Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 532

 

Б.Шинэбаярын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/05858 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Шинэбаяр,

Хариуцагч “Эм Жи Эл Кэй Ар” ХХК, Б.Алтангэрэлд холбогдох,

 

8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч, хариуцагч “Эм Жи Эл Кэй Ар” ХХК-ийн төлөөлөгч Б.Алтангэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд ажил гүйцэтгэх хэлцэл байгуулагдсан. Хэлцлээр нийт хэдэн тонн нүүрс, өдөрт хэдэн рейс хийх, нэг ээлж нь хэдэн рейс хийх талаар тохиролцсон зүйл байхгүй. 8 000 000 төгрөгөөр 30 хоног автомашинаа ажиллуулахаар тохиролцоо хийсэн. Нэг өдрийн ажлын хөлс нь 266 666.67 төгрөг болж байна. Б.Шинэбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг дуустал "Багануур" ХК-ийн уурхайд өөрийн 70-83 УНХ самосмоваль маркийн автомашинаар гараашийн 93 дугаартайгаар нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгүүлсэн. Нийт 14 423.3 тонн нүүрс тээвэрлэсэн боловч "Эм Жи Эл Кэй Ар" ХХК түүний ажлын хөлсийг төлөөгүй.

Хариуцагч нь "Багануур" ХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15/08-567 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний 6 дугаар зүйлд “1 тонн нүүрсийг 1 км газарт 178,98 төгрөгөөр тээвэрлэнэ” гэж заасан байна. Энэ гэрээний талууд 2015 оны 12 дугаар сард хийж гүйцэтгэсэн ажлаа 2016 оны 01 дүгээр сард дүгнэсэн. Тус дүгнэлтээр нэхэмжлэгч Б.Шинэбаярын 70-83 УНХ улсын дугаартай самосмоваль маркийн автомашин нь "Багануур" ХК-ийн уурхайд 14 423.3 тонн нүүрсийг 3,7 км зайд тээвэрлэсэн. Үүний хөлс нь 9 547 214.97 төгрөг болсон байсан. Энэ хөлсийг хариуцагч Д.Алтангэрэл авч хэрэглэсэн. 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр захирал Д.Алтангэрэл нь "Багануур" ХК-иас 30 000 000 төгрөг Голомт банкаар дамжуулан авсан ба мөн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 20 000 000 төгрөгийг авсан. Түүнээсээ Б.Шинэбаярт нэг ч төгрөг өгөөгүй.

Талууд уг ажлыг анх хийнэ гэж тохиролцохдоо өдрийн цагаар ажиллаад 8 000 000 төгрөг авахаар тохиролцсон. Гэтэл бодит байдал дээр өдөр шөнөгүй гурван ээлжээр ажиллах жолоочтой байх нөхцөлтэй байсан ба Б.Шинэбаяр нь хоёр ээлжийн жолоочоор уг ажлыг гүйцэтгүүлсэн. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Б.Шинэбаяр нь өөрийн автомашинаа ажиллуулсны хөлсөнд нэг ч төгрөг аваагүй. Дээрээс нь хоёр жолооч ажиллуулсны өрөнд орсон. Гэтэл хариуцагч 1 700 000 төгрөгөөр эвлэрье гэж санал гаргаж байна. Хэдийгээр талуудын хооронд гэрээ бичгээр хийгдээгүй ч гэрээний бодит харилцаа бий болсон. Талууд харилцан тохиролцож гэрээг цуцлаад автомашинаа ажиллуулаагүй гэж хариуцагч худлаа хэлж байна.

Д.Алтангэрэл нь "Багануур" ХК-иас автомашины жолоочийн ажлын хөлс гэж 65 000, 000 төгрөгийг авсан. Үүнд, Б.Шинэбаярын нийт тээвэрлэсэн нүүрсний мөнгийг авсан байна. Харин Д.Алтангэрэл, Б.Шинэбаярын хөлсийг аваагүй бол өөр асуудал яригдах байсан. Хоол, унаа, НӨАТ-ын мөнгө гэж суутгаж байна. НӨАТ төлдөг гэрчилгээтэй байгууллага мөн үү, биш үү. Өөрийн гүйлгээний орлого нь татвар төлөгчөөр бүртгэхэд хуулийн тодорхой шаардлагатай байдаг. Гэтэл хэрэгт НӨАТ-ын баримт байхгүй байна.

НӨАТ-ын баримтын тооцоо, задаргаа байхгүй, 390 290 төгрөгийн хоолны зардал гарсан гэж байгаа боловч тогоочийг хэн ажиллуулсан, хоолны нийт материал хэдэн төгрөг болсон, үүний хэдэн төгрөгийг нэхэмжлэгч өгөх ёстой талаар баримт байхгүй байна. Мөн зочид буудлын 50 000 төгрөг төлсөн гэж байна. Хэнийг, аль зочид буудалд хонуулсан талаар баримт хэрэгт байхгүй. Хөдөлмөр хамгааллын инженерийн цалин хувааж төлнө гэж байна. Хөдөлмөр хамгааллын инженерийг хэн ажиллуулсан бэ, хэн ажиллуулах үүрэгтэй вэ. "Багануур" ХК-тай гэрээ хийсэн "Эм Жи Эл Кэй Ар" ХХК хөдөлмөр хамгааллын инженер ажиллуулах үүрэгтэй болохоос Б.Шинэбаярт энэ үүрэг байхгүй.

Өөрийн хүлээх үүргийг бусдад хариуцуулах үүрэг байхгүй. Б.Шинэбаяр 30 хоногийн ажлын хөлс 8 000 000 төгрөг гэж тохиролцсон болохоос хоол, тогооч, хөдөлмөр хамгааллын инженерийн цалин зэргийг хувааж төлнө, НӨАТ төлнө гэж тохиролцсон зүйл байхгүй. Ланд-80 автомашиныг хэн унаж хэрэглэж байсан гэхээр ХАБ-ын инженер унаж байсан. Эвдрэлийн засварын хөлсийг хувааж төлөхгүй. Д.Алтангэрэл, Б.Шинэбаярт 400 000 төгрөг өгч байгаагүй. Харин хоолны мөнгө 354 800 төгрөгийг нэхэмжлэгч төлөхийг зөвшөөрсөн. Гэхдээ НӨАТ оруулсан дүнг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нийт 23 хоног ажилласан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 6 130 300 төгрөгийг хангах үндэслэлтэй байна гэжээ.

Хариуцагч, хариуцагч “Эм Жи Эл Кэй Ар” ХХК-ийн төлөөлөгч Б.Алтангэрэл шүүхэд болон түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо, Ч.Отгонбаатар нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие "Багануур" ХК-тай 30 хоногт, өдөрт 20 цагаар, 4 ээлжийн жолоочоор ажиллана гэж тохиролцсон байсан. Гэтэл Б.Шинэбаяр нь ээлжийн жолоочтой болгож өгөөч гэж гуйсан. 3 ээлжийн жолоочтой ажиллах болоход Б.Шинэбаяр нь дахин хоёр жолооч болгож өгөөч гэж гуйсан. "Багануур" ХК бол нэг хоногийн 16-20 цаг ажилладаг баталсан хуваарьтай байдаг. Учир нь, 4 ээлжээр ажилладаг ба дунд нь нэг цагийн зайнд ээлж солилцдог байсан. Манай компани нь "Багануур" ХК-д туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Б.Шинэбаяр нь жолоочтой байх байсан ба 4 жолооч нь Б.Шинэбаярын хүсэлтээр 2 жолоочтой ажилласан.

Б.Шинэбаяр нь 30 хоногт, 16 цагаар, 8 000 000 төгрөгөөр ажиллахаар тохиролцсон байсан боловч Б.Шинэбаярын хийж гүйцэтгэсэн рейсийн тоог харахаар 15 хоногийн ажил гүйцэтгэсэн байсан. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өглөө Б.Шинэбаярын автомашин ажиллахгүй байсан ба Б.Шинэбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр автомашинаараа ажил хийлгэхгүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би маргааш нь "Багануур" ХК-тай ярьж ажил хийлгэхийг нь болиулсан. Гэвч Б.Шинэбаяр нь өөрийн дураар ажиллаж байгаад автомашинаа эвдсэн. 2015 оны 12 дугаар сарын 23, 24-ний өдөр Б.Шинэбаярын автомашин ажиллаагүй, эвдэрсэн байсан. Үүнийг тэнд байсан бүх хүн мэднэ. Б.Шинэбаяр нь өс хонзонгийн шинжтэйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаас 1 700 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдсэнийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Шинэбаяр нь 15 хоног "Багануур" ХК-д ажилласан бөгөөд Б.Шинэбаяр өмнө нь 18 хоног ажилласан гэж ярьж байсан.

Б.Шинэбаяр нь хоолны тооцоог бүх автомашины жолоочдоо хуваана, хөдөлмөр хамгааллын инженерийн цалинг бүх автомашиндаа хуваана, тогоочийн цалинг хуваана гэж тохиролцсон. Мөн хөдөлмөр хамгааллын инженерийн автомашины эвдрэл гэмтлийг хуваана гэж тохиролцсон байсан. Үүний бүх тооцоог манай компани гаргасан. Б.Шинэбаярын 15 хоног ажилласны хөлс нь 4 000 000 төгрөг болсон ба үүнээс Б.Шинэбаяр нь хүүхдийн сургалтын төлбөр төлөх боллоо гэж 400 000 төгрөг гуйгаад бэлнээр авсан. Мөн 2015 оны 12 дугаар сарын хоолны мөнгө нь 350 000 төгрөг болсноос НӨАТ тооцож 390 290 төгрөг болсон.

Тухайн үед бүх мөнгө манай компанийн дансаар орж байсан учир НӨАТ тооцогдсон, зочид буудлын зардал 50 000 төгрөг болсон. Б.Шинэбаярын хоёр жолоочийг шөнө хүлээж аваад буудалд хонуулаад маргааш өглөө нь "Багануур" ХК-д оруулж байсан. Хөдөлмөр хамгааллын инженерийн цалингийн 50 000 төгрөг, тогоочийн цалин 73 000 төгрөг, Ланд-80 автомашины сэлбэгийн 55 000 төгрөг, хөдөлмөр хамгааллын инженерийн унаж ашиглаж байсан автомашины сэлбэг, газ 38 940 төгрөг, шатахууны зардал 62 000 төгрөг, нийт 2 299 320 төгрөгийг хасаад үлдсэн 1 700 000 төгрөгийг Б.Шинэбаярт төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

"Эм Жи Эл Кэй Ар" ХХК-тай Б.Шинэбаяр ажил гүйцэтгэхээр хэлцэл амаар тохиролцон байгуулсан. Энэ хэлцлийг ямар нөхцөлтэй хийсэн бэ гэхээр 30 хоног ажиллаад 8 000 000 төгрөг авна гэсэн ойлголт нь өрөөсгөл. 30 хоногт юу ч хийхгүй байж байгаад 8 000 000 төгрөг авна гэсэн ойлголт биш. Нэг хоногт 19 тонны даацтай автомашинаар өдөрт хэдэн рейс хийхээ тохиролцсон. "Эм Жи Эл Кэй Ар" ХХК, Б.Шинэбаяр нарт хийсэн тохиролцоо нь "Эм Жи Эл Кэй Ар" ХХК-ийн "Багануур" ХК-тай байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь хэсэгт зааснаар түлшний нэмэлт задралыг буруутай этгээдээр төлүүлнэ гэж заасан байгаа. Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг, гэрээний 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэгт зааснаар бусад зардлыг хуваан хариуцна гэсэн байгаа. Энэ гэрээний эдгээр заалт мөн Б.Шинэбаярт хамаарна.

Энэ нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд туслан гүйцэтгэгчийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж заасан ба Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т зааснаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй. Мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2, 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар захиалагч нь өмчлөлд доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх ёстой. Хэрэгт байгаа баримтаар уг үйл явдал дүгнэгдэх боломжтой. Хавтаст хэргийн 46, 50, 74, 79 дүгээр талд авагдсан баримтуудаар 14 423.3 тонн нүүрсийг тээвэрлэсэн. Үүнд маргах зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн 30 хоног ажиллаад авах байсан 8 000 000 төгрөгийг 30 хоногт хуваахаар нэхэмжлэгч нэг өдөрт 266 666 төгрөгийн ажил гүйцэтгэх ёстой байсан.

Гэтэл нэхэмжлэгч үзлэг хийлгэсэн баримтаар болон актаар бол 14 423.3 тонн нүүрсийг 42 ширхэг замын хуудсаар тээвэрлэсэн. Энэ нь 20 хоногийн замын хуудас бөгөөд үүний 2 хоног нь хоосон ажилд гараагүй замын хуудас байна. Тиймээс бодит байдал дээр нэхэмжлэгч 18 хоног ажилласан гэдгийг эдгээр замын хуудаснууд нотолж байна. Нэхэмжлэгчийн ажилласан 18 хоногт тээвэрлэсэн нүүрсийг 178.90 төгрөгөөр нэг тонныг үржихээр 4 799 988 төгрөг гарна. Тиймээс нэхэмжлэгч 4 799 988 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна. Харин хариуцагч болохоор нэхэмжлэгчийг 15 хоног ажилласан гэж тооцож байгаа. Учир нь үзлэг хийгдсэн замын хуудаснууд нэг өдөрт хийх ёстой байсан, рейсийн тоо нь хүрэхгүй байсан хоногууд байгаа. Нэг өдөрт 5 рейс хийсэн өдөр ч байна, огт ажил хийгдээгүй хоёр өдөр байна. Гэтэл үүнийг дундажлаад 15 хоног гэж хөлсийг тооцсон. Нэхэмжлэгчийн ажилласан 18 хоногийн хөлс нь 4 799 988 төгрөгийн ажил хийгдсэн. Үүнээс дутуу ажилласан өдөр болон огт ажиллаагүй өдрийг дундажлаад 3 хоногийг хасахаар нэхэмжлэгч 3 999 990 төгрөгийн ажил хийсэн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 290 дүгээр зүйлийн 290.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Эм Жи Эл Кэй Ар” ХХК-иас 4 978 520 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Шинэбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 021 480 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Шинэбаяр нь хариуцагч Б.Алтангэрэлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хариуцагч Б.Алтангэрэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Шинэбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эм Жи Эл Кэй Ар” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 63 924 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Шинэбаярт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч, хариуцагч “Эм Жи Эл Кэй Ар” ХХК-ийн төлөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч ажил гүйцэтгэж гүйцэтгэсэн ажлын хөлс 8 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаас 6 130 300 төгрөгийн ажлын хөлс нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд хийгдсэн хэлцлийг буруу тодорхойлсон. Тухайлбал, нэхэмжлэгч самосмоваль автомашиныг нүүрс, хөрс тээвэрлүүлэхэд нь зориулж хариуцагч “Эм Жи Эл Кэй Ар” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж ашиглуулсны хөлс 8 000 000 төгрөг авахаар харилцан тохиролцож хэлцэл хийсэн гэж үзсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, харин талуудын хооронд нэхэмжлэгч тал өөрийн эзэмшилийн автомашинаар хоёр ээлжийн жолоочоор 30 хоногийн хугацаанд нүүрс тээвэрлэх ажлыг гүйцэтгэж ажлын хөлс 8 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгч хариуцагчийн тайлбар, 02/1118 тоот албан бичиг зэргээр тогтоогдсон байдаг.

Талуудын хооронд нэхэмжлэгч 30 хоногт 19 тоннын даацтай автомашинаар 2 ээлжийн жолоочтойгоор хоногт 16-20 цаг ажиллаж нүүрс тээвэрлэхээр тохиролцож 30 хоногийн ажлын хөлсийг 8 000 000 төгрөгөөр тохиролцсон. Хариуцагч компани нь “Багануур” ХК-тай нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэхээр бичгээр хийсэн гэрээтэй бөгөөд уг нүүрс тээвэрлэх ажлыг нэхэмжлэгчийн автомашинаар 2 жолоочтой 30 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг туслан гүйцэтгүүлэхээр хариуцагчтай тохиролцож хэлцэл хийсэн болох нь талуудын тайлбар, “Багануур” ХК-тай хийсэн гэрээ, албан тоот, замын хуудас зэргээр нотлогдсон байхад автомашиныг 2 жолоочийн хамт хөлслөн өөрийн компанийн хийж гүйцэтгэх ажилд ашиглаж хөлс өгөхөөр тохиролсон, талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч 20 хоног бүтэн ажилласан гэж дүгнээд 10 хоногийн төлбөрийг хасч 5 333 320 төгрөгийг нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хоолны мөнгө 354 800 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцохдоо нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн шаардлагаас 6 130 300 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж шаардлагаа багасгасан байхад энэ дүнгээс хасч тооцон 796 980 төгрөг гаргуулах байтал буруу тооцож хариуцагчаас 4 978 520 төгрөг төлөх үүрэгтэй гэж үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үнийн дүнг багасгасан байхад шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж тооцсон гэж үзэж байна. Шүүх хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч хуулийн этгээд байхад түүний ажил хэргээ байнга явуулдаг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 04-12 тоотод байрлах хаягтай атал харъяалал зөрчин хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг гаргасан байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Шинэбаяр нь хариуцагч “Эм Жи Эл Кэй Ар” ХХК, Б.Алтангэрэл нарт холбогдуулан 8 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Алтангэрэлд холбогдох шаардлагаасаа татгалзаж, “Эм Жи Эл Кэй Ар” ХХК-иас төлбөр шаардсан ба үндэслэлээ тус компани “Багануур” ХК-ийн уурхайд автомашинаар нүүрс тээвэрлэсэн ажлын хөлсийг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй гэснийг хариуцагч 1 700 000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх хэсгийг бусад зардалд суутган тооцсон тул төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 Нэхэмжлэгч Б.Шинэбаяр нь өөрийн өмчлөлийн 7083 УНХ улсын дугаартай “BEIBEN” маркийн автомашинаа /хх 5/ “Багануур” ХК-ийн уурхайд нүүрс, хөрс тээвэрлэх зориулалтаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 30 хоногийн хугацаатай ашиглуулж, түүний хөлсөнд 8 000 000 төгрөг авахаар хариуцагч “Эм Жи Эл Кэй Ар” ХХК-тай харилцан тохиролцсон талаар маргаагүй бөгөөд автомашинаа 30 хоног уурхайд ажиллуулах, ажлын хөлсөнд 8 000 000 төгрөг байх “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцсон” тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэх ба талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Хариуцагч “Эм Жи Эл Кэй Ар” ХХК нь “Багануур” ХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 15/08-567 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний /хх 41/ дагуу ажил гүйцэтгэхдээ нэхэмжлэгч Б.Шинэбаярын өмчлөлийн 7083 УНХ улсын дугаартай “BEIBEN” маркийн автомашиныг уурхайд ажиллуулж, 30 хоног ажиллуулсны хөлсийг 8 000 000 төгрөгөөр тохиролцсоноо үгүйсгээгүй тул ажил гүйцэтгэх гэрээний харилцааг шүүх буруу тодорхойлсон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд ажилласан хоногийг 15, 24 гэж талууд өөр өөрөөр тооцож маргасныг хэрэгт авагдсан “Багануур” ХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/1118 дугаар албан бичиг, /хх 84/ тус компанийн замын хуудаст үзлэг хийсэн баримтад үндэслэн шүүх 20 хоногоор тооцохдоо нотлох баримтыг үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Иймд нэг өдрийн хөлсийг 266 666 /8 000 000 төгрөгийг 30 хоногт хувааж/ төгрөгөөр тооцож, 5 333 320 төгрөгийн ажлын хөлс төлөх үүрэгтэйгээс /266 666*20/ нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хоолны зардал 354 800 төгрөгийг хасч 4 978 520 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. 

Харин хариуцагчаас бэлнээр өгсөн 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгснөө хасч тооцуулна гэсэн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй, мөн зочид буудлын төлбөр 50 000 төгрөг, тогоочийн цалин 73 000 төгрөг, автомашины сэлбэг 55 000 болон 38 940 төгрөг, шатахууны зардал 62 000 төгрөгийг тус тус хасч тооцуулна” гэх боловч эдгээр нэмэлт зардлыг ажлын хөлснөөс суутгах талаар талууд гэрээгээр тохиролцосон нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.2-т заасанд нийцсэн байна.

Нэхэмжлэгч анх “Эм Жи Эл Кэй Ар” ХХК, Б.Алтангэрэл нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн оршин суугаа газрын шүүхийг сонгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Алтангэрэлд холбогдох шаардлагаасаа татгалзсан тул шүүх нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй ба энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн доголдолтой холбоотой нэхэмжлэгчийн шаардах эрхийг хангах үндэслэлд хамаарахгүй заалт баримталсныг шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасч хууль буруу хэрэглэснийг зөвтгөх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, шүүхийн шийдвэрт дээр дурдсан өөрчлөлтийг оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/05858 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “290 дүгээр зүйлийн 2290.1” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 026 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ