Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 707

 

 

 

 

 

 

 

   2020          07              27                                       2020/ШЦТ/707

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-н М-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 03-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт ** аймаг, ** сумын, ** дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/ БорлБууд овогт Д-н М.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн * дугаар хороо, “**” бааранд хохирогч Н.Б-н нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, биед нь доод уруулд шарх, доод 3 шүдний сулрал, хүзүүнд цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М нь мэдүүлэхдээ:

“...Би тухайн өдөр хамаатны ахтайгаа бааранд орсон ба зөөгчтэй маргалдаж заамдалцсан. Тэгээд гарыг нь тавиулах гээд таттал юм мөргөчихсөн...” гэв.

 

Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

хохирогч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би “**” бааранд хамгаалагчаар ажилд ороод удаагүй байсан бөгөөд нэг үл таних залуу маргаан хийгээд байхаар нь очиж салгах гэтэл над руу дайрсан. Тэгэхээр нь салгах гээд цамцнаас нь татахад миний энгэрээс заамдаж байгаад толгойгоороо нэг удаа мөргөхөд миний үүдэн 2 шүд суларсан. Энэ үед Цагдаагийн байгууллагад дуудлага өгч, гомдол өгсөн. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-рт/,

 

гэрч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө ажил дээрээ ширээний бохир цэвэрлэж байгаад хоёр ширээний завсраар гарахдаа манай бааранд үйлчлүүлж байсан нэг хүний хөл дээр нь гишгэтэл нөгөө хүн уурлаад намайг хэл амаар доромжлосон. Тэгэхээр нь би тухайн хүнээс уучлалт гуйсан. Гэтэл намайг доромжлоод, цээж рүү гараагаа түлхсэн бөгөөд би тухайн үед ямар нэгэн юм хэлэлгүй цааш явсан. Гэтэл хамгаалагч намайг өмөөрч тэдний хооронд маргаан үүссэн. Тэгээд хамгаалагч надад нөгөө нөхөр намайг мөргөсөн, тэгээд цагдаа иртэл цагдаагийн гарыг нь хазсан гэж хэлсэн. Харин маргаан, зодооныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-рт/,

 

Гэрч Б.Ш-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би тухайн өдөр эргүүлээр ажиллаж байгаад дуудлага мэдээлэлд очиж ажилласан. Намайг очих үед тус баарны хамгаалагч залуу өөрийг нь мөргөсөн гэх эрэгтэйн хамт зогсож байсан. Юу болсон талаар асуухад нилээд согтуу гэмээр эрэгтэй хэл ам нь ойлгогдохгүй юм яриад байсан бөгөөд машинд суу гэхэд өөдөөс эсэргүүцээд машинд суухгүй байсан. Би нөгөө эрэгтэйг гараараа гарынх нь сарвуу хэсгээс атгаад өчих гэтэл гараа татаад урдаа авсан. Дахин гарыг нь бариад автал миний баруун гарын долоовор хуруу хэсгээс хазсан. Энэ үед надтай хамт явж байсан цагдаагийн ахлагч Ганболд гарыг нь гавлаад машинд суулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. Н.Б-н биед доод уруулд шарх, доод 3 шүдний сулрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. 

3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 30-рт/ гэжээ.

 

шүүгдэгч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 06-ны шөнө 00 цаг өнгөрч байхад манай хамаатны ах Балхжав намайг гэрийн гадаа байна гараад ир гэж дуудсан. Тэгээд би ахтай хороололд байдаг “*” нэртэй бааранд орсон. Бааранд ороод нэг шил “Соёрхол” гэх 0,5 литрийн хэмжээтэй архи авч уугаад байж байхад манай ширээнд үйлчилж байсан нэг эмэгтэй зөөгч миний хөл дээр гишгэчихсэн. Би зөөгчид “чи миний хөл дээр гишгэчихлээ” гэж хэлэхэд “санаандгүй гишгэчихлээ” гэж хэлэхэд нь би түүнийг гараараа түлхсэн. Нөгөө зөөгч цаашаа яваад хамгаалагч гэх нэг залуутай хамт буцаж ирсэн. Хамгаалагч надад хандаж яагаад байгаа юм гэж хэлэхэд нь би “яасан юм” гэж хэлсэн. Гэтэл хамгаалагч намайг заамдаад “чи одоо гар” гэж хэлэхэд нь би гарыг тавиулах гэтэл тавихгүй байсан. Тэгээд би хамгаалагчийн ам хэсэгт нь толгойгоороо нэг удаа мөргөтөл хамгаалагч шүд хөдөлчихлөө гэж маргалдаж зууралдаад гадаа гарцгаасан. Тэр үед баарны ажилтнууд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд удалгүй Цагдаагийн албан хаагч нар ирж намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-45-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-рт/,

- тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 51-рт/,

- гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 52-рт/,

- эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 53-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54-рт/,

- үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55-рт/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56-рт/,

- Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 57-61-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “**” бааранд хохирогч Н.Б-н нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, биед нь доод уруулд шарх, доод 3 шүдний сулрал, хүзүүнд цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Н.Б-н “...би тухайн өдөр “**” бааранд хамгаалагчаар ажиллаж байсан ба нэг үл таних залуу маргаан хийгээд байхаар нь очиж салгах гэтэл над руу дайраад байхаар Тэгэхээр нь салгах гээд цамцнаас нь татах үед миний энгэрээс заамдаж байгаад толгойгоороо 1 удаа мөргөхөд миний үүдэн 2 шүд суларсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Л.М-ын “...“**” нэртэй бааранд архи авч уугаад байж байтал манай ширээнд үйлчилж байсан зөөгч миний хөл дээр гишгэчихсэн. Би түүнийг гараараа түлхтэл нөгөө зөөгч цааш яваад хамгаалагч залуутай хамт буцаж ирсэн. Тэгээд хамгаалагч нь намайг заамдаад “чи одоо гар” гэж хэлэхээр нь түүний ам хэсэгт нь толгойгоороо нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №*** дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Н.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хохирогч Н.Б нь хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх тул хохирогчийг энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.М-с жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Л.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэйн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Д-н М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.М-д 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Н.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.М-оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-од авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ