Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 514

 

Ш.Болорбаатарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/01224 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Болорбаатар,

Хариуцагч Д.Ангарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Д.Ангарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч Ш.Болорбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Д.Ангарт 3 000 000 төгрөг зээлсэн бөгөөд уг мөнгийг тус өдөр өөрийн эхнэр н.Бурмаагийн Хаан банкны данснаас тус банкны АТМ машинаас Д.Ангарын 5315266538 тоот данс руу шилжүүлсэн байдаг. Д.Ангар нь мөнгө авахдаа 7 хоногийн дараа мөнгө орж ирнэ, тиймээс яаралтай мөнгө хэрэгтэй байна, найдвартай өгнө гэж хэлсэн тул Ш.Болорбаатар нь ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, хүүгүй зээлдүүлсэн байдаг. Иймд Д.Ангараас Ш.Болорбаатрын эхнэр Н.Бурмаагийн Хаан банкны данснаас Д.Ангарт зээлдүүлсэн мөнгө болох 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг мөнгийг Д.Ангар нь Ж.Гансүхэд өгсөн, Ж.Гансүх нь авч ашигласан талаараа маргахгүй байгаа боловч нэхэмжлэгч мөнгөө өгсөн хүнээсээ нэхэмжилж байгаа юм гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Ангар миний бие Ш.Болорбаатараас ямар нэгэн зээл аваагүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ж.Гансүх нь Ш.Болорбаатараас мөнгө авахаар болж мөнгийг шилжүүлэх данс байхгүй байсан тул миний данс руу шилжүүлсэн. Дараа нь Ш.Болорбаатар зээлсэн мөнгөө авъя гэсэнд би Ж.Гансүхэд хэлж байсан, гэтэл гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Энэ мөнгийг би авч ашиглаагүй тул өгөх боломжгүй. Уг мөнгийг Ж.Гансүх авсан учраас би төлөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ангараас 3 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Болорбаатарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63 000  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ангараас улсын тэмдэгтийн хураамжид 63 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Ангар нь өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Жаргалан-Энх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу талууд өөрсдийн хүсэл сонирхолын дагуу нэг тал нь тодорхой хэмжээний мөнгө зээлж, нөгөө тал нь мөнгө зээлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсний үндсэн дээр зээлийн гэрээний харилцаа үүснэ. Гэтэл Д.Ангар Ш.Болорбаатараас “7 хоногийн дараа мөнгө орж ирнэ, яаралтай мөнгө хэрэгтэй байгаа учир мөнгө зээлээч” гэж хэлж байсан удаа байхгүй, мөнгө зээлэх ямар ч шаардлага байгаагүй. Харин Ж.Гансүх нь Ш.Болорбаатараас 3 000 000 төгрөгийг авч, “хэрвээ мөнгөө буцааж өгч чадахгүй бол миний ковшийг аваарай” гээд Ш.Болорбаатар нь ч үүнийг зөвшөөрч мөнгө шилжүүлэхдээ “ковшийн үнэ” гэж бичээд шилжүүлсэн байдаг.

Хоорондоо тохиролцож мөнгө өгч авахдаа Ж.Гансүхийн данс нь хаагдсан, мөнгө хүлээн авах данс байхгүй байсан учир миний дансанд мөнгө хүлээн авсан. Энэ тапаараа ч мөн Ж.Гансүх нь шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “миний данс хаагдсан учир Д.Ангарын дансыг өгсөн, 3 000 000 төгрөгийг би Д.Ангараас аваад хэрэглэсэн” гэж мэдүүлсэн байдаг. Тиймээс Ш.Болорбаатар Д.Ангар нарын хооронд ямар нэгэн байдлаар мөнгө зээлэх, зээлдүүлэх харилцаа үүссэн, зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн Ш.Болорбаатар Ж.Гансүх нар хоорондоо тохиролцож, миний дансыг ашиглаж шилжүүлсэн 3 000 000 төгрөг нь Ш.Болорбаатарын эхнэр Н.Бурмаагийн данснаас шилжүүлсэн байдаг. Тиймээс мөнгө шилжүүлсэн этгээд болох Н.Бурмаа шүүхэд хандан нэхэмжшэл гаргах эрхтэй бөгөөд өөрийн нэрийн өмнөөс мөнгө нэхэмжлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах төлөөлөх итгэмжлэл олгоогүй, нэхэмжлэх эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байхад нэхэмжлэгч гэж үзэн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлж чадаагүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ш.Болорбаатар хариуцагч Д.Ангарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “миний бие 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Д.Ангарт 3 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлж, уг мөнгөө түүний Хаан банкны данс руу өөрийн эхнэр Н.Бурмаагийн данснаас шилжүүлсэн” гэснийг хариуцагч эс зөвшөөрч, “миний бие мөнгийг хэрэглээгүй, Ж.Гансүх миний дансаар дамжуулж авсан” гэж маргажээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөгийг хариуцагч Д.Ангар дансаар хүлээн авсан нь Н.Бурмаагийн Хаан банкы 5048048408 тоот, Д.Ангарын 5315266538 тоот дансны хуулга, /хх-5, 35/ уг 5315266538 тоот дансны эзэмшигч нь Д.Ангар болохыг тодорхойлсон Хаан банкны 29/10329 тоот албан бичиг, /хх 34/ зэргээр мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдсэн, хариуцагч зээлээ буцаан төлөөгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг шаардах эрх үүссэн гэж үзнэ.

Хариуцагч Д.Ангар нь мөнгийг Ж.Гансүх авсан гэж тайлбарладаг боловч Ш.Болорбаатартай утсаар ярьснаар түүний данс руу 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтыг үгүйсгээгүй тул хүлээн авсан этгээдээс мөнгийг шаардах нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсэгт заасанд нийцэх бөгөөд анхан шатны шүүх хариуцагч Д.Ангараас 3 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Болорбаатарт олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагч Д.Ангар давж заалдах гомдлын “Ш.Болорбаатар нь өөрийн данснаас бус эхнэр Н.Бурмаагийн данснаас мөнгийг шилжүүлсэн тул шаардах эрхгүй” гэх үндэслэлээ анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд тайлбарлаж, мэтгэлцээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй тул дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/01224 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                                    ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ