Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01141

 

 

З.Згийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02573 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 627 дугаар магадлалтай,

З.Згийн нэхэмжлэлтэй

Х Э Ү ТТББ-д холбогдох

Удирдах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнхийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/00924 дугаартай шийдвэрийн дагуу Х Э Ү ТТББ-ын гүйцэтгэх захирлаар 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор ажилд нь томилсон. Гэвч Х Э Ү ТТББ-ын удирдах зөвлөлийн тогтоол нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24 дүгээр зүйлийг тус тус зөрчиж гаргасан учраас тогтоолыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн гэрээг хуульд заасны дагуу бичгээр байгуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь өмнө нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/00924 дугаартай шийдвэрээр талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэхдээ З.Зтай өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг өмнөх гэрээний нөхцлөөр эгүүлэн авахаар тохиролцсон. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Манай хувьд З.Зг удаа дараа ажилдаа орохыг албан бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй байгаа. Мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Удирдах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр тогтоол шүүхийн шийдвэрийг үндэслэн гарсан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02573 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Згийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулахыг хариуцагч Х Э Ү ТТББ-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х Э Ү ТТББ-иас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Зд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 627 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Хүуль буруу тайлбарлан хэрэглэсэн: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хөдөлмөрийн тухай хуулийн 23.1.2-т туршилтын хугацааг гурван сар хүртэл байхаар зохицуулсан бол Х Э Ү ТТББ-ын дотоод журмын 2 дугаар зүйлийн В-ийн 4-т шинээр ажилд орж байгаа ажилтан эхний 3 сар хүртэлх хугацаанд туршилтын хугацаанд ажиллана гэж заажээ. Хөдөлмөрийн дотоод журам болон хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл нэхэмжлэгч З.Згийн туршилтын хугацаа ажил эгүүлэн тогтоох шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дууссан болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байх тул дахин нэг сарын туршилтын хугацаагаар ажилд авсан Удирдах зөвлөлийн 04 дүгээр тогтоол нь үндэслэлгүй байна.” гэжээ. Нэхэмжлэгч З.З-г 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Удирдах Зөвлөлийн 04 тоот тогтоолоор шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авсан болох нь тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж заасны дагуу ажилд эгүүлэн авсан байна. Өөрөөр хэлбэл, З.Згийн өмнө нь ажиллаж байсан Гүйцэтгэх захирлын албан тушаал, ажил үүрэг болон цалин хөлс нь өөрчлөгдөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Улсын Дээд шүүхийн 2012 оны “хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” зөвлөмжийн 3.7 дахь хэсэгт “Ажил гэрээний нөхцлүүдийн талаар зарим зүйлд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл тухайн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой болно.” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, ажилд эгүүлэн авахдаа ажил үүрэг, албан тушаал болон цалин хөлс өөрчлөгдөөгүй бол хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулах шаардлагагүй бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч З.Згийн туршилтын хугацаа ажил эгүүлэн тогтоох шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дууссан болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байх тул дахин нэг сарын туршилтын хугацаагаар ажилд авсан Удирдах зөвлөлийн 04 дүгээр тогтоол нь үндэслэлгүй байна.” гэж заасан нь хуульд нийцэхгүй юм. Шүүхийн З.З өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцлөөр ажилд эгүүлэн авах шийдвэр гаргасан болно. Иргэний хуулиар З.З нь шүүхэд гомдол гаргах үед хөдөлмөрийн гэрээний хугацаа зогсох, тасалдах бөгөөд хугацааг үргэлжлүүлэн тоолсон нь хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, З.З өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцлөөр, туршилтын хугацаанд үргэлжлүүлэн ажилд авах талаар заасан байгаа нь хууль зөрчөөгүй болно. Нөгөө талаар туршилтын ажилтны нийт хугацаа 3 сар байх 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон З.З нь 2 сарын хугацаанд туршилтын хугацаанд ажилласан байсан тул 1 сарын туршилтын хугацаатай буюу хөдөлмөрийн гэрээний нөхцлийг эргүүлэн авсан нь хуульд нийцсэн болно. 2. Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллээс өөрөөр шийдсэн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шүүх тогтоогоогүй байна. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээг шинээр байгуулахыг даалгасан нэхэмжлэлийн шаардлага нь өмнөх 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шүүхийн шийдвэр болон Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Нөгөө талаар нэхэмжлэгч шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгахдаа хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн контракт байгуулахыг даалгахыг шаардсан, үүнийгээ нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл хэсэгтээ Хөдөлмөрийн гэрээний хугацаа шүүхэд хандах явцад дууссан тул шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардсан. Шүүхээс нэхэмжлэгчийн 2 нэхэмжлэлийн шаардлагыг хоёуланг нь хангаж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгож, шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгасан шүүхийн шийдвэр нь нэгэнт шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдсэн маргааныг дахин авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, шийдвэр, магадлалууд 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/00924 тоот шийдвэрлэсэн шийдвэрийг зөрчин шинээр \хугацаагүй, хугацаатай нь тодорхойгүй\ хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгасан нь хуульд нийцэхгүй байна. Нотлох баримтыг буруу үнэлсэн: З.З нь туршилтын нэг сарын хугацаатай ажилд эгүүлэн авсан талаар нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан Х Э Ү ТТББ-д гаргасан өргөдөл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн Х Э Ү ТТББ-ын Удирдах зөвлөлд хандсан гомдолд туршилтын хугацаагаар бус шинээр үндсэн ажилтан буюу хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах хүсэлт гаргасан болно. Шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй бөгөөд нэхэмжлэгч З.З Х Э Ү ТТББ-ын удирдах зөвлөлд энэ талаар хандсан эсэхэд дүгнэлт өгөөгүй. Х Э Ү ТТББ-ын хөдөлмөрийн дотоод журамд Хөдөлмөрийн гэрээ болон ажилтны хөдөлмөрлөх үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдлыг Удирдах зөвлөлд гаргана гэсэн байдаг. Нэхэмжлэгч З.З нь удирдах зөвлөлд 04 тоот тогтоолоор хандсан гомдолд 1 сарын туршилтын хугацаатай эгүүлэн авч буй талаар гомдол байхгүй болно. Тиймээс шүүх нотлох баримтыг үнэлэх болон хууль зүйн үндэслэлийн хувьд хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах боломжтой эсэхэд дүгнэлт өгөөгүй нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч З.З түүний төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл нь хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүний тайлбарласан хууль зүйн тайлбар нь Гүйцэтгэх захиралтай контрактын гэрээ байгуулах ёстой байсан гэх мэтээр тайлбарласан бөгөөд анхан шатны шүүгчийн асуултанд 1 сарын туршилтын хугацаатай авсан талаар гомдол санал удирдах зөвлөлд гаргасан эсэхийг тодруулахад гаргаж байгаагүй, тэр талаар маргаагүй талаар шүүхэд тайлбарласан. Зохигчийн тайлбар нотлох баримт болох бөгөөд бодит үнэнд нийцсэн байдаг. Тиймээс нэхэмжлэгчийн хүсэл зориг, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлаж буй байдлаас нэхэмжлэгч З.З нь Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн удирдах зөвлөлд туршилтын 1 сарын хугацаатай авсан талаар гомдол гаргаж байгаагүй, хугацаагүй гэрээ байгуулах талаар гомдол гаргаж байсан болно. Иймд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвд урьдчилан шийдвэрлэх боломжтой маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг буцаах байсан болно. Шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч З.З нь хариуцагч Х Э Ү ТТББ-д холбогдуулан Удирдах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 4 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч зөвшөөрөөгүй, маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ гэрээ байгуулах талуудын эрх, хөдөлмөрийн гэрээний хугацаа, гэрээгээр үүссэн талуудын  эрх, үүрэг, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс  шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл З.З нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, Х Э Ү ТТББ-ын гүйцэтгэх захирлын албан тушаалаас халагдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/00924 дүгээр  шүүгчийн  захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Уг захирамжид “...хариуцагч Х Э Ү ТТББ нь нэхэмжлэгч З.Зг урьд эрхэлж байсан албан тушаалд өмнөх хөдөлмөрийн гэрээний нөхцлөөр эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны олговорт 3 300 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрсөн” гэж тусгагдсан байна.

Талууд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, гэрээнд ажилтанг туршилтын 3 сарын хугацаагаар авсан тухай заасан, уг хугацааг дуусахаас өмнө 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцалсныг эс зөвшөөрч, З.З шүүхэд нэхэмжлэл гаргасан ба туршилтын хугацаа дууссан боловч түүнийг гэрээний нөхцлөөр, ажилд авахыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна. Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2017 оны 2 дугаар сарын 15-наас мөн оны 5 дугаар сарын 15 хүртэл сунгагдсан гэж үзнэ.

Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолоор З.Зг ...туршилтын 1 сар хүртэлх хугацаанд ажилд нь эгүүлэн томилсон тушаал гаргасан нь буруу боловч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, ажил олгогч шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон болохыг хоёр шатны шүүх анхаараагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дах хэсгийг зөрчжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар ажил олгогч нь шинээр орж байгаа ажилтныг туршилтын хугацаагаар ажилд авахыг тохирч болох бөгөөд энэ нь гэрээний нөхцөлд хамаарна.

Хөдөлмөрийн тухай хуульд гэрээ сунгагдах талаар зохицуулсан, харин хуульд зааснаас өөрөөр, цааш сунгах эсэх, хугацаагүй гэрээ байгуулах эсэх нь ажил олгогчийн эрх,  талуудын харилцан тохирох эсэх асуудал юм. Иймд гэрээгээр тохирсон туршилтын хугацаа дууссан, уг хугацаа дууссан боловч ажил олгогч гэрээний нөхцлөөр ажилд авахыг зөвшөөрснөөр гэрээг мөн хугацаагаар сунгагдсанд тооцох тул нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 15 хүртэл гэрээний дагуу ажиллах эрхтэй, уг хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байжээ.  

Хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 176.2.4-т зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, нэхэмжлэлийн талаар  дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв..

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/02573 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 627 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дах хэсгийг баримтлан хариуцагч Х Э Ү ТТББ-д холбогдох Удирдах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгуулах нэхэмжлэгч З.Згийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УНДРАХ

   ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА