Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 39

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,

Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Д-д холбогдох эрүүгийн 2019000000037 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн ав, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, С.Д

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

Шүүгдэгч С.Д нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойш 7 км зайд Нефть боловсруулах үйлдвэр орох чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр 2020 оны 03 дугаар сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Ланд круйзер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “...3 дугаар бүлгийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн дүрмийн 12 дугаар бүлэг.Тээврийн хэрэгслийн хурд: 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч Э.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч С.Дм шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

 

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9 дүгээр хуудас/,

 

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

 

         Хохирогч Э.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д бид хоёр үлдсэн архийг хувааж уугаад байж байтал Д хоёулаа Сайншанд орж, архи авч ууя, нэг шил юм уумаар байна гээд байсан. Би одоо яах юм бэ? унтаж амаръя гэж хэлтэл Д зүгээрээ машинаа хол зогсоогоод алхаж ороод архи авъя гэж хэлээд уурхайн ... улсын дугаартай цагаан өнгийн ланд маркийн машиныг асааж, Д жолоодоод бид хоёр Сайншандад ирээд дэлгүүрээс 1 шил 0.5 литр ерөөл архи, 2.5 литр пиво аваад буцаад кемпрүүгээ явсан. Замдаа пивоо задалж амаар нь нэг балгаж уусан. Тэгээд явж байхад Д их хурдтай яваад байсан ба би тухайн үед зөөлхөн яв цас байна гэж хэлтэл л засмал зам дээр хунгарлан тогтсон цасруу орж шарваад осол болсон. Миний санаж байгаагаар машин онхолдоод 3, 4 эргэх шиг болсон... Толгойны зүүн хэсэгт 3 оёдол тавиулсан. Толгой болон цээж нуруугаар бага зэрэг өвдөж байна. Миний хувьд машин жолоодож явсан Д-д ямар нэгэн санал гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Би одоо Хөвсгөл аймаг явна. Буцаж ирж чадахгүй байх. Тийм болохоор ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

     Гэрч Т.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед М, Д, Д нартай хамт аймгийн төв орсон юм. Тэгээд аймаг дээр ирээд Д, М бид нар нэг шил 0.75 гр архи авсан. Гэхдээ бол Д бол тэрнээс бол бараг уугаагүй. Тэгээд аймгаас гараад бид нар буцаад манай кемп дээр очоод тэд нар нэг шил 0.75 гр архиа ууцгааж, байсан юм... Харин Д архи уусан үгүй нь мэдэгдээгүй. Д халчихсан бололтой байсан. Тэгээд л тэр гурав машинтайгаа явлаа гээд явахдаа үлдсэн архиа аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

          Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай “Г.С” ХХК нь тухайн 44-27 *** улсын дугаартай ланд 70 маркийн автомашиныг 2015 онд “О.Т” ХХК-иас 25 сая төгрөгөөр худалдан авч байсан. Тус автомашин нь 2006 онд үйлдвэрлэгдсэн 2006 онд Монгол улсад орж ирсэн хуучин автомашин байсан. Манайх уг автомашиныг ашиглаад одоо 5 жил болж байгаа юм. Манай компаний зүгээс зам тээврийн осол гаргасан Д-д ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.А-ын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 02/063 дугаартай: “...Э.Д-ын биед өвчүүний ясны хугарал, толгойн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан өвчүү ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан толгойн шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн  дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

      Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч, шинжээч Ч.У-ын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4 дугаартай: “...Жолооч С.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12 дугаар бүлэг. Тээврийн хэрэгслийн хурд: 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

      Шүүгдэгч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д бид хоёр дахиад архи уухаар болоод Сайншанд сум руу орж нэг шил 0,5 литрийн Ерөөл архи, том хүрэн савтай пиво аваад буцаад 23 цагийн үед явсан. Тухайн үед би өөрөө машинаа бариад явж байсан, хажууд Д суугаад явж байсан. Бид 2 замдаа явж байгаад авсан пивоо задлаад амаар нь уугаад буцаагаад таглаад очоод ууя гээд тавьсан. Тэгээд аймгаас 7 орчим км газарт 60 орчим км цагийн хурдтай явж байхад засмал зам дээр хунгаралсан цасан дээгүүр гарахад машин баруун гар талруугаа шарваад эсрэг урсгал руу орсон, тэгээд би жолооны хүрдээ баруун гар талруугаа дарахад замын хойд талын шороон хөвөөнөөс машин цаашаа орж 3-4 удаа өнхөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

 

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Д нь Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойш 7 км зайд Нефть боловсруулах үйлдвэр орох чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр 2020 оны 03 дугаар сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Ланд круйзер маркийн 44-27 *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “...3 дугаар бүлгийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12 дугаар бүлэг.Тээврийн хэрэгслийн хурд: 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож зорчигч Э.Дашнямын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл явдал болсон болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан  дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Б овогт С.Д-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хохирогч Э.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц С.Д-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэргийн газрын үзлэг хийсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг хавтаст хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

“Г.С” ХХК-ний захирал О.Х-ын “Тус компаний ажилтан болох С.Д-д аваар осол гаргасантай холбоотойгоор шүүх цагдаагийн түвшинд мөнгө нэхэмжлэхгүй болно гэсэн хүсэлт, “Г.С” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Манай компаний зүгээс зам тээврийн осол гаргасан Д-д ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг зэргийг шүүх үнэлж шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч байгууллагад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Шүүгдэгч С.Д-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Д-д мэдэгдсүгэй.          

 

5. Шүүгдэгч С.Д нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Д-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэргийн газрын үзлэг хийсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             Н.АДЪЯА