Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 00013

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдох “Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 сарын 27-ны өдрийн Б/01 дугаар “ЗДТГ-ын дарга Н.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2018 оны 07 сарын 30-ны өдрийн Б/02 дугаар “ЗДТГ-ын дарга Н.П-ийн цалингийн нэмэгдэл бууруулах тухай” захирамжуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Н.П-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.У, нэхэмжлэгч Н.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, гэрч Н.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Н.П нь төрийн албанд 17 жил үүнээс Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 10 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 2013-2014 онд Удирдлагын академийн төрийн удирдлагын менежерийн анги төгсөж, төрийн захиргааны удирдлага, хүний нөөцөөр мэргэшсэн. 2013 оноос хойш 5 удаа Удирдлагын академийн 2-5 хоногийн богино хугацааны модуль сургалтуудад хамрагдсан. Мөн цэргийн штаб болон аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан сургалт зөвлөгөөнд хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд бүрэн хамрагдаж өөрийгөө хөгжүүлэх, сургалт мэдээллээс хоцрохгүйгээр мэдээлэл авч хамт олноо манлайлахын төлөө чармайж ирсэн. Гэтэл Цэцэрлэг сумын Засаг дарга Д.Ц 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/01 захирамжаар “2016, 2017 оны үйл ажиллагааны үнэлгээгээр 2 жил дараалан хангалтгүй дүгнэгдсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажил сайжруулах тал дээр ямар нэгэн санал санаачлага гаргадаггүй” гэдэг үндэслэлээр 3 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар цалингийн нэмэгдлүүдийг бууруулсныг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

Үүнд: Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 сарын 27-ны өдрийн Б/01 дугаартай “ЗДТГ-ын дарга Н.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” гэх захирамжийн тухайд: 2016, 2017 оны үйл ажиллагааны үнэлгээгээр 2 жил дараалан хангалтгүй дүгнэгдсэн гэх үндэслэлийн хувьд сумдын ажлыг дүгнэдэг үзүүлэлтүүдийг хариуцдаг ажилтнуудын ажил үүргийн хуваарийн дагуу тооцож үзэхэд 5-6 үзүүлэлт нь ЗДТГ-ын даргатай зайлшгүй холбогдолтой  ажил үүргийн хуваарь болон ажлын байрны тодорхойлолтонд заагдсан чиг үүргүүд байна. Цэцэрлэг сум 2016, 2017 оны ажлын үзүүлэлтээр хангалтгүй үнэлгээтэй дүгнэгдсэн нь үнэн боловч  тухайн үед нь сумын үнэлгээний дүнд нөлөөлж хангалтгүй оноо үнэлгээ авахуулсан ажилтан албан тушаалтнуудад хариуцлага тооцоогүй мөртлөө 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хамт олны шуурхай зөвлөгөөн хийж, сахилгын шийтгэл ногдуулах тухай мэдэгдсэн. 2016 оны жилийн эцсийн ажил дүгнэснээс хойш 1 жил 6 сар, 2017 оны ажил дүгнэснээс хойш 6 сарын хугацаа өнгөрснөөс хойш, тэр тусмаа сумдын ажил дүгнэдэг үзүүлэлтүүдэд хяналт, шинжилгээ хийж бодит дүгнэлт гаргахгүйгээр сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, ажил сайжруулах тал дээр ямар нэгэн санал санаачлага гаргадаггүй гэх үндэслэлийн тухайд: “Цэцэрлэг сумын 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд саад болж байна” гэсэн хувийн ашиг сонирхолтойгоор хандаж сахилгын шийтгэл ногдуулж байна. Иймд надад сахилгын шийтгэл ногдуулсан төрийн албаны тухай хуулийн 26.1.2, 26.3 дахь заалтуудыг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн аймгийн ИТХ-ын  2018 оны 31 дүгээр тогтоолын хавсралт Захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх журмын 11.1-д зааснаар миний үр дүнгийн гэрээнд нэмэлт заалт оруулаагүй, тус журмын талаар сумын Засаг даргын зүгээс хамт олны хурал зөвлөгөөн дээр албан ёсоор хэлж мэдээлж, байгууллагын дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байж үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж байгааг зөвшөөрөхгүй байна.

Хоёрдугаарт: 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар миний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5 хувиар, нууц хадгалалтын нэмэгдлийг 5 хувиар, хавсран ажилласны нэмэгдэл буюу 2012 оны УИХ-ын хууль зүйн байнгын хорооны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 3.1-д заасан ХАСХОМ хариуцан ажилласны нэмэгдлийг 20 хувиар тус тус ямарч үндэслэлгүйгээр бууруулсан байна. Миний бие цалингийн нэмэгдлийг бууруулахаар үндэслэлгүй нэмэгдэл авдаггүй бөгөөд тус захирамжид ямар үндэслэлээр цалингийн нэмэгдлийг бууруулсан нь тодорхойгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг үндэслэлгүйгээр зөрчиж, 28 дугаар зүйлийн 281.4-д зааснаар үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг харгалзахгүйгээр тасралтгүйгээр шударгаар хөдөлмөрлөсний төлөө төрөөс авч байгаа цалин хөлсөөр оролдож, хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхэнд бүдүүлгээр халдаж, төрийн жинхэнэ албан хаагчийн цалин хөлс, нэмэгдлүүдийг үндэслэлгүйгээр бууруулсанд гомдолтой байна.  Захирамжийн үндэслэлд дурьдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлд заасанчлан нэмэгдэл хөлс олгох талаар Засаг даргын зүгээс албан ёсоор надтай тохиролцож, албажуулж хамтын гэрээгээр тохиролцсон зүйл байхгүй бөгөөд дээрх 2 заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд огт хамааралгүй, мөн Засгийн газрын 1996 оны 90 дүгээр тогтоол, 2017 оны 246 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт, УИХ-ын 1995 оны 73 дугаар тогтоолын хавсралт зэрэг нь төрийн захиргааны албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанд ямар ч хамааралгүй байхад захирамжийнхаа үндэслэл болгосон. Иймд Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/01, 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/02 дугаар захирамжуудыг тус тус хянаж, хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Цэцэрлэг сумын Засаг дарга Д.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Пүрэвсүрэнгийн гаргасан нэхэмжлэл, гомдолтой танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.  

1. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2018 оны 07 сарын 27-ны өдрийн Засаг даргын Б/01 дугаар ЗДТГ-ын дарга Н.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийн тухайд: Тус сумын ЗДТГ-ын дарга Н.Пүрэвсүрэн нь 2009 онд ЗДТГ-ын даргын албан тушаалд томилогдсон, 9 дэх жилдээ уг албан тушаалыг хашиж байна. Түүнийг ажиллах энэ хугацаанд Засаг даргын Тамгын газрын ажил үйлчилгээ, албан хаагчийн ёс суртахуун, дотоод зохион байгуулалт туйлын хангалтгүй болж жил ирэх тусам нөхцөл байдал хүндэрч ажлын үзүүлэлт сүүлийн байрууд руу ухарсаар байна. Учир нь Н.П нь 2009-2012 онд Засаг дарга Б.Б, 2012-2016 онд Засаг дарга А.Д, 2016 оноос одоог хүртэл Засаг дарга Д.Ц-т миний биетэй тус тус хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд ажиллаж байсан үе үеийн дарга нартай нэгдмэл байдалтай ажилдаггүй байсан.

Н.П нь ажиллаж байх хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх, суралцах боломжийг алддаггүй зохион байгуулагдсан аймаг болон бүсийн чанартай сургалт семнар чуулганд бүрэн хамрагддаг хэдий ч төрийн ажилд ахиц дэвшил гаргахгүй, өөртөө дүгнэлт хийхгүй байсаар өдий хүрч байна. Цэцэрлэг сумын ЗДТГ-ын ажил 2013 оноос хойш жил ирэх тусам хойгуур байр эзэлдэг. 2017 оны жилийн эцсийн байдлар хамгийн сүүлийн байр буюу 21-р байранд орсон. Уг захирамжид би өөрийн бүрэн эрх эхэлсэн хугацаа буюу 2016, 2017 онуудыг дурдсан болно. Н.П нь үүнд өөрийгөө буруугүй, ажил дүгнэх үзүүлэлт хэд хэдэн албан хаагчид хамааралтай байдаг цөөхөн хэдэн үзүүлэлт буюу 5-6 үзүүлэлт миний ажлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтонд хамааралтай хэмээн өөрийгөө хамгаалах гэж оролддог. Засаг даргын ажлын алба бол тухайн шатны Засаг даргын Тамгын газар байдаг төдийгүй хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхой заасан байдаг. Уг чиг үүргийг хэн хэрэгжүүлэх вэ? ЗДТГ-ын дарга хэрэгжүүлнэ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. ... Сум орон нутгийн ажил хангалтгүй дүгнэгдсэн үндэслэлээр миний бие 3 сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн төрийн чиг үүрэг хангалтгүй хэрэгжвэл шат шатандаа хариуцлагатай, буруу, зөвийг тунгаах ухамсар төрд алба хашиж байгаа хэн бүхэнд суусан байх ёстой, тиймээс би үүнийгээ хүлээн зөвшөөрсөн.  Сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэр шийдвэр хожим ирсэний улмаас 6,7,8-р саруудын цалингаас суутгагдсан. Үүнийг нууж дарсан гэж байна.

2. Удирдлагаас болон хамааралтай нэгж албадаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан биелүүлдэггүй, биелүүлэх тал дээр зохион байгуулалттай ямар нэгэн ажил санаачилж хийдэггүй.

3. 2018 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх төсөлт арга хэмжээг оны эхэнд зарлахгүй гацааж байгаад 9 сар гарч хүйтний улирал эхэлсэн хойно, Засаг даргын орлогчийн ажлын байрны тодорхойлолтонд заагдсан чиг үүргийг дур мэдэн хийж өөрт ашигтайгаар өөрийн тушаалаар үнэлгээний хороо байгуулан шууд худалдан авах гэрээг хийж төсвийн хөрөнгийг үнэгүйдүүлж, төсвийн үрэлгэн байдал бий болгож 16 ажил дээр шууд гэрээ байгуулан Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд зааснаар шаардлага хангасан нэг ч компанитай гэрээ хйигээгүй зөрчил байна.

4. ЗДТГ-ын дарга Н.П-ийн үр дүнгийн гэрээний биелэлт жил ирэх тусам хувь үзүүлэлт буурч дүгнэгдэж байна. 2018 оны хагас жилийн байдлаар 70 хувьтай дүгнэгдсэн” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн хэлсэн тайлбартаа холбогдуулж дараах тайлбаруудыг хэлье. Нэхэмжлэгч Н.П нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа ажилчидтайгаа ёс зүйн доголдолтой харьцаж, өс хонзонгоор ажиллаж, ажилчидыг хагарган бутаргах, ялгаварлан гадуурхах, ажил үүргийн хувиарын дагуу сумын онцгой комиссын гишүүн, штабын даргын үүрэг гүйцэтгэдэг боловч шаардлага гарсан тохиолдолд утсаа унтраах, дээд газраас утас руу нь залгахад утсаа авахгүй байх үйлдлүүдийг удаа дараа гаргасан. Төрийн албаны бүрэлдэхүүний хөдөлгөөний тайланг, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтанаар хийлгэж дараа нь хийж чадсангүй, хугацаа хоцроосон нэрээр аймгийн Хууль зүйн  зүйн хэлтсийн дарга Гандэлгэрт архивын өрөөг зөвшөөрөлгүй үзүүлсэн нэрээр тус тус сахилгын шийтгэл ногдуулж байсан. Сум болон орон нутгийн өмчийн хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах, хадгалах, засаж сэлбэх тал дээр анхаарал хандуулж ажилладаггүй. Худалдан авах ажиллагааны А3 сертфикаттай мөртлөө хууль журмын дагуу худалдан авах ажиллагааг хууль дүрмийн дагуу явуулдаггүй. Сум орон нутгийн хөгжлийг хойш нь татсан. 2017, 2018 онуудад Засаг даргын Тамгын газрын бараа материал болон бага үнэтэй түргэн элэгдэх зүйлсийг худалдан авах гэрээг өөрийн төрсөн дүү Б-гийн нөхөртэй гэрээ байгуулж ажиллаж байсан. Эрх бүхий албан тушаалтан томилох тухай 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/05 дугаартай тогтоол тушаал гаргаж улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Д-д төсвийн шууд захирагчийн бүрэн эрхээс Засаг даргын Тамгын газрын тээвэр шатахууны зардлыг захиран зарцуулах эрхийг шилжүүлж Засаг даргын Тамгын газрын тэмдэг, тамгыг шилжүүлж байсан. Улсын Их хурлын 65 дугаар тогтоолын дагуу төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны хуралдааны тэмдэглэлд заасныг зөрчин сахилгын шийтгэлтэй байсан О, Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч О, Засаг даргын Тамгын газрын Жижиг дунд үйлдвэрлэл, газар тариалан бэлчээр хариуцсан мэргэжилтэн О, байгаль орчны улсын байцаагч нарт олгосон. Аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаартай захирамжаар үйл ажиллагааны үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт сахилгын шийтгэл ногдуулж хариу мэдэгдэхийг үүрэг болгосон. Үүний дагуу Засаг даргын Тамгын газрын дарга Н.П-д сахилгын арга хэмжээ аваагүй өнгөрөөсөн. Улсын төсвийн хөрөнгөөр хийгддэг бэлчээрийн “хулгана” устгалын ажлын мөнгөнөөс хяналт тавих нэрийдлээр АИ92 маркийн 70 литр шатахууныг өөртөө цохолт хийж авсан. Энэ нь ямар ч тооцооны хуудас болон хяналт хийсэн тайлан байхгүй. Тушаалаар зэрэг дэвийн нэмэгдэл олгох шийдвэр гараагүй байхад цалингийн нэмэгдлийг нэмэгдүүлж, авч Засгийн газрын 96 дугаар тогтоолыг зөрчсөн. 2017 онд цалингийн сан өртэй гарч иргэдийн Төлөөлөгчидийн хурлын тодотгол гарч хийлгэсэн. Үүний шалтгаан нь Н.П нь хавсарган ажиллаж байсны нэмэгдэл 20 хувь байсныг 40 хувь болгон өөрчилсөнтэй холбоотой болох нь гүйцэтгэлийн аудитын шалтгалтаар илэрч зөрчлийг арилгуулах зөвлөмж ирсэн. Н.П нь удаа дараагийн санхүүгийн шалгалтаар зөрчил, төлбөр дахин давтан гаргасаар байхад түүнийг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ авдаггүй. Төлбөрийн акт, зөвлөмжийн биелэлтийг огт анхаардаггүй. Байгууллагыг эрсдлийн удирдлагаар хангаж ажиллахгүй байгаа нь дотоод аудитаар болон төрийн байгууллагын хяналт шалгалтаар удаа дараа тогтоогдож байсан. Хөвсгөл аймаг дахь төрийн Аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 600 дугаартай хариуцлага тооцох санал хүргүүлэх тухай албан тоот ирсэн. Н.П-д Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага тооцон ажиллаж саналыг ирүүлсэн байсан. Үүний дагуу маргаан бүхий Б/01 дугаартай захирамж гаргахад хүрсэн. Санхүүгийн алба, Аудитын газраас сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П-д 2018 оны 1 дүгээр сараас хойш хэтрүүлж авсан цалингийн нэмэгдлүүдийг төлж барагдуулах акт удаа дараа ирж байсан. 2018 оны 2 дугаар улирлын ажлын дүнгээр А, В үнэлэгдсэн Засаг даргын Тамгын газрын нэр бүхий албан хаагчдад цалингийн урамшуулал олгосон. Тодруулбал 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаартай Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Пүрэвсүрэнгийн урамшуулал олгох тухай тушаалаар нэхэмжлэгч Н.П нь нэг сарын цалингийн 40 хувиар өөрт урамшуулал олгосон. Энэ нь төрийн албан хаагч болон төсвийн шууд захирагчийн хувьд байж болошгүй алдаа дутагдал мөн. Үүнийг өөрөө өөртөө урамшуулал өгсөн зөрчилд нь холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулж цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан болно. Дараа нь сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/02 дугаартай Засаг даргын Тамгын газрын дарга Н.П-ийн цалингийн нэмэгдэл бууруулах тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж дараах тайлбарыг хэлье. Дээрх нэмэгдэл бууруулах тухай захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулаагүй. Харин Хөвсгөл аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс Цэцэрлэг сумын бүртгэл санхүүгийн ажилтнуудын мэдлэг чадварын түвшинг тогтоох, төрийн сан, аж ахуй нэгж, төсөвт байгууллагуудын бүртгэл тайлагналын байдалд үзлэг хийсэн тухай ажлын тайлан гаргаж сумын Засаг даргад ирүүлсэн. Уг тайланд үнэлгээний дүнгээр 10 оноо авах байснаас 3 оноо авсан. Энэ хүү хангалтгүй 3 оноо авах болсон шалтгаан нь тушаалаар зэрэг дэвийн нэмэгдэл олгох шийдвэр гараагүй байхад нэг ажилтан буюу сумын Засаг даргын Тамгын газрын дарга буюу Н.П өөртөө сар бүр 15 хувийн нэмэгдэл олгосон. Сумын Засаг даргын Тамгын газрын нэмэгдэл нь Засгийн газрын 96 дугаар тогтоолоор тогтоосон хувь хэмжээнээс хэтэрсэн тул Засгийн газрын 96 дугаар тогтоолд нийцүүлэх гэж дүгнэсэн бөгөөд улмаар уг асуудлаар сумын Засаг дарга зөвлөмжийг ирүүлсэн. Уг зөвлөмжийн дагуу Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П-ийн үндсэн цалин дээр нэмж авдаг нэмэгдлүүд нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаартай төрийн албан хаагчдад нэмэгдэл олгох журам батлах тухай тогтоолуудыг судалж үзэхэд дээрх тогтоолын 3 дахь заалтаар төрийн албан хаагчдад нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосон бөгөөд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П-ийн авдаг нэмэгдлүүд нь 70 хувь байсан. Ийнхүү 70 хувиар нэмэгдэл авч байгаа нь Засгийн газрын 96 дугаар тогтоолыг зөрчиж улмаар төсвийн гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж байсан тул 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Б/02 дугаартай захирамжаар Н.П-ийн цалингийн нэмэгдлийг 40 хувь хүртэл бууруулсан. Энэхүү 40 хувь хүртэл бууруулж байгаа цалингийн нэмэгдлийг нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл гэж ойлгож байгаа юм байна. Энэ бол сахилгын шийтгэл биш Засгийн газрын 1995 оны 96 дугаартай нэмэгдлийн хэмжээг тогтоосон хэмжээнээс хэтэрч байсан. Мөн аймгийн Төрийн сангийн хэлтсээс зөвлөмж ирүүлсэн учраас нэмэгдлийн хэмжээнд хүргэж захирамжийг гаргасан. Энэ бол хоёр удаа сахилгын шийтгэл давхардуулж ногдуулаагүй. Тийм учраас энэ Б/02 дугаартай захирамжийг гаргасан. Тухайн захирамжийн үндэслэх хэсэгт Засгийн газрын 96 дугаартай тогтоолыг дурдаж өгсөн байгаа. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П нь тогтоосон хэмжээнээс илүү нэмэгдэл авах үндэслэл байхгүй. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийн хувьд дараахь нэмэлт тайлбарыг хэлье. Нэхэмжлэгч Н.П нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Тэрээр Тамгын газрын даргаар ажиллаж байсны хувьд Төрийн албан тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.5 дахь хэсэгт зааснаар Н.П нь төсвийн шууд захирагч юм. Тэрээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын албыг хашиж байхдаа 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Б/07 дугаартай урамшуулал олгох тухай тушаалаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын нэр бүхий ажилчид болон өөртөө 2018 оны 2 дугаар улирлын ажлын үр дүнгээр А, В үнэлгээтэй дүгнэгдсэн гэх үндэслэлээр 20 хувиас 40 хувь хүртэл урамшууллыг олгохоор шийдвэр гаргасан. Энэхүү гаргасан тушаалаа сумын Засаг даргад мэдэгдэлгүй нууж байсан бөгөөд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын орлогч Н.Г-т 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр мэдээлэл өгч улмаар сумын Засаг даргын орлогч Н.Г нь сумын Засаг даргад уг тушаалыг танилцуулсан. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П нь өөртөө урамшуулал олгож байгаа үйлдэл нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд төсвийн шууд захирагчийн хувьд байж болошгүй төсвийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан үйл ажиллагаа байгаа юм. Энэ нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцох үндэслэл болно гэж үзээд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Н.П-ийн цалинг 3 сараар бууруулах захирамж гаргасан байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна” гэв.

Гэрч Н.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/07 дугаартай урамшуулал олгох тухай тушаалыг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр архив албан хэрэг хөтлөлтийн ажилтан П нь нэр бүхий хүмүүс урамшуулал авсан байна. Надад ямар учраас олгоогүй юм бэ гэж надад хэлсэн юм. Би ингэж тэр тушаалыг мэдсэн. Надад энэ урамшуулал олгогдоогүй. Сумын Засаг даргын Тамгын газрын шуурхай хурал эхлээд тогтмол явагддаг байсан. Дараа нь ажлынхаа зав чөлөөг харж байгаад тухай бүрт нь зарлаад явагддаг болсон. Сумын Засаг дарга нь үүрэг даалгаварыг шуурхай хурал дээр өгдөг. Н.П-д ямар үүрэг даалгавар өгч байсныг санахгүй байна. 2016, 2017 онуудын ажлын үр дүн хангалтгүй дүгнэгдсэн. Энэ нь сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс гарах бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх, аймгаас өгсөн үндсэн чиглэл, сум өөрийгөө хөгжүүлэх үндсэн чиглэл, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжилтийн биелэлтийг дүгнэсэн юм. Сумын Засаг даргын өгсөн үүрэг даалгаварыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга хэрэгжүүлдэг” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэлийн агуулга: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдуулан “Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 сарын 27-ны өдрийн Б/01 дугаар “ЗДТГ-ын дарга Н.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2018 оны 07 сарын 30-ны өдрийн Б/02 дугаар “ЗДТГ-ын дарга Н.П-д цалингийн нэмэгдэл бууруулах тухай” захирамжуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг нэхэмжлэгч Н.П тус шүүхэд гаргажээ.

Маргаан бүхий захиргааны актуудын тухайд:

Нэг. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 сарын 27-ны өдрийн Б/01 дугаар “ЗДТГ-ын дарга Н.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.3, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 31 дүгээр тогтоол, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны Б/23дугаар захирамжийг үндэслэн “2016, 2017 оны үйл ажиллагааны үнэлгээгээр ЗДТГ-ын ажил 2 жил дараалан хангалтгүй дүгнэгдсэн, удирдлагаас өгсөн даалгавруудыг удаа дараа биелүүлээгүй, ажил сайжруулах тал дээр ямар нэгэн санал санаачлага гарган ажилладаггүй  гэх үндэслэлээр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П-г гурван  сарын цалинг тус бүр 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ. / хх-8 дугаар хуудас/

Хоёр. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 сарын 30-ны өдрийн Б/02 дугаар “ЗДТГ-ын дарга Н.П-д цалингийн нэмэгдэл бууруулах тухай” захирамжаар  Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйл, Засгийн газрын 1996 оны 90 дүгээр тогтоол, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П-ийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувь, нууц хадгалалтын нэмэгдлийг 10 хувь, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг 20 хувь болгон тус тус бууруулсан байна. /хх-9 дүгээр хуудас/

Шүүх, Нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан тухай гомдлоо Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандан  гаргаж, Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3/1823 дугаар албан бичгээр түүнд “...хууль хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариу өгснөөр нэхэмжлэгч Н.П нь Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн байна. /хх-22 дугаар хуудас/

Маргаан бүхий актуудыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч: “...2016, 2017 оны үйл ажиллагааны үнэлгээгээр хангалтгүй ажилласан албан тушаалтнуудад тухайн үед нь хариуцлага тооцоогүй мөртлөө хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойно, нарийн нягтлан шалгаагүй байж хувийн ашиг сонирхолтойгоор сахилгын шийтгэл оногдуулсан, мөн тодорхойгүй үндэслэлээр цалингийн нэмэгдэл бууруулсан нь хууль бус” гэж,

 Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг  “сумын Засаг даргын тамгын газрын дарга Н.П нь ...ёс зүйгүй , худалдан авах ажиллагааг хууль журмын дагуу явуулаагүй сумын Засаг даргын бүрэн эрхэнд халдаж сум орон нутгийн хөгжлийг хойш татсан, сахилгын шийтгэлтэй хүсүүст урамшуулал олгосон, өөрийн цалингийн нэмэгдлүүдийг нэмэгдүүлж,  Засгийн газрын тогтоолыг зөрчсөн, санхүүгийн зөрчил удаа дараа гаргаж, арилгах арга хэмжээ авдаггүй тул сахилгын шийтгэл ногдуулсан болон   цалингийн нэмэгдлүүдийг тогтоол, журманд зааснаар  бууруулсан  нь үндэслэлтэй ” хэмээн  тус тус маргаж байна.

Нэг. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 сарын 27-ны өдрийн Б/01 дугаар “ЗДТГ-ын дарга Н.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч ийнхүү сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П-д цалингийн хувь бууруулж сахилгын шийтгэл ногдуулах тухай  маргаан бүхий захиргааны актыг гаргасан болон цалингийн нэмэгдлүүдийн хувийг хассан тухайгаа түүнд Захиргааны Ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд шийдвэр гаргахад ач холбогдолт бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй нь  тогтоогдож байна.

Хэдийгээр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П нь төсвийн  зөрчил удаа дараа гаргасан төсвийг зохистой удирдаагүй өр төлбөр үүсгэсэн нь аудитын зөвлөмж,  удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хэрхэн биелүүлээгүйг нотолсон баримт, бусад  бодит нөхцөл байдал үүсгэсэн холбогдох баримтуудаар Тухайлбал: Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 31 дүгээр тогтоол, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны Б/23 дугаар захирамж болон хурлын тэмдэглэл бусад холбогдох баримт, материалуудын хамт өөрийн санал хүсэлтийг байгууллагынхаа дэргэдэх Ёс зүйн хороонд шилжүүлэн хянан шийдвэрлүүлж дүгнэлт  гаргуулах журмыг зөрчиж ажил олгогч өөрийн санаачлагаар сахилгын шийтгэл оногдуулсан үйлдэл нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг  зөрчсөн үйл ажиллагаа явуулсан байх бөгөөд аливаа албан тушаалтаны үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, журмаар нийцүүлэн шийдвэр гаргах учиртай.

Тухайлбал: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын “Хөдөлмөрийн дотоод журам-ын 8.1-д “байгууллагын албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулахаар ”-аар зохицуулсан,

 Мөн түүнчлэн Төрийн Захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийн хянан шийдвэрлэх журам”-ын 4.3-д ”... Ёс зүйн хороо нь төрийн албан хаагчийг зөрчил гаргасныг тогтоож, ... дүгнэлтийг томилох эрх бүхий албан тушаалтанд холбогдох, баримт, материалын хамт хүргүүлэхээр, мөн журмын 5.1-д “... Ёс зүй хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26.1-д заасан сахилгын аль нэгийг ногдуулах шийдвэр гаргана” гэж зааснаар Сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.П нь сахилгын зөрчил гаргасан нь дээрх журмын дагуу хянан шийдвэрлэгдэж, улмаар Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэгдэн, ёс зүйн зөрчил гаргасаныг тогтоосон дүгнэлт гаргаж, Сумын Засаг даргад хүргүүлснээр түүнд  сахилгын шийтгэл хүлээлгэх  үндэслэл бий болно” гэсэн зохицуулалттай байхад хариуцагч өөрөө шууд шийдвэр гаргасан нь хууль бус болох нь тогтоогдож байх тул энэхүү маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн байна гэж үзлээ.

Дээрх байдлаар хариуцагчаас: нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл гэж үзсэн “2016, 2017 оны үйл ажиллагааны үнэлгээгээр ЗДТГ-ын ажил 2 жил дараалан хангалтгүй дүгнэгдсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудыг удаа дараа биелүүлээгүй, ажил сайжруулах тал дээр ямар нэгэн санал санаачлага гарган ажилладаггүй” гэх  үндэслэлээ сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө холбогдох журамд зааснаар шалгаж тогтоогоогүй, уг үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгч ямар төрлийн сахилгын зөрчил гаргасан нь тодорхойгүй, энэ талаар хариуцагчаас үндэслэл бүхий тайлбар гаргаж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан журмаар сахилгын шийтгэл ногдуулахын тулд мөн зүйлд заасан сахилгын зөрчлийг тухайн төрийн жинхэнэ албан хаагч бодитоор гаргасан байх, зөрчлийг эрх бүхий этгээдээс шалгаж тогтоосон байх, сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлтэй холбоотой баримтыг төрийн албан хаагчид урьдчилж танилцуулсан байх шаардлагатай юм.

Гэтэл нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 26.1-д заасан ямар сахилгын зөрчил гаргасныг, тухайлбал хариуцагчаас шүүх хуралдааны явцад тайлбарласанчлан мөн зүйлд заасан албан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлд хамаарах ямар төрлийн зөрчил гаргасныг шалгаж тогтоогоогүй мөртлөө сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн үйлдэл хууль бус буюу хуулийн 26.1-д заасантай нийцээгүй, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчмыг хэрэгжүүлээгүй нь  нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий захиргааны дээрхи акт нь хууль бус болох нь тогтоогдсоноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзсэн тул  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 сарын 27-ны өдрийн Б/01 дугаар “ЗДТГ-ын дарга Н.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал захирамжийг хүчингүй болгох хуулийн үндэслэлтэй байна.

Хоёр. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга Д.Ц-т 2018 оны 01 сарын 25-ны өдрийн А/13 дугаар “Цалин тогтоох тухай” захирамжийн 2 дахь заалтаар “Төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нарын үндсэн цалин, хавсран ажилласан , удаан жил, зэрэг дэв, нууц хадгалалт, онцгой нөхцлийн нэмэгдлүүдийг хавсралт 2-оор баталж” уг хавсралтын 2 дахь заалтаар ... ЗДТГ-ын дарга албан тушаалтай, Н.П-д албан тушаалын зэрэг дэв ТЗ-7-5, Үндсэн цалин-733.863 төгрөг, Хавсран ажилласны нэмэгдэл 40 хувь буюу 293.545 төгрөг, Удаан жилийн нэмэгдэл 15 хувь буюу 110.079 төгрөг, Нууц хадгалтын нэмэгдэл 15 хувь буюу 110.079 төгрөг, Зэрэг дэвийн нэмэгдэл 25 хувь буюу 183.466 төгрөгөөр тус тус тогтоожээ. /хх-н 6-7 дугаар хуудас/

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-д  зааснаар Төрийн албан хаагчийн цалин хөлс нь: “Төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэв, докторын зэргийн нэмэгдлээс  бүрдэх бөгөөд Н.П нь  төрийн албанд 17 жил үүнээс 10 дахь жилдээ тус албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд ийнхүү албан тушаал хэрэгжүүлсний  төлөө түүнд дээрхи нэмэгдлүүдийг олгож, нийт 1.431.032 төгрөгийн цалин хөлсийг олгож байсан нь дээрхи хуулийн заалттай нийцэж байна.  /хх-н  7 дугаар хуудас/

Гэтэл Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга 2018 оны 07 сарын 30-ны өдрийн Б/02 дугаар “ЗДТГ-ын дарга Н.П-д цалингийн нэмэгдэл бууруулах тухай” захирамж гарган Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйл, Засгийн газрын 1996 оны 90 дүгээр тогтоол, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн “ЗДТГ-ын дарга Н.П-ийн  төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувь, нууц хадгалалтын нэмэгдлийг 10 хувь, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг 20 хувь болгон тус тус бууруулсан байна. /хх-9 дүгээр хуудас/

Дээрхи маргаан бүхий захиргааны актын үндэслэлд:

а/. Хөдөлмөрийн хуулийн 50, 51 дүгээр  зүйлүүдийг үндэслэл болгосон байх боловч  энэхүү хуулийн 50 дугаар зүйлд: Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож, ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгохоор, түүнчлэн нэмэгдэл хөлсийг энэ хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцон тогтоох”-оор, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно” гэж зохицуулсан зохицуулалтыг үндэслэсэн нь буруу  байна. 

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4-д “Төсвийн ерөнхийлөн захирагч энэ хуулийн 281.1-д заасан цалин хөлсний хэмжээг тогтоохдоо төрийн албаны төв байгууллагын саналыг харгалзаж үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг үндэслэнэ” гэж заасан байх бөгөөд ЗДТГ-ын дарга Н.П-д энэхүү хуулийн заалтаар цалин хөлс, нэмэгдлийг бууруулах эсэхийг шийдвэрлэх байжээ.

б/. Засгийн газрын 2017 оны 246 дугаар тогтоолоор “Нууц хамгаалах ажилтанд цалингийн нэмэгдэл олгох журам”-ыг 4 дүгээр хавсралтаар Н.П-д  “... нууц хадгалалтын нэмэгдлийг 10 хувь”  болгон бууруулсан боловч энэхүү журамд “нууц хамгаалах ажилтны цалингийн нэмэгдлийг түүний ажлын ачаалал, хариуцаж байгаа нууцын зэрэглэл, нууцтай ажилласан хугацаа зэргийг харгалзан тухайн ажилтны албан тушаалын үндсэн цалингийн 10-30 хувиар тооцож, сар бүр олгоно” гэж зохицуулсан байна.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2011 оны 02 сарын 09-ны өдрийн 10 дугаар захирамжаар “ЗДТГ-ын дарга Н.П-г тус сумын Засаг даргын Тамгын газрын нууц хариуцсан ажилтнаар томилсон байх бөгөөд нууц хариуцсан ажилтны  нууц хадгалалтын нэмэгдлийн хувийг бууруулахаар болсон шалтгаан, үндэслэлийг тогтоогоогүй, тухайн ажилтанд  мэдэгдэлгүйгээр шийдвэрлэсэн нь буруу байна.

в/. ЗДТГ-ын дарга Н.П-ийн  төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 10 хувь болгон бууруулсан нь ойлгомжгүй байх бөгөөд ЗДТГ-ын дарга Н.П нь төрийн жинхэнэ албан хаагч, ахлах түшмэлийн “Тэргүүн” зэрэг дэвтэй захиргааны жинхэнэ албан хаагч болох нь тогтоогдож байхад төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг бууруулсан нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоол болон Төрийн албаны тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.3-д “зэрэг дэв олгохдоо төрийн албанд ажиллсан буюу тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа,, үйл ажиллагааны  үр дүн, мэргэшлийн түвшинг харгалзана” гэсэн  заалтуудыг зөрчсөн байна.  /хх-13 дугаар хуудас/

Тухайлбал: ЗДТГ-ын дарга Н.П нь 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлт-ийг “В” буюу “Сайн” дүгнэгдсэн. 2018 оны Үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн дүгнэлтээр /хагас жилийн /“С” буюу “Хангалттай” үнэлэгдсэн нь түүнийг цалингийн нэмэгдлүүд болон бусад нэмэгдлүүдийн хэмжээг бууруулсан нь хууль бус байна. Хх-94-106 дугаар хуудас /

г/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2012 оны 02 сарын 15-ны өдрийн А/09дугаар “Эрх бүхий албан тушаалтан томилох тухай” захирамжаар Сумын төрийн захиргааны албан тушаалтан, төсвийн байгууллагын ерөнхий менежерүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг хүлээн авах, бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнаар “...Засаг даргын Тамгын газрын дарга Н.П-г” томилжээ. /хх-12 дугаар хуудас/

Улмаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Хавсран ажилласны нэмэгдэл олгох тухай” 61 дүгээр тогтоолоор “...Засаг даргын Тамгын газрын дарга Н.П нарт хавсран ажилласны нэмэгдэл олгохоор шийдвэрлэжээ. /хх-н 14 дүгээр хуудас/

Гэвч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга 2018 оны 07 сарын 30-ны өдрийн Б/02 дугаар “ЗДТГ-ын дарга Н.П-д цалингийн нэмэгдэл бууруулах тухай” захирамжаар ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдлийг 20 хувь болгон бууруулсан байна.

Дээрх байдлаар Цэцэрлэг сумын Засаг дарга Д.Ц нь шийдвэр гаргах  үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйүлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим  үйлчлэх бөгөөд түүнчлэн  Захиргааны  Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “ хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” зарчмуудыг баримтлаагүй ;

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “хууль дээлэх” төрийн албаны үндсэн зарчим, Захиргааны Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны   байгууллага өөрийн санаачлагаар, ... шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэсэн заалтыг зөрчиж дээрхи захирамжуудыг гаргаж, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан болон цалингийн нэмэгдэл бууруулсан нь  нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий дээрхи  захиргааны актуудыг  хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчаас гаргасан Маргаан бүхий захиргааы актууд нь Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д  заасан “захиргааны акт гаргахдаа тухайн нөхцөл байдлыг судлах, шалгаж тогтоох, дүгнэлтийг үндэслэх” гэх зэрэг шаардлагад нийцэхгүй төдийгүй, уг хуулийн 27 дугаар зүйлд: Захиргааны акт гаргахдаа ямар зөрчил гаргасныг ямар үндэслэлээр  сахилгын шийтгэл ногдуулсан болон цалингийн нэмэгдлүүдийг бууруулах болсон тухайгаа мэдэгдэж, сонсгох ажиллагаа заавал хийгдсэн байхыг шаардахаар зохицуулсан байна.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.4, 28 дугаар зүйлийн 28.2.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.П-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргад холбогдуулан “Цэцэрлэг сумын Засаг даргын 2018 оны 07 сарын 27-ны өдрийн Б/01 дугаар “ЗДТГ-ын дарга Н.П-д сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2018 оны 07 сарын 30-ны өдрийн Б/02 дугаар “ЗДТГ-ын дарга Н.П-д цалингийн нэмэгдэл бууруулах тухай” захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.П-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газраас  70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН