| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0031/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2020-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,
Хохирогч А.Пүрэвдорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Л.Б-д холбогдох эрүүгийн 2019000170011 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Л.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт иргэн А.П-ийн биед хүч хэрэглэн довтолж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан, Самсунг Эс 2 маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “…Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас энэ гэмт хэргийг хийсэн. Би 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хөдөөнөөс ирээд согтууруулах ундааны зүйл хэрэглэх гэсэн мөнгө байхгүй болохоор нь хүний утсыг дээрэмдсэн. Т, Б, П Э нартай Туулын гэрт 0,75 литрийн Хараа 1 ширхэг, 075 литрийн Арвай 3 ширхэгийг тус тус уусан. Тэгээд Дорноговь аймаг Сайншанд сум Бүрдэнэ булаг дэлгүүрийн урд П гэх ахтай тааралдаад Бүрдэнэ булаг дэлгүүрийн урдаас Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Хамрын хийд явах замд байдаг постны урд тал хүртэл дагаад баруун гараараа нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон, мөн баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн тэгээд унахаар нь өмдний зүүн урд талын халааснаас цагаан өнгөтэй дэлгэц нь хагархай Самсунг эс 2 маркийн гар утсыг аваад төмөр зам дагаад зүүн тийшээ гүйж яваад эгч М-ийн гэрт очоод самсунг эс маркийн цагаан өнгийн утсыг эгч М-д олсон гэж хэлээд бэлэн 6000 төгрөгөөр зарсан. Би 6000 төгрөгөөрөө ‘’Бүрдэнэ булаг”’ дэлгүүрээс 4000 төгрөгний өргөө нэртэй архи 1 ширхэг, улаан шонхор тамхи 1 хайрцгийг 2000 төгрөгөөр худалдан авсан…” гэв.
Хохирогч А.П-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 18 цагийн үед хүүхдийн хоолой өвдөөд байна гэхээр нь эмийн сан орж эм авчихаад, барилгын 36 дугаар байраар эгчийнхээрээ орчихоод буцаад орой 20 цагийн орчимд Бүрдэнэ булаг дэлгүүрийн хажуугаар гараад зам дагуу урагшаа малчны байранд байх гэртээ харих гээд алхаж байгаад хамрын хийд явах замын постны урд хэсэгт нэг үл таних хүн дуудсан. Тэгээд би яваад очиход намайг шууд цээжин тус газар өшиглөж унагаад дээрээс цохиод байсан. Дараа нь миний өмдний зүүн урд талын халааснаас миний гар утсыг аваад яваад өгсөн. Миний нүүр лүү цохисон үгүйг мэдэхгүй байна. Тэгээд охин дүү 2-оо поструу явуулаад камерийг нь шалгуулах гээд явуулсан, болохгүй цагдаа ирж байж шалгадаг гэхээр нь охиноороо цагдаа дуудуулсан боловч цагдаа ирээгүй. Тэгээд цээжээр хатгаж өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлж рентгэн зураг авхуулахад зүүн талын хавирга хугарсан байна гэж хэлэхээр нь дарга руу ярьж эмчилгээний мөнгө болох 600 000 төгрөгийг зээлж авсан. Миний биед бэртэл гэмтэл учраагүй. Эмч намайг үзээд эм бичиж өгснийг авч уусан. Ээж эгч нар нь надтай ирж уулзсан. Миний хохирлыг барагдуулж, надад 80 000 төгрөгийг эмээгээсээ зээлж аваад надад өгсөн. Би гар утсаа хүлээн авсан. Би хүний хүүхдийг хэрэгт холбохыг хүсэхгүй байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Т, Б, П, Э нартай Дорноговь аймаг Сайншанд сум 2 дугаар баг Энхтайваны гудамжинд Туулын гэрт 0,75 литрийн Хараа 1 ширхэг, 0,75 литрийн Арвай архи 3 ширхэгийг тус тус уусан. Тэгээд би 21 цагийн орчимд Т-ынхаас ганцаараа гарч яваад Сайншанд сумын дэнжид байдаг Бүрдэнэ булаг дэлгүүрийн урд талын гудамжнаас гарч явсан танихгүй эрэгтэй хүнийг дагаж явж байгаад хамрын хийд явдаг замын постноос урагш замын баруун талд очоод тэр хүнийг араас нь хөөе гээд дуудтал эргэж харахаар нь би баруун гараараа нүүрэнд нь хоёр удаа цохиж, баруун хөлөөрөө цээжинд нь 1 удаа өшиглөж унагаагаад өмднийх нь зүүн талын халаасыг үзтэл гар утас байхаар нь аваад төмөр замаас зүүн тийш гүйж яваад эгч М-ын гэрт очоод нөгөө авсан утсаа үзтэл Самсунг эс 2 маркийн цагаан өнгөтэй дэлгэц нь хагархай гар утас цэнэггүй байсныг би цэнэглэж асаагаад доторх юнителийн симийг нь авч хаяад эгчийнхээ 8852**** дугаарын симийг хийгээд би энэ утсыг төвд явж байгаад олсон гэж эгчид хэлээд 6000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэр 6000 төгрөгөөрөө “Бүрдэнэ булаг” дэлгүүрээс 4000 төгрөгний Өргөө нэртэй архи 1 ширхэг, улаан шонхор тамхи 1 хайрцгийг 2000 төгрөгөөр худалдан авсан...” гэсэн мэдүүлэг /xx-ийн 35-37 дугаар хуудас/
Хохирогч А.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны орой 20 цагийн орчим... Бүрдэнэ булаг дэлгүүрийн хажуугаар гараад зам дагуу урагшаа малчны байранд байх гэртээ харих гээд алхаж байгаад хамрын хийд явах замын постны урд хэсэгт нэг үл таних хүн дуудсан. Тэгээд би яваад очиход намайг шууд цээжин тус газар өшиглөж унагаад дээрээс цохиод байсан, тэгээд миний өмдний зүүн урд талын халааснаас цагаан өнгийн Самсунг эс 2 маркийн гар утсыг аваад яваад өгсөн... Маргааш нь би нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн ба миний хавиргыг хугарсан байна гэж хэлсэн... Миний нүүр лүү цохисон үгүйг мэдэхгүй байна. Цээжрүү л өшиглөсөн тэрийг л мэдэж байна. Маргааш нь баруун нүдний дээд талд шалбарсан байсан. Тэгээд цээжээр хатгаж өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлж рентгэн зураг авхуулахад зүүн талын хавирга хугарсан байна гэж хэлсэн. Миний биед бэртэл гэмтэл учраагүй. Эмч намайг үзээд эм бичиж өгснийг авч уусан. Эгч нар нь надтай ирж уулзсан. Миний хохирлыг барагдуулж, надад 80 000 төгрөг өгсөн. Би гар утсаа хүлээн авсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /xx-ийн 25-28, 40-43, 50-51 дүгээр хуудас/
2020 оын 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогч А.П-ийн цагаан өнгийн дэлгэц нь хагархай самсунг эс-2 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /xx-ийн 44 дүгээр хуудас/,
Гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б гаднаас орж ирээд цагаан өнгийн мэдрэгчтэй Самсунг маркийн гар утас халааснаасаа гаргаж ирээд та энэ утсыг 6000 төгрөгөөр худалдаад авчих гэж гуйсан. Тухайн үед би үгүй авахгүй гэж хэлсэн, тэгээд сүүлдээ Л.Б нь надад манай таньдаг ахын утас байгаа юм. “Мy music” баарны тэндээс би авч ирсэн юм, ах тэнд намайг хүлээж байгаа гэхээр нь би 6000 төгрөг Л.Б-д өгөөд тус утсыг авсан... Л.Б-ээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /xx-ийн 7-8 хуудас/,
2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрч Х.М-аас цагаан өнгийн дэлгэц нь хагархай самсунг эс 2 маркийн гар утсыг хураан авч, уг мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, гар утсыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /xx- ийн 9-12 дугаар хуудас/ ,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 02/023 дугаартай шинжээч эмч Э.А-ын: “...А.П-ийн биед зүүн 12 дугаар хавирганы хугарал, баруун шанааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан зүүн 12 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун шанааны зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /xx-ийн 14-15 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-820/010 дугаартай “...Самсунг Эс-2 маркийн гар утас 50 000 төгрөг...” гэсэн дүгнэлт / хх-ийн 17-23 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж /хх-ийн 71-79р хуудас/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 151 дугаарт тогтоол /хх-ийн 81/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймагийн Сайншанд сумын 2-р багийн нутаг дэвсгэрт хохирогч А.П-ийн биед хүч хэрэглэн довтолж Самсунг Эс 2 маркийн утсыг дээрэмдэх явцдаа хохирогчийг гараараа цохиж унаган, цээжин тус газар хэд хэдэн удаа өшиглөн биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан хохирогч А.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны орой 20 цагийн орчим... Бүрдэнэ булаг дэлгүүрийн хажуугаар гараад зам дагуу урагшаа малчны байранд байх гэртээ харих гээд алхаж байгаад хамрын хийд явах замын постны урд хэсэгт нэг үл таних хүн дуудсан. ...намайг шууд цээжин тус газар өшиглөж унагаад дээрээс цохиод миний өмдний зүүн урд талын халааснаас цагаан өнгийн Самсунг эс 2 маркийн гар утсыг аваад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг, хохирогч А.П-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 18 цагийн үед хүүхдийн хоолой өвдөөд байна гэхээр нь эмийн сан орж эм авчихаад, ...орой 20 цагийн орчимд Бүрдэнэ булаг дэлгүүрийн хажуугаар гараад зам дагуу урагшаа малчны байранд байх гэртээ харих гээд алхаж байгаад хамрын хийд явах замын постны урд хэсэгт нэг үл таних хүн дуудсан...очиход намайг шууд цээжин тус газар өшиглөж унагаад дээрээс цохиод байсан. Дараа нь миний өмдний зүүн урд талын халааснаас миний гар утсыг аваад яваад өгсөн. Миний нүүр лүү цохисон үгүйг мэдэхгүй байна...Би гар утсаа хүлээн авсан. Би хүний хүүхдийг хэрэгт холбохыг хүсэхгүй байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б гаднаас орж ирээд цагаан өнгийн мэдрэгчтэй Самсунг маркийн гар утас халааснаасаа гаргаж ирээд та энэ утсыг 6000 төгрөгөөр худалдаад авчих гэж гуйсан. Тухайн үед би үгүй авахгүй гэж хэлсэн, тэгээд сүүлдээ Л.Б нь надад манай таньдаг ахын утас байгаа юм. “Мy music” баарны тэндээс би авч ирсэн юм, ах тэнд намайг хүлээж байгаа гэхээр нь би 6000 төгрөг Л.Б-д өгөөд тус утсыг авсан... Л.Б-ээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Л.Б-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас энэ гэмт хэргийг хийсэн. Би 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хөдөөнөөс ирээд согтууруулах ундааны зүйл хэрэглэх гэсэн мөнгө байхгүй болохоор нь хүний утсыг дээрэмдсэн…Бүрдэнэ булаг дэлгүүрийн урд П гэх ахтай тааралдаад Бүрдэнэ булаг дэлгүүрийн урдаас Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг Хамрын хийд явах замд байдаг постны урд тал хүртэл дагаад баруун гараараа нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон, мөн баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн тэгээд унахаар нь өмдний зүүн урд талын халааснаас цагаан өнгөтэй дэлгэц нь хагархай Самсунг эс 2 маркийн гар утсыг аваад төмөр зам дагаад зүүн тийшээ гүйж яваад эгч М-ын гэрт очоод самсунг эс маркийн цагаан өнгийн утсыг эгч М-д олсон гэж хэлээд бэлэн 6000 төгрөгөөр зарсан. Би 6000 төгрөгөөрөө ‘’Бүрдэнэ булаг”’ дэлгүүрээс 4000 төгрөгний өргөө нэртэй архи 1 ширхэг, улаан шонхор тамхи 1 хайрцгийг 2000 төгрөгөөр худалдан авсан...” гэсэн мэдүүлэг, 2020 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр гэрч Х.М-аас цагаан өнгийн дэлгэц нь хагархай Самсунг Эс 2 маркийн гар утсыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, гар утсыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, 2020 оын 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогч А.П-ийн цагаан өнгийн дэлгэц нь хагархай Самсунг Эс-2 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар үйл явдлыг үгүйсгэсэн, эргэлзээтэй буюу зөрүүтэй гэх нотлох баримт авагдаагүй, хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг агуулгын хувьд зөрөөгүй тул шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Шүүх хуралдаанд хохирогч А.П нь халаасанд 6000-7000 төгрөг байсан нь алга болсон байсан, өглөө нь намайг цохиж унаган зодож дээрэмдсэн газарт очиход миний авч явсан эм тэнд байсан болохоор би Б-г авсан гэж бодсон, би энэ мөнгийг нэхэмжлэхгүй гэсэн болно.
Шүүгдэгч Л.Б нь хохирогч А.П-г дээрэмдэж, хүч хэрэглэн довтолж түүнийг цохих, унагах, өшиглөх зэргээр эрх чөлөөнд нь халдан хүч хэрэглэсний улмаас 12 дугаар хавирга хугарч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч А.П-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Маргааш нь би нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн ба миний хавиргыг хугарсан байна гэж хэлсэн... Миний нүүр лүү цохисон үгүйг мэдэхгүй байна. Цээжрүү л өшиглөсөн тэрийг л мэдэж байна. Маргааш нь баруун нүдний дээд талд шалбарсан байсан. Тэгээд цээжээр хатгаж өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлж рентгэн зураг авхуулахад зүүн талын хавирга хугарсан байна гэж хэлсэн. Миний биед бэртэл гэмтэл учраагүй. Эмч намайг үзээд эм бичиж өгснийг авч уусан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 02/023 дугаартай шинжээч эмч Э.А-ын: “...А.П-ийн биед зүүн 12 дугаар хавирганы хугарал, баруун шанааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан зүүн 12 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэгээд цээжээр хатгаж өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлж рентгэн зураг авхуулахад зүүн талын хавирга хугарсан байна...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийг цохиж унаган өшиглөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч маргаагүй, хохирогч А.П-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, шинжээчийн дүгнэлттэй танилцан гарын үсэг зурсан, шинжээчийн дүгнэлтийн талаар үгүйсгэх, үл зөвшөөрөх, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Хохирогчид учирсан эд хөрөнгө болох гар утсыг “Ашид билгүүн” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-820/010 дугаартай “...Самсунг Эс-2 маркийн гар утас 50 000 төгрөг...” гэсэн дүгнэлт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02/023 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлт гаргасан. Хохирогч А.П нь эрүүл мэндэд учирсан материаллаг хохирол 500 000 - 600 000 төгрөгний зардал гарсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, хохирол учирсан хэдий ч нэхэмжлэхгүй гэсэн болно.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт авагдаагүй, шүүгдэгч үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй, “Ашид Билгүүн” ХХК-ний болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02/023 дугаартай шинжээчийн дүгнэлтийн талаар эсрэг санал гаргаж үгүйсгээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Б-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ш овогт Л.Б-г бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан /дээрэмдэх гэмт хэрэг/ санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг адил тэгш харгалзан ял шийтгэл оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялд шилжүүлэн 40 хоног буюу 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 4 сар 10 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б-д оногдуулсан 2 жил 4 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА