Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн,   

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа,

Хохирогч Ж.Баярцэцэг,

Хохирогчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.М-д холбогдох эрүүгийн 2019000430026 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь
аймгийн Сайншанд суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Дорноговь аймгийн Сум
дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 06 дугаар сарын 10-ны өдөр эдлээгүй үлдсэн 04 сар 09 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. Б овогт Б.М, регистрийн дугаар:ЕЮ8004****;

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, 4-60 дугаар байрны 2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ж.Б-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

 

Мөн 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр архидан согтуурсан үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт давтан үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ж.Б-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт: “…2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эхнэр Б-тэй хүүхэдтэйгээ уулзъя гэж гар утсаар холбогдсон. Тэгээд гэрт нь орж сууж байгаад хохирогчийн гар утсаар яръя гэж аваад хана руу шидэхдээ толгой руу нь цохисон. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Б-тэй уулзаад 60 гэрийн хажуу талд айлын гадаа очиж өөрийн тээврийн хэрэгслээ өгч явуулсан…” гэв.

 

          Хохирогч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 01 дүгээр сарын 24-нд хүүхэдтэйгээ уулзана гэж ярихаар нь гэртээ оруулсан. Тэгээд хүүхэдтэйгээ уулзаад эрхэлж байхад нь би 00-ын өрөөрүү орчихоод гараад ирсэн чинь миний утсыг асаагаад шалгаж байсан. Тэгэхээр нь чи яагаад миний утсыг шалгаад байгаа юм аваад ир гэсэн чинь миний утсыг хананд саваад намайг зодсон...” гэв.

 

           Хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр М надтай утсаар яриад хүүхэдтэйгээ уулзмаар байна гээд өглөөнөөс хойш яриад байсан юм. Тэгээд орой 22 цагийн үед дахиад яриад гэртээ орж хүүхдээ үнсчихээд гаръя гэхлээр нь би зөвшөөрсөн юм. Тэгээд 22 цаг өнгөрч байхад М гэрт ирсэн. Тэгэхдээ архи уучихсан согтуу ирсэн. Тэгээд гэрт орж ирчихээд хүүхдээ үнсэж бариад байж байснаа гэнэт миний утсыг аваад шалгаад л “чи хэнтэй явдаг хэнтэй уулздаг юм бэ” гэсэн. Тухайн үед би утсаа унтраачихсан байсан юм. Тэгээд л би уурлаад утас аваад ир гэхэд М утас өгөхгүй надтай булаацалдсан юм. Тэгээд л шууд миний самсунг эс-7 маркийн гар утсыг хана руу шидчихсэн юм. Тэгээд би цагдаа дуудлаа гээд охиныхоо утсаар залгах гэтэл мөн аваад шидчихсэн юм. Тэгээд намайг хүнтэй хардаад л чи хэнтэй утсаар ярьдаг юм, яагаад утсаа хаачихдаг юм бэ гээд хэрүүл өдөөд надаас өө хайгаад байсан ба намайг ална барина гээд барьж аваад толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан юм. Тэгээд намайг гараараа багалзуурдаад ална барина гээд гэрт байсан хутга бариад айлгасан. Тэгэхлээр нь би гарыг нь тавиулаад гэрт байсан гурилын элдүүр ганжин мод аваад би чамаар алуулахгүй гээд бариад зогсоход арай гайгүй болсон. Тэгээд л нэг хэсэг хэрүүл өдөж байгаад 00 цагийн үед гараад явсан.  Тэгэхдээ миний машины цонхыг хагална, гэрийг чинь шатаана барина гэж хэл амаар доромжилж байгаад гараад явсан юм. Тэгээд би Мөнхбатыг гараад явсны дараа цагдаа руу өөрөө очиж дуудлага өгч М-ыг айлд байхад очиж бариулсан юм. Миний хувьд тухайн үед М-аар цохиулаад тархи доргиж, баруун гар болон зүүн гарт зулгаралт, хөхрөлт бүхий гэмтэл учирсан байсан. М урьд нь буюу 2019 онд мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, шүүгчийн захирамжаар баривчлагдаж байсан... 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчим би найз А-ийн гэрт байхад манай салсан нөхөр болох М утсаар яриад гараад ир хэдэн үг солъё гэхээр нь гараад очиход өөрийнхөө 77-37 дугаартай цагаан өнгийн кроун маркийн машинтайгаа ганцаараа байсан ба тухайн үед архи уучихсан согтуу байсан юм. Тэгээд машины хажууд нь хүрээд очиход машинд суучих гэхлээр нь М-ыг согтуу байсан тул машинд нь суухгүй гэсэн чинь гарч ирээд намайг машинд суу гээд хөөгөөд байсан, тэгж байгаад намайг үсдэж барьж аваад машиндаа суулгаад хөдлөх гэхлээр нь би үсрээд буучихсан юм. Тэгтэл гарч ирээд дахин үсдэж аваад намайг машины арын суудал дээр суулгаад нэг гараараа намайг үсдээд нөгөө гараараа машинаа бариад хөдлөөд явсан. Би тухайн үед үсдүүлээд доошоо хараад явж байсан ба нэг газарт очоод зогссон юм. Тэгээд би харахад Интертрансын хашааны хажууд байгаа бололтой байсан. Тэгээд машинаа унтраагаад бууж ирээд арын суудал дээр суугаад намайг элдвээр хэлээд чи намайг дандаа цагдаад өгдөг, намайг гүйцээж ял өгөхгүй бол чамайг ална шүү гээд гараараа толгой болон гэдэс хөл рүү цохиж зодсон юм. Тухайн үед намайг элдвээр хэлээд зодоод байсан ба би тухайн үед их айсан байсан болохоор юм хэлж чадаагүй их зодуулсан юм. Ер нь бол М нь намайг цагдаад өгч бариуллаа, цагдаагаар шалгууллаа гэж өширхөж, зодсон юм. М нь урьд нь гэрээ цоожлоод хаалгаа нээж өгөхгүй байхад гаднаас төмөр лоомоор хаалга хөшиж байгаад ороод ирчихдэг байсан. Тийм болохоор маш их айж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/,

 

          Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ болон аюулын зэргийн үнэлгээ, /хх-ийн 15-21 дүгээр хуудас/,

 

           Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/037 дугаартай шинжээч Э.А-ын: “...Ж.Б-ийн биед тархи доргилт, баруун алганы ар хэсэг, зүүн тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

           Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.А-ын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 02/070 дугаартай шинжээчийн: “...Ж.Б-ийн биед тархи доргилт, зүүн нүдний дотор салстын цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун гуяны цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

           Шүүгдэгч Б.М-д Гэрч, хохирогч хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дугаар зүйлд заасны дагуу “Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 115 дугаар хуудас/,

 

           Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай “...хохирогч Ж.Б-ээс гаргаж өгсөн гэрэл зураг 3 ширхэг, эмэгтэй хүний цэнхэр жинсэн өмдийг хэрэгт хавсаргах...” мөрдөгчийн тогтоол / хх-ийн 78-80, 88-90 дүгээр хуудас/,

 

           Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байх ганцаараа архи ууж байгаад хүүхдүүдтэйгээ уулзмаар санагдаад эхнэр лүүгээ ярьж байгаад гэртээ очиж хүүхдүүдтэйгээ уулзсан юм. Тухайн үед би хүүхдүүдтэйгээ уулзаж байгаад хүнтэй утсаар ярихаар болоод эхнэрийн гар утсыг аваад хүнтэй ярих гэсэн чинь манай эхнэр чи яахлаараа миний гар утсыг авдаг юм бэ, аваад ир гэсэн. Тухайн үед надаас утсаа авах гээд байхлаар нь би хардаад чи хэнтэй ярьдаг болоод утсаа өгөхгүй надаас нуугаад байгаа юм бэ гээд л бид маргалдсан юм. Тэгээд надаас утсаа авах гээд булаацалдаж байгаад л санаандгүй Баярцэцэгийн толгойруу цохичихсон байх гэж бодож байна... Тэгээд л миний уур хүрээд утсыг нь хана руу шидчихсэн юм... 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би гадуур явж байгаад аймгийн арслан Э болон Мандах сумын Ё нартай хамт архи ууж байхад Ё нь ...бид нарыг архи ууж байхад танай эхнэр Б ирж байсан гээд ярьж байсан юм. Тэгээд архи ууж дуусчихаад ...би эхнэр Б-тэй утсаар яриад уулзая гэж дуудсан, тухайн үед манай эхнэр 3-р 58 айлын байранд айлд байна гэсэн, тэгээд би гадаа нь очоод дуудахад гараад ирсан юм. Тэгээд гараад ирэхээр нь машинд суучих гэсэн чинь намайг согтуу байгааг мэдчихээд суухгүй гэсэн, машин тойрч зугтаагаад би тойрч хөөгөөд барьж аваад машинд суулгах гэтэл суухгүй байсан ба өмднийх нь шуумагнаас нь татсан чинь урагдчихсан юм. Тэгэхлээр нь бариад авсан чинь үснээс нь бариад авсан юм. Тэгээд л цааш нь хөдлөөд явж байгаад 60 гэрийн гэр байрны айлын гадаа очиж зогсоод би өөрөө буугаад  Б миний машиныг аваад яваад өгсөн юм.Тухайн үед машинаас үсрэх гээд хаалга нээхлээр нь бариад авахад үснээс нь бариад авчихсан юм. Тэгэхэд л толгойгоороо хаалга үүд мөргөсөн байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83 дугаар хуудас/,

 

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, 4-60 дугаар байрны 2 тоотод, мөн 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр архидан согтуурсан үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт давтан үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ж.Б-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр М надтай утсаар яриад хүүхэдтэйгээ уулзмаар байна гээд өглөөнөөс хойш яриад байсан юм. Тэгээд орой 22 цагийн үед дахиад яриад гэртээ орж хүүхдээ үнсчихээд гаръя гэхлээр нь би зөвшөөрсөн юм... гэнэт миний утсыг аваад шалгаад л “чи хэнтэй явдаг хэнтэй уулздаг юм бэ” гэсэн. Тухайн үед би утсаа унтраачихсан байсан юм. Тэгээд л би уурлаад утас аваад ир гэхэд М утас өгөхгүй надтай булаацалдсан юм. Тэгээд л шууд миний самсунг эс-7 маркийн гар утсыг хана руу шидчихсэн юм. Тэгээд би цагдаа дуудлаа гээд охиныхоо утсаар залгах гэтэл мөн аваад шидчихсэн юм. Тэгээд намайг хүнтэй хардаад л чи хэнтэй утсаар ярьдаг юм, яагаад утсаа хаачихдаг юм бэ гээд хэрүүл өдөөд надаас өө хайгаад байсан ба намайг ална барина гээд барьж аваад толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан юм. Тэгээд намайг гараараа багалзуурдаад ална барина гээд гэрт байсан хутга бариад айлгасан... миний машины цонхыг хагална, гэрийг чинь шатаана барина гэж хэл амаар доромжилж байгаад гараад явсан... 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчим би найз А-ийн гэрт байхад манай салсан нөхөр болох М утсаар яриад гараад ир хэдэн үг солъё гэхээр нь гараад очиход өөрийнхөө 77-37 дугаартай цагаан өнгийн кроун маркийн машинтайгаа ганцаараа байсан ба тухайн үед архи уучихсан согтуу байсан юм. Тэгээд машины хажууд нь хүрээд очиход машинд суучих гэхлээр нь М-ыг согтуу байсан тул машинд нь суухгүй гэсэн чинь гарч ирээд намайг машинд суу гээд хөөгөөд байсан, тэгж байгаад намайг үсдэж барьж аваад машиндаа суулгаад хөдлөх гэхлээр нь би үсрээд буучихсан юм. Тэгтэл гарч ирээд дахин үсдэж аваад намайг машины арын суудал дээр суулгаад нэг гараараа намайг үсдээд нөгөө гараараа машинаа бариад хөдлөөд явсан. Би тухайн үед үсдүүлээд доошоо хараад явж байсан ба нэг газарт очоод зогссон юм... Тэгээд машинаа унтраагаад бууж ирээд арын суудал дээр суугаад намайг элдвээр хэлээд чи намайг дандаа цагдаад өгдөг, намайг гүйцээж ял өгөхгүй бол чамайг ална шүү гээд гараараа толгой болон гэдэс хөл рүү цохиж зодсон юм. Тухайн үед намайг элдвээр хэлээд зодоод байсан ба би тухайн үед их айсан байсан болохоор юм хэлж чадаагүй их зодуулсан юм... М нь урьд нь гэрээ цоожлоод хаалгаа нээж өгөхгүй байхад гаднаас төмөр лоомоор хаалга хөшиж байгаад ороод ирчихдэг байсан... М архи уучихаараа маш их догшин авиртай болчихдог юм...Тийм болохоор маш их айж байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт дараахи агуулга бүхий өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байх ганцаараа архи ууж байгаад хүүхдүүдтэйгээ уулзмаар санагдаад эхнэр лүүгээ ярьж байгаад гэртээ очиж хүүхдүүдтэйгээ уулзсан юм. Тухайн үед би хүүхдүүдтэйгээ уулзаж байгаад хүнтэй утсаар ярихаар болоод эхнэрийн гар утсыг аваад хүнтэй ярих гэсэн чинь манай эхнэр чи яахлаараа миний гар утсыг авдаг юм бэ, аваад ир гэсэн. Тухайн үед надаас утсаа авах гээд байхлаар нь би хардаад чи хэнтэй ярьдаг болоод утсаа өгөхгүй надаас нуугаад байгаа юм бэ гээд л бид маргалдсан юм. Тэгээд надаас утсаа авах гээд булаацалдаж байгаад л санаандгүй Б-ийн толгойруу цохичихсон байх гэж бодож байна... Тэгээд л миний уур хүрээд утсыг нь хана руу шидчихсэн юм...2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би гадуур явж байгаад аймгийн арслан Э болон Мандах сумын Ё нартай хамт архи ууж байхад Ё нь ...бид нарыг архи ууж байхад танай эхнэр Б ирж байсан гээд ярьж байсан юм. Тэгээд архи ууж дуусчихаад ...би эхнэр Б-тэй утсаар яриад уулзая гэж дуудсан, тухайн үед манай эхнэр 3-р 58 айлын байранд айлд байна гэсэн, тэгээд би гадаа нь очоод дуудахад гараад ирсан юм. Тэгээд гараад ирэхээр нь машинд суучих гэсэн чинь намайг согтуу байгааг мэдчихээд суухгүй гэсэн, машин тойрч зугтаагаад би тойрч хөөгөөд барьж аваад машинд суулгах гэтэл суухгүй байсан ба өмднийх нь шуумагнаас нь татсан чинь урагдчихсан юм. Тэгэхлээр нь бариад авсан чинь үснээс нь бариад авсан юм. Тэгээд л цааш нь хөдлөөд явж байгаад 60 гэрийн гэр байрны айлын гадаа очиж зогсоод би өөрөө буугаад  Баярцэцэг миний машиныг аваад яваад өгсөн юм.Тухайн үед машинаас үсрэх гээд хаалга нээхлээр нь бариад авахад үснээс нь бариад авчихсан юм. Тэгэхэд л толгойгоороо хаалга үүд мөргөсөн байх...” гэсэн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Б.М нь хохирогчийн үснээс санаандгүй барьсан, өмдний шуумагнаас барьтал оёдлоороо урагдсан, хамтран амьдрагч Баярцэцэгтэй маргалдаж байхдаа санаандгүй толгой руу нь цохисон мэтээр мэдүүлж байгаа ч тухайн үед шүүгдэгчийн санаатай гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учирсан болох нь хавтаст хэргийн15 дугаарт авагдсан яаралтай тусламжийн хуудаст хохирогч Ж.Б-ийн биед учирсан гэмтэл, зовиур зэргийг бичиж анхан шатны тусламж үзүүлсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 32 дугаарт авагдсан шүүгдэгч Б.М-ыг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эрүүлжүүлсэн тухай  тэмдэглэл, хавтаст хэргийн 80 дугаарт авагдсан урагдсан өмдний фото зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 85 дугаарт авагдсан яаралтай тусламжийн 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр бичилт хийж, анхны тусламж үзүүлсэн хуудас, рентген зураг авч эмчийн бичилт хийсэн хуудас, хавтаст хэргийн 88-90 дугаар хуудаст авагдсан хохирогч Ж.Б-ийн нүүр, гуя зэрэгт үүссэн хөхрөлт, цус хуралтыг харуулсан фото зургууд зэрэг нотлох баримтаар няцаагдаж байна.

 

Хохирогч Ж.Б-ийн эрүүл мэндэд шүүгдэгч Б.М-ын санаатай гэмт үйлдлийн улмаас хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/037 дугаартай шинжээч Э.А-ын: “...Ж.Б-ийн биед тархи доргилт, баруун алганы ар хэсэг, зүүн тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.А-ын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 02/070 дугаартай: “...Ж.Б-ийн биед тархи доргилт, зүүн нүдний дотор салстын цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, баруун гуяны цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт, хавтаст хэргийн 15 дугаарт авагдсан яаралтай тусламжийн хуудаст хохирогч Ж.Б-ийн биед учирсан гэмтэл, зовиур зэргийг бичиж анхан шатны тусламж үзүүлсэн тэмдэглэл, яаралтай тусламжийн 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр бичилт хийж, анхны тусламж үзүүлсэн хуудас, рентген зураг авч эмчийн бичилт хийсэн хуудас, хавтаст хэргийн 88-90 дугаар хуудаст авагдсан хохирогч Ж.Б-ийн нүүр, гуя зэрэгт үүссэн хөхрөлт, цус хуралтыг харуулсан фото зургууд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Харин эд хөрөнгөнд учирсан хохирол болох утасны төлбөрийг шүүгдэгч Б.М нь 2 адуу авчирч төлж барагдуулсныг шүүх хуралдаанд хохирогч мэдүүлж, энэ талаар маргаагүй болно.

 

           Иймд шүүгдэгч Б овогт Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Ж.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул  гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэл болж байна.

 

           Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал, улсын яллагч болон оролцогчдын санал, дүгнэлтийг харгалзан үзэж 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх нь түүний үйлдсэн хэрэгт илүү тохирохуйц ял гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн жинсэн өмдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-ын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б.М-ыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн жинсэн өмдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             Н.АДЪЯА