Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 36

 

 

 

 

 

 

                                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Б.Ц-д холбогдох эрүүгийн 2019000880042 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.Ц

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Ц нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 02 дугаар сарын 27-ны шөнө архидан согтуурсан үедээ хохирогч С.Ө-тэй маргалдаж, улмаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “…2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Мөнхбаатар бид 2 гэрт 2 шил архи ууж нэлээн согтсон. Тэгээд голын хойно байдаг дүүгийндээ очиж буу авах гээд явахдаа С-тэй таараад М нь С-тэй маргалдаад байхаар нь би яагаад муудаад байгаа юм бэ? гэж хэлээд зогсож байхад манай дүү М ирсэн. Би тухайн үед С-д хандаж, чи бид хоёр уг нь муудалцах хүмүүс биш дээ гэж хэлэхэд хоёулаа ийшээ гараад зодолдох уу гээд байсан. Гэхдээ бид хоёр тухайн үед зодолдоогүй. Тэгээд манай дүү Д-г Ө-өөс салаад алхаж байхад гар луу нь цохиод авсан юм. Тэгэхлээр нь миний уур хүрээд С-ын дүү Ө-ийг барьж аваад нүүрэн тус газарт нэг удаа цохиод авсан юм. Дараа нь С-ын хашаанд муудалцсан ба тэр үед би С-ын дүү Ө-ийн нүүрэнд гараараа цохиод гэмтэл учруулчихсан юм …” гэв.

     

Хохирогч С.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 сарын 27-ны өдөр 15 цагийн үед хөдөөнөөс орж ирсэн юм. Тэгээд С ахын хашаанд орж ирэхэд С ах хашаан дотроо байж байсан. Гэтэл удалгүй хашааны гадаа нэг машин ирээд зогссон ба дотроос нь Ц, М хоёр намайг С-ыг дууд гээд хашгираад байсан юм. Тухайн үед тэр хоёр архи уусан согтуу байгаа бололтой байсан юм. Гэтэл С ах энэ 2 түрүүнээс хойш томроод байна, хамт явъя суучих гээд мотоциклио асаасан. Би ард нь суугаад хамт явсан юм. Тэгээд бид 2 баруун гэр байрны захад очоод зогсоход араас Ц ирээд зогссон. Машин дотроос нь М тэр хоёр бууж ирсэн ба М хоосон архины шил бариад гараад ирсэн. Тэгээд надруу далайхлаар нь шилээрээ намайг цохих гэж байна гэж бодоод түрүүлээд нүүрэнд нь цохьчихсон юм. Тэгээд л манай ээж С, Эгч У нар ирээд ах бид хоёрыг аваад явсан. Тэгээд ах бид хоёр гэрт ороод байж байхад араас Е ирсэн юм. Тэгээд гэртээ орж ирээд С, Ө нар яах гээд байна, хоорондоо маргалдсан асуудлаа өөрсдөө шийдэж чадахгүй, яагаад надруу яриулаад байгаа юм бэ? гэсэн. Тэгэхэд нь ах С яасан гэнээ гээд босоод ирсэн. Тэгээд л тэр хоёр барилцаж аваад гадаа гарсан юм. Тэгээд би ардаас нь гарч очоод Е-ийн шилэн хүзүүн дээр нь нэг удаа цохиод авсан. Гэтэл цаанаас нь М, Ц нар машинаасаа ирж байгаа харагдсан юм. Тэр үед мөн Д ирчихсэн надруу дайрахаар нь би барьж аваад зууралдсан юм. Тэгээд бид хоёр нэг нэгээ нээх их цохиж авч чадалгүй зууралдаж байгаад салсан юм. Тэгтэл Ц ирээд шууд миний нүүрэнд 2 удаа цохиод авсан. Тэгээд л миний нүд хавдаж хөхөрсөн юм. Одоо Ц бид хоёрын хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Хоорондоо учир зүйгээ ололцсон. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 3-4, 74-75 дугаар хуудас/,

 

          Гэрч Б.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Ц, М хоёр манайхаас хөлдүү бууз аваад гэр лүүгээ харилаа гээд явсан. Тэгээд л удалгүй манай эхнэр лүү С-ын эхнэр нь яриад Ц, М хоёр ирээд С, Ө нарыг аваад муудалцах гээд явчихлаа гэж хэлсэн байсан ба манай эхнэр хоёулаа очоод тэд нарыг зохицуулъя гээд намайг аваад явсан юм. Манай эхнэр С-ын дүү нь байгаа юм. Тэгээд эхнэр бид хоёр адуу тэжээдэг жүчээн дээр очиход тэд нар хоорондоо зодолдоод салцгаасан байсан ба С, Ө 2 яваад өгсөн байсан юм... Тэр үед манай ах Ц машинаас гарч ирчихсэн мөн Ө-г цохиж байгаа харагдсан. Тэгээд л цагдаа нар ирээд бид нарыг аваад салахад С ах нэг мод барьчихсан ирээд намайг цохихлоор нь гараараа хаачихсан юм. Гэтэл Ц ах ирээд Ө-ийн нүүр хавьд нь цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

           Гэрч С.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд гэртээ очоод байж байхад араас Ц болон М хоёр хүрч ирээд хашааны гаднаас ахыгаа дууд гээд манай дүү Ө-д хэлж байсан ба тэр үед манай дүү хөдөөнөөс дөнгөж орж ирж таарсан юм. Тэгээд л би дүүгээ сундлаад энэ хоёртой очиж уулзъя гээд дагуулаад гарсан юм. Тэгээд бид хоёр баруун байрны баруун захад очоод байж байхад араас Ц, М хоёр ирсэн. Тэгээд л М машинаас бууж ирэхдээ хоосон архины шил бариад гараад ирсэн... Тухайн үед манай дүү Ө-ийг Ц цохисон гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 02/058 дугаартай шинжээч Э.А-ын: “...С.Ө-ийн биед баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох жрумын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

           Шүүгдэгч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 сарын 27-ны өдөр найз М бид хоёр манай гэрт 14 цагийн үед 2 шил архи уусан юм. Тэгээд 16 цагийн үед гарч яваад сумын хойд талын дэнж дээр байх гэр байранд явж байгаад С эхнэр хүүхэдтэйгээ явж байхтай нь таараад бид нар уулзсан юм. Тухайн үед С эхнэр хүүхэдтэйгээ мотоцикльтой, архи дарс уугаагүй эрүүл явж байсан. Тэгж уулзаад мэнд мэдчихээд би машиндаа сууж байхад М гарч С-тэй уулзаад зогсож байсан. Нэг мэдэхэд тэр 2 хоорондоо маргалдаад эхэлсэн юм. Тэгээд би бууж очоод чи яагаад надтай хамт явж байгаа хүнтэй муудаад байгаа юм бэ? гээд С-тэй бага зэрэг маргалдаж байхад манай төрсөн дүү Е ирээд та нар чинь яагаад маргалдаад байгаа юм бэ? одоо явцгаа гээд бид нар салаад явсан. Тэгээд салж яваад дүүгийнхээ гэрээр орж, хөлдүү бууз авчихаад М бид 2 манай гэрт очиж, буузаа тавьчихаад буцаад адуу тэжээж байсан жүчээн дээрээ очих гээд явж байхад худаг дээр С ус аваад зогсож байхаар нь очиж уулзсан юм. Би тухайн үед С-д хандаж, чи бид хоёр уг нь муудалцах хүмүүс биш дээ гэхэд С чи надтай муудах гээд байгаа юмуу, муухай хараад байгаарай гэж хэлээд хоёулаа ийшээ гараад зодолдох уу гээд байсан. Гэхдээ бид хоёр тухайн үед муудаж зодолдоогүй. Тэгээд л усаа авчихаад С хөдлөөд явахдаа араас манай дүү Д-г Ө-с салаад алхаж байхад нь гар луу нь цохиод авсан юм. Тэгэхлээр нь миний уур хүрээд С-ын дүү Ө-г барьж аваад нүүрэнд нь нэг удаа цохиод авсан юм. Тухайн зодоонд М оролцоогүй бид нар хоорондоо зодолдсон юм. Тухайн үед бол М-ын нүдэнд Ө цохиж гэмтэл учруулсан юм. Харин М нэг ч хүнтэй муудаж зодолдоогүй... Тэгээд л ер нь энэ асуудлаас болоод бид нар дараа нь С-ын хашаанд муудалцсан ба тэр үед би С-ын дүү Ө-ийн нүүрэнд гараараа цохиод гэмтэл учруулчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6, 69-70 дугаар хуудас/,

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч Б.Ц нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2020 оны 02 дугаар сарын 27-ны шөнө архидан согтуурсан үедээ хохирогч С.Ө-тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч С.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 сарын 27-ны өдөр 15 цагийн үед хөдөөнөөс орж ирсэн юм...Тэгтэл Ц ирээд шууд миний нүүрэнд 2 удаа цохиод авсан. Тэгээд л миний нүд хавдаж хөхөрсөн юм. Одоо Ц бид хоёрын хувьд ямар нэгэн гомдол санал байхгүй. Хоорондоо учир зүйгээ ололцсон. Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэр үед манай ах Ц машинаас гарч ирчихсэн Ө-г цохиж байгаа харагдсан. Тэгээд л цагдаа нар ирээд бид нарыг аваад салахад С ах нэг мод барьчихсан ирээд намайг цохихлоор нь гараараа хаачихсан юм. Гэтэл Ц ах ирээд Ө-ийн нүүр хавьд нь цохиод авсан...” гэсэн мэдүүлэг, гэрч С.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд гэртээ очоод байж байхад араас Ц болон М хоёр хүрч ирээд хашааны гаднаас ахыгаа дууд гээд манай дүү Ө-д хэлж байсан ба тэр үед манай дүү хөдөөнөөс дөнгөж орж ирж таарсан юм. Тэгээд л би дүүгээ сундлаад энэ хоёртой очиж уулзъя гээд дагуулаад гарсан юм. Тэгээд бид хоёр баруун байрны баруун захад очоод байж байхад араас Ц, М хоёр ирсэн. Тэгээд л М машинаас бууж ирэхдээ хоосон архины шил бариад гараад ирсэн... Тухайн үед манай дүү Ө-г Ц цохисон гэж байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 сарын 27-ны өдөр найз М бид хоёр манай гэрт 14 цагийн үед 2 шил архи уусан юм... Би тухайн үед С-д хандаж, чи бид хоёр уг нь муудалцах хүмүүс биш дээ гэхэд С-д чи надтай муудах гээд байгаа юмуу, муухай хараад байгаарай гэж хэлээд хоёулаа ийшээ гараад зодолдох уу гээд байсан. Гэхдээ бид хоёр тухайн үед муудаж зодолдоогүй. Тэгээд л усаа авчихаад С хөдлөөд явахдаа араас манай дүү Д-г Ө-с салаад алхаж байхад нь гар луу нь цохиод авсан юм. Тэгэхлээр нь миний уур хүрээд С-ын дүү Ө-г барьж аваад нүүрэнд нь нэг удаа цохиод авсан юм...дараа нь С-ын хашаанд муудалцсан ба тэр үед би С-ын дүү Ө-ийн нүүрэнд гараараа цохиод гэмтэл учруулчихсан юм...” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Ц нь архидан согтуурсан үедээ бусдыг өдөөн хоргоож, хэрүүл маргаан үүсгэн улмаар бусдын эрх чөлөөнд халдсан үйл явдал болсон нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч С.Ө-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 02/058 дугаартай шинжээч Э.А-ын: “...С.Ө-ийн биед баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох жрумын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Б.Ц нь шинжээчийн дүгнэлтийг үгүйсгээгүй, мөрдөн шалгах ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрөх, нэмэлт шинжилгээ хийлгэх, шинжээчид асуулт тавих зэрэг хүсэлт гаргаагүй байна.

 

          Шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй, шинжээчийн дүгнэлтийн талаар эсрэг санал гаргаж үгүйсгээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Ц-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан,  нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.

    

Иймд шүүгдэгч Н овогт Б.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг санал болгосныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цнь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н овогт Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлж улсын орлогод оруулсугай.

 

4.Шүүгдэгч Б.Ц нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Н.АДЪЯА