| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00222/И |
| Дугаар | 00222 |
| Огноо | 2017-02-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 00222
| 2017 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 155/ШШ2017/00222 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1984 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 22-06 тоотод оршин суух, РЭ84060705 дугаар регистртэй, Бүргэд овогт Дэмбэрэлийн Батцэцэг,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багт оршин суух, РГ92073006 дугаар регистртэй, эмэгтэй, Шарнууд овогт Баярсайханы Баасанжаргал нарт холбогдох
Зээлийн үлдэгдэл 2.059.238 төгрөг, хүү 894.946 төгрөг, торгуулийн хүү 72.435 төгрөг, бүгд 3.026.619 /гурван сая хорин зургаан мянга зургаан зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2016/01460/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогт-Эрдэнэ, хариуцагч Д.Батцэцэг нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын захирал Д.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Дэмбэрэл овогтой Батцэцэг нь “Ивээл” өдөр өнжүүлэхэд ажиллаж байхдаа 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ХААН банкны Хөвсгөл салбараас 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн өрхийн зээлийн сарын 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай аваад 2015 оны 8 дугаар сараас хойш хугацаа хэтрээд 471 хонож байна. Зээлийн үлдэгдэл 2.059.238 төгрөг, хүү 894.946 төгрөг, торгуулийн хүү 72.435 төгрөг, бүгд 3.026.619 /гурван сая хорин зургаан мянга зургаан зуун арван ес/ төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Иймээс зээлийн гэрээний холбогдох заалтуудын дагуу 3.026.619 төгрөгийг зээлдэгч Д.Батцэцэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Баасанжаргал нараас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1981 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ХААН банкны Хөвсгөл салбарт зээлийн эдийн засагч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 25-1-4 тоотод оршин суух, РУ81042110 дугаар регистртэй, Зүүн хариад овогт Дүгэрдондогийн Цогт-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батцэцэг, Б.Баасанжаргал нар нь ХААН банкны Хөвсгөл салбараас 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр авсан. Анх зээл авахдаа барьцаанд тавьсан автомашиныг зарж зээлийн гэрээний үүргийг зөрчсөн, мөн зээлийн эргэн төлөлтийг хийхгүй 471 хоног өнгөрсөн. Зээл, зээлийн хүү, торгуулийн хүү нийт 3.026.619 төгрөг болсон. Одоо Б.Батцэцэг 1.513.310 төгрөг, Б.Баасанжаргал 1.513.310 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Б.Баасанжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Би Д.Батцэцэгтэй хамтарч ХААН банкнаас 2.500.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Өдөр өнжүүлэх төв нь одоо үйл ажиллагаа явуулахаа больсон. Банкнаас нэхэмжилсэн 3.026.619 төгрөгийг Д.Батцэцэгтэй тэнцүү хэмжээгээр хуваан төлөхөөр болсон. Иймд би 3.026.619 төгрөгөөс 1.513.310 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Д.Батцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ивээл” өдөр өнжүүлэх төвийг ажиллуулж байхдаа 2015 оны 03 сарын 20-ны өдөр ХААН банкны Хөвсгөл салбараас 2.500.000 төгрөгийн зээлийг Б.Баасанжаргалтай хамтарч авсан. Уг зээлээс 450.000 төгрөгийг төлж барагдуулсан. Өдөр өнжүүлэх төвөө ажиллуулах боломжгүй болж өөрийн орлогогүй болсон тул үлдэгдэл зээлээ төлөх боломжгүй болсон. Тус төвийг ажиллуулж байхад Б.Баасанжаргал нь гоо сайханы бүтээгдэхүүний 550.000 төгрөгийн өрөнд оруулж, түрээсийн мөнгө 450.000 төгрөгийг төлөлцөлгүй сураггүй алга болсон. Энэ мөнгийг би өөрөө төлсөн. Одоогоор орлогын эх үүсвэргүй, гэртэээ хүүхдээ хардаг, хүүхэд маань 3 сартай, бие муутай байнгын эмчийн хяналтад байдаг. Дээрх ХААН банкны Хөвсгөл салбараас авсан зээлийн үлдэгдэл, хүү, торгууль бүгд нийлээд 3.026.619 төгрөгийг Б.Баасанжаргалтай ярилцаад тус бүр 1.513.310 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Иймд би 1.513.310 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Д.Батцэцэг, Б.Баасанжаргал нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 2.059.238 төгрөг, хүү 894.946 төгрөг, торгуулийн хүү 72.435 төгрөг, бүгд 3.026.619 /гурван сая хорин зургаан мянга зургаан зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цогт-Эрдэнэ 3.026.619 төгрөгийг хувааж 1.513.310 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэсэн хариуцагч Д.Батцэцэг, Б.Баасанжаргал нарын тайлбарыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63.376 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Батцэцэгээс 31.688 төгрөг, хариуцагч Б.Баасанжаргалаас 31.688 төгрөгийг тус тус гаруулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбараас нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 2.059.238 төгрөг, хүү 894.946 төгрөг, торгуулийн хүү 72.435 төгрөг, бүгд 3.026.619 /гурван сая хорин зургаан мянга зургаан зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч Д.Батцэцэг 1.513.310 /нэг сая таван зуун арван гурван мянга гурван зуун арав/ төгрөг, хариуцагч Б.Баасанжаргал 1.513.309 /нэг сая таван зуун арван гурван мянга гурван зуун арав/ төгрөг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63.376 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Батцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж 31.688 төгрөг, хариуцагч Б.Баасанжаргалаас 31.688 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА