| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2020/0519/Э |
| Дугаар | 502 |
| Огноо | 2020-07-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 502
2020 07 27 2020/ШЦТ/502
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
өсвөр насны шүүгдэгч Т.Ө-, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Т-, тэдгээрийн өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Ө-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010010130623 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .... Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ....., ял шийтгэл эдэлж байгаагүй, Т.Ө- /РД:..../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч Т.Ө- нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед иргэн П.Б-гийн ....од байх гэртээ харих замдаа гээгдүүлсэн “Самсунг А-30” загварын гар утсыг олж аваад завшсаны улмаас бусдад 544.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Өсвөр насны яллагдагч Т.Ө- нь 2020 оны 05 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед иргэн П.Б-гийн ....од байх гэртээ харих замдаа гээгдүүлсэн “Самсунг А-30” загварын гар утсыг олж аваад завшсаны улмаас бусдад 544.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Өсвөр насны шүүгдэгч Т.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би эгчийндээ очиж хонох гэж байгаад гудамжнаас утас олсон бөгөөд тухайн үед хэний утас гэдгийг нь мэдээгүй” гэв.
Хууль ёсны төлөөлөгч Т.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт “ Хэлэх зүйлгүй гэв.”
Өсвөр насны шүүгдэгч Т.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Орой 21 цагийн орчимд гудамжинд алхаж явтал газар улаан өнгийн хамгаалалтын кейстэй урд талын шилэн наалт нь хагарсан “Самсунг АЗО” загварын гар утас хэвтэж байхаар нь би олоод асаах гэсэн боловч нууц үгийг нь мэдэхгүй учраас аваад П.Б-гийн гэрт орох гэтэл гэр нь түгжээтэй байсан...Харин надад мөнгө хэрэгтэй байсан учраас олсон гар утсаа маргааш өглөө нь буюу 2020 оны 05 дугаар сарын 11-ний өглөө “Монтел” гэх нэртэй Сүхбаатарын талбайн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах rap утас засвар худалдааны төв дээр очоод тухайн худалдааны төвийн гадна талд зогсож байсан махлагдуу 160 см орчим өндөртэй бор царайтай хүнд үзүүлсэн чинь надаас тухайн rap утсыг 180.000 төгрөгөнд авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 хуудас/,
Хохирогч П.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Яармагийн нэгдсэн эмнэлгийн зүүн талын автобусны буудалд буугаад зам хөндлөн гараад Яармагийн гэр хорооллын гудамжаар харих гээд явж байхдаа Самсунг А-30 загварын гар утсаа гээгдүүлсэн...одоо надад харуулж байгаа 15-20 орчим насны эрэгтэй хүн миний төрсөн дүү Түмэнжаргалын Өсөхбаяр гэх хүний зураг байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч А.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн газрын лангуунуудаар гар утас сонирхоод явж байтал гар дээрээс утас зардаг 30-35 насны эрэгтэй хүн ирээд “чи гар утас сонирхож байгаа бол хямдхан сайн гар утас үзээч” гэхээр нь “ямар утас байна, харья” гэтэл надад “Самсунг АЗО загварын улаан өнгийн хамгаалалтын кейстэй, хар өнгийн их биетэй урд талын шилэн нүүр нь хагарсан гар утас үзүүлэхээр нь би сонирхож үзээд хэвийн үйл ажиллагаатай байсан учраас тухайн эрэгтэй хүнээс 280.000 төгрөгөөр худалдаж аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,
2020 оны 05 дугаар еарым 21-ний өдрийн Дамно ХХК-ний ХУ2--20-346 дугаартай үнэлгээ /хх-ийн 24-25 хуудас/,
2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7/,
2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгч Т.Ө-ын гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэргийн үйл баримтаар 2020 оны 05 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед өсвөр насны шүүгдэгч Т.Ө- нь иргэн П.Б-гийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 9-165 тоотод байх гэртээ харих замдаа гээгдүүлсэн “Самсунг А-30” загварын гар утсыг олж аваад завшсаны улмаас бусдад 544.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Өсвөр насны шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Өсвөр насны шүүгдэгчийн дээрх үйлдэл нь өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд өсвөр насны шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд өсвөр насны шүүгдэгч Т.Ө-ыг “...гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул өсвөр насны шүүгдэгч Т.Ө-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Т.Ө- нь “...гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Иймд өсвөр насны шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Өсвөр насны шүүгдэгч Т.Ө-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар “тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Өсвөр насны шүүгдэгч Т.Ө-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.
Улсын яллагч өсвөр шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.
Шүүх, өсвөр насны шүүгдэгч Т.Ө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 120 нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.
Т.Ө- нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан нь 101/009297 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62/-аар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан өсвөр насны шүүгдэгч Т.Ө-т оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Ө-т шийтгэх тогтоолыг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг анхааруулах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч Т.Ө-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Т.Ө-ыг “...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Ө-ыг 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан өсвөр насны шүүгдэгч Т.Ө-т оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Ө- нь шийтгэх тогтоолыг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Ө-аас 280.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Э-д олгосугай.
6. Т.Ө-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг өсвөр насны шүүгдэгч, түний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Т.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН