| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00225/И |
| Дугаар | 00225 |
| Огноо | 2017-02-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 00225
| 2017 оны 02 сарын 08 өдөр | Дугаар 155/ШШ2017/00225 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1956 онд төрсөн, 61 настай, эрэгтэй, бага боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 5-07 тоотод оршин суух, РЭ56121315 дугаар регистртэй, Боржигон овогт Балсанпилийн Дамдинсүрэнгийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2017/00060/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Б.Дамдинсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Дамдинсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1975 оноос 1977 оны 06 сар хүртэл нормчин хийж байгаад цэрэг албанд явсан. Халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Мөрөн дахь Зураглалын экспидецид 1980 оны 09 сарын 03-ны өдөр мужаанаар ажилд орж байсан. Түүнээс хойш тасралтгүй 1992 оны 05 сарын 04-ний өдөр хүртэл мужаанаар ажилласан бөгөөд тухайн өдөр Зураглалын экспидеци нь хувьчлагдаж “Хөвсгөл геологи” хувьцаат компани нэртэй болж өөрчлөгдөж байсан. Би үргэлжлүүлэн тус компанид мужаан, манаачаар 2002 он хүртэл ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт шаардлага хангахгүй, зарим тушаал, шийдвэр олдохгүй байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Би 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Гэвч улсаас ажиллаж байсан хугацааг нөхөн тооцоход хамрагдсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
Иймд миний Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1975 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд нормчин, Хөвсгөл аймгийн Мөрөн дахь Зураглалын экспидецид 1980 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд мужаан, “Хөвсгөл геологи” хувьцаат компанид 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Дамдинсүрэн нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь 1975 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаа, 1980 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа багасгажээ.
Б.Дамдинсүрэн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1975 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд нормчин, Хөвсгөл аймгийн Мөрөн дахь Зураглалын экспидецид 1980 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд мужаан, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл геологи” хувьцаат компанид 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Балсанпилийн Дамдинсүрэнд Зураглалын экспедицээс 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон “01. 1975 оны 11 сарын 15. Хөвсгөл аймгийн БУТ-ийн нормчноор томилон ажиллуулав. БУТ-ын даргын 1975-11-14-ний өдрийн 98 тоот тушаалаар. 02. 1977 оны 6 сарын 19. Цэргийн албанд явах болсон тул ажлаас чөлөөлөв. БУТ-ын даргын 1977-06-25-ны өдрийн 98 тоот тушаалаар. 3. 1980 оны 9 дүгээр сарын 03. Мөрөн дахь Зураглалын экспидецид мужаанаар авч ажиллуулав. Зураглалын экспидецийн даргын 1980 оны 9 дүгээр сарын 03-ны 75-р тушаалаар. 04. 1994 оны 12 сарын 31. НД-ын багц хэрэгжихтэй холбогдуулан хөдөлмөрийн дэвтрийг хаав. “Хөвсгөл геологи” компанийн захирлын 1996 оны 3-р сарын 20-ны өдрийн 06 тоот тушаалаар” гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1977 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “1. 18 ажилчны ээлжийн амралтыг 1-р хавсралт ёсоор баталсугай...” гэх бичилттэй “Ээлжийн амралт олгох тухай” №35 дугаартай тушаалын хуулбар, тус тушаалын “...овог нэр: Балсанпилийн Дамдинсүрэн, ажил мэргэжил: туслах, амрах ажлын бүгд хоног: 18, нэмэгдэл: 3, удаан жил: -, эхлэх сар өдөр: 4-21, дуусах сар өдөр: 5-12...” гэх бичилттэй 1 дүгээр хавсралтын хуулбар, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Мөрөн дахь Зураглалын экспедицийн даргын 1980 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн “...Балсанпил овогтой Дамдинсүрэнг мужаанаар /3-р зэрэг/ ... 1980 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс тус тус ажиллуулсугай...” гэх бичилттэй “Ажилд авах, өөр ажилд томилох тухай” №75 дугаартай тушаалын хуулбар, зураглалын экспедицийн захиргаа, намын үүр, үйлдвэрчний эвлэлийн хороо, хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс 1982 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгосон “1982 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг давуулан биелүүлсэн...тул шагнав” гэх бичилттэй баярын бичиг, 1985 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “...Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний манлайлалыг өндөрт өргөж, идэвх зүтгэлтэй ажилласанд шагнав” гэх бичилттэй баярын бичиг, 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “...социалист уралдаанд авсан үүргээ амжилттай биелүүлсэн..” гэх бичилтэй диплом, “...1988 оны ажил үйлсэд гарамгай амжилт гаргасан...” гэх бичилттэй аваргын диплом, “Хөвсгөл геологи” хувьцаат компанийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн “Монгол Улсын Засгийн газрын өмч хувьчлалын 54 дүгээр тогтоолын дагуу тус байгууллага нь “Хөвсгөл геологи” хувьцаат компани болж улсын бүртгэлд 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдсэн” гэх бичилттэй тодорхойлолт, “Хөвсгөл геологи” хувьцаат компанид ажиллаж байхдаа авч байсан Б.Дамдинсүрэнгийн 1982 оноос 1992 онуудын цалингийн тодорхойлолт, гэрч Ц.Нямдоржийн “...Б.Дамдинсүрэн нь цэргээс 1980 онд халагдаж ирээд тухайн үеийн Мөрөн дахь зураглалын экспидецид ажилд орж байсан юм. 1980 оны 9 сард мужаанаар орсон. Би тэр үед жолооч хийж байсан. Тэгээд ажиллаж байх хугацаанд 1992 оны 5 сарын 04-нд Зураглалын экспидеци нь “Хөвсгөл геологи” хувьцаат компани болж хувьчлагдсан. “Хөвсгөл геологи” хувьцаат компанид мөн мужаанаар ажиллаж байгаад сүүлдээ манаач хийж 2002 оны 6,7 сар хүртэл ажилласан... тасралтгүй мужаан, манаачаар ажилласан... Би Мөрөн дахь Зураглалын экспидецид 1976 оноос 1992 оны 5 сар хүртэл, “Хөвсгөл геологи” хувьцаат компаниид 1992 оны 5 сараас 2013 онд тэтгэвэрт гарах хүртлээ тасралтгүй жолоочоор ажилласан. Б.Дамдинсүрэнгийн талаар “Геологийн хайгуулчид” гэсэн ном дээр гарсан байгаа байх...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Долгорын “...Би Барилга угсралтын трестийн харъяа тоосгон заводад агентаар ажиллаж байсан. Дамдинсүрэн нь Барилга угсралтын конторт нормчноор 1975 оны 11 сараас 1977 оны 06 сард цэрэгт явах хүртлээ ажиллаж байсан хүүхэд байгаа юм... тасралтгүй ажиллаж байсан... Би Худалдаа бэлтгэлийн трестэд 1969 оноос эхлэн ажилласан. Энэ хугацаанд намайг Худалдаа бэлтгэлийн трестээс Барилга угсралтын конторын тоосгон заводад агентаар ажиллуулж байсан... Дамдинсүрэн нь цэргээс ирээд тэр үеийн Зураглалын экспидецид ажилласан. Сүүлдээ “Хөвсгөл геологи” болсон. Би тухайн үед Худалдаа бэлтгэлийн трестийн 6 худалдагчтай дэлгүүрт худалдагч хийж байсан. Тус дэлгүүр нь Геологийн харалдаа ойрхон байдаг байлаа. Геологид лав 2000 он хүртэл ажилласан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Балсанпилийн Дамдинсүрэнгийн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1975 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд нормчин, Хөвсгөл аймгийн Мөрөн дахь Зураглалын экспидецид 1980 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд мужаан, “Хөвсгөл геологи” хувьцаат компанид 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА