| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2017/00391/И |
| Дугаар | 181/ШШ2017/00285 |
| Огноо | 2017-01-24 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2017/00285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Иргэн Б
Үрчлэлт хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.Иргэн Б, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Ганбаатар, О.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Иргэн Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие О.Иргэн Б нь 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Буянхишигийг төрүүлж, 2004 онд Америкийн нэгдсэн улсад ажиллаж, амьдрах зорилгоор явахдаа өөрийн төрсөн дүү О.Баярмаа болон хүргэн С.Ганбаатар нарын асрамжид үлдээж, үрчлүүлсэн. Одоо өөрийн охиныг Америк авч явах, өөрийн асрамжид байлгах хүсэлтэй байх тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Ганбаатар, О.Баярмаа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Буянхишигийг цаг үеийн шаардлагаас болж бид нарт үрчлүүлсэн бөгөөд одоо эх О.Иргэн Бгийн асрамжид үлдээх хүсэлтэй байх тул үрчлэлтийг хүчингүй болгох хүсэлтийг дэмжиж байна” гэв.
Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Иргэн Б нь үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч О.Иргэн Б нь 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Буянхишигийг төрүүлсэн бөгөөд эх О.Иргэн Бгаар овоглон төрсний гэрчилгээг олгосон нь охин Буянхишигийн үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбараар тус тус тогтоогдлоо. /ХХ-ийн 7 дугаар тал/
Гуравдагч этгээд С.Ганбаатар, О.Баярмаа нар нь “охин Буянхишигийг өөрийн асрамжид авч, овог солиулах” тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн иргэний бүртгэлийн албанд 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан байх ба 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр охин Буянхишигийг Сүрьеэгийн Ганбаатар, Орсоогийн Баярмаа нарт үрчлүүлэн, мөн өдөр нь үрчлэлтийн бүртгэлийн 44 дүгээрт тус тус бүртгэж, үрчлэлтийн гэрчилгээ олгосон нь үрчлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Үрчлэгч С.Ганбаатар, О.Баярмаа нар нь үрчлүүлэгч Буянхишигийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг зөвшөөрч байх тул дээрх байдлыг харгалзан шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Буянхишигийг Сүрьеэгийн Ганбаатар, Орсоогийн Баярмаа нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцон, 2000 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Буянхишигийг төрсөн эх Оросоогийн Иргэн Бгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д “Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлийн ажилтан уг бүртгэлд өөрчлөлт оруулж төрсний гэрчилгээг нь сэргээж, төрсөн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгоно.” гэж заажээ.
Үрчлэлтийг хүчингүйд тооцсонтой холбоотойгоор 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Буянхишигийг эх О.Иргэн Бгийн нэр дээр бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 2000 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Буянхишигийг 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүрьеэгийн Ганбаатар, Орсоогийн Баярмаа нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2000 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Буянхишигийг асран хүмүүжүүлэх эрхийг Оросоогийн Иргэн Бд шилжүүлсүгэй.
3. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасныг баримтлан 2000 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Буянхишигийг эх Оросоогийн Иргэн Бгийн нэр дээр бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР