн талаар: 1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасан бөгөөд “С” ХХК-ийн тендер нь шаардлагад нийцсэн болохыг үнэлгээний хороо болон Сангийн яамны 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 6-1/5881 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр тус тус тогтоосон байдаг. 2. Дорнод аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлыг “С” ХХК бүрэн гүйцэтгэж дууссан тухай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн албан бичгээр нотлогдсон бөгөөд холбогдох хуулийн гэрээний үүргээ зөрчсөн эсэх нь эрх бүхий байгууллагаар тогтоогдоогүй, тендерийн баримт бичгийн шаардлагын санал болгож буй инженерүүд нь давхцаагүй байна. 3. Хуулийн 14 дүгээр зүйл, тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд оролцогч нь холбогдох байгууллагын тодорхойлолтыг тендер зарласан өдрөөс хойш гаргасан байх бөгөөд уг тодорхойлолтоор өр, төлбөргүй байх тухай заасан байдаг. Үүний дагуу “С” ХХК-ийн тендерийн баримт бичигт ирүүлсэн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 421 дүгээр албан бичигт тус оролцогч нь өр, төлбөргүй болох тухай тодорхойлсон байдаг.

        “Ч”ХХК өмнө нь ч мөн “...нийгмийн даатгалд өртэй, татварын өртэй...” гэх мэтээр гүтгэлгийн шинжтэй нэхэмжлэл гаргаад байгаа юм. Эдгээр нь үндэслэлгүй, хардаж сэрдсэн, ямар нэгэн гүтгэлгийн шинж чанартай. “Ч”ХХК-д тендерт шалгараагүйгээр ямар хохирол учраад байгаа юм. Харин үүнд шүүхэд гомдол гаргаад, асуудал үүсгээд явснаараа улсын төсвөөр хэрэгжиж байгаа ажилд гацаа үүсгэж байна. Улсын төсвөөр хийгдэж байгаа өндөр үнэтэй ажлын цахилгааны ажлыг цахилгаан холбооны хүн хийгээд явбал энэ ажил юу болох вэ. Тог цахилгааных нь асуудал яаж шийдэгдэх вэ. Харин эсрэгээрээ “Ч”ХХК-г шалгаруулсан бол өнөөдөр илүү том асуудал яригдахаар байна.

        Иймд “Ч”ХХК-ийн тус тендер шалгаруулалттай холбоотой гаргасан нэхэмжлэлд дурдсан асуудлууд нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв. 

      Хариуцагч Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тендерийн үнэлгээний тухайд 1. ерөнхий нөхцөлийг хангасан эсэх, 2. чадавхийн үзүүлэлт, 3. үнийн саналыг харгалзан үздэг. Эхний 2 шаардлагыг хангаагүй тохиолдолд үнийн саналыг харьцуулж үздэггүй. Нэхэмжлэгч талаас тавиад байгаа хамгийн өндөр үнийн саналтай гэсэн зүйл хуулийн ямар нэгэн зүйл заалтад байхгүй. Батлагдсан төсөвт багтаж байгаа гэрээ байгуулсан ажил учраас энэ нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 2 гол агуулгын хувьд, 1. шаардлага хангахгүй газрыг шалгаруулсан. 2. өөрсдөө шаардлага хангасан тендер ирүүлсэн гэж үзээд байна.

     Нэгдүгээр үндэслэлийн хувьд тодруулж хэлэхэд шаардлага хангасан гэдгийг бид тендерт ирүүлсэн холбогдох баримт материал, мэргэжлийн байгууллагуудын тодорхойлолтоор тогтоож өгч үнэлгээ хийдэг. Үүний дагуу ерөнхий нөхцөл буюу гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, хангалтгүй биелүүлсэн талаар нотлох баримтыг гаргах эрх бүхий байгууллага нь хуульд зааснаар Сангийн яам, эсхүл шүүхийн байгууллага байгаа. Шүүхийн байгууллагаас манайд ирүүлсэн тодорхойлолтоор ямар нэгэн хэрэг маргаанд холбогдоогүй гэсэн албан тоот ирсэн байгаа. Сангийн яамтай холбоотой улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах хүсэлт шаардлагагүй. Учир нь Сангийн яам өөрөө тендерт орох эрхээ хязгаарлуулсан этгээдүүдийн жагсаалтыг тухай бүр гаргаад явдаг байгаа. Энэ жагсаалтыг Сангийн яамны цахим хуудас болон Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс харж болно. Үнэлгээ хийж байх явцад энэ жагсаалтад нэг л компани байсан. “С” ХХК байхгүй байсан. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан нөхцөл үүсээгүй. Энэ компани бол ерөнхий нөхцлөө хангалттай хангаж байгаа. 640 хүүхдийн суудалтай сургуулийн ажлыг үнэлгээнд харгалзаж үзэхгүй байсан ч гэсэн бусад ажлууд тухайн тендерийн шалгуурыг хангаж байсан.

     Хоёрдугаар үндэслэлийн хувьд “Ч”ХХК өөрсдөө шаардлага хангасан тендер ирүүлсэн гэж мэдээлсэн. Энэ компаниас ирүүлсэн материалыг үзэх явцад тухайн компани ерөнхий нөхцлөө хангаж байсан боловч чадавхийн нөхцлөө хангаагүй. Шаардлагатай инженер техникийн ажилтнууд байхгүй байсан. Тендерийн материалд цахилгааны инженер ирүүлэхээр заасан боловч цахилгаан холбооны инженер санал болгосон. Тендерийн үнэлгээний явцад хамгийн сүүлд шаардлага хангасан ганцхан оролцогч болох “С” ХХК үлдсэн. Энэ компанийг захиалагч шалгаруулж гэрээ байгуулсан байгаа. 01 дүгээр дүгнэлтийг Сангийн яамнаас хянаж үзээд дахин үнэлгээ хий гэсний дагуу хүчингүй болгож, 02 дугаар дүгнэлтийг гаргасан. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тендер нээхэд 3 оролцогч санал ирүүлсэн. Эдгээр материал дээр Үнэлгээний хороо ажилласан байгаа. Тендер нээсэн өдөр ерөнхий нөхцөл хангаагүй талаар ямар нэгэн акт, дүгнэлт, тодорхойлолт эрх бүхий байгууллагаас гаргаагүй. Дараагийн асуудал нь тус сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэж дуусаагүй тул чадавхигүй гэж хэлэх гээд байна. 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил тусдаа асуудал. Инженер техникийн ажилтны талаар ярьж байна. “С” ХХК-ийн хувьд шаардлагатай инженер техникийн ажилтнуудаа санал болгосон. Үүнд үнэлгээ хийхэд бүгд шаардлагыг хангасан. Өлзийбаатар инженерийн хувьд нэмэлтээр санал болгосон. Халаалт, агаар сэлгэлтийн инженер сантехникийн инженер мөн үү биш үү гэж яриад байх юм. Та нар өөрсдөө нэхэмжлэлдээ мөн бичсэн байна. Дашням гэж хүн сантехникийн инженер мөн гэж ирүүлчихээд хүнийг яахаараа болохгүй гэж яриад байгаа юм. Тэртээ тэргүй энэ асуудлыг үнэлгээнд харгалзаж үзэхгүй гээд дурдчихсан байгаа. Хөрвөн ажиллах боломжтой гэж танайхыг ч үзсэн, “С” ХХК-ийнхыг ч үзсэн. Орон нутгийн өмчийн газар “С” ХХК-тай ашиг сонирхлын зөрчилтэй шалгаруулчихлаа гэсэн утгатай зүйл ярьж байна. Магадгүй түүнийг эрх бүхий байгууллага тогтоох байх. Гэхдээ Сангийн яам хянаад хариугаа өгчихсөн. Албан тоот дээрээ “...тухайн Сүхжин ХХК асуудалгүй байна. Шаардлагыг хангасан байна. Сургуультай холбоотой асуудлыг нэмж тодруул...” л гэсэн байна. Бид сургуультай холбоотой асуудлыг тодруулсан. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй, хүлээж авах боломжгүй гэж үзэж байна гэв.

        Гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгончимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тус тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу холбогдох тендерийн баримт бичгүүдийг бүрдүүлж Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн.

        Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасан бөгөөд “Ч”ХХК нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 5.3г хэсгийг хангалгүй Цахилгааны инженер гэж заасан байтал цахилгаан холбооны инженерийг ажиллуулахаар шийдвэрлэсэн нь өөрөө тус хуулийн заалтыг зөрчсөнөөр тендерийг үнэлэх шаардлагад нийцээгүй үндсэн шалгуурыг хангаагүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7, 28.7.4-д заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

           “С” ХХК нь Дорнод аймгийн Баян-Уул суманд 2012 онд улсын төсвийн хөрөнгөөр барьж эхэлсэн сургуулийн барилгыг одоог хүртэл 6 жилийн хугацаанд барьж дуусгаагүй улс орны эрх ашгийг хохироож байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмын тухай хуулийн 16.1.2-т заасныг зөрчсөн байна гэж илтэд худал үндэслэл бичиж манай компанийн нэр төрд халдаж, гүтгэж байна. Манай компани дээрх ажлыг хуульд заасан хугацаандаа 100% хийж гүйцэтгэн ашглалтанд оруулахад бэлэн болоод байгаа бөгөөд анх тус барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр манай компани 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр БУ-2012/06 дугаартай гэрээг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамтай байгуулж байсан бөгөөд тус гэрээгээр 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ашиглалтанд оруулахаар тохиролцсон боловч тус барилга угсралтын ажлын санхүүжилт нь жил жилийн төсөвт бага багаар тавигдаж байсны улмаас жил бүр нэмэлт гэрээ хийсээр нийт 4 удаа гэрээ хийгдсэн байна. Мөн манай компани өөрийн санхүүгийн нөөц бололцоон дээр тулгуурлан банкнаас өндөр хүүтэй төгрөгийн болон долларын зээл авч барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн хийж байсан бөгөөд 2016, 2017 онуудад бүр төсвийн тодотголд тусгагдалгүй санхүүжилт зогссоны улмаас барилга угсралтын ажил хийгдэлгүй манай компани улсын төсвийн зохицуулалтаас болж хохирол амссан, 2018 онд төсвийн тодотголд орсноор 640 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажил 100%-ийн гүйцэтгэлтэйгээр бүрэн дуусаад байгаа болно.

           “С” ХХК нь тендер шалгаруулалтанд материал бүрдүүлэн өгөхдөө хуурамч баримт үндэслэн, улсад нийгмийн даатгалын өртэй байснаа 2018 оны 09 сард барагдуулсан байдаг” гэсэн байна. Тус тендер шалгаруулалтыг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Орон нутгийн өмчийн газраас зарласан бөгөөд тендерийг тендерийн баримт бичгийн ТОӨЗ 27.1-д 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 10 цаг 10 минутад нээхээр заасан ба манай компани тус тендер зарласан өдрөөс хойш өр төлбөргүй талаарх тодорхойлолтуудыг холбогдох байгууллагуудаас авч тендерийн баримт бичгийг бүрдүүлсэн.

           Манай компани нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөө 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр барагдуулж Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өр төлбөргүй талаарх тодорхойлолтыг авсан. Тендерийн баримт бичигт цугларсан манай компанийн бичиг баримтуудыг хянан шалгаж үзээд Орон нутгийн өмчийн газар болон Сангийн яам нь ямар нэгэн өр төлбөр байхгүй гэж үзсэн нь үндэслэлтэй юм.

         Нэхэмжлэгч талын нэмэгдүүлж буй нэхэмжлэлийн шаардлагын талаар: Манай компани 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тус тендер шалгаруулалтанд шалгарч 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас  “Гэрээ байгуулах эрх олгох” тухай 1/452 тоот албан бичиг ирсэн боловч нэхэмжлэгч “Ч”ХХК нь гомдол гаргасны улмаас гэрээ байгуулах ажил нь түр түдгэлзсэн байсныг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн барилга”-ын ажлын тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны дүгнэлтийн дагуу манай компанид Орон нутгийн өмчийн газраас “...Сангийн яамны шийдвэрээр оролцогчдын тендерт дахин үнэлгээ хийсэн бөгөөд захиалагч танай байгууллагад эрх олгох тухай шийдвэрээ хэвээр үлдээсэн тул гэрээ байгуулах ажлыг үргэлжлүүлнэ үү” гэсэн албан бичиг ирсний дагуу барилга угсралтын ажлын гэрээг байгуулан барилга угсралтын ажлыг эхлүүлээд байгаа болно. Дээр дурьдсан ажлын тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 02 дугаар дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, үнэн бодит шийдвэр гарсан байх тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлж буй нэхэмжлэлийн шаардлагыг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байна.

        Нэхэмжлэгчийн зүгээс манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болоод Баян-Уул сумын 640 суудалтай сургууль 2012 оноос одоог хүртэл ашиглалтад ороогүй мэтээр хэлж байна. Энэ барилга анх 2012 онд тендер нь зарлагдаад манай компани шалгараад санхүүжилт орох бүрт ажлаа гүйцэтгээд явж байсан. Улсын төсөвтэй холбоотой 2 удаа төсвийн тодотголд оролгүй царцсан байгаа. Санхүүжилт мөн жил жилдээ бүтнээрээ ороогүй, бага багаар орж байсан. 2016, 2017 онуудад ажил маань бүр зогсож, манай компани 2016 онд долларын зээл аваад барилга угсралтын ажлыг өөрсдөө гүйцэтгэж байсан. 2017 онд төсвийн тодотголд оруулахын тулд манай компанийн зүгээс сум, аймаг, орон нутаг, Улсын Их Хурал, Сангийн яаманд хүртэл хүсэлт тавьж байсан. Хэрвээ манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болоод барилга угсралтын ажил зогсож, улсад их хэмжээний хохирол учирсан бол мэдээж бүхэл бүтэн улс санхүүжилт хийгээд, гэрээг сунгаад, харж үзээд явна гэж байхгүй. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн акт тавигдсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

      Гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2012 онд дээрх сургуулийн барилгын ажлын тендер шалгаруулалтад орохдоо 2 484 000 000 төгрөгөөр тендерт шалгарч ялсан. Гэрээ байгуулахад тус гэрээний 4 дүгээр зүйлд “2012 онд 300 000 000 төгрөгөөр санхүүжүүлнэ” гэж заасан байсан. Уг ажлын санхүүжилт он, онд бага багаар тавигдаж байсантай холбоотойгоор нэмэлт гэрээ байгуулсаар өдийг хүрсэн. Манай компанийн зүгээс ажлыг удаашруулж, гацааж байсан тохиолдол байхгүй. 5 удаа нэмэлт гэрээ байгуулж ажилласан. Хийж гүйцэтгэсэн ажлаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Барилга хөгжлийн төв, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамаар хянуулсаны дараа Сангийн яамаар дамжиж манай компанид санхүүжилт ирдэг. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Үйлдвэрийн хэлтсийн хөрөнгө оруулалтын дарга Отгонбаяраар ахлуулсан техникийн комисс 640 хүүхдийн сургуулийн барилга дээр очиж ажиллан хүлээж авахаар шийдвэрлэсэн. Нэмэлт халаалтын тогоо, түүний барилгын хөрөнгө оруулалтыг аймгийн Засаг даргын орлогч Ганбат даргатай тохиролцож, 119 800 000 төгрөгийг яамнаас, 150 200 000 төгрөгийг аймгаас санхүүжүүлэхээр болж шийдвэрлээд манай компанид хүсэлт тавьсаны дагуу гэрээ байгуулж, энэ ажлыг хийж одоогийн байдлаар дууссан. Улсын комисс ажиллахад бэлэн болоод байгаа гэв.

        Гуравдагч этгээд “С” ХХК-ийн өмгөөлөгч З.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдан авах ажиллагааны зарчим, журмыг хариуцагч тал зөрчөөгүй байна гэж гуравдагч этгээдээс үзэж байна. Өөрөөр хэлбэл худалдан авах ажиллагааны ил тод байх, өрсөлдөх тэгш боломжтой байх, үр ашигтай байх, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмуудыг Орон нутгийн өмчийн газар хэрэгжүүлж ажилласан байна. Ерөнхий нөхцөл, санхүүгийн чадавхи, давхцал байгаа эсэх гэсэн 3 гол шалгуур үзүүлэлтээрээ “Ч”ХХК тэнцээгүй. Биднийг ийм шалгуур үзүүлэлтээр тэнцүүлээгүй гэдгийг нэхэмжлэгч тал өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Тухайлбал, “...холбооны инженер, цахилгааны инженерийг орлох боломжгүй. Энэ бол тендерийн хуулиараа хориотой зүйл. 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээр ч тодорхой байгаа. Үүнд “Ч”ХХК-ийн асуудлыг 2 инженер нь хөрвөх боломжгүй гээд дүгнэлтээ өгсөн. Нөгөө талаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 570 тоот албан бичигт “...Чандмань тал ХХК-ийн санал болгосон 2 инженер бол хөрвөн ажиллах боломжгүй...” гэсэн зүйлийг мэргэжлийн байгууллагаас Үнэлгээний хороонд гаргаад өгчихсөн. Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу 01 тоот дүгнэлтийг түдгэлзүүлээд, дахин дүгнэлт гаргасан байгаа. Энэ дүгнэлт дээр “Ч”ХХК-ийн санал болгосон инженер хөрвөх боломжгүй, инженер техникийн ажилтнууд, машин механизмын давхцал байгаа эсэх талаар мэдээлэл ирүүлээгүй гэж дүгнэсэн. Иймээс үнэлгээний хорооны 01, 02 тоот дүгнэлтүүдийг түдгэлзүүлсэн захиргааны актуудыг сэргээх нь зүйтэй байна гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч “Ч”ХХК нь тус шүүхэд Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шалгаруулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн барилга”-ын ажлын тендер шалгаруулалтын шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн  шаардлага гаргаж[1], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээний хорооны  2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Тендер шалгаруулалтын тухай” 01 дүгээр дүгнэлт, “Тендер шалгаруулалтын дахин үнэлгээний тухай” 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”[2] хэмээн тодруулсан болно.

      Тэрээр үндэслэлээ: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4-д заасан шаардлагыг хангаагүй, Дорнод аймгийн Баян-Уул сумын сургуулийг хугацаанд нь барьж дуусгаагүй, мөн хуулийн 16.1.2-т заасан тендерт оролцогчийн ... техникийн чадавхи болон боловсрол мэргэжил, туршлагыг үнэлэхдээ “... сүүлийн 5 хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, ...өртөг, хугацаа байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт зэргийг үндэслэн тогтоох зарчмыг зөрчсөн. ...тендер шалгаруулалтын материал бүрдүүлж өгөхдөө хуурамч баримтыг үндэслэн, улсад нийгмийн даатгалын өртэй байсан,  ...тендерт  оролцох ерөнхий нөхцлийг хангаагүй... гэжээ.

       Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны А/41 дүгээр захирамжаар байгуулсан  Үнэлгээний хороо тендер шалгаруулалтыг, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр зарлаж, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 10 минутад нээж[3], Тендер шалгаруулалтад “Ч”“Аглут” “С” ХХК-иуд тендер ирүүлсэн байсныг, Төрийн болон орон нутгийн  өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар баталсан” Тендерийн үнэлгээний заавар, тендерийн баримт бичигт заасан шалгуураар хянан үзэж, үнэлгээ хийн шаардлагад нийцсэн хамгийн сайн  тендер ирүүлсэн оролцогчоор “С” ХХК-ийг шалгаруулжээ[4].

        Үнэлгээний хорооны “Тендер шалгаруулалтын тухай” 2018 оны 8 дугаар сарын 22-ны  өдрийн  01[5], “Тендер шалгаруулалтын дахин үнэлгээний тухай”  2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийн[6] хуульзүйн үндэслэлийн тухайд: Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 4.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, ”Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн барилга”-ын тендер шалгаруулалтыг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасны дагуу нээлттэй тендер шалгаруулалтын  журмаар,  2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хялбаршуулсан  цахим хэлбэрээр зохион байгуулжээ. Энэхүү тендерт “Аглут” ХХК ажлыг 3.487.000.000 төгрөгөөр, “Ч” ХХК 3.489.490.482, “С” ХХК 3.998.014.487 төгрөг, үүнээс 219.890.796 төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлж, 3.778.123.690 төгрөгөөр  гүйцэтгэх саналуудыг тус тус ирүүлж, Үнэлгээний хороо оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзээд, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. “Захиалагч энэ хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, ...“хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн “С” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, үнэлгээний хороо захиалагчид 01 дүгээр дүгнэлтийг хүргүүлжээ.

        Гэтэл нэхэмжлэгч “Ч”ХХК нь дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч,  Монгол Улсын Сангийн яаманд 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гомдол[7] гаргасны дагуу, тус яамны  2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 6-1/5881 дугаар албан бичгээр[8], “С” ХХК-ийн тендерийн баримт бичигт ирүүлсэн Үндэсний татварын албаны 1808160723583 дугаар татварын тодорхойлолтод үлдэгдэлгүй, нийгмийн даатгалын санд өр төлбөргүй, ...сүүлийн 3 жилд хийж  гүйцэтгэсэн ажил болон борлуулалтын орлогын хэмжээ нь захиалагчийн тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаж байна гэж үзээд, “Ч”ХХК-ийн ...сантехникийн инженерийн мэргэжлийн үнэмлэхэд “халаалт агаар сэлгэлт”-ийн мэргэжилтэй гэснийг сантехникийн мэргэжилтэй эсэхэд тооцохыг, “цахилгааны инженерт цахилгаан холбооны инженер” цахилгааны инженерийн мэргэжилтэй эсэхэд тооцохыг холбогдох байгууллага захиалагчаас, ...инженер техникийн ажилтнууд болон машин механизмын давхцал байгаа эсэх, ... Баян-Уул суманд барьж байгаа сургуулийн барилгын ажлын гүйцэтгэлийг захиалагч байгууллагаас нь тус тус тодруулж  ...тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг мэдэгджээ.

      Тендерийн үнэлгээний хороо нь дээрхи үндэслэлийн дагуу дахин шалгаж, мэргэжлийн байгууллагаас тодруулах зэрэг ажиллагааг явуулахад,  “Чандмань тал ”ХХК-ийн ирүүлсэн тендерээс, ...Тендерийн баримт бичгийн  тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТҮӨЗ/-ын 5.3 /г/ хэсэгт заасан шаардлага болох “халаалт агаар сэлгэлтийн инженер”-ийг, сантехникийн инженерээр,  “цахилгааны  инженер”-ийг, цахилгаан холбооны инженерээр тус тус хөрвөн ажиллах боломжгүй, ТОӨЗ-ны 14.1 /ж/-ийн 6 дахь мэдээллийг ирүүлээгүй зэрэг нь шаардлагад нийцээгүй, Олон улсын ажил мэргэжлийн стандарт, Ангилал-08 /ISCO-08/-ын  үзэл баримтлал, суурь зарчимд дүйцүүлэн боловсруулсан, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн Сайдын 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар тушаалаар баталсан “Үндэсний ажил мэргэжил, албан тушаалын жагсаалт, ангилал тодорхойлолт батлах тухай”  /YAMAT/-д  заасны дагуу “цахилгааны инженерээр, цахилгаан холбооны инженер” Сантехникийн инженерт, Халаалт агаар сэлгэлт”-ийн инженер” хөрвөн ажиллах боломжгүй гэжээ. Түүнчлэн Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны Сайдын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” A/78 дугаар тушаалд[9] ... 061 Мэдээллийн болон харилцаа холбооны технологийн ангилалд ороогүй хөтөлбөрт, Цахилгаан холбоо, 0713 Цахилгаан эрчим хүч, “цахилгааны инженер”  дээрхи шаардлагад нийцэхгүй байгаа болох нь хэрэгт авагдсан бакалаврын 18526[10], 201007921 дугаар бүхий дипломын[11] хуулбарууд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

       Дорнод аймгийн Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилгыг  хугацаанд нь барьж дуусгаагүй,  ...хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасныг зөрчсөн гэсний тухайд:  Монгол Улсын 2012-2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Спортын яамны захиалгаар, Дорнод аймгийн Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилга угсралтын  ажлыг  “С” ХХК  нь 1.990.000.000 /нэг тэр бум есөн зуун  ерэн сая/ төгрөгийн ажлыг гүйцэтгэх /санхүүгийн эх үүсвэр нь улсын төсвийн хөрөнгөөр/ гэрээ байгуулан барилга угсралтын ажлыг эхлүүлж, батлагдсан зураг, төсөв, барилга угсралтын ажлын графикийн дагуу бүрэн хийж гүйцэтгэх гэрээг[12] байгуулжээ. Гэтэл сургуулийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлд улсын төсөв, хөрөнгө оруулалт тасалдсаны улмаас, захиалагч болон гүйцэтгэгч хоёр тал ...нөхцөл байдлын дагуу барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг үе шаттайгаар сунгаж, харилцан тохиролцон ажиллаж байсан болох нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн БУ-2012+1  “Барилга угсралтын ажил үргэлжлүүлэн гүйцэтгэх гэрээ[13],  2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх тухай”  БУ-201/06+3 гэрээ[14], 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  БУ-201/06+2  гэрээ[15],  2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Барилга угсралтын ажлын хугацааг сунгасан гэрээнүүдийн[16] үндэслэл зэрэг нотлох баримтаас харагддаг. Тэрээр “С” ХХК нь сургуулийн барилга угсралтын ажлыг дуусган 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгөхөөр холбогдох эрх бүхий газруудад мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн боловч, ... сургуулийн уурын зуух,...  халаалтын ажлыг  Баян-Уул  сумын  “Шинэ сум” төслийн ажлыг гүйцэтгэгч “Монгол Дайван” ХХК-ийн үйл ажиллагаанаас үүдэж халаалтгүй байдлын улмаас хүлээлгэн өгөх боломжгүйд хүрч, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай БУ-2012/06+5 дугаар бүхий гэрээг[17] байгуулж, дээрхи ажилд, Улсын төсвийн хөрөнгө оруулалт 119.8 сая, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 150.2 сая төгрөгийн барилга угсралтын нэмэгдэл ажлыг бүрэн хэмжээгэр гүйцэтгэж, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусгахаар гэрээг байгуулсан болох нь гэрч Р.О-гийн мэдүүлэгт[18] “... сургуулийн инженерийн шугам сүлжээний  ажлыг “Монгол дайван”  ХХК гүйцэтгэх ажил байсан,  2016-2017 онуудад   ...640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын төсөв улсын төсөвт тусгагдаагүй, ... гэрээнүүд 4 удаа сунгагдсан гэх, гэрч Н.Б-гийн[19] ...халаалтын ажил хийгдээгүй байсан учраас Улсын комисс хүлээн аваагүй, сургуулийн барилгын гадна дотор ажил дууссан, халаалтын тогоо тавьж туршилт хийж байгаа гэх, гэрч Е.А-гийн[20] “ Уг барилгыг хүлээн авахаар  Баян-Уул суманд ажилласан, гэтэл сургуулийн халаалтын систем асуудалтай байсан, ... “С” ХХК нь барилгын асуудлыг хариуцаж ажилласан, ... халаалтын асуудлыг “Шинэ сум” төслийн нэгдсэн халаалтын системээр холбогдохоор байсан, ... анхны  барилга угсралтын ажилтай  хамааралгүй нэмэлтээр орж ирсэн ажил юм” гэх, гэрч Н.М-ийн[21] “ ... 2 жил улсын төсөв царцаагдсаны улмаас ажил зогсонги байдалд  байсан, энэ хавар хөрөнгө шийдэгдсэнээр зуны турш 76 ажилчид өдөр шөнөгүй ажиллаж, ...халаалт  тавигдсан” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд гүйцэтгэгч компанийн өөрөөс үл хамаарах шалтгаанаар  удаашралтай байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Энэхүү компани нь сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн,  биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан талаар эрх бүхий  Улсын байцаагчийн актаар тогтоогдсон баримт байхгүй байгаа нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасныг зөрчөөгүй болно.

         Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т  ...хуулийн дагуу татвар хураамж, төлбөрөө төлөөгүй гэсний тухайд: “С” ХХК нь Үндэсний татварын албаны 1808160723583 дугаар бүхий татварын тодорхойлолтод үлдэгдэл өр төлбөргүй байгаа бөгөөд, Нийгмийн даатгалын санд өр төлбөргүй байгаа болох нь хэргийн оролцогчийн тайлбар, шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Татварын хэрэглээний ТахАсt программ, Эрүүл мэндийн нийгмийн даатгалын хэлтсийн “Орлого шимтгэлийн программ” “Шимтгэл төлөлт, тооцооны тайлангийн дэвтэр” зэрэгт үзлэг хийж үзэхэд[22]:  “С” ХХК нь сүүлийн 6 сарын байдлаар авто тээвэр өөрөө явагч хэрэгслэлийн татвар, автын агаарын бохирдлын төлбөр, дотоодын бараа үйлчилгээний НӨАТ, үл хөдлөх хөрөнгийн татвар, аж ахуйн нэгжийн орлогын татвар, цалин хөлс болон түүнтэй  адилтгах,орлого зэрэг татварын өр төлбөргүй, Эрүүл мэндийн даалгалын хэлтсийн  “Орлого шимтгэлийн программ”-д  ... сүүлийн 6 сарын байдлыг шалгахад: 8 дугаар сарын 30-ны өдрөөр 3.300.600 төгрөгийн үлдэгдлийг 9 дүгээр сарын 05-ны дотор төлж барагдуулсан” болох нь тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, банкны дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримтууд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2018.08.14-ний өдрийн 421 тоот албан бичиг зэрэг нотлох баримт зэргээс үзэхэд, “Монгол улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж төлбөрөө төлөөгүй” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа нь хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д заасныг зөрчөөгүй.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д  заасныг зөрчсөн гэсний тухайд:   ...хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д  ... сүүлийн  5 хүртэлх  жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон /өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт/ зэргийг үндэслэн тогтоох, “С” ХХК нь 2015, 2016, 2017 онуудад Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга, ...35 айлын орон сууц, Баян уул сумын 150 хүүхдийн цэцэрлэг, “ Ам Та Тү” ХХК-ийн Шохой шатаах зуух, 80 айлын орон сууцны барилга, 640 хүүхдийн  сургуулийн барилга угсралт зэрэг ажлуудын захиалагч байгууллага, төсөвт өртөг, гүйцэтгэл, гэрээний үнэ, жагсаалт болон тодорхойлолт[23] зэргийг хавсаргасан байна. Үнэлгээний хорооны “Сүхжин “ХХК-ийн шаардлагад нийцсэн тендерийн гол үзүүлэлт нь тендерийн үнэ байх, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг” хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэх бөгөөд энэ талаар хариуцагч тайлбарлахдаа: тендерийн үнэлгээ гурван үе шаттай явагдаж байгаа. 1-рт:  ерөнхий  нөхцлөө хангаж байгаа эсэх, 2-рт чадавхийн үнэлгээ, 3-рт үнийн саналын үнэлгээ байгаа, эхний 2 шатыг давж тендер хангасан тохиолдолд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэтэй тендер гэж үзнэ гэсэн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.4-д заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

          Иймд “С” ХХК-ийн Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт баригдах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн хөгжлийн төвийн барилга”-ын2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Тендер шалгаруулалтын дахин үнэлгээний тухай” 02 дугаар дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагад нийцсэн байна. Харин 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Тендер шалгаруулалтыг Сангийн яамнаас дахин...шалган тодруулсаны үндсэн дээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг үүрэг болгосон бөгөөдСангийн яамны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 6/6203 дугаар албан бичгээр[24] “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлсэн” байна. Үнэлгээнийхорооны эцсийн шийдвэр нь 02 дугаар дүгнэлт байгаа учир 01 дүгээр дүгнэлтийн тухайд, хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэсэн хариуцагчийн тайлбар зэргийг үндэслэн, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Тендер шалгаруулалтын тухай“ 01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгох, тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 106 дугаар захирамжийн үйлчлэлийг зогсоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “Ч”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орон нутгийн өмчийн газарт холбогдох, Үнэлгээний хорооны2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн “Тендер шалгаруулалтын тухай” 01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгож, 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн“Тендер шалгаруулалтын дахин үнэлгээний тухай” 02 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ч”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн газраас 35100 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 106 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн дүгээр зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн  төлөөлөгч, өмгөөлөгч нар   энэхүү  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар  гомдол гаргах эрхтэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                     Б.ОЮУН

 


[1] 1-р хавтас хэргийн 1-3-р хуудас

[2] 1-р хавтас хэргийн 104-107-р хуудас

[3] 1-р хавтас хэргийн 35-36-р хуудас

[4] 1-р хавтас хэргийн 67-69-р хуудас

[5] 1-р хавтас хэргийн 70-р хуудас

[6] 1-р хавтас хэргийн 88-р хуудас

[7] 2-р хавтас хэргийн 122-123-р хуудас

[8] 1-р хавтас хэргийн 18-р хуудас

[9] 1-р хэвтас хэргийн 47-48-р хуудас

[10] 1-р хавтас хэргийн 51-52-р хуудас

[11] 1-р хавтас хэргийн 54-55-р хуудас

[12] 1-р хавтас хэргийн 132-р хуудас

[13] 2-р хавтас хэргийн 109-р хуудас

[14] 1-р хавтас хэргийн 134-р хуудас

[15] 1-р хавтас хэргийн 133-р хуудас

[16] 1-р хавтас хэргийн 135-р хуудас

[17] 2-р хавтас хэргийн 105-р хуудас

[18] 2-р хавтас хэргийн 25-р хуудас

[19] 2-р хавтас хэргийн 23-24-р хуудас

[20] 2-р хавтас хэргийн 27-28-р хуудас

[21] 2-р хавтас хэргийн 99-100-р хуудас

[22] 2-р хавтас хэргийн 117-124-р хуудас

[23] 1-р хавтас хэргийн 136-146-р, 2-р хавтас хэргийн 128-р хуудас

[24] 1-р хавтас хэргийн 94-р хуудас